Нийгмийн

Б.Түвшинтөгс: 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт арилжааны банкуудын оролцоог хангаж өгөх нь бодлогын зөв хандлага

Эдийн засагч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.

Эдийн засаг царцсан, мөнгөний эргэлт удааширсан байгаа энэ үед Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулж байгаа 10 их наядын төлөвлөгөөний талаар ямар байр суурьтай байна вэ?

Эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал ДНБ 5.3 хувиар буурсан,банкуудын зээл өсөөгүй, Засгийн газрын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай зэрэг макро эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд ихээхэн муудсанбайгаа нь өнөөгийн эдийн засгийн бодит дүр төрхийг харуулж байна. Эдийн засгийг дэмжиж энэхүү хүндрэлээс гаргахад бодлого боловсруулагчдад мөнгөний бодлого болон төсөв, сангийн бодлого гэсэн хоёр л арга хэрэгсэл бий. Төсөв, сангийн бодлогын хувьд төсвийн алдагдал, Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа хязгаартаа тулсан байдалтай байгаа. Тийм учраас төсвийн тэлэлтээр эдийн засгийг дэмжих боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, төсөв байж болох хамгийн дээд түвшиндөө хүртэл тэлсэн байна. Цаашаа орон зай маш бага. Харин мөнгөний бодлого дээр дахиад тэлэх орон зай байсаар байна. Инфляцыг харвал 2-3 хувийн орчимд сүүлийн нэг жил гаруй хугацаанд тогтворжсон. Инфляц бага түвшинд тогтворжсон нь эдийн засгийн сул байдалтай л холбоотой. Хүмүүс худалдан авалт бага хийгээд, эрэлт буураад эхлэхээр үнийн өсөлт ч бас саарч байгаа юм.

Энэ үүднээс авч үзвэл 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь эдийн засгийг хөдөлгөөнд оруулах том арга хэмжээ яах аргагүй мөн. Үүнд мөнгөний тэлэх бодлого тоомоохон үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна.Гэхдээ энэ хөтөлбөртэй холбоотой илүү нарийн зохицуулалтуудыг тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид зөвхөн олон нийтэд ил болгосон мэдээллийн хэмжээнд л ойлголттой байна. Гэтэл хөтөлбөрийн доторх агуулга, санхүүжилт гээд тодорхойгүй зүйлс их бий. Тийм ч учраас маш их хэлэлцүүлэг, шүүмжлэлүүд өрнөж байна.

Том зургаар нь харвал 10 их наядын хөтөлбөр нь эдийн засгийг идэвхжүүлэх эхлэлийг тавих хөтөлбөр мөн гэж харж байгаа.  Нөгөөтэйгүүр үүнийг 10 их наяд төгрөгийн хөтөлбөр гэж нэрлээд байгаа нь олон нийтийг төөрөгдөлд оруулаад байна уу гэж харагдсан. Яагаад гэвэл үнэндээ энэ нь 10 их наяд төгрөгийг шинээр бий болгоогүй эсвэл засгийн газраас ийм хэмжээний санхүүжилт шинээр бий болгоогүй.

Дэлхийн төв банкууд өнгөрсөн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг нэлээд их хэмжээгээр хийсэн. Мөнгөний бодлогын хүү нь ч дарааллан буусан. Монгол Улсын хувьд бодлогын хүү нь 6 хувь буюу түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Тэгэхээрбусад улс орнуудад хэрэгжиж байгаа бодлогын арга хэмжээнүүдийг өөрийн улсынхтай харьцуулж үзье гэвэл ямар дүгнэлт хийх вэ?

