Сурвалжилга, Нийтлэл

“Захидлан” тэмдэглэлүүд: Агота Кристофын “Том дэвтэр” тэргүүтэй гурамсан роман руу өнгийхүй

Франц хэлээр туурвигч хэдий ч Унгар хэлт зохиолчдын төлөөлөл гэж өөрийгөө үздэг, тодорхойлдог, бүр тунхагладаг Агота Кристофын Том дэвтэр тэргүүтэй гурамсан роман дээр харилцан захидал хэлбэрээр тэмдэглэл бичсэнээ уншигчдад сонирхуулж байна. Зохиол "Бид” гэх нэгэнлэг өгүүлэмжээс ангид үл хүүрнэгддэгийн адил тэмдэглэлийн, хоймсон захидлын нэг талд залуу утга зохиол судлаач, ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш С.Батзориг буй.

Асар минимал өгүүлэмжтэй ч автаж уншвал сэтгэл ховсдон татаж, хүнд нурмаар дарах Том дэвтэр, Нотолгоо, Гурав дахь худал гэсэн жижигхэн романууд...

Сэтгүүлч М.Тэнгис:

Эхний бүлгээсээ л сэтгэл ховсдон татсан гэдгийг түрүүнд нь онцлон тэмдэглээд, захидал унших өдрийн мэнд мэдье. Миний өмнө улаан, цэнхэр, ногоон өнгөтэй гурван жижиг ном, бас нэг жижигхэн цагаан ном хэвтэж байна. Зохиогч нь Агота Кристоф хэмээх, эх орон элгэн нутагтаа амьдрах, бүр туурвих ч тавилангүй хохийж хоцорсон нэг эмэгтэй юм билээ л. Түүнд ч хайртай болсноо нуулгүй хэлээд цааш үргэлжлүүлье.

Хэдэн жилийн өмнө нэг швейцарь сэтгэхүйн триллер филм үзэж байв. Түүнд ихэр хөвгүүд гарах бөгөөд нэрийг нь Лукас, Клаус гэнэ. Ээж нь тэдний нэгийг л хайрлах бөгөөд нөгөөг нь оршин байна чинээ үл тоон, харгисладаг юм. Гэтэл төгсгөлд нь юу гардаг гэхээр, ихрүүдийн нэг нь ерөөс анхнаасаа оршин байгаагүй болж таардаг, Клаус нь Лукасынхаа ч бил үү, Лукас нь Клаусынхаа ч бил үү төсөөлөлд л амьдарч байж. Гэтэл энэ сэдэв Агота Кристофын “Том дэвтэр” тэргүүтэй гурамсан романаас эхтэй байж шүү дээ.

“Том дэвтэр” дээрх ихэр хөвгүүдийн мацаг барих, ганцаардах, гуйлга гуйх, сохрох, дүлийрэх, сэтгэлийн хат суух зэрэг дасгал /дасгал гэнэ шүү/ хийж буй зураглалууд хамгийн түрүүнд миний амьсгалыг түгжүүлсэн билээ. “Бид” гэх эзэн биетэй хэр нь ээ, тэдний яг хэн нь юу хийгээд байгааг ялгаж оноож мэдэх аргагүй, хоёр ондоо хүний бодол, үг, үйлдлийг “Бид” гэх үгээр шууд төлөөлөн зэрэг хүүрнэчихсэн ийм өгүүлэмжтэй анх удаа тааралдсан нь надад төрсөн дараагийн онцгой сэтгэгдлийн үүдэл болсон юм. Цаашлаад Сэтэрхий уруултын /ердөө жаалхан охин шүү дээ/ нохойтой хурьцаж буй, арван хэдэн ч билээ эртэй угсруулан загас наадуулаад нүд нь нээлттэй чигтээ амьсгал хурааж буй, гадаад офицерын бэлгийн гаж сонирхолтой хэр нь ээ сэтгэл татаж хүндлэгдэм хүний сайхан оршихуйтай буй /гаж гэж юу гэсэн томъёолол юм бэ/ зэрэг нь аазгай хөдөлгөж, эд бүгдийн нийлбэр ил шулуун, зоригтой хэв маяг нь давтагдашгүй мэдрэмж төрүүлж, толгой дохиулав. Ер нь уран зохиол ухаарал сургамж хайрлаж сүйд болохоос илүүтэй онцгой мэдрэмж төрүүлж, ховсдон татаж байвал илүү өндөр үнэлэгдэх ёстой юу, эцэслэн хэлж мэдэхгүй юм.

