Сурвалжилга, Нийтлэл

ГУРВАН ӨӨР ЕРТӨНЦ: Ковидоос үүдсэн #ШинэЭгэлд бэлэн үү

Яг одоо урьд урьдынхаас  чанд хөл хорионы дэглэм бүхий өдрүүд үргэлжилж байна. Нөгөө талд бүтэн жил гаруйн хугацаанд “Коронавирус гэгч аюул хэзээ үгүй болох бол” гэсэн хүлээлт тээсэн олон зуун мянган иргэд бий. Нөхцөл байдал бизнес эрхлэгчдэд чамгүй хүнд туссан бөгөөд үүд хаалгаа барьсан, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн нь ч бий.

Энэ нөхцөл байдалд коронавирус бол шинэ эгэл амьдралын хэв маяг юм шүү гэдэг өнцгийг олон нийт бодолцох хэрэгтэй болжээ. Эрдэмтэд коронавирусийг ирээдүйд энгийн ханиадны вирусүүдийн адил болно, харин хэзээ ч устаж, үгүй болохгүй гэдгийг хэлж буй. /Мэдээллийн эх сурвалжтай энд дарж танилцана уу/

ВИДЕО:

Энэ талаар бизнес эрхлэгч мятаршгүй бүсгүй, ондоо дотоод ертөнцтэй зураач залуу, холын Европт амьдран суудаг орчуулагч эмэгтэй гээд гурван өөр ертөнцтэй бид онлайнаар холбогдон сэдвийн хүрээнд ярилцлаа. Коронавирустэй хамт өнгөрүүлсэн нэг жил гаруйн хугацаа тэдэнд юуг шинээр өгөв, тэд ямар үзэл бодлыг шинээр өөрсдөдөө суулгаж авав. Цаашлаад коронавирусийг шинэ эгэл амьдралын нэг хэсэг юм хэмээн хүлээж авах нь зөв үү, үүний тулд яах хэрэгтэй вэ гэхчлэн агуулгаар бид хөөрөлдсөн юм.

Ковидтой зэрэгцэн амьдарч, #ШинэЭгэл амьдралын хэв маягт дасан зохицох нь зүйтэй юм гэх мессежийг олон нийтэд өгөх үүднээс бид ХААН Банктай хамтарч, энэхүү контентыг бэлтгэлээ.


Д.ОЮУНСҮРЭН: ШИНЭ ТУТАМ ЗҮЙЛИЙГ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ, ГАРЦАА ЭРЭЛХИЙЛЭХ НЬ ЧУХАЛ

Түүнийг Д.Оюунсүрэн гэдэг. “Альфа” номын дэлгүүрийн үүсгэн байгуулагч, захирал тэрбээр хөл хорионы үед шантарч суулгүй, онлайн худалдааны зах зээлийг гярхай мэдэрч ажилласнаар орлогоо, ажилчдынхаа тоог, салбар байршлаа хүртэл нэмэгдүүлж чадсан бизнес эмэгтэй. Түүнийг номын дэлгүүрээ нээгээд хоёрхон сар болж байхад урд хөршид коронавирус дэгдсэн бөгөөд чухам яг тахлын үетэй зэрэгцэн бизнесээ хөтөлж авч явсан онцлогтой байгаа юм.

Тэр энгийн үед орж чаддаггүй байсан онлайн худалдааны зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл цар тахлын өгсөн боломжийг давуу тал болгон ашиглажээ.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Чухам яагаад номын дэлгүүр нээн ажиллуулах болсон бэ. Өрсөлдөх боломж багатай, жижиг зах зээл гэж ойлгогддог шүү дээ?

-Сайн байцгаана уу. Намайг Д.Оюунсүрэн гэдэг. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. ХААН банканд ахлах эдийн засагчаар ажиллаж байгаад нөхөр маань хагалгаанд орж, асаргаа сувилал хийх шаардлагатай болсноор ажлаасаа урт хугацааны чөлөө авсан. Энэ хугацаандаа номонд суурилсан хувийн бизнесээ өргөжүүлэн номын дэлгүүр нээсэн. Одоогоор гурван салбартай, 10-аад ажилтантай болоод байна.

