НийгмийнНИЙГЭМ

Сая төгрөг олоод, эзэнд нь өгсөн сурагчид: “Эзэн нь олдохгүй бол яана аа” гэж санаа зовсон

-Багш “Хоёр найз шигээ шударга байгаарай. Бусдын гээсэн юмыг заавал өгөөрэй” гэж манай ангийнханд захьсан-

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн хоёр сурагч нэг сая төгрөг олж, эзэнд нь хүлээлгэж өгсөн нь олны талархлыг ихэд хүлээж байна. Шударга, зарчимч иргэн болон хүмүүжиж, үеийнхэндээ төдийгүй томчуудад үлгэрлэж яваа тэднийг Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн Цэнд-Аюуш гэдэг. Тэд Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.

Г.Цэнд-Аюушийн аав О.Гансүх “Сая төгрөг  олоод, эзэнд нь өгчихөөд ирлээ гэсээр хичээлээсээ ирэхэд нь хүүгээрээ бахархсан. Эцэг, эхдээ хэлэлгүй нууцаар авчихъя гээд хэрэглэчихэж болно шүү дээ. Тэгэхэд шууд л эзэнд нь өгье гэж бодсон гэнэ лээ.

Мөнгөө гээсэн хүн бөөн баяр. Би түүнийг сайн танина. Манай суманд боовны цех ажиллуулдаг. Банкнаас 10 сая төгрөг бэлнээр аваад, өөр банканд аваачин, шилжүүлэх гээд явах замдаа гээчихсэн гэнэ лээ.

Хүү минь их даруухан, тусч. Найзтайгаа хамт сумандаа, сургуульдаа ёстой од болсон. Би хүүдээ “Бусдад үргэлж туслаж, шударга амьдрах сайхан” гэж захьдаг юм. Олон хүн энэ хоёрын маань тухай цахим хуудсандаа нийтэлж, үлгэрлэж буйгаар нь бахархаж байна” гэлээ.

Бид сайхан сэтгэлт, шударга хүү Г.Цэнд-Аюуштай ярилцлаа.

“ЭЗЭН НЬ ИРЭХГҮЙ БОЛ ЯАНА АА” ГЭЖ САНАА ЗОВСОН

Г.Цэнд-Аюуш

-Сая төгрөг олж, эзэнд нь эргүүлж өгсөнөөр нь олон хүн бахархаж байна. Хэзээ ийм зүйл болов?

-Хүмүүс М.Чинхүслэн бид хоёрын тухай фэйсбүүктээ бичсэнийг харсан. Гоё санагдсан. Манай найз бид хоёр хичээлээ тарж явах замдаа дэлгүүрээс зайрмаг авч идсэн юм. 12.00 цагийн үед болсон үйл явдал.

Дэлгүүрээс гарч явахдаа сая төгрөг газарт гээчихсэн байхыг олсон юм. Эхэндээ их гайхсан. Эргэн тойрноо нэлээд харж, эзэнд нь хэлэх гээд хайлаа. Мөнгө юм уу ямар нэгэн юм хайж яваа хүн харагдаагүй.

Тэгэхээр нь нэг таньдаг хүнийхээ дэлгүүрт оруулж өгсөн юм. Гээсэн хүн хайгаад ирэх байх, дэлгүүрээс асууж магадгүй гэж бодсон. “Эзэн нь ирэхгүй бол яана аа” гэж санаа зовсон.

НУУЦААР АВЧИХЪЯ, БУСДАД ХЭЛЭХГҮЙ БАЙЯ ГЭЖ ОГТ БОДООГҮЙ

-Хэдэн төгрөг байгааг нь мэдсэн үү, тоолсон уу?

-Боодолтой дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан юм. Тэгэхээр их хэмжээний мөнгө гэдэг тодорхой байсан л даа. Бид хоёр эзэнд нь өгье гэж бодсон. Ерөөсөө тоолоогүй.

Нууцаар авчихъя, хүнд хэлэхгүй байя гэж огт бодоогүй. “Эзэн нь хайгаад, сандарч яваа байх. Хурдан өгөх юм сан” л гэж бодсон. Эзэнд нь хүлээлгэж өгөхдөө л сая төгрөг байсныг мэдсэн.

