ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

Т.ТЭЛМҮҮНИЙ ААВ, ЭЭЖ: Хүү минь л жаргалтай байвал боллоо, жаргах гэж л ирсэн хүн шүү дээ

ДЭЛХИЙН ХҮН

“Тэлмүүн маань хүнийг хэзээ ч ялгаварлаж харьцдаггүй. Бүгдийг тэгш сэтгэлээр хайрладаг. Тэр тэмүүлэл нь бидэнд хайрыг мэдрүүлдэг” хэмээн ярих хос бол Т.Тулга, Д.Чимгээ нар юм.

Тэд 1994 онд их сургуулийн оюутан байхдаа танилцан халуун гараа атгалцаж, хайр сэтгэл холбожээ. Том хүү нь 25 настай. Уул уурхайн инженер. Оюутолгой компанид ажилладаг байна. Харин дунд хүү нь 21 настай. ОХУ-д нисэхийн инженерээр сурдаг аж. Хамгийн бага хүү нь харин Т.Тэлмүүн. Тэр Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч юм.

Тэд Т.Тэлмүүнийг төрснийх нь дараа дауны хам шинжтэй гэдгийг нь нярайн эмчээс сонсжээ. Тухайн үед тэд дауны синдромын талаар ямар ч ойлголтгүй байж. Эмч нар дауны хам шинжтэй хүүхдүүд урт насалдаггүй, өвчин ороодог хэмээн хэлж байсан. Харин тэд хүүгээ бидний адил нэгэн ертөнц хэмээн хүлээж авчээ.

Өнөөдөр тэдний хүү Т.Тэлмүүн дэлхийн хүн болох гэж байна. Ингэж хэлсний учир нь Т.Тэлмүүн жүжигчин, СТА Д.Баттөмөрийн найруулж буй дауны хам шинжтэй хүний тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээж буй юм. Эл уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буй Монголын анхны кино юм. Киноны зураг авалт өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд 30 хувьтай үргэлжилж буй ажээ.

Нийгэмд дауны хам шинжтэй хүмүүсийг гадуурхдаг, өрөвддөг, шоглодог. Нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага ажиглагддаг тул уг хэвшмэл ойлголт, хандлагыг халахын тулд эл киног эхлүүлжээ. “Трио” нэртэй уг киног үзсэн хүмүүс дауны синдромтой хүүхдүүдийг өөр нүдээр харж, хайрлаж, хайр дүүрэн хүмүүс гэдгийг нь ойлгох л кино багийнхны туйлын зорилго гэнэ. Тиймдээ ч олон улсын кино фестивалиуд болон Каннын кино наадамд уг бүтээлийг сойх бодолтой байгаа аж.

ДОТРООС НЬ…

Анх жүжигчин Д.Баттөмөр кино хийх гэж буйгаа хэлэхэд Т.Тэлмүүний ангийн багш Э.Агиун, Тэлмүүнийг санал болгож, эцэг эхтэй нь уулзуулжээ. Хүүг нь кинонд тоглуулах хүсэлтийг баяртайгаар хүлээж авсан ч, тоглож чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байснаа тэд нуусангүй. Жүжигчин Д.Баттөмөрийн “Зүгээр дээ бид хэд хөтлөөд явчихна” гэсэн үг тэдэнд итгэл төрүүлж, саналыг нь зөвшөөрөн, өвлийн зураг авалтанд хамтдаа явцгаасан байна.

Тэлмүүний аав Г.Тулга “Хүү маань жүжигчин Д.Баттөмөрийн залуугийн дүрд тоглож байгаа. Хүүгийн маань залуу ээжийн дүрийг жүжигчин Б.Нармандах гуай бүтээж буй. Тиймдээ ч тэрбээр кино багийнхан хотоос хөдлөхөд хүүтэй минь нэг машинд сууж, ижил дасал болгож эхэлсэн. Мөн очоод байрлахад хүртэл нэг гэрт орсон. Долоо хоног хамт байхаар хүү маань биеэ барихаа больсон.

