Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад 1 жилийн ял оноолоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.
Тэгвэл Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хаалттай хянан хэлэлцсэн юм.
Улмаар Дээд шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ. Ганцхан заалтыг өөрчилсөн нь Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаагч О.Бархасбадийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байсныг үндэслэлгүй байна гэж үзэж, дахин шалгуулахаар буцаажээ.
Улмаар Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал, Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оногдуулсан байна. Ү.Отгонбаярт 1 жил, С.Баяр, Ж.Бөхгал нарт 2 жил, О.Бямбажавт торгуулийн ял оноолоо.
Т.Чимгээгийн өмгөөлөгч Оюунцэцэгийн хэлснээр Дээд шүүхийн шийдвэр ингэж гарснаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар холбогдсон хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянах боломж нээгдэж байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.