Сурвалжилга, НийтлэлЭнтертайнмент

Б.Баттулга: “AUSTRALIA`S GOT TALENT” шоуны хоёрдугаар шатнаас өөрийн хүсэлтээр татгалзсан

Авьяаслаг Австраличууд шоу нэвтрүүлэгт монгол баатрыг санагдуулам хувцастай орж, шүүгчдийг алмайруулж, үзэгчдийн анхаарлын төвд орсноор нэгдүгээр шатанд тэнцэж, хоёрдугаар шатанд орох эрхээ авсан Б.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр 10 гаруй жил АНУ-д циркийн жүжигчин мэргэжлээр ажиллаж амьдарч байгаа бөгөөд уг шоуны хоёрдугаар шатанд оролцох боломжгүй болсон гэлээ. Юуны учир тэрбээр ийм шийдвэр гаргах болсон тухай болон түүний энэ амжилтад хүрсэн зам мөрийн талаар бид цөөн хором ярилцсан юм.

-ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ Ч ЦИРКИЙН ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ-

-Сайн байна уу? Бидэнтэй ярилцахаар цаг гаргаж байгаа танд баярлалаа. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Би 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Намайг Баттогтохын Баттулга гэдэг. Манай аав хилийн цэргийн хүн бол ээж маань худалдааны салбарын хүн. Бага насаа эмээгийндээ, хөдөө мал хариулж, хилийн ангиудаар явж өнгөрөөсөн. Манай гэр бүлд өөр циркийн урлагаар мэргэшсэн хүн байдаггүй. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн. 2005 онд Түүх, антропологи, археологийн ангийг төгссөн.

-Ийм мэргэжилтэй хүн яаж яваад циркийн урлагтай холбогдсон юм болоо?

-Би багаасаа бөхөөр хичээллэдэг, бөхөд сонирхолтой хүүхэд байсан. Оюутан байхаасаа гимнастикаар хичээллэж, Спортын гимнастикын төв зааланд Энхтүвшин багшийн удирдлага дор мөн хичээллэж, дараа нь багшлах болсон. Ингээд 2007 оноос балет мастер Д.Дашлхагва багш дээр балет болон бусад урлагийн чиглэлээр суралцаж, 2009 онд АНУ-ын “Ringling Brothers” цирктэй гэрээ хийн ажиллах болж, үүнээс хойш 10 гаруй жил АНУ-д ажиллаж, амьдарч байна.

-“Ringling Brothers” циркэд анх хэрхэн тэнцэж, ажиллах шалгуурыг нь давж орж байсан бэ?

-Анх Гимнастикын холбоонд байхдаа найз Намнансүрэнтэйгээ акробатын үзүүлбэр, Д.Дашлхагва багш дээр суралцаж байх үедээ хамтрагч Бадамцэцэгтэй агаарын үзүүлбэр хийдэг байлаа. Би циркийн сургуульд яг суралцаж байгаагүй юм. Гэхдээ спорт, урлагийн мундаг багш нарын хүчинд өөрийнхөө дуртай зүйлийг нээж, хичээллэсэн. Үүнийхээ хүчинд АНУ-ын 146 жилийн түүхтэй “Ringling Brothers” циркэд ажиллах болсон. Тэд Монгол жүжигчидтэй гэрээ хийхээр ирэхэд “Grand pass” нэртэй Д.Дашлхагва багшийн урлагийн студид мөн шалгаруулалт явуулж, би ч хүчээ үзсэн. Ингээд манай студиэс миний бие, Бадамцэцэг, Намнансүрэн гэсэн гурван жүжигчин балет, акробат хосолсон үзүүлбэрээр гэрээ хийж байсан. Мөн циркийн Амаржаргал ахлагчтай хүнд жингийн үзүүлбэр гэж Монголын номерт туслах жүжигчнээр ажиллаж байв.

АНУ-д ирснээс хойш дөрвөн жил тэр циркийнхэнтэйгээ хамт бүх л мужуудаар аялан тоглож дуусгасан даа.

-Та одоо ч “Ringling Brothers”-д байдаг уу?

-“Ringling Brothers” хоёр жилийн өмнө хаагдчихсан. Одоо би АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа. Ер нь өөрөө ажлаа олж, гэрээгээ хийгээд явдаг чөлөөт уран бүтээлч болсон. Одоогоор мөн тус улсын “Cirque Mechanics” нэртэй Лас Вегасын театрын шоунд ажиллаж байна.

