ДЭЛХИЙ

Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт  хар өдөр болж байжээ. 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын онгоц Японы Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан билээ. Энэхүү бөмбөгдөлтийн уршгаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.08.06/ Японы Хирошима хотын төв дэх Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд  болж өнгөрлөө. Япончууд уламжлал ёсоор Хирошима хот дээр атомын бөмбөг хаясан мөч буюу жил бүрийн энэ өдөр 08.15 цагт нэг минут дуугаа хураан, цэцэг өргөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Энэ үеэр  Хирошима хотын дарга Казүми Мацүи 2017 онд баталсан, цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлахыг Японы Засгийн газраас хүсчээ. Гэвч тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ түүний уриалгыг хүлээн авахаас татгалзсан байна.

Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд энэ жил ОХУ, Их Британи, Франц зэрэг дэлхийн 95 улсын болон Европын Холбооны төлөөлөгчид оролцож байгаа аж. Харин БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид энэ жилийн дурсгалын арга хэмжээнд оролцоогүй бол Мальта улс төлөөлөгчдөө анх удаа илгээжээ.

1945 оны наймдугаар сарын энэ өдөр Японы Хирошима хотод 13-18 килотонн хүчтэй “Бяцхан жаал” нэртэй атомын бөмбөг хаясан юм. Бөмбөгдөлтийн улмаас 140 мянган энгийн номхон иргэн амиа алдсан. Америкчууд Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш гурав хоногийн дараа Нагасаки хотод бөмбөг хаяж, 74 мянган хүний аминд хүрсэн. Америкийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Японд “Хибакуша” хэмээн нэрлэдэг бөгөөд амьд үлдсэн хүмүүс шархаа дийлэлгүй эсвэл цацраг туяаны хордлогоос болж нас барах бүрт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байдаг юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button