ДЭЛХИЙ

“Clubhouse” хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах тал дээр дутагдалтай байжээ

“Clubhouse” апликейшн өнгөрсөн долоо хоногт iPhone хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан билээ. Фэйсбүүк болон Инстаграмтай харьцуулахад “Clubhouse” нь хэдэн сарын турш Хятадын хоригт өртөлгүй явсан юм. Зарим Хятад хэрэглэгчид Шинжаан дахь Уйгарчуудыг хорих лагер, Тяньаньмэний талбайн жагсаал, болон цагдаа нарт байцаалт өгөх үед ямар санагдсан мэдрэмжийнхээ талаар ярилцдаг байжээ.  БНХАУ-ын Засгийн газар эдгээр сэдвүүдийн талаар нээлттэй ярилцахыг хориглодог бөгөөд дотоодын хэрэглэгчдийг гадаадын апликейшнүүд болон веб сайтуудыг ашиглахаас хориглосон байдаг билээ. Харин өнгөрсөн 8-ны өдөр тус улс “Clubhouse” апликейшнийг хориглосон юм.

Тус апликейшнийг хориглохоос өмнө Хятад хэрэглэгчид Засгийн газар нь тэдний яриаг чагнаж болзошгүй хэмээн сэрэмжилдэг байжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар дэглэмийг нь гадаад сошиал платформ дээр шүүмжилсэн иргэдээ яллах тохиолдол ихэссэн юм. Твиттер болон Фэйсбүүктэй дээрх нийтлэлүүд олон нийтэд харж болохоор хадгалагддаг бол “Clubhouse”-ийн яриа тийм байдлаар хадгалагдаж үлддэггүй билээ. Иймд БНХАУ-ын Засгийн газар “Clubhouse” дахь яриаг хянахад амаргүй болж байгаа юм.

БНХАУ хэрэглэгчийн мэдээллийг авж чадах уу

 Стэнфордын интернет ажиглах төв (SIO) “Clubhouse” апп нь Шанхай хотод үйл ажиллагаа явуулдаг “Agora” нэртэй программ хангамжийн компаниас үйлчилгээ авдгийг илрүүлсэн байна. Тус төв дүн шинжилгээ хийж “Clubhouse”-ийн интернет дэх мэдээлэл “Agora” компанийн серверүүд рүү чиглэгдсэн байгааг тогтоожээ. Тухайлбал “Clubhouse” хэрэглэгч ярилцах өрөөнд ороход “Agora”-ийн серверүүд рүү явах багц үүсгэдэг аж. Тус багцад хэрэглэгч болгоны хувийн ID болон нэвтэрсэн өрөөний ID гэх мэт метадата агуулдаг байна. “Tech terms” сайтад тодорхойлсноор бол метадата нь өөр мэдээллийг тодорхойлсон өгөгдөл гэнэ. Тухайлбал аливаа зураг хэр том хэмжээтэй, хэзээ авагдсан гэх мэт нь метадата аж.

Тэдгээр мэдээллийг шифрлэн хамгаалаагүй учир хэрэглэгчийн сүлжээний урсгалд нэвтрэх боломжтой гуравдагч этгээд ямар өрөөнд аль хэрэглэгч ярилцаж байгааг мэдэх боломжтой гэнэ. “Technopedia”-аас харвал сүлжээний урсгал гэдэг нь нэг сүлжээгээр нэгж хугацаанд явж буй мэдээллийн хэмжээ аж.

“Agora” компани нь БНХАУ болон АНУ-д үйл ажиллагаа явуулдаг учир Хятад улсын цахим аюулгүй байдлын хуульд захирагдана. Тус компани БНХАУ-ын хуулийг дагах шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрвээ Хятадын Засгийн газар нэг ярилцлага үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн үзвэл “Agora” компани хуулийн дагуу Засгийн газарт тус бичлэгийг илрүүлж хадгалахад туслах ёстой. Гэхдээ “Agora” компани сүлжээний чанарыг зохицуулах, төлбөр авахаас бусад үед хэрэглэгчийн метадата эсвэл яриаг хадгалдаггүй хэмээн мэдэгдсэн юм.

Хэрвээ энэ нь үнэн бол “Agora” компанид хэрэглэгчийн мэдээлэл байхгүй учир хуулийн хүрээнд Хятадын Засгийн газар хуулийн хүрээнд тус компаниас мэдээлэл шаардах боломжгүй. Гэхдээ онолын хувьд БНХАУ-ын Засгийн газар “Agora” компанийн сүлжээнд нэвтэрч өөрсдөө яриаг нь бичиж авах боломжтой аж. “Huawei” компани “Agora”-тай адил Засгийн газартаа хэрэглэгчийн мэдээлэл өгдөггүй гэсэн боловч үүнд олон мэргэжилтнүүд эргэлздэг билээ.

