ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Татсан тамхины ишийг 10 төгрөг, килограммыг нь 10 мянгаар худалдаж авч байна

Хаях гэж буй хогийг тань хэн нэгэн мөнгөөр худалдаж авъя гэвэл яах вэ... Зарим хүн гайхах бол нэг хэсэг нь чимээгүй өгч л орхино. Гурав хоногийн өмнө нэгэн залуу цахим хуудаснаа татсан тамхины ишийг мөнгөөр авна гэж оруулсан байсныг олж үзээд үнэн эсэхэд нь эргэлзэж, утас руу нь залгалаа. Уулзах цаг товлоод, очтол М.Гансүх хэмээх залуу биднийг угтав. Өдгөө 37 настай настай тэрбээр яагаад тамхины иш худалдаж авч буйгаа бидэнд ярилаа. Ярилцаж байх үеэр түүний утас зогсоо, зайгүй дуугарна. Хэд, хэдэн дуудлагын дараа утсаа автал, “Зарын дагуу ярьж байна аа. Тамхины иш авна гэсэн хүн мөн үү. Хаана авч байгаа вэ. Нэг килограмм нь 10 мянга юм уу” хэмээн утасны цаанаас асууж байв.

Мөн өчигдөр түүнтэй Дундговь аймгаас нэгэн залуу холбогдож, сумаа тамхины ишгүй болгоно гэсэн мөрөөдөл тээж яваагаа хэлж, өөрийнхөө мөнгөөр тамхины иш аваад явуулж байя гэжээ. Иргэдээс тамхины иш худалдаж авах санаачилгыг эхлүүлээд ердөө гурван хонож буй ч хөдөө орон нутаг, хотоос хүмүүс залгаж, мэдээлэл авч, цуглуулаад өгнө өө гэж буй аж. Хүмүүсийн уг хандлагад баярлан, урамшиж буйгаа М.Гансүх нуусангүй.

Тэрбээр “Би тамхины иш ил задгай хаядаг байсан. Одоо л ухамсарлаж байна. Иргэн хүний хувьд нийгмийнхээ нэгэн өнгө болж, нөлөөллийн ажил хийнэ гэж боддог байсан. Сайн үйлсийн аянд нэгдэж, өвчин зовлондоо шаналан тийчилж буй хүмүүсийн данс руу боломжоороо 5-10 мянган төгрөг явуулдаг байсан. Гэсэн ч үүнээс өөрөөр олон хүнд нөлөөлөх зүйл хийх ёстойг дотоод хүн минь надад сануулж байсан. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд тамхины иш, хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зөрчлийн тухай хуульд заасан байдаг ч хэрэгжихгүй байна л даа. Тэгээд л би хог хэмээн хаяж буй тэр хорыг худалдаж авъя, гудамж талбайгаа цэвэрхэн байлгая гэж бодоод л энэ ажлыг эхлүүлсэн. Энэ санаачилгыг гаргаж, зоригтойгоор эхлүүлэхэд Mr Do хэмээх залуугийн цахим хуудаснаа оруулж буй бичлэгүүд их нөлөөлсөн. Тэр бичлэгүүдээс өөрийгөө харж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л тамхины тухай судалсан” гэсэн юм.

Уг санаачилгыг гарган ажил хэрэг болгох гэж буйг сонссон эхнэр нь түүний ажлыг дэмжиж буй аж. Үр хүүхэд үлдэх орчлонд өөрийн чадахаараа хүмүүс, хүрээлэн буй орчиндоо гэрэл түгээхээр ажиллаж яваа залуугийн ярианд одоо анхаарлаа хандуулцгаая.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦУГЛУУЛСАН ТАМХИНЫ ИШЭЭ ТУСГАЙ ХАЙРЦАГТ ХИЙЖ БАЙГААД, ХОГИЙН ЦЭГ ДЭЭР АВААЧИЖ ХАЯНА-

-Тамхины иш худалдаж авна гэсэн мэдээллийг хараад худалдаж авсан тамхины ишээрээ юу хийх гэж байгаа юм бол гэж ихэд бодлоо. Ингэхэд та яг юу хийе гэж төлөвлөсөн юм бэ. Эсвэл цуглуулж байгаад зүгээр л хаях юм уу?

