ДЭЛХИЙ

ПАРАДОКС: Өнгөрсөн рүү аялах боломжтой юу

Бид бүгдээрээ хэзээ нэгэн үед цагт хугацааны машин ашиглан өнгөрсөн рүү аялж үзэхийг хүсэж байсан. Өнгөрсөн рүү аялж Александрын номын санг үзэх эсвэл дэлхийн түүхэд нөлөөлсөн алдартай хүмүүстэй уулзах нь гайхамшигтай туршлага болох байх. Холливудын шинжлэх ухааны зөгнөлт кино дээр өнгөрсөн рүү аялаад буцан ирэхэд одоо үе танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байдаг. Гэхдээ үнэндээ цаг хугацаагаар өнгөрсөн рүү аялах боломжтой юу? Зарим эрдэмтэд цаг хугацаагаар өнгөрсөн рүү аялах нь боломжгүй гэж үздэг аж.

Тэгвэл одоо цаг хугацаагаар өнгөрсөн рүү аялахыг боломжгүй мэт харагдуулсан парадоксуудтай танилцацгаая. Юуны өмнө парадокс гэж юуг хэлдэг талаар мэдье. Парадокс гэх үгэнд “Merriam Webster” толь бичиг гурван тодорхойлолт өгчээ. Тэдгээр тодорхойлолтууд бол

1. Өөрийгөө үгүйсгэдэг эсвэл нийтлэг мэдрэмжийн эсрэг зүйл, гэхдээ үнэн байх боломжтой.

2. Үнэн мэт санагддаг боловч өөрийгөө үгүйсгэдэг мэдэгдэл.

 3. Үндэс суурьтай гаргалгаанаас бүрдсэн аргументууд өөрийгөө үгүйсгэсэн дүгнэлттэй байх зэргүүд болно.

Өвөөгийн парадокс (The Grandfather Paradox)

Энэ парадокс нь цаг хугацаа нэг хэмжээст хэмжигдэхүүн болгон авч үздэг. Нэг хэмжээст гэдэг нь цагийг шугам гэж үзэн одоо үеийг шугамын гол харин хоёр талд нь өнгөрсөн болон ирээдүй эсрэг чиглэлд зөвхөн нэг хэмжээст уртасдаг гэсэн ойлголт билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам одоо үе ирээдүй рүү тэмүүлнэ. Өвөөгийн парадокс нь цаг үнэхээр нэг хэмжээст бол өнгөрсөн рүү аялах нь боломжгүй зүйл гэдгийг харуулсан аргумент юм.

Клара гэдэг нэртэй эрдэмтэн цаг хугацааны машин бүтээгээд өнгөрсөн рүү, тухайлбал өвөөгийнхөө залуу байсан үед очсон гэж төсөөлье. Тэр үед түүний өвөө хүүхэдтэй болоогүй байсан бөгөөд Клара залуу байсан өвөөгөө алчихжээ. Ингэснээр Кларагийн эцэг эхийн аль нэг нь төрөхгүй болно. Тийм учир Кларагийн эцэг эх гэрлэж түүнийг төрүүлэхгүй. Гэхдээ Клара төрөхгүй учир цаг хугацааны машин бүтээж өнгөрсөн рүү очихгүй байх юм. Клара хэзээ ч өнгөрсөн рүү очихгүй учраас өвөө нь үхэхгүй билээ. Иймд өвөө нь гэрлэж Кларагийн эцэг эхийн нэг нь төрж эцэстээ Клара төрнө. Клара төрсөн учраас цаг хугацааны машин бүтээж өнгөрсөн рүү явна... Иймэрхүү байдлаар энэ парадокс үргэлжлэх юм.

Энэ парадоксыг дурдаж зарим хүмүүс цаг хугацаагаар өнгөрсөн рүү аялах боломжгүй хэмээдэг. Гэхдээ цаг хугацаа нэг хэмжээст бус орон зайтай адилхан олон тооны хэмжээстэй бол Өвөөгийн парадокс шийдвэрлэгдэнэ. Мөн олон хэмжээст цаг хугацаа байдаг бол Өвөөгийн парадоксыг шийдвэрлээд зогсохгүй манай ертөнцтэй яг ижил параллель ертөнц байгаа гэсэн үг аж.

Хувь тавилангийн парадокс (Predestination Paradox)

Энэхүү парадокс нь мөн адил цаг хугацааг нэг хэмжээст хэмжигдэхүүн гэж авч үздэг аж. Хувь тавилангийн парадокс нь түүхийг зайлшгүй болох ёстой өөрчлөх боломжгүй зүйл, өнгөрснийг өөрчлөх гэсэн оролдлого нь тэр үйл явдал биелэх шалтгаан болдог гэдгийг харуулах гэсэн аргумент юм.