Би эхний өдрийн зураг авалтыг очиж, дэргэдээс нь харсан юм. Ээжийгээ хараад эрхлээд байдаг болохоор эхнэр зураг авалтын талбай руу яваагүй. Хүү маань намайг байсан болохоор тэгсэн юм уу, бүү мэд. Нэг л болж өгөхгүй байсан. Тиймээс дараагийн өдрөөс нь би зураг авалтын талбай дээр очоогүй. Эхнэр бид хоёрын зүгээс юуг ч зааж, зөвлөөгүй. Хүү минь яг л өөрийнхөөрөө тоглосон” гэсэн юм.

Жүжигчин Д.Баттөмөр ч зураг авалтад гарахаас өмнө судалгаа хийж, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагчидтай гурван өдөр хичээлд суужээ.

Тэрбээр Т.Тэлмүүн хүүгийн тухай “Өвлийн хүйтэнд голын мөсөн дээр зураг авалттай байсан болохоор Т.Тэлмүүн маань их даарсан байх. Эхэндээ бишүүрхээд, айж, сандарсан. Сүүлдээ дасаад ер тоохоо больсон. Заагаад өгсөн юмыг яг л хийдэг хүүхэд. Кино группийн хамгийн залуу жүжигчин. Хүүхэд насаа кинонд мөнхрүүлж буйд маш их баяртай байгаа. Дауны хам шинжтэй хүмүүсийн дотоод ертөнцийг нь хүмүүст үзүүлэх гэж хичээсэн” хэмээн дурслаа.

“ТАНЫ ХҮҮХДЭДЭЭ ХАНДАЖ БАЙГАА ХАНДЛАГААС БУСАД ЭЭЖ ААВУУД СУРАЛЦДАГ ЮМ ШҮҮ”

Харин Т.Тэлмүүний багш Э.Агиун уг уран бүтээлээр дауны хам шинжтэй хүүхдүүдийг нийгэмд буруугаар ойлгуулчих вий гэж эмээж байсан тухайгаа ярилаа. Тэрбээр “Т.Тэлмүүнийг тоглож чадна гэдэгт итгэлтэй байсан. Учир нь Т.Тэлмүүн маань өөрийн тэмүүлж буй зүйлдээ манлайлагч байх хүсэлтэй. Түүнийг нь анзаарсан болохоор нэг удаа олны хэсэгт, тэргүүн эгнээнд бүжиглүүлсэн юм. Хичээл хийе гэхээр “үгүй ээ” гээд гүрийгээд суучихдаг хэрнээ бүжиглэх гээд хамгийн түрүүнд босоод ирчихсэн зогсож байсан. Юу хүсэж тэмүүлж байгаагаа үгээр хэлж байгаагүй ч “Надад итгэл хүлээлгэвэл би хийж чадна” гэдгээ биеийн хэлэмжээрээ байнга хэлдэг. Хичээлээ хийхгүй гэсэн үед нь зааж буй хичээлээ дуулаад өгөхөөр дагаад л дуулдаг. Дуулъя, дуулъя гэдэг. Мөн маш хөөрхөн зурдаг. Их нямбай. Усан будгаа хэрэглэчхээд тэр дор нь саванд хийнэ. Хэрэв зураач болох юм бол нягт нямбай зураач болно байх. Үргэлж л мөрөөдлөө үйлдлээрээ илэрхийлсээр байдаг даа.

Ер нь тэгээд эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө хэдий чинээ зүтгэнэ, хүүхэд нь төдий чинээ амжилтад хүрдэг. Тиймээс хөгжлийн онцлогтой хүүхэдтэй эцэг эхчүүд хичээгээрэй. Битгий бууж өгөөрэй. Таны хүүхдэдээ хандаж байгаа хандлагаас бусад ээж аавууд суралцдаг юм шүү” хэмээсэн юм.

