СПОРТЯРИЛЦЛАГА

М.Мягмаржаргал: Насаараа армид ажилласан ээждээ олимпийн эрхээр цэргийн баярын бэлэг барьлаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, “Ширэн бээлий” клубийн боксчин, ОУХМ Мөнхбатын Мягмаржаргал “Токио-2020” олимпод оролцох эрх авсан нь өчигдрийн онцлох үйл явдал байлаа. Ингэснээр тэрбээр Монгол Улсын түүхэнд олимпийн эрх өвөртөлсөн анхны эмэгтэй боксчин болсон юм. Боксоор есөн жил хичээллэж буй, “Ширэн бээлий”-гийн Д.Төрбат багшийн шавь М.Мягмаржаргал хүнд жинд олимпийн эрх авснаараа мөн онцлог. Жингийнхээ цөөнгүй шилдгийг ялаад байгаа, ДАШТ-д хүрэл медалийн үзүүрээс атган, V байрт ороод амжсан түүнтэй ярилцлаа.

21 насандаа боксын спорттой амьдралаа холбосон, улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр олимпийн эрх авч, түүхэн амжилтын болсондоо итгэн ядан, бөөн баяр явна гэсээр яриагаа эхлүүлсэн юм.

ОЛИМПИЙН ЭРХ АВСАНДАА ОДОО Ч ИТГЭЖ ЯДАН ЯВНА

-Юуны өмнө Токиогийн олимпийн дэвжээнд өрсөлдөх эрх авсан танд баяр хүргэе. Болзлыг нь хэрхэн хангав?

-Баярлалаа. Олимпийн эрх авсныгаа өчигдөр (уржигдар) 23.26 минутийн үед мэдлээ. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах ах надад “Мийгаа чи олимпийн эрх авлаа. Баяр хүргэе. Бэртлээ сайн эдгээгээрэй” гэж хэлсэн. Бөөн баяр, одоо ч итгэж ядан сууна. Миний жинд чансаагаараа эхний 16-д багтсан боксчид олимпийн эрх авсан. Би чансаагаараа наймдугаарт бичигдэн, Токиогийн олимпийн дэвжээнд өрсөлдөх болзол хангалаа.

Баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Ээж минь “Охиноороо бахархаж байна. Олимпийн эрх авах хэдийгээр сайхан ч хариуцлагаа умартаж болохгүй шүү, миний охин” гэсэн.

Бас “Миний охин боксоор тууштай хичээллэхийн тулд маш их зүйлээ золиослосон. Тэгж зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөснийх нь үр дүн гарлаа. Төрийн минь ивээлээ” гэсэн. Ээж минь цэргийн хүн. Үргэлж “Төрийн минь ивээлээ” гэж хэлдэг. Намайг тэмцээнд оролцох бүрт тэгж залбиран, сүүгээ өргөөд суудаг гэнэ лээ.

ЭЭЖ МИНЬ БАЯРЛАСАНДАА ШӨНӨ НОЙР НЬ ХҮРЭЭГҮЙ ГЭНЭ ЛЭЭ

-Өчигдөр Цэргийн баяр болсон. Тэгэхээр та ээждээ олимпийн эрхээрээ цэргийн баярын бэлэг барьсан нь бүр ч сайхан санагдсан уу?

-Тэгсэн. Ээж минь насаараа армид ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Гуравдугаар сарын 18-нд олимпийн эрх авч, ээждээ бэлэг барьсандаа бүр ч их баярлаж байна. Өнгөрсөн шөнө нойр нь хүрээгүй, өглөө эрт босоод бурхандаа залбирсан гэнэ лээ.

-Олимпийн эрх авснаасаа хойш ээжтэйгээ уулзсан уу?

-Би нөхөртэйгөө хамт амьдардаг, тусдаа гарсан. Ээжтэйгээ уулзаж амжаагүй явна. Өнөөдөржин нуруундаа эмжилгээ хийлгэн, гадуур ажил хөөцөлдөж яваад таарлаа. Монголын боксын холбооны удирдлага, багш нартайгаа уулзан, баярласнаа илэрхийллээ. Одоо ажлаа гялс дуусгачихаад ээж дээрээ хурдан очъё гээд яараад сууж байна. Би уйлчих вий дээ (инээв).