Багадаа гэр хороололд амьдарч байлаа. Тэр үед өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн их тус болсон зүйл ном байсан болоод ч тэр үү номтой холбоотой бүх зүйлд нүд сэргэж, хобби хөдөлдөг гэх үү дээ. Нөхөр бид хоёрын хамгийн дуртай зүйл ерөөс ном. Ийм учраас дуртай зүйлдээ хөтлөгдөж, энэ бизнесээ эхлүүлсэн.

-Олон бизнесүүд энэ үед үүд хаалгаа барьсан. Таны хувьд ер нь зогсооё гэж бодол төрж байв уу?

-“Эзэн чинь хичээгээд л байна ш дээ. Одоо заяа, чи л хичээх үлдлээ” хэмээн инээдэм болгож ярьж байсан маань санаанд орж байна. Номын дэлгүүрийг хүмүүс 30 хувийн ашиг авдаг бизнес гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ 10 хувь нь шууд татварт, 10 хувь нь түрээс болон ажилтнуудын цалинд гээд үлдсэн 10 хувь хүрэхтэй үгүйтэй ашгийг бид авдаг. Гэтэл бизнесээ зээлээр босгож буй хүмүүсийн хувьд ашиг гэхээс илүү балансаа барих нь чухал болчхоод байдаг.

Хаая, больё гэсэн бодол ганц ч удаа орж ирж байгаагүй.

-Ковидын үеийг даван туулж, дасан зохицохын тулд ямар шинэ дадал зуршлыг бий болгосон бэ. Хувь өөрийгөө хэрхэн өөрчилсөн бэ?

-“Болохоос нь болохгүйг хүртэл үзнэ” гэж үг бий.  Гэвч тэгээс биш хасахаас эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд “Болохгүйгээс болохыг нь хүртэл” гэж зүтгэхээс өөр арга байхгүй.  Мөн ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэж боддог болсон. Жишээ нь коронавирусийн үед сайн тал нь цахим худалдааны хөгжил рүү хүссэн, хүсээгүй орох шаардлага үүссэн. Иргэд ч онлайнаар худалдан авалт хийж сурцгаасан.

Иймдээ ч цахим худалдаандаа анхаарал хандуулсны хүчинд дэлгүүрүүд хаагдсаны алдагдлаа нөхөж чадсан. Одоо бид онлайн захиалгын вэб хуудсаа хийлгэж байгаа.

Ер нь хүн шинэ зүйлд амархан дасан зохицож, сайн талыг нь олж харж, ямар боломж байж болох вэ хэмээн гарцаа эрэлхийлэх нь чухал юм билээ.


Б.ТЭЛМЭН /ТЭМЭЧИН/: ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ, ДЭРГЭДЭХ ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАЖ ЧАДВАЛ ШИНЭ БОЛОМЖУУД НҮДЭНД ХАРАГДААД Л ЭХЭЛНЭ

Түүний уран зургуудаас зүүдний гэмээр абстракт дүрслэлүүдийг олж үзэж болно. Хэд хэдэн комик номон дээр ажиллаж, басхүү хөрөг зураг зурж олны талархлыг хүлээсэн зураач Б.Тэлмэнийг залуу уран бүтээлчийнх нь хувиар урьж, үзэл бодлыг нь сонссон юм. Түүний сошиал хаягуудын ард “Тэмэчин” хэмээх нэр дагаж бөгөөд энэ нь уран бүтээлийн нэр, нөгөө талаар Б.Тэлмэнгийн ургийн овог гэнэ.

-Хөл хорио тогтоож, хүмүүс энгийн амьдралын хэв маягаа баримтлах аргагүй болсон шүү дээ. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ихэнх хүмүүс найзуудтайгаа уулзаж, гадуур гарах дуртай байдаг санагддаг. Харин миний хувьд багаасаа л ганцаараа, гэртээ байхыг илүүд үздэг байсан учир нэг их төвөгшөөж хүлээж аваагүй. Магадгүй уран бүтээлч дотоод ертөнцтэй маань холбоотой болов уу.