-Гудамж, талбай, голын эрэгт, ер нь хаа сайгүй л тамхины иш байна. Дэмий цаасан хуулга наагаад, тамхи бүү тат, тамхины ишээ битгий хая гэсэн сурталчилгаа хийж илүү бодитой, үр дүнтэй ажил хийе гэж бодсон. Хүмүүст ч, байгальд ч тустай. Эхлүүлсэн ажлынхаа тухай мэдээллийг цахим орчинд оруулаад гурав хонож байхад 1000 гаруй хүн над руу залгалаа. Тэд “цуглуулж эхэлж байна, хаана аваачиж өгөх вэ. Зөв санаачилга байна” гэж байна лээ. Зарим нь бүр тамхины иш цуглуулаад үнэгүй өгнө гэж байсан.

Миний хувьд худалдаж авсан тамхины ишээ байгальд хурдан шингээх талаас нь шийдмээр байгаа юм. Одоо буталж, жижиглэдэг техник тоног төхөөрөмж байгаа эсэхийг судалж байгаа. Хэрэв тийм тоног, төхөөрөмж байвал худалдаж аваад, тамхины ишээ зориулалтын дагуу устгана. Эхний ээлжинд цуглуулсан тамхины ишээ тусгай хайрцагт хийж байгаад, хогийн цэг дээр аваачиж хаяна. Хоёр ширхэг хайрцаг захиалчихсан байгаа.

-Одоогийн байдлаар татсан тамхины ишээ авчирч өгсөн хүн бий юу?

-Хүмүүс дөнгөж л цуглуулж эхэлж байгаа болов уу. Нэг килограмм, хоёр килограммаар нь аваад ирсэн хүмүүс одоохондоо алга. Өчигдөр нэг хүн 300 грамм тамхины иш авчирч өгсөн. Миний түүсэнтэй нийлээд 500 грамм болсон байх. Түүнийгээ боож, баглаад байрныхаа гадна талын хогийн цэг дээр хаясан.

-Хогийн цэг дээр хаясан тамхины ишийг тань хүмүүс буцаагаад танд зарах эрсдэлтэй юм биш үү?

-Харин тийм ээ. Толгой сайтай хүн бол тэгж мэднэ. Хэрэв хүмүүс тэгэх юм бол би санхүүгийн маш том хямралд орно. Үнэхээр бөөнд нь уутанд хийгээд хаясан тамхины ишийг маань өөр уутанд хийгээд ирвэл авч л таарах байх. Гэхдээ энэ мэт эрсдэлээ бодсон ч цаашдаа буталж, нунтаг болгож хаямаар байгаа юм.

-1-2 ЖИЛДЭЭ ТАМХИНЫ ИШ ХУДАЛДАЖ АВНА ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА-

-Тамхины иш худалдаж авах мөнгө таны халааснаас гарч байгаа гэсэн үг байх нь ээ?

-Нуулгүй хэлэхэд, өөрөөсөө 10 сая төгрөг зарцуулна гээд тооцоолчихсон байгаа. Найз нөхдүүд бас тусалъя, дэмжье ажлаа эхлүүлж байгаарай гэсэн. Хүмүүс идэвхтэй авчирч өгөөд байх юм бол би аваад л байна. 1-2 жилдээ тамхины иш худалдаж авна гэсэн бодолтой байгаа. Түүнийхээ дараа үр дүнгээ харна. Гудамж талбай дахь тамхины иш цөөрсөн эсэхийг, хүмүүсийн хандлага, ухамсар хэрхэн өөрчлөгдөж буйг харна.

Уг нь жижиг тагтай шил халаасандаа хийчхээд татсан тамхиныхаа ишийг хийгээд явдаг болчихвол зүгээр сэн. Хүсвэл дараа нь шилээ хогийн саванд хаячихна. Түүнийг нь тамхины иш цуглуулж яваа хүн надад өгөөд оронд нь мөнгө авч, мөнгөөрөө өөрт хэрэгтэй зүйлээ авч болно шүү дээ.

-Бидний хаяж буй хог, мөнгө гэдгийг л ойлгуулах гээд байгаа бололтой...