Стэнфордын интернетийг ажиглах төв (SIO) “Clubhouse”-ийн өрөөний метадата БНХАУ-д байрлалтай серверүүдэд очиж байгааг илрүүлсэн гэнэ. Иймд тус улсын Засгийн газар “Agora” компанийн сүлжээг ашиглалгүй метадата цуглуулах боломжтой юм. Гэхдээ мэдээлэл цуглуулах боломжтой гэдэг нь цуглуулдаг гэсэн үг биш билээ.

“SIO”-ийн дүн шинжилгээгээр “Agora” компани “Clubhouse”-ийн ярианы мэдээллийн урсгалд нэвтрэх боломжтой гэдгийг харуулсан юм. “Clubhouse” яриагаа end-to-end encryption хийж хамгаалсан байх магадлал маш бага учир “Agora” компани тус ярианы мэдээлэлд нэвтрэн хуулбарлан аваад хадгалах боломжтой аж. End-to-end encryption нь шифрлэж хамгаалах арга юм. Тус аргаар хамгаалагдсан мэдээллийг явуулж буй хэрэгсэл болон хүлээн авч буй хэрэгсэл л шифрийг нь тайлж унших боломжтой байдаг гэнэ.

Стэнфордын интернетийг ажиглах төв эдгээр асуудал нь “Clubhouse”-ийн сая сая хэрэглэгчдэд, ялангуяа Хятад хэрэглэгчдэд аюулгүй байдлын эрсдэл байгаа тул уг нийтлэлийг бичихээр шийдсэн байна.

БНХАУ-ын Засгийн газар “Clubhouse”-ийн хадгалдаг яриаг авах боломжтой юу

Энэ асуултад Станфордын интернет ажиглах төв хэрвээ яриаг АНУ-д хадгалдаг бол Хятадын засгийн газар авах боломжгүй хэмээн хариулжээ. “Clubhouse” нууцлалын бодлогодоо хэрэглэгчийн яриаг мөрдөн байцаалтын зорилгоор түр хугацаанд хадгалдаг хэмээсэн байдаг. Хэрвээ тэдгээр яриануудыг тус шалтгаанаар ашиглах шаардлага гарахгүй бол устгадаг гэнэ.

Тус бодлогод түр хугацаа нь хэр удаан гэдгийг тодотгосон өгүүлбэр байхгүй. Түр хугацаанд гэдэг нь хэдэн минутаас хэдэн жилийн турш гэсэн утгатай байж болно. Хэрвээ “Clubhouse” ярианы бичлэгийг АНУ-д хадгалдаг бол БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын Засгийн газраас мэдээлэл шилжүүлж өгөх хүсэлт гаргаж болно. Гэхдээ тус хүсэлт бүтэх магадлал нь маш бага.

Гэхдээ “Clubhouse”-ийг хөгжүүлэгч “Alpha Exploration Co.” Хятадад хамтран ажилладаг компани эсвэл охин компанитай бол тус улсын Засгийн Газар хуулийн хүрээнд ярианы бичлэг өгөхийг шаардах боломжтой. “Alpha Exploration Co.” нь “Agora” компаниас өөр Хятад байгууллагатай хамтран ажилладаг гэх баримт олдоогүй байгаа юм. Гэвч Хятадын Засгийн газар “Agora” компаниар дамжуулан яриаг авж чадвал ямар нэгэн хүсэлт гаргах хэрэггүй билээ.

“Agora” компанийн төлөөлөгч “The Verge” сайт руу захидал бичихдээ “Хятадаас гадна апликейшныг хэрэглэдэг хүмүүсийн яриа болон дүрс бичлэгт мэдээлэл Хятадаар дамждаггүй” хэмээсэн юм. Мөн хэрэглэгчийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй  бөгөөд тус мэдээллийг хадгалдаггүй гэж тус имэйлд бичсэн байна.

“Clubhouse” ямар арга хэмжээ авах вэ

SIO энэ мэдээллийг “Clubhouse”-д хүргэсэн бөгөөд тэд мэдээллийн хамгаалалтаа сайжруулах гэж буйгаа өнгөрсөн 14-нд мэдэгдсэн юм. Тус мэдэгдэлд “Хэрэглэгчийн тодорхойлолтыг агуулсан мэдээллийн урсгалын багахан хэсгийг хэрэглэгчдэд холбогдох хамгийн хурдан замыг олохын тулд дэлхий даяарх серверүүдэд рүү дамжуулагддаг. Ирэх 72 цагийн дотор бид шифрлэх хамгаалалт нэмж “Clubhouse” хэрэглэгчид Хятад серверүүд рүү дохио дамжуулахыг хориглох болно” хэмээжээ.

Эх сурвалж: Stanford Internet Observatory

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button