-Эзэн нь хэзээ мэдсэн бэ. Өөрөө та хоёр дээр ирсэн юм уу?

-Тэгсэн. Орой 18.00 цагийн үед ирэхэд нь мөнгийг нь хүлээлгэж өгсөн юм. Тэр хүн их баярлаж байна лээ. “Олсон хүн нь юу гэж өгөх вэ. Олдохоосоо өнгөрлөө” гээд сандарчихсан явна лээ.

Мөнгөний эзэн “Хоёр дүүгээр үнэхээр бахархаж байна. Сайн хүүхдүүд юм аа. Та хоёроос өөр хүн олсон бол эргүүлж өгөхгүй байсан шүү дээ” гээд бид хоёрт баярлаж буйгаа хэлсэн. Нээрэн бид хоёрыг шагнасан.

ГЭЭСЭН МӨНГӨӨ АВААД БАЯРЛАЖ БУЙГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙСАН

-Хөөх, ийм мундаг хүүхдүүдийг шагналгүй яах вэ?

-Манай найз бид хоёр тус бүрт нь 30.000 төгрөг өгсөн. Тэр ахыг баярлаж байгааг нь хараад сайхан санагдсан.

-Шагналын мөнгөөрөө юм авсан уу?

-Хэрэглээгүй. Хадгална аа. Тэгж байгаад хэрэгтэй юманд хэрэглэнэ.

БАГШ “ХҮҮХДҮҮДЭЭ ТА НАР ХОЁР НАЙЗ ШИГЭЭ БУСДЫН ГЭЭСЭН ЮМЫГ ЗААВАЛ ЭЗЭНД НЬ ӨГӨӨРЭЙ” ГЭЖ ЗАХЬСАН

М.Чинхүслэн

-Та хоёрын тухай сургуулийнхан, ангийнхан нь мэдсэн үү?

-Мэдсэн. Манай сумынхан, сургуулийнхан, ангийнхан бүгд мэдчихсэн байна лээ. Манай ангийнхан “Та хоёр ёстой од боллоо” гээд байгаа.

Багш маань “Хоёр шавиараа барархаж байна. Хүүхдүүдээ та нар Чинхүслэн, Цэнд-Аюуш хоёр шигээ сайхан сэтгэлтэй, шударга байгаарай. Гээсэн юм олвол эзэнд заавал хүлээлгэн өгч байгаарай” гэж захьсан. Багш тэгж хэлэхэд бид хоёрт гоё санагдсан.

-Өмнө нь бусдыг гээсэн юмыг олж байсан уу?

-Олж байгаагүй. Анх удаа бусдын гээсэн юмыг олоод, хүлээлгэж өглөө.

-Танай сургууль танхимаар хичээллэж байгаа юм билээ. Сургуульдаа яваад, ангийнхантайгаа хамт хичээллэх гоё байна уу?

-Гоё байна. Сургуулийн үйл ажиллагааг зогсоочихсон байх үед багшийгаа, ангийнхныгаа их санасан. Өдөр бүр хичээлдээ яваад, шинэ зүйл сурахаар их гоё.

Цахимаар хичээллэдэг байхад теле хичээлээ тийм ч сайн ойлгодоггүй байсан. Дутуу ойлгосон зүйлээ багшаасаа асууж болохгүй нь бүр ч хэцүү. Одоо танхимаар хичээллэж байгаа болохоор хүссэн үедээ багшаас юм асуугаад хийхээр хичээлээ илүү сайн ойлгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-23 09:07

Чи бид хоёр өгөхгүй доридох байсан даа

зочин
зочин
2021-03-23 10:49

Хүүхдүүд их шудрага зөв хүмүүжилтэй өсөж байгаад нь баярлаж байна Мөнгөний эзэн ядаж 10%иар нь урамшуулчихгүй дээ.

Иргэн
Иргэн
2021-03-23 13:19

Хөөрхөн юмаа,

хүннү
хүннү
2021-03-23 13:22

Зуу,зууг өгчихгүй ийм сайхан сэтгэл хүүхэдээс л гарна. Том хүмүүс олсон бол тас нууна. Үнэн биз дээ?

Back to top button