Бусад улс орнууд ч бас манайхтай яг л адилхан нөхцөл байдалтай байгаа. Яагаад гэвэл гадаад шок нь яг л адилхан. Үйлчилгээний салбар болон бусад хөдөлмөр түлхүү ашигладаг салбаруудын хувьд дэлхийн улс орнуудад ч мөн ялгаагүй томоохон салбар. Тэгэхээр үйлчилгээний салбар доголдоод, түүнтэй холбогдсон салбарууд болон хүмүүсийн хөдөлгөөн хумигдаад эхлэхээр нийт эдийн засаг нь хүндрэлд орж байгаа. Тийм учраас мөнгө болон төсөв, сангийн тэлэх бодлого явуулж байгаа. Мэдээж ямар орон байхаас хамаарч өөр өөр. Хөгжиж байгаа орнуудын хувьд манайхтай адилхан нийлүүлэлтийн болон тээвэр логистикийн талын хүндрэлүүд байна. Мөн эдийн засгийн бүтэц нь үйлчилгээ, эсвэл хөдөлмөр түлхүү ашигладаг салбарууд давамгайлсан байдалтай. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хооронд харилцаа үүсгэх шаардлагатай салбарууд. Онлайнаар ажиллаад явах бололцоо бага гэсэн үг. Тэгэхээр хөгжиж байгаа орнуудын хувьд манайхтай яг л адилхан байгаа. Тэд мөнгөний бодлогоо тэлэх, төсөв, сангийн бодлогоо тэлэх замаар эдийн засгийнхаа түр зуурын хүндрэлийг давах гэж оролдож байгаа. Гэхдээ тэрхүү бодлогууд нь яагаад эдийн засгаа сэргээхгүй байна вэ гэхээр ковид тархсаар байгаа учраас хэдий их мөнгө нийлүүлсэн ч тэр хэмжээгээр нь хэрэглээнд шингээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн мотор нь ажиллахгүй байхад хүчээр л эргүүлэх гээд байна гэсэн үг. Хөгжсөн орнуудын хувьд жишээ нь АНУ гэхэд бодлогын хүү 0-тэй ойрхон түвшинд маш олон жил хадгалагдсан. Хэрвээ Ковид гараагүй байсан бол бодлогын хүүгээ өсгөх талаар ярьж байсан ч Ковид гарсан учраас бодлогын хүүгээ дахин бууруулж, байж болох хамгийн доод түвшинд нь хүргэсэн. Бусад Япон, Европын холбоо зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ялгаагүй ийм л нөхцөл байдалтай байна.

Мөнгөний бодлого дээр тэлэх орон зай байгаа гэдгийг та дурдсан. Одоо бол Төв банкны үнэт цаасанд 7.8 их наяд төгрөг төвлөрсөн байна.Үүний тал гаруй хувь нь банкны түргэн хүрвэх активын шаардлагаар байдаг бол үлдсэн нь эдийн засгийн эрсдэлээс болж энгэж төвлөрөөд байгаа. Энэ орон зайг хэрхэн ашиглавал илүү үр дүнтэй вэ?

Мөнгөний бодлого дээр тэлэх орон зай байна. Төв банкны гол зорилго инфляц учраас энэ талаасаа орон зай байна. Гэхдээ 6-аас бууруулаад 5 хувь болголоо гэхэд шууд зээлийг дэмжих үү гэвэл мэдээж үгүй. Өөрөөр хэлбэл, 8 хувиас 6 хувь болгож бууруулахад төв банкны үнэт цаасны үлдэгдэлд ерөөсөө нөлөөлөхгүй байгаад байна. Санаа нь юу вэ гэхээр Ковидоос үүссэн эрсдэл нь байсаар байгаа учраас эдийн засаг өөрөө нээгдэхгүй байна. Тийм ч учраас зээл болоод гарч байх ёстой нөөц төв банкны үнэт цаасдээр байршсан. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын гол арга хэрэгсэл болох төв банкны үнэт цаасны хүүгийн сувагтөдийлөн ажиллахгүй байна.

Ер нь манай эдийн засгийн хөгжилөөс харахад зах зээлийн мэдрэг байдал сул. Та хүүгийн суваг муу ажиллаж байгаа шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?

Төв банкны үнэт цаасанд байршсан мөнгө зээл болоод гараад байвал энэ суваг сайн ажиллаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаасны хүүгээр дамжуулан зээлийн урсгалыг удирдах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зээл угаасаа гарахгүй байгаа үед төв банкны үнэт цаасны хүүг хэчнээн бууруулаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Тийм учраас зөвхөн Төв банкны үнэт цаас бус бодлогын бусад арга хэрэгслийг ашиглаж, зээлийн урсгалыг дэмжиж өгөх хөшүүргийг хийх ёстой болсон.

Банкууд нэг талаас хадгаламж татаж, нөгөө талд нь зээл олгодог учраас эрсдэлээс зугтах нь зөв алхам байх. Зээл олголт буурч, хасах түвшинд хүрээд байна. Үүний талаар таний бодол?

Суурь нөлөөлөл нь Ковид шүү дээ. Эдийн засаг өөрөө зогсонги болчихсон байгаа үед төв банкны үнэт цаасны хүүг хэчнээн бууруулаад, банкуудыг шахаад, ятгаад ч зээл өмнөх шигээ жилийн 20-30 хувийн өсөлттэйгөөр гарахгүй. Яагаад гэвэл эдийн засаг нь өөрөө зогсонги байдалд орчихсон байна.  Харамсалтай нь манай нийт эдийн засагтай харьцуулахад технологийн салбар маш жижигхэн. Финтек, төлбөр тооцоотой холбоотой технологийн дэвшлүүд манай эдийн засагт ирээдүйд дорвитой нөлөө үзүүлж болох ч өнөөдрийн хувьд нэмүү өртөг багатай.

Нэгэнт цар тахлаас үүдэлтэй зээлийн эрэлт сул байхад нэмж, зээл гаргах арга хэмжээ авах нь хэр оновчтой байх юм бол?

