Азийн супермаркетууд хуванцар савны оронд НАВЧ ашиглаж эхэллээ


-АЗИЙН УЛС ОРНУУД ХУВАНЦАРААС ТАТГАЛЗАЖ БАЙНА-
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол дэлхий нийтээрээ хуванцарын хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй өөрчлөлт хийх нь хичнээн чухал болохыг хүмүүст ойлгуулах билээ.
Хэдийгээр хуванцарыг дахин боловсруулж байгаа нь асуудлыг шийдвэрлэж буй гэж бид итгэдэг ч үнэндээ эсрэгээрээ юм. Учир нь АНУ-д гэхэд л 2013 онд 254 сая тонн хог хаягдлаас ердөө 30 хувь нь дахин боловсруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл үлдсэн хогийг газарт булдаг бөгөөд 1000 жилийн турш байгальд шингэхгүй үлддэг байна. Үүнээс үүдэж хөрсний бохирдол үүсэхээс гадна далайн амьтдыг хөнөөж ирсэн олон жишээ бий.

Тиймээс бодит байдлыг хүмүүст олж харуулахын тулд тэдэнд хог хаягдлын талаарх боловсрол олгож, тэдний нүдийг нээх хэрэгтэй. Хоёрхон секундын мэдлэгээр бид хуванцарын 1000 жилийн хор хөнөөлийг ойлгож, таслан зогсоож чадна. Саяхан, Хятад улс дэлхий даяарх хог хаягдлын импортыг зогсоож, өөрсдийн хог хаягдлыг дахин боловсруулахад анхаарлаа хандуулж эхэлсэн. Үүнээс өмнө дэлхий нийтийн хог хаягдлын 30 хувийг Хятад улс импортлон, боловсруулдаг байсан юм. Азийн улс орнууд, тэр дундаа Вьетнам, Тайланд зэрэг орнууд хуванцар болон пластикаас татгалзах арга замыг хайж байна.
-ШИНЭ БИЗНЕС САНААНЫ ЭРЭЛД ГАРЦГААЖ БАЙНА-
Энэ нь бараа бүтээгдэхүүнээ хуванцар сав, пластикаас илүүтэй байгаль экологид ээлтэй сав баглаагаар орлуулах, шинэ бизнес санаа хэрэгжих суурь болж өгч буй юм. Үүний нэг жишээ нь “Rimping supermarket”-ын хэрэгжүүлсэн сонирхолтой санаа бөгөөд энэ нь хүнсний ногооны пластик уутыг навчаар орлуулах санаа юм. Энэхүү бяцхан санааг дэлхий даяар хүмүүс тун их таашаасан бөгөөд уг санааг бусадтай хуваалцсаар байна.

Уг санаачлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн хэлэхдээ “Би гадил жимсний навчаар хүнсний ногоог ороосон зураг эхнэртээ үзүүлэхэд тэр худалдаж авсан. Ингээд тэр пэйждээ худалдан авалтынхаа зургийг оруулсны дараа хэвлэлүүд бидэнд хандаж эхэлсэн” гэжээ. Түүний эхнэрийн оруулсан пост 3.5 сая хандалт авсан бөгөөд 17 мянган хүн уг постыг хуваалцсан байна. Мэдээж, дэлгүүрийн лангуун дээрх бүх бүтээгдэхүүнийг хуванцар савгүй болгох нь хялбар биш хэдий ч энэ бол нэг алхам хэмээн тэр онцлон хэлсэн юм.
Супермаркетэд худалдагдаж буй ихэнх бүтээгдэхүүн хуванцар савтай байдаг. Харин энэхүү шинэ арга нь хямд бөгөөд хамгийн үр дүнтэй хувилбар юм. Уг санааг цаашид зөвхөн худалдан авагчдад бус бусад супермаркетуудтай хуваалцахаар төлөвлөж байгаа гэв. Учир нь гадилын навч элбэг учир энэхүү баглаа, боодлыг хуванцар сав, пластикийн оронд өргөнөөр ашиглах нь дамжиггүй хэмээн санаачлагчдын зүгээс хэлж байлаа.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.