ЧАНСААГААРАА ЖИНДЭЭ НАЙМДУГААРТ БИЧИГДЭН, ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА

-Одоо Токиогийн олимпийн эрх олгох боксын тэмцээн байхгүй. Тэгэхээр чансаагаараа болзол хангах нь таны сүүлчийн боломж байлаа. “Токио-2020-д оролцоно гэх багцаа хэр байв?

-Олимпийн эрхийн тэмцээн хэрвээ болсон бол Монголоос миний жинд хоёр тамирчин оролцох байсан. Би нурууны гэмтлийн улмаас өрсөлдөх боломжгүй байсан юм. Энэ оны хоёрдугаар сард шигшээ багийн туслах дасгалжуулагч Буянжаргал багш над руу утсаар залгаад “Мийгаа чи чансаагаараа жиндээ дэлхийд 15-д багтаж. Одоо олимпийн эрхийн тэмцээн байхгүй. Чансаагаар нь эрх олгоно” гэсэн. Би тэр чансаагаа, урд яваа тамирчдаа хараад урагш ахиулах боломжтой санагдсан. Тэр үед олимпийн эрх авах итгэл надад улам нэмэгдсэн юм.

-Сая чансаагаараа жиндээ наймдугаарт бичигдэн, олимпийн эрх авсан. Тэгэхээр чансаагаа долоон байраар ахиулж.

-Тэгсэн. ДАШТ-д нэг ялсны оноо нэмэгдээгүй байсан юм билээ. Дараа нь МБХ-ны генсек байсан Ц.Батнасан ах хөөцөлдөж байгаад чансаанаа 20 оноо нөхөж өгүүлсэн юм.

ЦАР ТАХАЛ ЧАНСААГАА ХАДГАЛАХ БОЛОМЖ НАДАД ОЛГОЛОО

-Та бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй. Цар тахал танд боломж олголоо гэж харж байна. Хэрвээ өмнөх шигээ олон тэмцээн болсон бол чансаагаа хадгалж чадахгүй байсан шүү дээ, тийм үү?

-Тийм ээ. Цар тахал надад маш том боломж олголоо. Өнгөрсөн жил гуравдугаар сарын эхээр болсон олимпийн эрхийн тэмцээнд миний нуруу бэртсэн. Тэрнээс хойш тэмцээнд оролцоогүй. Хэрвээ өнгөрсөн хугацаанд цар тахалгүй, тэмцээнүүд төлөвлөгөөний дагуу хийгдсэн бол би гүрийгээд өрсөлдөх байсан байх. Гэхдээ бэртэлтэй болохоор санасан амжилтдаа хүрч чадахгүй байсан болов уу.

БОКСЫН СПОРТООР 21 НАСТАЙДАА ХИЧЭЭЛЛЭСЭН

-Боксын спортоор есөн жил хичээллэж байгаа юм билээ. 21 настайдаа эл спорттой амьдралаа холбосон бил үү?

-Тэгсэн. Бокс гэлтгүй их спортод нэлээд хожуу нас л даа. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн хичээллэхэд хэцүү, шантармаар спорт бол бокс. Би маш олон удаа “Больё” гээд шантарч байсан. Тэр бүхэнд Д.Төрбат багш аав шиг минь түшиг тулгуур болж, намайг дэмжиж, зөвлөдөг байлаа. Ерөөс багш нар, гэр бүлийнхэн минь маш их дэмжиж, тусладгийн хүчээр би энэ хүртэл явсан гэж боддог. Хэрвээ ингэж дэмждэггүй, тусладаггүй байсан бол нэг газар мэргэжлээрээ биеийн тамирын багш хийгээд л явах байсан байх.

Би боксын спортод үнэхээр дуртай, сагсан бөмбөг, волейбол тоглодог. “Бокс тоглохоо больё” гэж бодохоор л хоргодоод, сэтгэл өвдөөд байдаг юм. Үндэсний шигшээ багийн тамирчин болтлоо цалингүй, тэмцээн, бэлтгэлийн бүр зардлаа өөрөө зохицуулаад л зүтгэсэн. Үнэхээр энэ спортод хайртай, дуртайгийнхаа хүчинд л тэр бүхний ард нь гарсан байх.