АВСТРАЛИЙН ШОУНААС ОРОЛЦООЧ ГЭХ УРИЛГА ИРҮҮЛСЭН

-“Australia`s got Talent” шоуны бичлэг саяхан Монголчуудын дунд нэлээд тархаж, танаар бахархсан олон хүн байна. Үүнээс ч өмнө “America`s got talent” шоунд оролцож байсан байх аа?

-Тиймээ. Би 2017 онд тус шоунд оролцож байсан. Тухайн үед “Ringling Brothers” цирк хаагдаж, Чикагод ирснээр гимнастикын багш, циркийн багшийн ажил хийхийн зэрэгцээ циркэд мөн үзүүлбэрээ үзүүлээд явж байсан үе. Ингээд America`s got talent” шоунд стронг мен гэх хүчний үзүүлбэрээ үзүүлснээс хойш хүмүүс их сонирхож, сайн үздэг болсон. Тэр шоунаас хойш дэлхийн найман орны шоунд оролцсон байдаг.

Тухайлбал, 2017 онд “America`s got talent”, 2018 онд ОХУ, Франц, Герман, Итали зэрэг орнуудын шоунд, 2019 онд БНХАУ, Австрали, Словак гэсэн гурван орны телевизийн шоунд оролцсон.  

-Австралийн шоуны бичлэг чухам хэзээ хийгдсэн юм бэ? Энэ шоунд орох шийдвэрээ хэзээ гаргав?

-Тавдугаар сарын сүүлээр хийгдсэн. Америкийн шоунд оролцсоноос хойш их үзэлттэй болж, өөр оронд болоод циркийн үзүүлбэрүүд дунд миний үзүүлбэр шиг модтой, хүчний үзүүлбэр ховор бөгөөд яг ийм биш, арай өөрөөр хийгддэг байлаа. Тиймээс ч улс орнуудын шоуны багийнхан “Манайд оролцооч” гэх урилга явуулдаг. Австралиас ч ийм урилга ирсэн. Бичлэг болохоос хоёр долоо хоногийн өмнө урилга ирсэн тул их яаралтай орохоор болсон.

-Та хоёрдугаар шатны үзүүлбэрээ бэлдсэн байгаа юу?

-Эхний шатанд тэнцэж, хоёрдугаар шатанд оролцох эрхээ авсан боловч Америкт циркийн гэрээгээр ажиллаж байгаа тул цаг хугацааны хувьд давхцаж таарсан. Иймээс орох боломжгүй болж, хоёрдугаар шатнаас өөрийн хүсэлтээр татгалзсан. Учир нь би гэрээт ажилтай учир заавал тэндээ ажиллах ёстой болоод байгаа юм.  

-Таны үзүүлбэрүүд их аюултай, заримдаа амь өрссөн байх нь харагддаг. Яг энэ модтой үзүүлбэрээ хэзээнээс хойш хийж байгаа вэ?

-Энэ үзүүлбэрийг “Ringling Brothers” циркт ажиллаж байхдаа сурсан. Анх үүнийг Узбекстаны өөр жүжигчид хийдэг байсан л даа. Тэд энэ үзүүлбэрээ ч үзүүлэхээ байж, би тэднээс санаа авч, цааш хөгжүүлснээр анх “Ringling Brothers” шоунд байхдаа өөр нэг “стронг мен”-тэй хослон хийж эхэлсэн. Хосолсон хүн минь мөн л Монголоос гэрээгээр ирж ажиллаж байсан циркийн жүжигчин А.Чүвсэнсэнгэ ах байлаа. Ах больсноос хойш ганцаар болж, энэ үзүүлбэрээ улам баяжуулж 2012 оноос хойш долоон жил хийж байгаа.

АМАНДАА МОДОО ЗУУЧИХААД АГААРААС ТАТУУЛАХ ҮЗҮҮЛБЭР Ч БИЙ

-Та үзүүлбэрийнхээ консептийг тэгвэл өөрөө боловсруулдаг байх нь ээ? Хувцас хэрэглэл, үзүүлбэрийн ерөнхий төрхийг харахад Монгол үнэр яах аргагүй үнэртдэг шүү.

-Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа учраас өөрийн монгол соёлоо дэлхийд сурталчлахын тулд монгол баатрын төрхөөр, ингэхдээ үндэсний бөхийн стилиэр шаваа хийх маягтай үзүүлдэг. Шинэ troop /цаашид үзүүлбэр гэх/-үүдийг зохиогоод, түүн дээр ажиллаж, гал нэмэх, амандаа мод зууж агаар руу хөөрөх зэргээр баяжуулдаг. Сүүлд Хятадын шоуны тайзан дээр гал зөвшөөрөөгүй учир модон дээрээ LED light гэрлээр хийж, монголын уран нугаралтад аман дээрээ тогтдог хэлбэрийг ашиглах, модоо тэр амандаа зуусан зүйл дээрээ эргүүлэх, модон дээрээ хоёр хүн суулгаж эргүүлдгээ дөрөв болгож нэмэх жишээтэй. 2018 онд Испанийн олон улсын “Алтан заан” нэртэй циркийн тэмцээнд оролцохдоо мөн шинэ шинэ үзүүлбэрүүд нэмж хийсэн. Энэ мэтээр өөрөө л ажиллаж, шинийг туршиж үзэж, Монголд байгаа багш нараасаа, энд байгаа циркийн жүжигчдээсээ асуух, туршлага судлаад баяжуулж, санаа авч, бичлэг үзэж, хуучны юмнуудаа харж үзсээр баяжуулдаг.

-Байж боломгүй зүйлсийг хийж, хүний биеэс гарамгүй хүч гаргаж буйгаараа таны тоглолтууд олны анхаарлыг ингэж татаж байгаа юм болов уу. Ийм боломжгүй мэт үйлдлүүдийг яаж бэртэж гэмтэхгүйгээр хийгээд байна вэ гэх асуулт үзэгчдийн дунд байгаа шүү дээ?

-Цирк бол урлаг, спорт хоёрын хослол. Тэр дундаа циркийн жүжигчид яг л тамирчдын хэмжээнд өндөр бэлтгэлтэй байж, бэртэл гэмтэл авахгүй байх талаас байнгын бэлтгэлтэй байдаг. Хүнд жингийн үзүүлбэр штангны бэлтгэлтэй их төстэй. Аав минь цэргийн хүн, ОХУ-ын штангны зэрэгтэй тамирчин юм. Тиймээс тэр талаас туршлага заана. Мөн багш нараасаа хэрхэн хүнд жинтэй ажиллах талаар байнгын зөвлөгөө авдаг. Үүнд нууц гэх зүйл байхгүй. Алхам тутмаа судалж, бэлтгэлээ олон тооны давтамжтай хийж байж л үзүүлбэрүүд бага багаар сайжирна. Ингэж байж бүгд цогц болж, үзүүлбэр өөрөө өвөрмөц учир хүнд сонин содон харагддаг байх.

Тухайлбал, сая Хятадын шоуны үеэр хүмүүс ярьж байсан. Сүүлийн 14 жил Саймоны санаачилсан уг шоу нэг сэдэвт нэвтрүүлэг дэлхийн хамгийн олон оронд тарж, тэр их хандалт авч чадсанаараа Геннисийн номонд бичигдэж. Тиймээс ч Австралийн авьяастнууд шоунд зөвхөн Австрали хүмүүс л орох ёстой юм шиг боловч 10 гаруй жил зохиогдчихсон тул байгаа хүмүүс нь ороод дуусчихдаг юм байна. Тэгэхээр бүх л улс орнууд нэвтрүүлгээ чимэхийн тулд дотоодоос 80 хувь, гадаадаас 20 хувь гэсэн бодлоготой байдаг аж. Миний үзүүлбэр ч өөр оронд хийгээд байдаггүй ховор үзүүлбэр тул хүмүүс их сонирхдог юм болов уу гэж би бодсон.

-Та Австралийн шоуны үеэр тайзан дээр өөрийн бэлдсэн үзүүлбэрээ санаандаа тултал хийж чадсан уу?