“Бид” гэх нэгэн цул өгүүлэмж явсаар “Том дэвтэр”-ийн төгсгөлд хоёр салж, бөмбөг тэсэрсний дараа чих шуугин нүд бүрэлзэх тэр орчилд юу ч болоогүй юм шиг нэг нь хилийн дээс алхаад гарчих бол нөгөө нь эндээ нэг их хатамжлалт бүгт дүртэйгээр үлдчихэж байгаа тэр зураглал сэтгэлд чинь яаж туссаныг нэг бичээч. Хамтдаа ертөнцийн бүх өнцөг буланг хэмжиж байсан хоёр ихэр салан одсоноор дараагийн цувралуудад ил шулуун өгүүлэмж нь далд болж шургаад, идлэг шидлэг ертөнц рүү татан оруулсан шүү дээ.

Тэр хоёр бүхнийг мэддэг мөртлөө яагаад салж одсоноо л мэдэхгүй тэлчилж байна билээ. Энд үлдсэн нь явж одсоноо хүлээгээд л байх. Арай гэж явж одсон нь энд иртэл энд үлдсэн нь хаашаа ч юм ор сураггүй алга болчихсон байх. Гэтэл сүүлдээ энэ бүх түүх ердөө зохиол болж таарч байгаа нь хамгийн том, гэнэхэн ч гэмээр эргэлт шүү. Өгүүлж, автуулж байснаа нэг мөчид зүгээр л худал байсан болгож хувиргаад, “Зохиолч нь би биш, Лукас шүү, түүнтэй л наадахаа ярь” гээд гөжөөд суучихна гэдэг зохиолчийн л ид хав юм даа. Гэхдээ энэ бол нэг их бахдаж бичээд байх ч зүйл биш, уншигчийн хувьд. Эцсийн эцэст бүх учиг тайлагдлаа гэж ойлгогдох сүүлийн дэвтрийн нэр “Гурав дахь худал” байгааг хэрхэх вэ гэхчлэн дагалдаад ирэх “зовлон” нь амттай ч төвөгтэй.

Зохиол гэдэг өөрөө бодит биш шүү дээ. Гэхдээ зохиол доторх зохиол энэ гурамсан роман дотор өрнөж, мөртлөө аль нь бодит вэ, аль нь бодит биш вэ гэдэг эрэл хайгуулын өмнө намайг аваачсан нь яах ч аргагүй сонирхолтой байсан. Яг үнэндээ Клаүс, Лукас хоёр уулзаад явсны дараах, үнэн гэх энэ өрнөлд итгэхийг би хүсээгүй. Тэгэхээр ер нь бодит түүх гэж юу юм бэ, итгэх үнэмших гэдэг чинь ямар барьцгүй эд вэ гэхчлэн бодролууд руу хөтөлж аваачлаа. Эцэст нь зохиолоос нэвт ханхлаад байсан тэр нэг хүнд гуниг, асгамаар байсан ч хураагаад л хуурмаглан тэвчээд байсан мэдрэмжүүд, минимал өгүүлбэрүүдэд түгжээд яваад байсан өчнөөн төчнөөн нийлмэл өгүүлбэрүүдийн хүүрнэлүүд мэдрэгдэх шиг болж, нэг их бүгт гунигт автсан даа.