Энэ спортоор хичээллэсэн олонх эмэгтэй хүн шантраад больдог. Үнэндээ энгийн бэлтгэл хийхэд л ямар байдаг билээ. Гэр бүлийнхний хандлага их нөлөөлдөг. Намайг анх хичээллэж эхлэхэд ээж минь “Ганц охиноо өдий хүртэл өсгөчихөөд мэдрэл муутай болгочихмооргүй байна” гээд эсэргүүцэж билээ. Нандиа эгч (М.Нандинцэцэг) ДАШТ-ээс медаль авснаас хойш хүмүүсийн хандлага нэлээд өөрчлөгдсөн, боксоор хичээллэх эмэгтэй тамирчдын тоо эрс нэмэгдсэн.

-Тэмцээн, бэлтгэлийн бүх зардлаа хувиасаа гаргаад хэр олон жил зүтгэсэн бэ?

-Би 2015 оноос хойш гадагшаа тэмцээнд оролцож байгаа. Олон улсын тэмцээний зардлыг Монголын боксын холбоо даадаг байсан. Ганц нэг тэмцээний зардлыг заримдаа өөрөө гаргана. Тэмцээнээс гадна бэлтгэл, сургуулилалт, автобус унааны мөнгө гээд энэ бүхнийг өөрөө зохицуулсан өдий хүрсэн. Бэлтгэлээ хийвэл ажил хийж чадахгүй, ажил хийвэл бэлтгэлээ базааж чадахгүй байдаг. Аль нэгийг нь тууштай хийх сонголтын өмнө зогсдог. Энэ бүхэнд манай гэрийнхэн, эгч, дүү хоёр, хань минь намайг үргэлж дэмдэг.

ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ШИГШЭЭ БАГААС ХАСАГДСАН

-Үндэсний шигшээ багт хэзээ орсон билээ?

-Би 2017 оны хоёрдугаар сарын 25-нд миний тушаал гарч, шигшээ багийн тамирчин болж байлаа.

-Одоо хэвээрээ юү?

-Энэ оны нэгдүгээр сард намайг шигшээ багаас хасчихсан байна лээ.

-Яагаад хассан шалтгаанаа хэлсэн үү?

-Хэлээгүй. Намайг  шигшээ багаас хасахад үнэнийг хэлэхэд гомдсон. Энэ олон жил амжилтын төлөө зүтгэж байхад юу ч хэлэлгүй хасчихлаа гээд. Гэхдээ боксоор хичээллэхээ болих талаар ер бодоогүй.

-Өнөөдөр Монголын боксын холбооны удирдлагатай уулзсан гэсэн. Олимпийн эрх авсан тамирчнаа шигшээ багт эргүүлэн авах талаар юм хэлсэн үү?

-Энэ талаар ямар нэгэн юм яриагүй ээ. Эргүүлээд авах байлгүй дээ.

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа билээ?

-Би 21 настайдаа боксоор хичээллэсэн болохоор өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд оролцож үзээгүй. Би “Аварга” дээд сургуулийг төгссөн, анхандаа улсын аваргаас сарын өмнө жаахан бэлтгэл хийж байгаад л оролцдог байв. Би насанд хүрэгчдийн УАШТ-дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. 2016 оны “Улаанбаатар цом”-ын аварга, “Шилдэг найм”-ын иж бүрэн медальтай. Би 2018 оны ДАШТ-ээс хойш оролцсон бүх олон улсын тэмцээнээсээ ганзага хоосон ирээгүй, бүгдээс нь медаль авсан.

Нэг сонин зүйл бий. Олон улсын тэмцээнд оролцохоор эхний тойргуудад дандаа олимп, дэлхийн медальтнуудтай, аваргуудтай таарчихдаг юм. Би ялаад л яваад байгаа.

-Тэгэхээр жингийнхээ олонх шилдэгтэй тоглоод үзчихсэн юм байна. Хэн, хэнийг ялаад байгаа вэ?

-Олимпийн эрх авсан 16 тамирчны тавыг нь би ялсан. Зургаад нь дийлдсэн. Бусадтай нь тоглож үзээгүй байгаа.