Макс нэртэй эрдэмтэн авто ослоор нас барсан гэр бүлийн гишүүнээ аврах гэж цаг хугацааны машин бүтээж өнгөрсөн рүү аяллаа гэж бодъё. Харамсалтайгаар Макс түүнийг аврахын оронд өөрөө санамсаргүй дайрчихжээ. Макс хэргийн газраас зугтаж одоо үе рүү буцав. Тэгтэл өнгөрсний Макс гэр бүлийн гишүүн нь авто осолд орсон гэдгийг мэдээд цаг хугацааны машин бүтээж өнгөрсөн рүү явж аврахаар шийджээ. Ингэснээр Макс өнгөрсөн рүү очоод гэр бүлийн гишүүнээ аврах гэж байгаад санамсаргүй өөрөө дайрна. Ингэснээр Макс өөрчлөхийг хүсэж буй өнгөрсөнд болсон зүйлийн шалтгаан нь өөрөө болох юм. Өөрөөр хэлбэл Макс цаг хугацааны машин бүтээсэн явдал нь өнгөрсөнд болсон зүйлийн шалтгаан болж байгаа гэсэн үг.

Хувь тавилангийн парадокс нь өнгөрснийг өөрчлөх гэсэн бүх тохиолдолд үйлчлэх болно. Учир нь гэвэл Макс өнгөрсөн рүү очиж ямар нэгэн үйл явдлыг өөрчилбөл өнгөрсний Макс цаг хугацааны машин бүтээх шаардлагагүй болно. Ингэснээр цаг хугацааны машин бүтэхгүй тул тус явдал өрнөх юм.

Гогцооны парадокс (Bootstrap Paradox)

Нэгэн өглөө таны хаалганы урд цаг хугацааны машин хэрхэн бүтээх вэ гэсэн заавартай ном орхигдсон байна хэмээн төсөөлье. Та цаг хугацааны машинаа хийж дуусаад тэр заавартай номоо аваад өнгөрсөн рүү явлаа. Дараагаар нь тус номоо өнгөрсөн дэх залуу өөртөө өгөхөөр хаалганых нь урд үлдээв. Тэр ном анх хаанаас ирсэн бэ? Та цаг хугацааны машин бүтээж чадвал л тэр номыг өөртөө өгнө гэхдээ цаг хугацааны машин бүтээхийн тулд тэр ном танд хэрэгтэй. Иймд тэр номыг хэн нэгэн бүтээгээгүй бөгөөд хязгааргүй гогцоонд гацсан болж байгаа юм.

Гогцооны парадоксын өөр олон жишээ байдаг. Тухайлбал та цаг хугацааны машин бүтээгээд Альберт Эйнштейнийг харьцангуйн онолоо гаргахаас нь өмнөх үед очиж түүнтэй уулзсан гэж бодъё. Үүний дараа та түүнд харьцангуйн онолын тэгшитгэлийг зааж өгчээ. Ингээд цаг хугацаа өнгөрч ирээдүйн та харьцангуйн онолыг сурав. Тэгэхээр хэн харьцангуйн онолыг нээсэн болох вэ?

Бас нэгэн Шекспирийн шүлгээр парадокс үүсгэсэн жишээ байдаг. Та залуу Шекспиртэй уулзах гэж өнгөрсөн рүү аяллаа гэж бодъё. Гэтэл тэр үеийн хүмүүс Шекспирийг мэдэх бүү хэл тийм нэр сонсож ч байгаагүй тул түүнтэй та уулзаж чадсангүй. Иймд Шекспир гэдэг нэрээр та түүний шүлгүүдийг нийтлүүлжээ. Ингэснээр та үргэлж Уильям Шекспир байсан болж таарч байгаа юм.

Эдгээр гурван парадоксоос харахад цаг хугацаа нэг хэмжээст бол өнгөрсөн рүү аялах нь боломжгүй мэт харагдуулж байна. Уншигч та бүхэн юу гэж бодож байна вэ. Цаг хугацаа нэг хэмжээстэй юу эсвэл үгүй юу.

Эх сурвалж: Stanford Encyclopedia of Philosophy, Astronomy Trek, Space.com

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-12 09:51

Гоё нийтлэл байна.

Juvia
Juvia
2021-03-12 11:15

Bvh zvil bolomjtoi❤️

Зочин
Зочин
2021-03-13 00:14

боломжтой

Зочин
Зочин
2021-07-14 03:48

bolno.

Холбоотой мэдээ

Back to top button