Ер нь 10 их наядын нийт хөтөлбөрийг нь яривал дотроо 6 дэд хөтөлбөртэй юм байна. Энэхүү 6 дэд хөтөлбөрийн нэг нь репо санхүүжилтийн 2 их наяд төгрөг. Банкууд тодорхой барьцаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2 их наядын эх үүсвэр төв банкнаасаа аваад, 10.5 хувийн хүүтэйгээр зээл олгох юм байна гэж ойлгосон. Хоёр жилийн туршид улиралд 500 тэрбум орчим төгрөг зээлээр гаргана гэж тооцоолж байгаа юм байна. Хэдийгээр эдийн засгийн салбарууд тодорхой заасан харагдаагүй ч экспорт болон ЖДҮ-ийг дэмжих зорилготой гэж ойлгогдож байгаа.

Гэтэл яах аргагүй таны дурдсанчлан нөгөө талд нь эрэлт байна уу гэдэг асуудал. 10.5 хувь нь зах зээлийн одоогийн хүүтэй харьцуулахад бага боловч яг шаардлага хангасан төсөл болон компаниуд, зээлийнэрэлт нь байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Сангийн сайд нэг юмыг маш тодорхой хэлсэн. Эдгээр зээлүүд банкуудаар дамжих ба банкны шаардлагыг хангасан төслүүдэд зээл олгогдоно гэдгийг онцгойлон анхааруулсан нь бодлогын зөв зүйтэй хандлага юм. Банкууд төдийлөн эрсдэл багатай зээлийн эрэлт байхгүй байна гэж үзвэл зээл олгогдохгүй л гэсэн үг. Банк өөрөө эрсдэлээ үүрч, хариуцлага хүлээх учраас өөрсдийнхөө шаардлага, шалгуурыг тавьж байх нь ихээхэн чухал.

Энд нэг зүйлийг анхаарахад 10 их наядын хөтөлбөр дотор 2 их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл үүнтэй адилхүндрэлтэй тулна. Яг энэ хөтөлбөрийн тухайд санхүүжилт талаасаа тодорхойгүй зүйл ихээхэн байгаа. Тухайлбал, Монголбанкны оролцоо ямар байх нь тодорхойгүй байна.

Мөн зээлийн батлан даалтын сангийн асуудал яригдаж байна. Энэ зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ, ямар механизмаар явах вэ гэдэг нь тодорхойгүй л байна. Гэх зэргээр асуултууд маш их байгаа. Миний гол санал нийлж байгаа зүйл юу гэхээр ямар ч тохиолдолд арилжааны банкуудад эрсдэл, хариуцлагыг аль болохоор үүрүүлж төрийн болон төсвийн эрсдлийг багасгаж байгаа явдал.

Шинэ зээл олгохоос гадна өндөр хүүтэй зээлүүдийг дахин санхүүжүүлнэ.  Тэгэхээр үүн дээр анхаарах ямар асуудал байна вэ? 

Миний бодож байгаагаар угаасаа л дахин санхүүжилт хийгдэх байх. Ялангуяа ЖДҮ-ийн зээлүүд бол 1-2 жилийн хугацаатай л олгогддог. Энэ хөтөлбөр өөрөө 3 жилийн хөтөлбөргэж байгаа. Тэгэхээр энэ жил биш юм гэхэд ирэх жилээс бага хүүтэйгээр санхүүжигдэх л байх. Хэдийгээр 30 хувь нь дахин санхүүжилт байна гэх зэргээр хязгаар тавьж болох ч яг хэрэгжилт тал дээр хянахад хүндрэлтэй.

Засгийн газраас төсөв алдагдалтай байгаа үед яагаад бонд гаргахгүй байна вэ гэдэг асуудлыг тавих хэрэгтэй байх. Нөгөө талаас Засгийн газрын үнэт цаас гарахгүй байгаа учраас банкууд мөнгөө төв банкны үнэт цаасанд байршуулаад байна. Угтаа Засгийн газрын үнэт цаасны хүү нь зах зээлийн өгөөж, жишиг хүү болдог ач холбогдолтой.Та харин юу гэж үзэж байна вэ?

Засгийн газар үнэт цаас, бонд гаргах талаар нэлээд хойрго хандаж байгаа гол шалтгаан нь миний дүгнэж байгаагаар өрийн харьцаа өндөр байгаатайхолбоотой байх талтай. Өрийн харьцаа өндөр байх тусам зээлжих зэрэглэл буурдаг. Тэрнээс болгоомжлоод ЗГҮЦ, бонд гаргахгүй байна уу л гэж харж байгаа. Гэхдээ Засгийн газрын үнэт цаас гаргах орон зай байгаа гэж бодож байна. Ер нь ЗГҮЦ гаргаж байх нь зүйтэй юу гэж асуувал, би зүйтэй гэж хариулна.