Сэтгэгдэл, мэдрэмж талаас нь тун өнгөцхөн бичихэд надад ийм байна. Зохиолын үйл явдлыг ч ерөнхийдөө хангалттай зураглачихлаа гэж бодож байна. Харин чиний хариу захидлыг Лукас Клаусаа хүлээдэг шиг үл тааварлам агуулгаар хүлээж байна. Клаус галт тэрэгнээс ачаа юугаа бариад тосгонд дэгжирхэн хөл тавьдаг шиг, энэ гурамсан романы тухай исгэрч суугаад нэг бичээч. Надад бас асуулт үлдээхээ мартав. Харин би зарим асуултынхаа хариултыг захидлаас чинь олно гэж найдаж байна.

Хариу захидал, утга зохиол судлаач, ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш С.Батзориг:

Захидал илгээсэнд, Агота Кристоф хэмээх “том” зохиолчтой уулзан учраад, тэр тухайгаа тантай ярилцах гэж байгаадаа их баярлаж байна.

Таны захидалдаа дайсан нэг хүсэлт, бас өөртөө тавьж байгаа боловч надаас асуусан мэт нэг асуултын хариуг юуны өмнө өгөх нь зүйтэй гэж санагдана. Клаус, Лукас хоёр хилийн дээсний наана цаана тусгаарлагдсан нь үнэхээр зохиолын том зөрчил, том ангал байлаа. Хил давсан арга нь бас харгис шүү дээ. Төрсөн эцгийнхээ шарилаар гүүр хийж (өнгөлөн далдалж), цул юм шиг байсан ихэртээ ганц ч үг хэлэлгүй орхиод, үлдэж байгаа нь ч ганьхарч ганцаардахгүй нээрэн л хатамжлаад ганцаар амьдардаг аа. Үүний тухай тоймтой ярихын тулд цаг хугацааны хувьд урагшлах хэрэгтэй. Хөвгүүд дайны эхэнд эмэг эх дээрээ “хаягддаг” даа. “Том Дэвтэр”-ийг уншиж байхдаа яг тэр хаягдах үедээ хөвгүүд хэдэн настай байсныг уйгагүй хайж, зохиолыг ухаж төнхсөн боловч олоогүй. Харин нэг нь хил даваад явсан хойно тэд анх 9 настай эхээсээ хагацжээ гэдгийг нь олсон.

Уран зохиолын онолд “Төлөвшлийн уран зохиол” гэсэн нэг хандлага байдаг. Хүмүүний насанд хүрэхүй, төлөвшихүйн тухай уран зохиолыг хэлдэг ажээ. “Насанд хүрэх гэж юу юм бэ?” Нас бие гүйцэж, том товир бие хаатай, эрэгтэй нь бөөн сахал үс, эмэгтэй нь том мээмтэй болохыг хэлэх үү? Зохиол энэ асуултад маш харгисаар “ҮГҮЙ” гэж хариуллаа. Ингэж 18 нас хэтэрсэн хүн бүрийн нүүр лүү нулимсан нь маш хэрцгий байлаа. Ингэж 18 нас хүрсэн хүн бүрийн нүүр лүү нулимсан нь маш эмгэнэлтэй байлаа. Хөөрхий ихрүүд есөн настайдаа л насанд хүрцгээжээ.