-Мэдээж хүн бүх хүч, бүх энергиэ шавхаад тайзан дээр хийдэг. Миний үзүүлбэр их хүч шаардана. Дээр нь Австрали зэрэг өөр улсуудад очиход голцуу цагийн зөрүү ихтэй байдаг. Энэ нэвтрүүлгүүд 2-3 өдрийн дотор л бичлэгээ хийж дуусгадаг. Тиймээс АНУ-аас Австрали руу очиход 10-н хэдэн цагийн зөрүүтэй байсны дээр би тэр том модыг чирээд яваад байхгүй тул очсон газар болгондоо шинээр хийдэг. Модны материал, хэмжээ чухлаас гадна нарс мод л ашиглана, хар мод ашиглахгүй, тэгэхгүй бол баланс хэмжээ алдагдвал үзүүлбэрт өөрчлөлт гарна. Бас ямар гал ашиглах вэ гэх мэт төлөвлөх, бэлдэх ажил ихтэй. Энэ мэтээр би нэлээд нойр муутай байхын зэрэгцээ томоохон шоу нэвтрүүлэг учир баахан ярилцлага, зураг авахуулах, бичлэгт орох, эцэст нь тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх гэх мэтээр нэлээд хүч хөдөлмөр шаардагддаг. Тэр хүмүүс намайг ганц ирсэн дээр бүх ярилцлага бичлэгээ авах гээд байдаг, гэтэл би хүнд жингийн үзүүлбэр үзүүлэх тул өөрийгөө жаахан амраах хэрэгтэй гээд л асуудлууд их гарна. Тиймээс бүх хүч чадлаа дайчлан хичээсэн ч дараа нь харахад үүн дээрээ жаахан ажилласан бол гэсэн юм бол харагддаг.

ААВ ЭЭЖ ХОЁР МИНЬ МИНИЙ УЛААН ФЕН

-Шүүгчид нэвтрүүлгийн үеэр болон нэвтрүүлгийн дараа тантай сэтгэгдлээ хэрхэн хувцаалсан бэ?

-Шүүгчид маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Нэг эмэгтэй шүүгч нь “Би өөрийгөө өмнө маш олон төрлийн зүйл үзэж байсан гэж бодож байсан ч ийм юм өмнө огт үзэж байгаагүй” гэж хэлж байсан. Бусад нэвтрүүлгүүдэд орж байхад хэлж байсан сайхан сэтгэгдлүүдээс хуваалцвал, Америкын шоунд оролцож байхад Герман гаралтай загвар өмсөгч Хайди нэвтрүүлгийн дараа ирээд “Би Монголд маш дуртай, Монголын говьд очиж загварын зураг авалтад оролцож байсан, чиний үзүүлбэрээ яг тэр Монголын ахуй байдал харагдлаа, чамайг харахад Монгол баатрын дүр төрх харагдаж байна” гэсэн. Би ч өөр оронд Монголоо сурталчлахын тулд үргэлж л бүх юмыг монгол соёлтойгоо холбон тайлбарлаж, монгол талаа харуулахыг хичээдэг.

Өө нээрээ, Австралийн шоуны үеэр хоолны томоохон шоу хийдэг Ману нэртэй эрэгтэй шүүгч “Монголын бүтэн хонь бүхлээр нь чанадаг хоолыг ерөөсөө хийж, идэж үзээгүй. Монголд очвол чи надад хийж өгөх үү” гээд бид тайзны ард инээлдэж байсан.

-Та саяхан эх орондоо ирээд буцсан байх аа?

-Тиймээ. Би хоёрхон хоногийн өмнө эх орноосоо ирлээ. Тиймээс цагийн зөрүү гараагүй л байна. Америкт 10 гаруй жил ажиллаж амьдарч байгаад сая энэ зун сар гаруйн хугацаатай гэр бүлийнхнийхээ хамт амрахаар очсон. Дэлхийн өөр орнуудад энэ үзүүлбэрээ хийгээд яваад байдаг байж Монголдоо ганц ч удаа тоглож үзээгүй тул Монголчууддаа үзүүлбэрээ хүргэхийг хүссэн. Тиймээс ч Монголд очсоных гэж бодоод наадмын найруулагч нартай холбогдож “Өөрийн уран бүтээлийг Монголдоо, наадам дээр тогломоор байна” гэхэд Г.Цоггэрэл, Г.Ган-Очир уриалгахан хүлээж авсан. Би бэлтгэлийн хугацаанд Ган-Очир найруулагчтай илүү тулж ажилласан бөгөөд Монголд зургаадугаар сарын сүүлээр очоод шууд л наадмын бэлтгэлдээ орсон. Монголдоо очиж модоо хийгээд л, наадмын талбай дээр хав хар болтлоо, 600 цэргийн алба хаагчтай хамт бэлтгэлээ хийсээр сайхан дурсамж үлдээн наадамдаа оролцсон. Улсын хамгийн сайхан баяр дээр тоглолтоо үзүүлсэндээ сэтгэл маш өндөр байгаа.