Анхандаа вирус яг хаанаас, яаж үүссэн нь тодорхойгүй, эмчилгээ болон вакцины асуудал бүрхэг байсан зэрэг тодорхойгүй байдал нь бухимдал төрүүлж байсан гэж болно.

Түүний хувьд хөл хорионы өдрүүдийг гэртээ уран бүтээлээ хийн, зургаа зурж, элдэв бухимдалгүй тайван өнгөрүүлжээ. Харин нэг зүйлийг олж, анзаарсан нь: Хүмүүст амьд харилцаа ямар чухал болох тухай байлаа. Энэ хугацаанд ихэвчлэн цахим мэдээллийн хэрэгслийн ардаас хайртай дотнын хүмүүс, найз нартайгаа харилцах болсноос үүдэн тэр үүнийг анзаарсан аж.

Хэдийгээр техник технологи хөгжихийн хэрээр харилцаа хүртэл цахимжиж байгаа ч хайртай хүмүүсийнхээ биеийн дулаан илчийг мэдэрч, нүд рүү нь ширтэн ярилцах юугаар ч орлуулшгүй зүйл гэдгийг тэр онцлон хэлж байсан юм.

-Цар тахлын үед өөртөө шинээр суулгасан дадал зуршлууд бий юу?

-Би олон төрлийн зүйл уншиж сонирхох дуртай болохоор энэ хугацаанд цөөнгүй зүйл уншсан, сүүлдээ квантын физик хүртэл сонирхсон /инээв/. Нөгөөтээгүүр эрүүл амьдралын хэв маягийг дадал болгож чадсан гэмээр байна.

Нойр багатай, шөнө унтдаггүй хүүхэд л дээ, би. Иймд амархан мэдрэлийн ядаргаанд орчихдог байсан. Харин аль болох дархлаагаа дэмжих нь чухал энэ үед эрүүл мэндийн ямар нэг буруу дадалтай байж болохгүй. Иймд энэ асуудлаа шийдэж чадсан. Эрт унтаж сурсан. Хэлэхэд энгийн сонсогдож байгаа ч нойрны дэглэмээ зөв болгох нь хүний амьдралд маш том дэвшил авчирдаг санагдсан.

-Коронавирусийг одоо энгийн зүйл хэмээн хүлээж авч, шинэ эгэл амьдралын хэв маягаар амьдрах нь зүйтэй гэдэг үзэл санаатай хэр санал нийлж байна вэ?

-Нэг талаар вирус хүний эрүүл мэндэд аюултай, илүү өргөн хүрээг хамран дэгдэх эрсдэлтэй байгааг бодолцож үзэхэд, шууд энгийн хэмээн хүлээж авахад арай болоогүй, өрөөсгөл санагдаж байна. Харин нөгөө талаар энэ цаг үе хүнд олон шинэ давуу тал, боломжуудыг олгож байгаа. Энэ үүднээс дасан зохицоод урагшлах нь зөв гэдэг дээр санал нийлнэ.

Гэхдээ дасан зохицоход хугацаа хэрэгтэй болов уу. Вирусийн халдвараас үүдэн хүнд айдас төрөхөөр ажлын бүтээмж алдагдана, аливааг бодитоор харж, үнэлж дүгнэх чадвар багасна. Тэгэхээр эхлээд өөрийгөө тайвшруулж, нухацтай бодож үзвэл коронавирусийг дагасан маш олон боломжууд гарч ирнэ гэдгийг хүмүүст хэлэх хэрэгтэй байх. 

Энэ цаг үед ганцаараа байж сурч байгаа нь хүртэл бас нэгэн давуу тал. Ганцаараа байснаар өрийгөө анзаарах, алдаа дутагдлаа олж илрүүлэн засах боломжийг өгч байгаа.