Та захидалдаа ихрүүдийн янз бүрийн “дасгал” хийдгийг онцгойлон дурдсан байна. Хөвгүүд насанд хүрэхийн тулд, “эрэмгий хорвоогийн жиг салхинд энгэрээ нэвт үлээлгэхгүй”-н тулд тийн өөрсдийгөө тамлаж, тийн махан биеийн хүсэл тачаалаас ангижрахыг хүсэж, тийн дасгалжиж байжээ. Зохиолд хүүхдийн дүр олон тохиолддог. Клаус, Лукас хоёр, сэтэрхий уруулт, Лукасын “хүүхэдтэй хүүхэд болж тэжээсэн” эрэмдэг Матиас. Гэхдээ тэд хүүхэд гэж үү? Бас л ҮГҮЙ. Зохиолд ганц ч хүүхэд байхгүй. Матиасыг тарчлаадаг сургуулийнх нь “нөхөд”, ихрүүдийг ирэхэд тосгонд байсан хулигаан банди нар, одоо бичихдээ орхисон ч байж магадгүй өөр олон хүүхдүүд. Тэд нар бүгдээрээ хүүхэд биш. Хүүхэд биетэй насанд хүрэгчид. Тэдэнд аминд хүрэх араа шүд, амьдралд туйлдашгүй зориг хатуужил, адгийнаас агуу их хүртэлх бүх шинж бий. Ялангуяа хөөрхий Матиас. Тэр хувь тавилангүй амьтан ямар хүчирхэг оюун ухаан, ямар давагдашгүй авьяас билигтэй төрөв өө! Тэр өөрийгөө юунд тэгж танив аа! Долоо, наймхан настай хүүхэд хөшиг тогтоогчоос боомилж үхэхэд Агота Кристофыг мянгантаа харааж зүхсэнээ танд хэлье! Зохиолч магадгүй энэ мэт гэм нүглээсээ ангижрахын тулд төгсгөлд нь Лукасын зохиол гэж бухсан биз. Гэхдээ Агота Кристоф “үнэн” байлаа. Хоёрдугаар дайны хар дарсан айдас, хүн төрөлхтөн хэмээх зэрлэг сүргийн дунд амьдрахыг хүсэх, эс хүсэхийн зөрчлийг “заваан үнэн” бичсэн.

Насанд хүрэх гэдэг аймшигтай, хорвоотой нүүр тулах аймшигтай, үнэнг өөрийнхөөрөө хүлээж авна гэдэг аймшигтай, өөрийнх нь үнэн гэж итгэж асан нь худал гэдгийг мэдэх аймшигтай. Гэхдээ хүн бүр энэ аймшгийг олж чадахгүй. Лукасынх нь ч байна уу?  Аготагийнх нь ч байна уу? энэ зохиол надад ингэж ойлгогдлоо. Гоо зүйн талаас харвал огиудас цутгам энэ зохиолыг хүүхдэд уншуулах аргагүй. Харин “Нас бие гүйцсэн насанд хүрээгүйчүүд” л нэг уншаасай гэж хүсэм ном юм билээ. Үүгээр таны “Нэг нь хилийн дээс алхаад гарчих бол нөгөө нь эндээ нэг их хатамжлалт бүгт дүртэйгээр үлдчихэж байгаа тэр зураглал сэтгэлд чинь яаж туссаныг нэг бичээч” гэсэн хүсэлтийг багагүй хазайсан боловч хариулж чадсан гэж итгэж байна.

“Ер нь уран зохиол ухаарал сургамж хайрлаж сүйд болохоос илүүтэй онцгой мэдрэмж төрүүлж, ховсдон татаж байвал илүү өндөр үнэлэгдэх ёстой юу, эцэслэн хэлж мэдэхгүй юм”. Өнөөх асуулт.

Аготагийн хүүрнэл яг л Эдвард Мункийн хар бараан дүрслэл, эсвэл Жэксон Поллокийн “Намрын хэмнэл” шиг таваргаж өгөх юм. Франц хэлтэй сэн бол бардам хэлэх сэн. Гэхдээ монгол хэлээр уншихад зохиолчийн Франц хэл зохиолоо бичиж байхдаа боловсроод байх шиг, үүнийг нь орчуулагч ч чадамгай буулгаж. Энэ шинж нь өөр өөр мэдрэмж төрүүлж, уншигчийг дагуулж байлаа. Гэхдээ би энэ дагуулах увдисд нь аль болох эзэмдүүлэхгүйг хичээж, чадах чинээгээрээ хөндлөнгөөс уншихыг хичээлээ. Хэрвээ текстийн янз бүрийн хурдтай шуурганд нь дагаад хөвчихсөн бол Аготагийн энэ ном хэдэн өдөр хоол хоолойгоор давахгүй болтол хямаргах байсан даа. Та илүү сэтгэл мэдрэмжийн үгсийг надад илгээжээ. Харин би “насанд хүрэх, төлөвших” гэх мэт ухаарлын юмс бичээд сууж байна. Нэг ах хүү над “бөөрөнхийлөх” гэдгийг “билбүүрдэх” гэж бас хэлдэг гэж байсан юм. Аготагийн энэ уран зохиол бас л ийн билбүүрдэхэд оршиж ч байж болох юм  аа. Тэгээд ч Лукасынх биз дээ (инээв, гэхдээ захидал дунд ингэж бичиж болдог уу?).

