Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Залуус хот суурин бараадан, хөдөө нутаг эзгүйрч байгаад харамсдаг”

Өглөөний нар аажуухан мандсаар өвөлжөө рүү тусахад жаварт хургасан хонь наранд биеэ ээн, таатай нь аргагүй хэвтэнэ. Хоточ банхар сэрэмж алдахгүйг хичээх мэт үргэлж ийш, тийш сортолзон, “Хов, хов” хуцна. Салхи зөөлөн үлээж, өглөөний жавар аажим аажмаар арилах нь урин цаг ирснийг илтгэнэ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны малчин Лүмбэнгийн Баянжаргал энд өвөлжин, мал маллаж амьдраад 21 жил болж буй. Нийслэлийн сайн малчин цолтой тэднийхийг бид зорьж очин, сурвалжиллаа. Биднийг 08.00 цагийн үед очиход тэд аль хэдийнэ босчихсон, хөдөөний ажил ид ундарч байв.

21 ЖИЛ МАЛ МАЛЛАЖ БАЙНА

-Сайхан хаваржиж байна уу, Та. Сүрэг мал тарган, сайн оров уу?

-Сайн орлоо. Сайхан хаваржиж байна. Би удамт малчин. Аав шигээ малчин болъё гээд дөрөвдүгээр ангиасаа мал дээр гарсан. Өнөө цагт залуус төв суурин бараадан, хөдөө эзгүйрч байна. Залуу малчин ховордсоор байгаа. Тиймээс өвөг дээдсийнхээ, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, 21 жил мал маллаж байна.

-Танай энэ хавьд залуу малчин хэр олон бэ?

-Ер нь хуруу дарам. Ялангуяа богтой айл бүр ч цөөхөн. Олонх айл бодтой.

-Хэд хоногийн өмнө айхтар шуурсан. Танайх гайгүй юу?

-Гайгүй ээ. Манай энэ хавь уул хад ихтэй, нөмөр сайтай. Үхэр шуурганд уруудаад, хэд хоног хайлаа. Өнөө өглөө олоод ирсэн. Бусдаар гайгүй ээ.

ЭНЭ ЖИЛ 300-ГААД МАЛ ТӨЛЛӨНӨ

-Сүүлийн жилүүдэд малчид малаа арай аажуу төллүүлдэг болж. Цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтад тааруулаад тэгж байна уу?

-Тийм ээ. Ер нь сүүлийн жилүүдэд хавар жаахан зүтгэн, зун оройтож болдог болсон. Намар өвс тааруу байсан тул цаг зүтгэж магадгүй гэж бодоод хуц, ухнаа орой тавьсан юм. Хүйтнийг нь эс тооцвол сайхан өвөл боллоо.

-Энэ жил хэчнээн мал төллүүлэх вэ?

-Манайх 800 гаруй малтай. Энэ жил бог, бод нийлсэн 300-гаад мал төллөнө.

ХАНЬ БИД ХОЁР ХОЁУЛАА ХӨДӨӨ ӨССӨН БОЛОХООР НЭГНЭЭ ИЛҮҮ САЙН ОЙЛГОДОГ

-Өнөө цагт залуу малчид хөдөө амьдрах сонирхолтой, хүсэлтэй ханьтай учирна гэдэг амаргүй болсон. Хань нь хөдөө өссөн, тантай адил хүсэл, зорилготой учир бие биенээ илүү сайн ойлгодог уу?

-Хань бид хоёр өнгөрсөн жил гал голомтоо бадраасан. Эхнэр бид хоёр хоёулаа хөдөө өссөн, Баянхонгор аймгийн харьяат. Багаасаа хөдөө өссөн болохоор нэгнээ илүү сайн ойлгодог, ямар нэгэн үл ойлголцол гардаггүй. Би хэчнээн хөдөө амьдрах, мал маллах хүсэлтэй ч эхнэр маань төв суурин бараадъя гэдэг бол юу болох нь тодорхой, хэцүү шүү дээ. Тийм үл ойлголцол ер гардаггүй нь ёстой амар байдаг юм.