Ийн Б.Тэлмэн хамаг бүхний чухал нь өөртөө төвлөрч, өөрийгөө танин мэдэх, ойлгоход оршиж буй талаар ярилаа. Ингэж чадвал аль ч цаг үед сэтгэл ханамжтай амьдарч, бусдад хайрыг түгээж, аз жаргалтай амьдарч чадна хэмээсэн юм.

Д.БОЛОРТУЯА: НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АЛГАА ТОСОН ХҮЛЭЭН АВЧ, ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ЭРЖ ХАЙХ ХЭРЭГТЭЙ

Харин түүнийг Д.Болортуяа гэдэг. Швейцарь улсын Женев хотод амьдрах болоод 13 жилийн нүүрийг үзэж буй тэрбээр одоогоор гэртээ уран зохиолын ном орчуулахын зэрэгцээ сайн гэрийн эзэгтэйн “алба”-ыг хашдаг.

Түүний орчуулж хэвлүүлсэн Унгарын алдарт зохиолч Агота Кристофын “Том дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал”, “Бичиг үсэггүй хүн” романууд олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч буй. Хамгийн сүүлд Монсудар хэвлэлийн газрын захиалгаар орчуулсан Маргерит Дюрасын “Амраг”  тууж нь саяхан хэвлэлтээс гарч, бестселлерийн жагсаалтыг тэргүүлж байна.

Түүнтэй өндөр хөгжилтэй, амьдралын чанарын индексээр дэлхийд тэргүүлдэг Швейцарь улсад амьдардгийнх нь хувиар уг сэдвийн хүрээнд хөөрөлдөх сонирхолтой байв.

-Яг одоо Швейцарьт коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоо ер хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Барааны дэлгүүрүүд хаалттай, нэг газар олуул цуглаж уулзах хориотой. Харин сургууль цэцэрлэгүүд нээлттэй, үсчин, хүнсний дэлгүүрүүд ажиллаж байна. Энэ хөл хориог хоёрдугаар сарын сүүл хүртэл сунгасан. Ер нь эндхийн Засгийн газар тогтоосон хөл хорионы хугацаа нь дуусах дөхөхөд хуралдаж, статистик тайлан мэдээндээ үндэслэн сунгах эсэхээ хэд хоногийн өмнө зарлаж, үүнд бэлтгэх хугацааг ард иргэддээ олгох байдлаар уян хатан ажилладгийг онцлох хэрэгтэй.

Халдварын тархалтын хувьд энд манайхаас хамаагүй илүү байгаа. Өдөрт хэдэн зуу, мянгаараа шинэ халдвар бүртгэгдэж буй тул нөхцөл байдал хүнд. Гэхдээ хөл хорионы дэглэм тогтоохдоо хүний эрхийг хязгаарлахгүйн улмаас харьцангуй чөлөөтэй, уян хатан хандаж байгааг ажиглаж байна. Жишээлбэл ямар нэг барилга, байгууламж дотор орохоос бусдаар гудамжаар алхах, салхинд гарахдаа амны хаалт зүүх шаардлага байхгүй. Хоёр айл бие биенийхээрээ зочилж болно. Харин 4-5 айл нэг дор цуглаж болдоггүй гэх мэт.

-Таны хувьд коронавирусийг хэр хүндээр хүлээж авсан бэ?

-Миний хувьд угаас гэртээ сууж, ном орчуулдаг хүн учраас нэг их шок болж хүлээж аваагүй ээ. Гэхдээ мэдээж миний нийгэмших хэрэгцээ тодорхой хэмжээгээр боогдсон л доо. Анхандаа хүмүүстэй уулзаж, найзуудындаа зочилж, оройн хоол иддэг хэв маягаа санагалзаж байсан ч нэг их удалгүй дасчихсан. Нэг талдаа над шиг гэрээсээ бага цухуйдаг хүнийг энэ коронавирус бүр тусгаарлаад хаячхаж байгаа юм. Тэгэхээр үүнд дасан зохицохын тулд долоо хоног бүр хүүтэйгээ ой мод руу алхах, гадуур салхилах, мөн гэртээ бясалгал хийх зэрэг дадлуудыг хэвшил болгосон.