Энэ захидлаа үүгээр өндөрлөе. Асуулт үлдээхийг хүссэн байсан, та офицер, Виктор, номын санч эмэгтэй гэх мэт дүрүүдийн тухай ямар бодолтой байна вэ?

Хариу захидал, сэтгүүлч М.Тэнгис:

“Чи, чиний” хэмээсэн захидлын маань хариуд “Та”-лан хүндэлсэн нь сэдвээс гадуурх, өөр лүүгээ эгсэн сонин мэдрэмж байв.

Таны ихэр хөвгүүдийг 9 настайдаа л насанд хүрсэн, Матиасыг ч хүүхэд байгаагүй хэмээн анхаарлын тэмдэг ашиглан тунхагласныг уншаад судасны цохилт олширлоо. Би энэ өнцгөөс огт анзаараагүй, харин хүн гэдэг амьтан өөртөө “Чадахгүй, болохгүй” гэсэн хязгаар хаалт өчнөөнийг тавьж, түүнийгээ өөрийн язгуур мөн чанарын нэг хэсэг хэмээн итгэж, өргөмжилдөг тэр дүр зургийг нүднээ үзсэн. Гэтэл ихэр хөвгүүд шиг зориудаар харгислан дасгалжуулаад л байвал энэ бүхнээсээ ангижирч чадна гэдэг нэг их сонин, итгэмээргүй, гэлээ ч байх боломжтой ойлголт мэт. Зарим нэг “Би ийм л хүн” хэмээн омойтон итгэж, дондойлгосон сулхан зан чанаруудаа ийн дасгалжуулах маягаар нурааж болох ч шиг санагдсан.

Гэхдээ төлөвшинө гэж яахыг хэлнэ гэсэн үг вэ. Мань хоёр хаширыг төлөвшчихсөн гэж харвал: Сэтгэлийн элдэв ухамсар жолоодлогогүй хөдөлгөөн, шаналгааг таягдан хаяж, өнөөх тархиа дагах уу, зүрхээ дагах уу гэдэг асуултад “Тархи” гэж эгнэгт хариулдаг болохыг хэлээд байх шиг. Мөртлөө хэчнээн ингэсэн ч тэд яг эцсийн голч мөн чанартаа хүлээлтэд л зангилагдаж байсан нь өөрөө сэтгэлийн хөдлөлтэй хамаатай шүү дээ. Өөрөөр хэлбэл, эргэж ирэхийг нь мэдэхгүй, энэ дэлхийн хаа нэгтээ оршин буй эсэх нь ч тодорхойгүй нөгөө “ихэр”-ээ сохорлон хүлээнэ гэдэг насанд хүрч, төлөвшөөгүйн илрэл.

Эсвэл зохиол анхнаасаа Лукас, Клаүс хоёр хоёр биенээсээ хагацаж, эндээс хадагдсан тэр сэтгэл хөдлөлөөс үүдэн бичигдсэн учраас – санах, хүлээх, эргэцэх, тарчлах сэтгэлийн хөдөлгөөндөө өөрсдийгөө /Лукас л юм даа/ дасгалжуулж, тэгж төлөвшсөн ч байж болох. Их төлөвшлийн үүдэл нь ерөөс хагацал нь байж гэх гээд байгаа хэрэг. Ер зүрхэн дэх бүтэлгүй хайраа хүлээн зөвшөөрч, хатамжлан амьдрах гэж гүлдийн зүтгэсээр нэг мэдэхэд нэг их “багтаамжтай”, ууж бие хүн болчихсон байдаг шиг л.