Э.Агиун багш СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн байна. Сургуулиа төгсөөд хүүхдийн цэцэрлэгт мэргэжлээрээ ажиллаж байсан ч ээжийнхээ хүсэлтээр нэгэн өдөр Монголын дауны холбоон дээр очиж, хүүхдүүдэд бүжиг зааж өгчээ. Холбооны хаалгаар алхаж орсон цагаас хойш түүний амьдралд эргэлт гарсан юм. Дауны холбооноос түүнд хөгжмийн багшаар манайд ажиллаач гэсэн санал ирж, багаасаа л хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллаж буй ээжийнхээ яриаг сонсож байсан тул уг саналыг баяртайгаар хүлээж авсан байна. Эхний ээлжид дуу хөгжмийн хичээл заадаг байсан ч хүүхдүүдийн тавьж буй олон олон “яагаад” гэх асуулт түүнийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар МИУС-д суралцахад хөтөлжээ. Мөн одоо МУБИС-д магистрын зэрэг хамгаалахын хажуугаар 130 дугаар сургуульд тэгш хамрах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 7-22-насны 15 хүүхдэд багшилж буй юм.

ИРЭЭДҮЙ ТИЙШ ХАРЦАА СУНГАВАЛ…

Т.Тэлмүүн одоо 10 настай. Хүү хоёр нас хүрсэн ч, хөлд ороогүй болохоор аав, ээж нь Герман руу явж, хүүхдийн эмчид үзүүлжээ. Эмч үзээд “Зүв, зүгээр хүүхэд байна. Ирэх намар аравдугаар сард хөлд орчихно” гэсэн аж. Эмчийн үг ч биеллээ олж, Т.Тэлмүүн улсын баяр наадмаар хөлд орж, аав, ээжийн нар гарав. Харин түүний анхны хэлсэн үг нь “ээж ээ”. Түүнийг хөлд орсноос нь хойш цэцэрлэгт явуулсан байна. Цэцэрлэгт явж эхэлснээсээ хойш зураг зурах болсон хүү хоёрдугаар ангид байхдаа, Хятадын Элчин сайдын яамнаас зарласан гар зургийн уралдаанд оролцон тусгай байр эзэлсэн байна. Ноён Элчин сайд хүүг хичээлийн иж бүрэн хэрэгсэл, 300 юаниар шагнаж урам өгчээ. Хүүгийнхээ зурах авьяасыг хөгжүүлэхийн тулд орой унтахад нь үлгэр уншиж өгч, зурагт ном будуулдаг байна. Хүү эвлүүлдэг тоглоомуудаа өрж, яг өөрийнхөө орчныг л өөрөө л бүтээх дуртай аж.

Д.Чимгээ хүүгийнхээ тухай “Хүү минь хөгжмийн мэдрэмжтэй. Мөн бүжиглэх, усанд сэлэх, зураг зурах сонирхолтой. Зургаар өөрийгөө илэрхийлдэг. Одоохондоо нас нь арай бага байгаа болохоор тийм хүн болно гэсэн төсөөлөлгүй байна” хэмээв. Т.Тэлмүүн бидэнд гурван ч дуун дээр бүжиглэж үзүүллээ.

НИЙГЭМ ХЭМЭЭХ ХАШААНЫ ДОТОР

Тэлмүүний өглөө 06:30 цагт эхэлдэг байна. Хичээл 08:00 цагаас эхэлдэг тул өглөөний цайгаа уучхаад ээжтэйгээ хамт сургуулийн зүг хөдөлнө. Хичээлээ тараад өдөр өнжүүлэхдээ явна. Ээж нь орой ажлаа тараад очиж, авна. Тэдний амьдрал ийм л тойрогт өнгөрдөг. Анх дауны хам шинжтэй хүүхэд асрамж их шаарддаг, аав, ээж хоёрынх нь аль нэг нь гэртээ хүүхдээ хараад байдаг гэсэн төсөөлөлтэй байсан ч бүх зүйл эсрэгээ байсан тухай түүний аав ярилцлагын үеэр онцолсон юм.