ӨӨРӨӨ ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙЖ НААДМЫН НЭЭЛТЭЭР ҮЗҮҮЛБЭРЭЭ ҮЗҮҮЛСЭН

-Улсын их баяр наадмаар зүлэг ногоон дэвжээний голд үзүүлбэрээ үзүүлж байгаа таныг хараад аав ээж хоёр тань их баярласан байх даа. Ер нь олон улсын эдгээр шоунуудад орж буйг тань хараад тэд сэтгэгдлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

-Манай аав ээж хоёр минь улаан фен, аав бол нэг номерын фен. Та бүхэн анзаарсан бол Хятадад орсон нэвтрүүлгийн үеэр аав минь тайзан дээр гарч ирдэг. Нэвтрүүлэгт орох бүрт надад зайлшгүй нэг хүн туслах хэрэгтэй болдог юм. Тухайлбал, Итали руу явахад би нэг найзыгаа аваад явах жишээтэй. Сүүлдээ аав минь миний туслахаар явдаг болсон. Хамгийн сүүлд аавтай хамт Хятад, Словак явсан. Аав ээж, эмээ, өвөө нар бүгд маш их баяртай байдаг. Сая Монголд очоод их сургуулийнхантайгаа уулзахад “Чи чинь археологийн багш байснаа яагаад циркчин болчихов оо” гээд л инээлдээд ярьж байна. Зарим нь мэдээгүй учир итгэхгүй, гайхаж хүлээж авна, дэмжинэ.

-Одоо таны ойрын төлөвлөгөө юу байна?

-Төлөвлөснөөс, наймдугаар сард Румыны “I Humor” нэртэй нэвтрүүлэгтэй уригдан, явахаар бичиг баримтаа хөөцөлдөж байна. Уран бүтээлийн хувьд хийж буй номероо цаашид хөгжүүлэх, толгойд буй олон санаануудаа баяжуулахаар ажиллаж байгаа. Мөн Чикагод амьдардаг 10, 20 гаруй Монголчуудын хүүхдүүдэд өөрийн чаддаг мэддэгийг заахаар “Монгол авьяас” академийг олон сайхан хүмүүстэй хамт байгуулан ажиллаж байгаа. Одоо удахгүй Словакын нэвтрүүлэг цацагдана. Бичлэг хийгдчихсэн байгаа.

-Баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Дэлхийн өнцөг булан бүрээс, ихэвчлэн гадаадад байгаа Монголчууд над руу их ханддаг. Тухайлбал, Австралид байгаа Монголчууд “Хоёрдугаар шатандаа хэзээ ирэх вэ, Австралийн Монголчууд бөөнөөрөө очиж үзмээр байна” гээд л. Энэ бүхэн надад урам болдог. Мөн үргэлж бахархлын сайхан үг хэлж, урам хайраар тэтгэдэг, ажлыг минь ойлгож дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-19 00:04

Prix Cialis 100mg Cephalexin Lifelearn Cafergot For Sale World Chemist [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Homme Propecia Side Eff

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 08:45

Amoxicillin Buy Canada [url=http://cialibuy.com]Cialis[/url] Buy Wellbutrin 300 Xl Giving Amoxicillin To Dogs Propecia Comprimidos

StevSlarie
StevSlarie
2020-01-27 17:17

Doxycycline [url=http://abuycialisb.com]tadalafil cialis from india[/url] Viagra Online Rezeptfrei where to buy cialis online safely Buy Slimex Online

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 09:02

Buy Amoxicillin Antibiotics Online Canada http://cialisjh.com - Buy Cialis Force cialis vs viagra Valor Cialis

Холбоотой мэдээ

Back to top button