Офицерын дүр намайг зүггүй татсан билээ. “Бичиг үсэггүй хүн” намтарчилсан эсээний цуглуулгад түүнийг бодит хүн байсан талаар бичсэн байсан. Офицерын талаар гадаад цэрэг, “Тэр хайрын шархтай” гэж гуравхан үгээр тодорхойлж хэлдэг санагдана. Ижил хүйстнээ сонирхох, мазохист байх гэх мэтийг би хувьдаа гаж сонирхол гэж хардаггүй, харин хүний оршихуйг өнгөлөх элемэнт, тэднийг хэн хүний үзэж мэдрэхгүй хувь тавилангийн нэг утаснаас атгаж төрсөн азтай ч гэмээр этгээдүүд гэж хардгийн хувьд надад Офицер гуай таалагдсан. Онцлог нь, түүний таашаал авах хүслийн орон зайн бүрхүүл ердөө өөрийг нь л тойрон бүрхэж байсан. Юу гэхээр, өрөөл хэн нэгнийг хүслийнхээ шилбэнд уяж, зовоогоогүй. Бусдад гай тарихгүйгээр яг өөрийнхөөрөө оршино гэдэг, яг Офицер шиг яруу найраглаг амьдрал юм даг уу даа.

Нөгөө талаар, Агота дайны үеийн бага насны дурсамжаас нэлээд уудалж, утгаж энэ романаа бичсэн тул зарим дүр нь утгын хувьд ач холбогдолтой гэхээс илүү бодит зохиолчийн бодит амьдралд тод дурсамж болон үлдсэн, түүнийгээ чимэг зүүлт болгон шигтгэж өгсөн учиртай байж болох юм.

Харин Виктор, номын санч эмэгтэй нарыг тухайд бичье гэвэл нэлээд толгой гашлах шаардлагатай болох юм. Хамгийн эргэлзээтэй, тайлал багатай үлдсэн дүрүүд дээр ийн цохиж асуув. Ер нь гэрт буудалцаан болоход Клаус үлдэж, харин Лукас сэтгэцийн эмнэлэгт, дараа нь асрамжийн газарт очсон, тийм үү. Тэндээс Лукас цусан холбоогүй нэг эмгэнийд очин, өсөж бойжоод хилийн дээс алхсан өгүүлэмжийг би үнэн гэж бодсон. Тэгэхээр хилийн дээс алхаад тэнд тааралдаж, амьдралд нь орж ирсэн хүмүүсээ “Нотолгоо”-д тийн дүрд хувиргаж, амилуулсан шиг байгаа юм. Магадгүй дахиад л худал түүхээр бичигдсэн “Нотолгоо”-г ямар нэг түүхийн хэрчлээсийн нотолгоо болж буй үндэслэлүүд нь Виктор, номын санч эмэгтэй болон нойр нь хулжсан эр зэрэг байж болох юм. Өөрөөр хэлбэл гурамсан романы хүрээнд бага ч гэсэн үнэн түүхүүдийг тэдний дүрээр дамжуулан хүүрнэсэн байх. Матиас ч тэднээс ялгаагүй нэг учир битүүлэг дүр шүү дээ. Матиас гэснээс, Матиасыг үхэхэд би ер гашуудаагүй. Харин орчуулагч Д.Болортуяа та хоёр хоёул Матиаст нэг их татагдсан юм байна.

Зохиолоос би бодит түүх хэчнээн хөлбөрөмтгий байж болох, итгэл үнэмшил ямар субьектив – найдлагагүй байх боломжтой талаар философийн агуулга мэдэрсэн талаараа дээр бичсэн. Үүн дээр хэд гурван өгүүлбэр хариу болгон сонсох сон.