Энэ үеэр түүний хань О.Долгорсүрэн “Хань минь их хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй. Би өөрөө хөдөө өссөн болохоор малчин хүний жаргал, зовлонг сайн мэднэ. Төв суурин бараадъя, хотод амьдрах бодол огт төрдөггүй. Хотод замын түгжрэлээс авхуулаад хэчнээн бухимдалтай, стресстэй байдаг билээ. Хөдөө бол тэгж бухимдах юм алга. Хоёулаа хөдөө амьдрах сонирхолтой болохоор ямар нэгэн үл ойлголцол гардаггүй. Интернеттэй, зурагттай гээд хэрэгцээтэй бүхэн энд бий. Хотынхноос ер дутах юмгүй амьдарч болж байна” гэлээ.

-Манайх гар утас, интернет, зурагттай. Хотод амьдарч байгаагаас дутах юм ер алга.

МАЛ МААНЬ ХОТОНДОО ТААВААРАА ХЭВТЭХИЙГ ХАРАХ ИХ САЙХАН

Бид гэрээс гарч, хот руу нь оров. Тааваараа, өглөөний наранд биеэ ээн хэвтэх малаа хараад Л.Баянжаргалын сэтгэл сэргэж байгаа нь анзаарагдав.

-Малчин хүний жаргал их. Мал тараг тэвээрэг сайтай, хотондоо тааваараа хэвтэж байхыг харах хэчнээн сайхан гэж санана.

-Танайх малаа хэдэн цагт бэлчээдэг вэ?

-10.00 цаг орчимд бэлчээдэг. Манайх малынхаа үүлдэр угсаанд их анхаардаг. Сүхбаатарын илүү нугаламтай хуцаар хониныхоо үүлдрийг сайжруулсан. Эрчим үүлдрийн хар ухнатай. Улаан голдуу ямаатай.

Хөдөөний ажил барагдахгүй. Одоо ингээд малаа төллүүлээд, дараа нь ямаа самнана, хонио ноослоно. Ажил ёстой ар араасаа ундарна даа.

МАНАЙХ ЭНД 20 ЖИЛ ӨВӨЛЖИЖ БАЙНА

-Ёстой тэгнэ дээ. Бог, бодын бэлчээрийг тааруулж нутаглах амаргүй. Тэрэлжийн энэ хавийн нутаг танайд илүү тохирдог уу?

-Тэгдэг. Манайх энд 20 жил өвөлжиж байна. Манайх Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Нүүж ирснээсээ хойш л энд өвөлжиж байгаа юм.

-Тэгэхээр таны амьдралын 20 жил энэ өвөлжөөтэй салшгүй холбоотой юм байна.

-Тэгэлгүй яах вэ. Энэ хавийн уул, хад, даваа нугачаа бүрийг андахгүй мэднэ.

-Та түрүүн дөрөвдүгээр ангиасаа мал дээр гарсан гэсэн. Сургууль төгсөөд, мэргэжил, боловсрол эзэмшдэг байж гэж бодогддог уу?

-Тийм бодол төрдөггүй. Хэчнээн том сургууль төгссөн мөртлөө ажилгүй яваа залуус олон. Ажилгүй явж байх ч байсан юм бил үү. Сургууь төгсөөгүйдээ, малчин болсондоо ёстой харамсдаггүй.

Ийнхүү хэлээд Л.Баянжаргал хонио бэлчээв. Тэдний өвөлжөөний энэ хэсэг бартаа саад, мод ихтэй. Хонь нь бэлчээд л мод руу, эгц хадтай уул руу гарчихдаг юм байна. Өндөр уулын өөд, модон дундуур бэлчих хонь нь цасны доороос гарсан борог өвсний сорыг хөөн, идээшилнэ.