Тэгэхээр энд төв банкны хараат бус байдлын асуудал яах аргагүй хөндөгдөхөөр байна шүү дээ. Төв банк засгийн газраас харуут бус байна зохицуулсан байдаг. Үүний хэрэгжилтийг хэрхэн хангах вэ?

Иймэрхүү төсөл, хөтөлбөр яригдах тоолонд төв банкны хараат бус байдал анхаарлын төвд орж ирдэг. Ийм байсаар ирсэн. Байсаар ч байгаа. Энэ хөтөлбөрийн хувьд ч бас төв банкны хараат бус байдлыг анхаарах ёстой гэж харагдаж байна.  Яагаад гэвэл нэлээд зорилтот зах зээл рүү чиглэсэн хөтөлбөрүүд яригдаж байна шүү дээ. Монголбанк ямар нэгэн эдийн засгийн секторыг онилж мөнгөний бодлого явуулдаггүй. Хуулиараа ч тийм шаардлага байхгүй. Мөнгөний бодлогын өөрийнх нь мөн чанар ч бас тийм зорилго агуулдаггүй. Тэр утгаараа төв банкны хараат бус байдлыг илүү баталгаажуулах, төв банкны энэ хөтөлбөр дахь оролцоог илүү тодорхой болгох, хараат бус байдлыг хангах ёстой.

Энэ хөтөлбөрийг дагалдах журмууд гарах байх. Тэдгээр журамд төв банкны хараат бус байдлыг нэлээд сайн хангаж өгөх ёстой.  Өөрөөр хэлбэл, институцийн хувьд Засгийн газар дээр энэ хөтөлбөр шийдэгдэх ёсгүй. Энэ бол Засгийн газар, төв банкны хамтарсан хөтөлбөр байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар Засгийн газар нь шийдээд, төв банк нь дэмжсэн юм шиг харагдаад байгаа. Төв банк Засгийн газраас хараат  огт болохгүй. Энэ зохицолдолгоог УИХ хангах ёстой. Эцсийн дүндээ Их хурал л төв банкны хараат бус байдлыг баталгаажуулна. Тэгэхээр дагалдах журам, УИХ-ын тогтоол дээр Монголбанкны хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалт, хамгаалалтуудыг хийж өгөх ёстой. Одоогоор энэ хөтөлбөр Их хурлаар ороогүй байна. Их хурлаар хэлэлцэгдэх байх гэж харж байгаа. Энэ үед төв банк яг ямар чиг үүрэгтэй оролцох вэ, юунд нь оролцох, юунд нь оролцохгүй вэ гэдгийг маш тодорхой болгож өгөх ёстой. 

Өмнө нь зорилтот зах зээл рүү чиглэсэн төсвийн шинжтэй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлсэн нь инфляц, ханшид маш их дарамт учруулсан. Одоо энэ хөтөлбөр өмнөхөөс ялгаагүй гэж харж байна уу, эсвэл арай өөр буюу эдийн засгийн хүндрэл, хямралыг зөөлрүүлэх зорилготой байна уу? 

Дагалдах дүрэм, журмуудыг харсны дараа л энэ асуултад хариулах боломжтой. Яагаад гэвэл төв банк ямар хэмжээгээр энэ хөтөлбөрт оролцох вэ, өөр дээрээ ямар хэмжээний дарамт авах гэж байна вэ гэдэг нь одоогоор харагдахгүй байна. Том зургаараа 8 их наяд төгрөг арилжааны банкуудад байна. Засгийн газар, Төв банк шахаад 8 их наяд төгрөгөөрөө зээл олго гэж хэлж байгаа. Арилжааны банк нь тэгвэл юу гэж хэлэх вэ гэхээр эдийн засаг сэргээд, мотор ажиллаад эхэлбэл, өмнө нь зээлээ үргэлжлүүлж олгоод л эхэлнэ гэж хэлнэ. Гэтэл төв банк, Засгийн газар нь тэрнээс гадна ажлын байран дээр 2 их наяд, орон сууцжуулах дээр 3 их наяд, репогоор дамжаад экспорт, ЖДҮ дээр 2 их наяд төгрөгийн зээл олго гээд секторыг нь зааж өгөөд байна. Тэгэхээр бид дагалдах журмуудыг харах ёстой.

Төв банк, Засгийн газар ямар хөшүүрэг ашиглаж, арилжааны банкуудад ийм чиглэл өгөөд байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэрнийг харахгүйгэыэр, зорилтот хэсэг рүү чиглүүлбэл л үнэ өсчихдөг гэж дүгнэж болохгүй. Ер нь бол орон сууцжуулах 3 их наяд төгрөгийн хөтөлбөр дээр нарийн дүрэм, журам  хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button