-Тийм ээ. Хүмүүс тамхи татчихаад ишийг нь хог гэж бодоод л хаядаг. Тиймдээ ч хүмүүсийг хаяж буй хогоо мөнгө гэж хараасай гэж хүссэндээ уг ажлыг эхлүүлсэн.

-ТАМХИНЫ ИШИЙГ ХУУЧИН, ШИНЭ ГЭЖ ЯЛГАХГҮЙ. ГОЛ НЬ ЖИН НЭМЭХ ГЭЭД ЧУЛУУ, ШОРОО БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ-

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

-Өчигдөр танд нэг хүн 300 грамм тамхины иш авчирч өгсөн тухай дээр яриад өнгөрлөө. Тэгэхээр заавал 1 килограмм болохыг нь хүлээлгүй 500, 300 граммыг ч авчирч ирээд өгч болох нь ээ?

-Болно оо. Би худалдаад л авна. Нэг ширхэг байсан ч хамаагүй нь 10 төгрөгөөр нь авна. 1 килограммыг нь харин 10 мянган төгрөгөөр авна. Хамгийн гол нь тухайн иргэн наашаа ирэхийн тулд мөнгө төгрөг зарцуулж байгаа. 300 грамм тамхины иш өгөөд авсан мөнгөө тэр чигт нь унаанд өгчхөж мэдэх тул 1 килограмм болгоод аваад ирвэл зүгээр байх. Гэхдээ хувь хүний өөрийнх нь л сонголт доо.

-Иргэд гудамжнаас ч тамхины иш түүж ирээд ирээд зарж болох уу. Эсвэл заавал шинэ байх ёстой юу?

-Хуучин, шинэ ямар ч хамаагүй. Гол нь жин нэмэх гээд чулуу, шороо битгий хийгээрэй. Битгий чийгтэй болгоорой.

-Иргэд цуглуулсан тамхины ишээ заавал танд авчирч өгөх ёстой юу. Эсвэл худалдаж авдаг тодорхой цэгүүд бий болгох уу?

-Ажлын байрныхаа гадаа зориулалтын битүү сав байрлуулах гээд хүсэлт өгчихсөн байгаа. Удахгүй хариу өгөх байх. Хүмүүс цуглуулж, түүгээд авчирч ирсээр байвал хоёр байршилд худалдаж авдаг цэг байгуулна.

-НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЭХЛҮҮЛЭЭД ЯВЖ БУЙ УЧИР ТАМХИНААС ГАРНА-

This image has an empty alt attribute; its file name is gansuh-tamhi-1-1024x683.jpg

-Та уг ажлыг эхлүүлэхээсээ өмнө гаднын орнуудын жишгийг судалсан л байх. Бидэнд сонирхуулаач?

-Бага зэргийн судалгаа хийсэн. Гэхдээ одоогийн байдлаар тамхины иш худалдаж авдаг нэг ч улс байдаггүй юм билээ. Солонгос улсын нэг мужийн засаг захиргаа тамхины иш худалдаж авах санаачилга гаргачихсан байна лээ. Ер нь санаачилгыг төр засаг нь бодлогоороо зангидаад дэлхий нийтээрээ хэрэгжүүлээд явбал зүгээр. Энэ л миний мөрөөдөл.

-Иргэдийн хандлага, ухамсрыг өөрчлөхөөр нөлөөллийн ажил санаачлаад явж буй залуу хүний хувьд та өөрөө тамхи татдаг уу?

-Би наймдугаар ангиасаа тамхи татаж эхэлсэн. Харин нэг өдөр ажлаа тараад харьж явах замдаа автобусны буудлын дэргэд нороод шарлачихсан тамхины ишнүүд байхыг олж харсан юм. Тэр тамхины ишнүүдийг хараад л тамхинаас гаръя гэсэн шийдвэрийг гаргасан. Түүнээс хойш огт тамхи татаагүй жил болсон. Даанч амьдралын хүнд сорилтыг давж гарахын тулд буцаад л тамхи татаж эхэлсэн. Гэхдээ одоо нөлөөллийн ажил эхлүүлээд явж буй учраас тамхинаас гарна. Өдөрт тавыг татдаг байсан бол одоо гурвыг татаж байгаа. Багасгаж байгаад бүр гарна.