Мөн тэрбээр “Амьдрал ердийн сайхнаараа. Хүү маань хэнд ч төвөг болдоггүй. Бие засахаас эхлээд, хувцсаа өмсөх, дэлгүүр гарах гээд бүгдийг нь өөрөө хийчихдэг. Бүр НӨАТ-ийн баримтаа авч ирээд өөрөө уншуулчихна. Хоёр ахдаа их эрхэлнэ. Дэлгүүр хэн гарахыг шийддэг хүн шүү дээ” хэмээн инээмсэглэж байлаа.

Тэрбээр ярилцлагын төгсгөлд хүмүүс анх хүүг нь хэрхэн хүлээж авч байсан тухай ярьсан юм. “Өөрт тохиолдоогүй үед хүн юу ч анзаардаггүй юм билээ. Дауны хам шинжтэй хүүхэдтэй болчхоод гадуур явж байхад хүмүүс байнга л эргэж харна. Эхэндээ ийм үйлдэлд төвөгтэй байлаа. Цахилгаан шатанд суусан ч хүүхэд рүү минь хараад л. Одоо бол ийм юм тоохоо больсон. Хүү минь л жаргалтай байвал боллоо. Бид өмнөөс нь санаа зовоод, гутраад, шаналаад байх шаардлагагүй. Манайхыг сонгоод, жаргах гээд л ирсэн хүн шүү дээ, хүү минь”.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

16 Сэтгэгдэл

  1. Сайхан хүү байнаа. Танай гэр бүлд аз жарг#### хүсэе. Хүүхэд эрхэлж жаргах л гэж ирдэг юм. Түүнийг биелүүлж яваа аав ээжид нь хоёр сайхан ахад нь эрүүл энхийг хүсэе.

  2. Ямар сайхан ярилцлага уншив аа .Ямар ч сайхан ухамсартай аав ,ээж ах нар вэ. Хөөрхөн Тэлмүүн хүүд улам их амжилт хүсье.

  3. Ene huuhduudiig BURHANII ONTSGOI beleg gej baruuniihan heldeg,manaihan l uhamsar doroi bolohoorooo ergej haraad zaaj yaridag ,bidnii dund bh bidentei amidrah gej irsen humuust HUNDETGELTEI handatsgaaya

  4. Saihan huud ni minons togloj baigaad bayar hurgeye, Iim uurtuu itgeltei bolgoj usgusun aav eejid ni bayar hurgeye, udur tutum zaaf surgaj baigaa bagshid ni bayar hurgeye. Huurhun Huu mini az jargãl sain saihan buhniig huseye!

  5. Миний шавь үнэхээр мундаг байна хүүхдийн хөгжилд багш эцэг эхийн харилцан итгэлцэл маш чух#### байдаг багш миний хувьд жүжигчин Баттөр шавь хоёроосоо маш том үр дүнг баяртайгаар хүлээж сууна .Учир нь энэ киноны суд####гаа,эхлэл нь маш сайхан хүмүүсийн харилцан итгэлцэл,х####уун дулаан сэтгэлийн илэрхийлэлээр бүтсэн юм. Кино наадмын шилдэг шагн####ыг мялаахаар хамтдаа уулзая хайртай шүү шавьдаа амжилт бүхнийг хүсэе

  6. Ээж аав сайн бн.Бас багш маш мундаг бн.Ажилдаа сэтгэл гаргаж байдаг хүн байна.одоо үед сэтгэл маш чух#### шүү

  7. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн гавьяатан эмчлэх аргын олох болно тэр үе тун утахгүй ирнэ гэдгийг мэдэж бна хүүхэд бүхэн жарг####тай байх болтугай

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button