Түүнчлэн Агота Кристоф таны нүдээр хэрхэн харагдсан талаар тойм өгүүлэмж ирвэл ихэд баярлана. Энэ хэсэгт би өөрийнхөө хувь бодлыг бичих юм. Юу гэвэл, утга зохиол сонирхдог, судалдаг ихэнх эрхмүүдийн гаргасан ном товхимол, орчуулсан түүвэр зохиолуудтай танилцаж байхад Агота Кристоф тааралдаж байсан нь үгүй. “Том дэвтэр” тэргүүтэй гурамсан роман номын дэлгүүрийн тавиур дээр харах бүрд хэвтэж л байдаг, Д.Болортуяа орчуулагчийн нүүр ном дахь идэвхтэй, сайхан харизмагаар л маркетинг нь хийгдэж байх шиг санагддаг байв. Би нэг үгээр, яагаад Агота Кристоф энэ хүрээлэлд ийм бага хэлэлцэгддэг юм бол гэж л асуух гээд буй хэрэг. Намайг ийн нүүр номдоо бичтэл “Том дэвтэрийг зөндөө уншицгаасан, чи л хожим уншсан нь тэр” гэж нэг эмэгтэй сэтгэгдлээр хариулсан байна билээ. Үнэхээр би оройтон уншчихаад ийм, тийм зүйл ярьж байгаа нь энэ үү. Эсвэл Агота Кристоф үнэ хүндтэй гэж үнэлэгдэхүйц зохиолч биш үү.

Тийм ч байж болох юм л даа. Бичсэн зохиолынх нь хүн төрөлхтний утга зохиолын түүхэнд өгчилгөсөн хувь нэмэр, цар хүрээ, эзэлсэн байр суурь зэрэг нь төдийлөн гавихгүй байж мэдэх талтай шиг санагдсан. Гэхдээ хувь амьдралынх нь намтар, хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь харвал тэр зохиолч гэмээ нь л зохиолч юм билээ. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ.

Эцэст нь, гурамсан романыг эх монгол хэлэнд минь ийм урамтай, зарим үг сонголт, өгүүлбэрүүд дээр мушилзан, дахин дахин уншмаар орчуулсан Д.Болортуяад уншигчийн зүгээс талархал илэрхийлье.

Хариу захидал, С.Батзориг:

Амгаланг айлтгая! Захидлыг хэд хэд уншлаа.

Төлөвших тухай бичсэнийг “Их төлөвшлийн үүдэл нь ерөөс хагацал нь байж гэх гээд байгаа хэрэг. Ер зүрхэн дэх бүтэлгүй хайраа хүлээн зөвшөөрч, хатамжлан амьдрах гэж гүлдийн зүтгэсээр нэг мэдэхэд нэг их “багтаамжтай”, ууж бие хүн болчихсон байдаг шиг л” гэж тайлсан нь миний санасантай яг таарч байна.

“Хүний ухамсарт танин баригдах юмсаас ухамсарт танин баригдашгүй юмс хэдэн сая дахин илүү”. Би үүнд итгэж явдаг юм. Тэр хэдэн сая дахин илүү юмс хүний сэтгэлд л бүрэлдэж, бүр гүний гүнд нь дараастай, яг л далайн ёроол шиг нууцлаг оршдог гэдэгт итгэдэг. Тэр нууцлагийг л өөрийн боломжийн хэрээр танин баримжаалахыг л би “төлөвших” гэж мунхаглан ойлгож буй билээ. Тархи бол яах вэ дээ, тархи л даа!

Нээрэн сонин шүү. Энэ зохиолд яг рационал (тархины талаас) хандах юм бол эрүүл ухаантай хүн бас байхгүй. Хүүхэд ч байхгүй, эрүүл хүн ч байхгүй яасан зүдэргээтэй ч зохиол вэ дээ? Садомазохизмын синдромтой баахан хүний цуглуулга шиг. Гэхдээ л “синдромтонгууд”, техникийн хавсарга, өөрийн гэх өчүүхэн ч өнцөггүй мөлийсөн, зүгээр амьсгалж л байдаг орчин үеийн, бидний цаг үеийнхнийг бодоход ирэнд нь хор шингээсэн чинжаал мэт хүчирхэг амьтад. Тэднийг уншихад өөрсдөөс нь хэн ч булааж авч чадахгүй сүнслэг ахуй нь харж болмоор тод мэдрэгддэг. Үүнийг та захидалдаа офицерын дүрээр төлөөлүүлсэн байсан. Тэд бидэн шиг хатуурсан оюун ухаанууд бус үл захирагдах сэтгэлүүд юм.