-Коронавирустэй хамт амьдраад хүн төрөлхтөн нэг жил гаруйн хугацааг үдлээ. Одоо цаашид нэг л өдөр бүх зүйл эргээд хэвэндээ орохыг хүлээгээд суух биш, шинэ эгэл амьдралын хэв маяг болгон хүлээж авах хэрэгтэй гэдэг санааг хүмүүст хүргэхийг бид зорьж байгаа юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Ер нь энэ коронавирус гэдэг зүйл дэлхий нийтийг гэрт нь “хадаад”, амны хаалт зүүлгэж, гарыг нь угаадаг болголоо шүү дээ. Би лав амны хаалт зүүдэг болоод эмч нарын зовлонг их ойлгосон /инээв/. Гараа угаадаг болсон нь ч гэсэн маш сайн, ер коронавирусийг дагаад ирсэн сайн сайн дадал зуршлууд олон байна шүү дээ.

Мэдээж энэ бүхэн нэг л өдөр нам зогсож, эргээд урьдын амьдрал айлчлан ирнэ гэж байхгүй. Аажим аажимдаа нөхцөл байдал өөрчлөгдөх нь ойлгомжтой. Энэ цаг үеийг гэнэт л нэг өдөр дуусна гэж хүлээгээд хэрэггүй болов уу. Харин танд таалагдсан ч, таалагдаагүй ч алгаа тосон хүлээн авч, дасан зохицож амьдрах нь зүйтэй болж.

Ер нь эрэл хайгуул хийж, шинэ боломжуудыг олж харвал сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа олон зүйл байна шүү дээ. Гэртээ байх болсноор олон гэр бүлүүд салж байна гэх судалгаа гарсан. Харин ойлголцож, дасан зохицож чадвал гэр бүл доторх хуучны зөрчилдөөнт асуудлуудаа шийдэх нэг боломж ч болно. Тэгэхээр ер хоёр талтай юм даа. Хүмүүс л хэр цаг үетэйгээ дасан зохицож, нөхцөл байдлыг үр дүнтэйгээр өөрчилж чадахаас энэ бүхэн хамаарах болов уу.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Шинэ эгэл” сэдвийн хүрээнд гурван өөр хувь хүний үзэл бодлыг сонирхоход тэд “Дасан зохицох”, “Шинэ боломжуудыг эрж хайх”, “Нөхцөл байдлыг давуу тал болгон хувиргах” зэрэг санаануудыг давтан илэрхийлж байна.

Дэлхий нийтэд коронавирусийг одоо эгэл амьдралын л салшгүй нэг хэсэг хэмээн хүлээн авах хандлага давамгайлж эхэллээ. Гэхдээ ингэлээ гээд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, анхаарал болгоомжоо сулруулна гэсэн үг биш. Энэ бүгдийг орхигдуулалгүйгээр цаг үеийн санал болгож буй цоо шинэ боломжуудыг хүлээж авах нь чухал болж байна.

Урьд нь онлайн худалдааны зах зээл рүү орж чаддаггүй байсан “Альфа” номын дэлгүүр хөл хорионы үеэр борлуулалтаа хоёр дахин нэмж, нэг шинэ салбартай болж чадсан шиг гарц шийдлээ эрэлхийлбэл үргэлж боломж бий. Мөн Б.Тэлмэнгийн хэлсэнчлэн эргэн тойрны хүмүүсээ хайрлах, яг байгаа бүгддээ сэтгэл хангалуун амьдрах нь энэ цаг үетэй дасан зохицох бас нэгэн чухал агуулга юм. Орчуулагч Д.Болортуяагийн ярьснаар, аливаа зүйл хоёр талтай бөгөөд хувь хүн нөхцөл байдлыг хэр зэрэг эерэгээр харж, тэр зүг рүү өөрчилж чадсанаас энэ бүхэн шалтгаалах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэлтуяа Т.
Editor
2021-02-23 11:34

Дасан зохицож амьдрахаас өөр я�##�тай билээ, удаан хорих тусам бүр л хэцүү болно

Холбоотой мэдээ

Back to top button