ДАШТ-ий ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ЯЛАГДСАНЫХАА ДАРАА ЦАГ ГАРУЙ УЙЛЖ БИЛЭЭ

-Та  2018 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдан, V байрт шалгарсан. Дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөх амаргүй ч тэр ялагдал танд ямар сургамж өгөв?

-Би тэр жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөө олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Нидерландын боксчин Ношкатай тоглосон. Өмнөх тойрогтоо би Аргентины тамирчныг ялсан. Манайхан “Ношка Аргентины боксчинд дийлдсэн. Тэгэхээр чи ялна аа, өөртөө итгэлтэй бай” гэж намайг дэмжиж билээ. Ношка тухайн үед надаас хамаагүй туршлагатай, илүү байсан. Тэр үед “Ийм мундаг тамирчинтай ингэж тоглож байгаа юм чинь надад боломж байна” гэсэн итгэл нөдөд төрсөн юм. Хэдийгээр тэгж бодогдсон ч ялагдсаныхаа дараа өөрийгөө чамлаад цаг гаруй уйлж билээ.

-Дараа жил нь ДАШТ-д медаль авах, түрүүлэх зорилготой өрсөлдсөн нь мэдээж. Эхний тойрогт ялагдахад танд хэр хүнд тусав?

-Би тэгэхэд сэтгэл, санаагаар үнэхээр навс унасан. “Арай ч дээ” гэж бодсон. Том амжилтгүй, дөнгөж гарч ирж байгаа, Энэтхэгийн тамирчинд ялагдаад өөрийгөө үнэхээр чамласан. Ёстой “Ингэж тоглож байхаар больсон нь дээр” гэж өөрийгөө хурцалсан юм.

МИНИЙ ЖИНД УАШТ-Д НАЙМАН ТАМИРЧИН ОРОЛЦДОГ

-Цөөхөн хэдхэн тамирчныг эс тооцвол монголчууд хөнгөн жинд өндөр амжилт гаргасаар ирсэн. Үүнийг боксынхны амжилтаас бэлхнээ харж болно. Таны жинд тогтмол хичээллэж, тэмцээнд оролцдог хэчнээн тамирчин Монголд байдаг вэ?

-УАШТ-д тогтмол найман тамирчин миний жинд оролцдог. Э.Эрдэнэтуяа бид хоёрын хооронд гол өрсөлдөөн өрнөдөг.

-Та хоёр ялалт, ялагдлын харьцаа хэд байгаа вэ?

-Би гурав ялж, хоёр удаа дийлдсэн. Намайг сураг ч үгүй байхад Эрдэнэтуяа маань шигшээ багийн тамирчин болчихсон байсан. Намайг богино хугацаанд амжилтад хүрч, олимпийн эрх авах хэмжээний тамирчин болоход Төрбат багш минь л их нөлөөлсөн. Миний суурийг маш сайн тавьж өгсөн нь миний амжилтад их нөлөөлдөг.

-М.Мягмаржаргалын тоглолтын гол онцлог юу вэ?

-Хэр барагтаа ядарч, цуцдаггүй. Урагшаа довтолж, дайчин тоглодог нь миний давуу тал юм болов уу.

НУРУУНЫ ЭМЧИЛГЭЭ 10 ХОНОГИЙН ДАРАА ДУУСАХААР БЭЛТГЭЛДЭЭ ОРНО

This image has an empty alt attribute; its file name is 67167543_1605446542918704_7062443801188499456_o-2.jpg

-Бэлтгэлдээ хэзээнээс орох вэ?

-Одоо нурууныхаа бэртлийг сайн эдгээх юу юунаас илүү чухал байна. Нурууны эмчилгээ 10 хоногийн дараа дуусна. Тэгээд бэлтгэлдээ “Хандгайт”-д гарна.

ИВЭЭН ТЭТГЭЖ, ЦАЛИНЖУУЛДАГ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

-Ивээн тэтгэж, цалинжуулдаг байгууллага бий юү?