Хүмүүсийн ухамсарт нөлөөлөх ажил эхлүүлээд явж буй залуутай М.Гансүхийн яриаг хүргэлээ. Гудамж, талбай, орц, хонгил, хогийн саванд өт шиг арзганаж буй тамхины ишийг бид өнөөдрийг хүртэл хог гэж харсаар ирсэн. Харин бид хүсвэл юу ч байлгаж болохыг түүний ярианаас анзаарсан биз ээ.  Бүр хүсвэл түүж аваад үхрийн баастай нийлүүлээд хашаа шавсан ч болох аж. Гэвч хүмүүс тамхины иш долоон жилийн дараа задардгийг, хөрс, усанд нэвчин загас, шувуу зэрэг амьд амьтдыг үхэлд хүргэх аюултайг тэр бүр боддоггүй бололтой. Хүүхдээ салхилуунгаа, тоглоомын талбай дээр тамхи татаж, хүүхдийнхээ тоглох орчинг бензол, хүнцэл зэрэг химийн элементээр дүүргэж байна. Ядаж л татсан тамхины ишээ хогийн саванд хийж хэвшье. Юуны төлөө бидэнд нүд заяалаа даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Залуу
Залуу
2021-02-25 19:54

Үүнийг МУНДАГ гэхгүй бол юуг мундаг гэх билээ. Баяр хүргье, ГАНСҮХ ээ, бас АМЖИЛТ!

Зочин
Зочин
2021-02-25 20:16

Уха�##�аг з�##�уу байна. Сайн үйлс дэлгэрэг

Уншигч
Уншигч
2021-02-25 20:56

Цуглуулаад шатаах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-26 10:02

Сайн з�##�уу юмаа. Баяр хүргэе. Энэ их сонин санаачилга юм.

фак юу
фак юу
2021-02-26 13:26

өөрөө шатах

Баасан
Баасан
2021-02-26 16:37

Маш зөв. энэ санаачлагыг хүн бүр дэмжиж орцны шат, гудамж т�##�бай, хаа сайгүй байдаг хүний шүлсээр бохирдсон тамхины ишнээс с�##�ах цаг болсон. Энэ сан�##�ыг хот тохижилтынхон Засаг дарга нар дэмжиж төлбөрийг нь гаргах хэрэгтэй.

ЦДОО
ЦДОО
2021-02-28 19:00

Сайхан санаачилга дэвшүүлж хэрэгжүүлж буй эрхэм дүүд баяр хүргээд, амжилт хүсье.
Тамхинаас гарахын тулд багасгаж гардаггүй юм. Харин шууд хаяад дараа нь одоо л татахгүй гээд байх хэрэгтэй.Нэг минут болно, нэг цаг болно, 6 цаг болно, нэг хоног болно. Тамхи татах дур хүрэх бүрт гаатай чихэр хүлхвэл арай дээр. Бас сатаарах ном унших, кино үзэх зэргээр өөр юманд анхаарлаа хандуулах нь чух�##�. Эхний 3 хоног л хэцүү байдаг, дараа нь гайгүй. Хоол идсэний дараа, ядарсан үед болон согтууруулах ундаа уусны дараахан тамхи татах дур гозолздог, үүнийг л тэвчиж гарах �######�шгүй шаардлагатай. Их тэвчээр, зовлонгийн дараа шагн�##�, аз жарг�##� хүлээж байдаг. ТАМХИНААС ГАРЧИХААД 1 САР, 6 САР, 1 ЖИЛ БОЛЧИХСОН ХҮН ГАНЦ СОРОХОД ЯАДГИЙМ БЭ ГЭЭД СОРОХ ЮМ БОЛ ТАНЫ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ТАЛААР БОЛНО. Дахиад тамхиндаа орох юм бол нэг өдөрт хуучнаасаа илүү олныг татах болно гэдгийг анхаарах хэрэгтэй.Ер нь тамхи татах нь заав�##� уушигний хорт хавдар болдог. Харин эрт орой нэгэн цагт биелдэг.

Холбоотой мэдээ

Back to top button