“Бодит түүх хэчнээн хөлбөрөмтгий байж болох, итгэл үнэмшил ямар субьектив – найдлагагүй байх боломжтой талаар философийн агуулга мэдэрсэн талаараа дээр бичсэн. Үүн дээр хэд гурван өгүүлбэр хариу болгон сонсох сон” гэсэн нэгэн хүсэлт дайжээ. Энэ тухайд би өмнөх захидалдаа цухасхан тэмдэглэсэн юм. Үнэн гэж туйлаас итгэсэн үнэмшил нь нуран унахыг мэдрэх шиг гамшиг хүнд ер нь ховор бололтой. Ярихад бас төвөгтэй сэдэв юм аа. Үүнийг жич чухалчлан ярилцвал зүйтэй гэж санана.

Агота Кристоф. Зохиолчийн ярилцлагуудыг уншаад, түүний эх оронч үзэл надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Тэр Швейцарьт амьдардаг франц хэлт зохиолч. Уран зохиолыг бараг франц хэлээс өөр хэлээр төсөөлдөггүй тэдэнтэй Агота ямар давилуун ярилцдаг гэж санана. Швейцарийн төв телевизэд өгсөн нэг ярилцлага нь байна. “Франц хэл, унгар хэлний хаана ч хүрэхгүй. Унгар хэл илүү баялаг” гэсэн санаатай яриа. Маш зоримог үзэл санаа. Дайны сүүдрээс дайжаад л францаар бичихээс өөр аргагүй болсон болохоос төрөлх эх хэлээрээ энэ байтугай зохиол бичих л байсан гэж яриад сууж байгаа эмгэнийг бишрэхгүй яах юм бэ? Яг энэ чанараараа тэр үнэ цэнтэй гэж үнэлэгдэхүйц зохиолч мөн.

Тэр бээр өөрийнхөө сүүдрээс үргэсэн хүн төрөлхтөнд “түнэр харанхуй” ямар байдгийг харуулсан гавьяатнуудын нэг учраас үнэ цэнтэй зохиолч мөн. Харин хуурмагийн гэрэлд гялбасан сохор оюун ухааны хувьд үнс чандрууны ч энд хүрэх эд биш ээ.

Үүгээр захидлаа отголъё. Тантай санал бодлоо солилцоход нэн таатай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяр хүргэе
Баяр хүргэе
2021-02-20 19:15

Баяр хүргэе. Харин нэрийг Захидлан тэмдэглэлүүд гэсэн нь өнгөрсөн зуунд эх хэлнийхээ онцлогийг хайхр�##�гүй үг бүтээснийг санагдуулж байна. Нэгэнт утга зохиолд нэвтэрсэн цэцгэн зүйрлэл, төмрөн сүх, зэсэн аяга зэрэг үгсийг одоо з�##�руулъя гэвч өнгөрчээ. Захид�##� гэж байхаас захидлан гэдэг үг хэзээ ч үүсэхгүй зүй тогтолтой юм шүү энэ монгол хэл.

Зочин
Зочин
2021-02-20 22:48

Бичих, туурвих их үйлст нь амжилт хүсье.

Т-90
Т-90
2021-02-22 00:17

Болж байна, шинэ үе гэдэг чинь энэ шүү дээ! Сэтгэл хөдлөм/бодолд оруулсан/ дискурс!Сонирхолтой байлаа! 21-р зуун үнэртэж байна!
Багшийнхаа ач хүүгээр бахархаж байна!

Зочин
Зочин
2021-03-11 21:10

Энэ номыг авч уншихаар шийдлээ.

Зочин
Зочин
2022-12-14 19:25

Ай даа! .Сайхаан сайхан

Холбоотой мэдээ

Back to top button