-Байхгүй. Шигшээ багаас хасагдсан болохоор одоо эмчилгээний зардлаа хувиасаа гаргаж байгаа. Өнгөрсөн лхагва гаригт Монголын боксын холбооноос “Эмчилгээндээ зарцуулаарай” гээд мөнгө өгсөн. Төрбат багш минь MRI шинжилгээний төлбөрийг хувиасаа өгсөн. Олны дэмжлэгээр болгож л явна.

Ер нь шигшээ багийн тамирчин байхад ч намайг ивээн тэтгэж, цалинжуулдаг байгууллага байгаагүй. Өөрөө л юм юмаа зохицуулаад явсаар өдий хүрсэн.

-Ер нь аль аймгийнх билээ?

Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж, өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа манайх хотод шилжиж ирсэн юм.

МЭДЭЭЖ ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭХ, ТҮРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭНЭ

Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин М. Мягмаржаргал боллоо

-Токиогийн олимпийг хэрхэн төсөөлж байна вэ. Жингийнхээ олонх тамирчинтай тоглоод үзчихсэн, сайтар судалж байгаа нь мэдээж. Медаль хүртэх, түрүүлэх боломж, барагцаа хэр байна вэ?

-Олимпод оролцоно гэдэг надад тээр хол мэт санагддаг байлаа. Тэнгэрт л байгаа юм шиг хол гэж боддог байв. Барагцаагаар медаль хүртэх боломж надад нэлээд байна лээ. Жингийнхээ тамирчдын судалгааг Төрбат багштайгаа сайтар хийж байгаа. Мэдээж олимпоос медаль авах, түрүүлэхийн төлөө л зүтгэнэ.

Намайг үргэлж дэмжиж, тусладаг Ц.Шаравжамц даргатай БТСУХ, Монголын боксын холбоо, үндэсний шигшээ багийн багш нартаа, боксынхондоо, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбат, “One team” клубийн багш Ш.Ганбаатар, “Ихэр бээлий” клубийн Ганзориг ах, У.Зоригт ах, Баярдорж ах, хайрт ээждээ, эгчдээ, дүүдээ, ханьдаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. “Аварга” дээд сургуулийн хамт олон, намайг таньдаг, дэмждэг бүх хүнд баярлаж явдаг. Гадуур таарсан танихгүй хүн “Амжилт хүсье. Баяр хүргэе” гэж хэлэхэд л тамирчид бид их урам авдаг юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
спорт
спорт
2021-03-20 09:34

амжилт амжмлт

Зочин
Зочин
2021-03-20 10:39

bayr hurgey ee ???????? mongoliinhoo neriig gargaarai

Анхаа
Анхаа
2021-03-20 11:26

Олимпоос заав#### медапь аваарай. Амжилт хүсье

бокс
бокс
2021-03-20 13:54

Олимпийн эрх авлаа баяр хүргэе.Гэхдээ боксын спортоо орхиод зодог тайлаад нилээдгүй хэдэн сар болсон яах уу

Зочин
Зочин
2021-03-20 14:32

Спорт олимп гэсн мэдээ уншсаар байт#### бүр хольж хутгаад ойогохоо боли нь. Ээжид нь баяр хүргэе!

zchn
zchn
2021-03-20 15:46

tsendbaatar migaa 2g shigsheegees hastsan baisn gsn shdee?vnen iumuu

зочин
зочин
2021-03-20 17:02

Олимпийн эрхийг тамирчинд биш улсад нь эрх өгдөгийг мэддэггүй юм уу. Ахиж сорилт хийнэ. Хайртай ээжийнхээ нэрийг хэлчих ухаан ####га уу.

Зочин
Зочин
2021-03-21 16:42

Ёстой том бэлэг л дээ. Үр хүүхдүүд сайн сайхан зөв явахад эцэг эх амар амг####ан, аз жарг####тай байдаг юм шүү дээ. Баяр хүгэж, амжилт хүсье. Сайхан "цагаан" мэдээ байна.

Булган
Булган
2021-03-22 23:05

Дасг#### сургуул хийхээ тас болчихсон, тэмцээнд ч орлцдоггүй ийм хүн Олимдод нэг төрлийн "ШАВАР" болж "ҮЗЭГЧ"-ээр л очих юм байнаа, найдваргүй гар байна

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x