This image has an empty alt attribute; its file name is malchin-mal-mallah-16-1024x683.jpg

ЭНЭ ХАВЬ БАРТАА ИХТЭЙ ТУЛ МАЛАА ӨГЛӨӨНӨӨС ОРОЙ ХҮРТЭЛ ДАГАЖ ХАРИУЛДАГ

-Танай энэ хавьд бартаа ихтэй юм байна. Алсаас харах, дурандаад хариулах боломж хомс бололтой.

-Ёстой тийм шүү. Мал бэлчээд л өндөр уул руу, мод руу орчихдог. Бартаа, чоно, шилүүс ихтэй. Өглөөнөөс орой хүртэл дагаад хариулахаас өөр аргагүй.

-Нийслэлтэй ойр, олон хөлийн газар тул малын хулгай хэр байдаг вэ?

-Хулгай ихтэй. Байнга л дагаж хариулахгүй бол хулгайд алдчих гээд байдаг юм. Би хонио өглөөнөөс орой хүртэл яг дагаад хариулдаг. Олон адуутай байхаар алдчих гээд байдаг юм. Тиймээс манайх чөдрийн хоёр морьтой. Гүүнүүдээ айлын адуунд тавьчихсан.

БИ 2015 ОНД НИЙСЛЭЛИЙН САЙН МАЛЧИН БОЛСОН

-Та 2015 онд нийслэлийн сайн малчин болсон. Танай удамд улс, аймгийн сайн малчин хүн бий юү?

-Ээжийн минь ах улсын сайн малчин. Мал малласныхаа үр шимийг хүртэн, хөдөлмөрөө Төр засагтаа үнэлүүлж, нийслэлийн сайн малчин болоод би их баярласан.

ӨВ УЛАМЖЛАЛАА ӨВЛӨН, МАЛЧ УДМАА ЗАЛГАМЖЛАХЫГ ЗАЛУУСТАА УРИАЛЪЯ

-Өнөөгийн залуус хэдэн малаа аав, ээж дээрээ тавьчихаад, хот суурин газар амьдрахыг чухалчлах болсон. Үеийнх нь малчид тэгээд явчихаар танд ямар санагддаг вэ?

-Үнэхээр харамсалтай санагддаг. Өв уламжлалаа хадгалж, ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх учиртай хүмүүс нь залуус бид. Хэдэн малаа зараад, аав, ээждээ үлдээгээд явсан залуу малчин олон. Малчин бүхэн тэгээд яваад байвал хэн мал маллаж, өв соёлоо тээгээд явах билээ, тийм ээ.

Малчдын залгамж халаа муудсаар байгаа нь харамсалтай. Ажилгүй залуус хотод зөндөө байгаа. “Юу хийх вэ, яах вэ. Ажил олдохгүй нь” гээд явж байхаар хөдөө гараад, мал маллаасай. Хөдөө сайхан амьдарч болж байна, өв уламжлалаа өвлөн, малч удаа залгамжилж явахыг залуустаа захья.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-26 20:32

М�##� м�##�лах билчээр �##�га байна шдээ дандаа энэ хүн шиг билчээр т�##�х�##�аад сууж байгаа юмнууд л байгаа ой модонд м�##� оруулж билчээгээд ойн нөхөн сэргэх ургах явцыг үгүй хийж суугаа хүмүүст өргөмлөл урамшуул�##�аар шагнуулах юм эх оронч байлдаа хөгшүүд үхэж байж з�##�уучуудад м�##� м�##�лах орон зай гарна өөр ямарч билчээр байхгүй болсон монгол орон цөлжиж байгаан м�##�чид холбоотой гэж дүгнээд байхад м�##� м�##�лах хүнгүй боллоо гэхийн ургам�##� ургахгүй газар з�##�уучууд хаана нь м�##�чин болохуу

Зочин
Зочин
2021-03-27 20:26

баярл�##�аа гэж хэлье дээ, м�##� м�##�лах хүн олдохгүй байна, м�##�чин Монголын удам бүү тасраасай.......

Back to top button