Нийгмийн

Жозеф Конрадын "Харанхуйн зүрх” тууж орчуулагджээ

Английн модернист урсгалын эцэг, тухайн цаг үеийнхээ хамийн олон уншигчидтай Жозеф Конрадын онцлох бүтээл "Харанхуйн зүрх”-ийг Монголчууд эх хэл дээрээ унших боломжтой боллоо.

1899 онд Конрад Бельгийн колони Конго улсад очсон бодит туршлаган дээрээ үндэслэн уг туужаа бичсэн юм.

Тэрээр Английн худалдааны хөлгийн ажилтны хувиар колоничлолд гар бие оролцож байсан ч тухайн үеийн ихэнх европчуудын адилаар сөрөг талыг нь хараахан олж хараагүй байжээ. Харин 1890 онд Бельгийн нэгэн худалдааны компанитай гэрээ байгуулж Бельгийн колони Чөлөөт Конго улсад уурын онгоц дээр ажиллахаар болсон аж.

Хэдийгээр Конрад дөрөвхөн сар л Конгод амьдарсан ч колоничлолын үнэн төрхийг олж харсан. Тухайн үед Конго улсыг Бельгийн засгийн газар бус Леопольд II хаан захирч, уугуул ард иргэдийг тамлан хэрцгийлж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан. Европ даяараа колоничлолыг соёлжуулан иргэншүүлэх ажил хэмээн харуулдаг ч үнэн хэрэгтээ эрх мэдэл, эд баялгийн төлөө колони улсыг дээрэмдэж, өнгөт арьст нутгийн иргэдийг харгис хэрцгийгээр дарангуйлж буйг тэрээр өөрийн нүдээр харчээ.

Үүнээс хойш найман жилийн дараа үзэж харснаа зохиол болгон буулгаж Харанхуйн зүрх хэмээх хагас намтарчилсан туужаа бичсэн аж.

Өдгөө тус тууж Английн уран зохиол дотроос хамгийн олон хүн уншиж, цаашлаад хамгийн ихээр тайлбар хийгдэж, хэлэлцэгдсэн зохиол болжээ.

Уг тууж XX зуунд туйлын их нөлөөтэй болсонд өөр нэгэн шалтгаан бий. Учир нь түүний бичсэн шиг Европын империализм, колоничлолыг шүүмжилсэн, гэрчилсэн ийм хүчтэй зохиол одоог хүртэл бичигдээгүй бөгөөд нэг зуун жил өнгөрсөн ч энэхүү зохиолыг хүмүүс шимтэн уншсаар байна.

Конрадыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн зарим нь шүүмжилдэг бол зарим нь тийм биш хэмээн өмгөөлдөг. Учир нь тус зохиолд нутгийн уугуул иргэдийг европчуудаас бүхий л талаар доогуур, соёлгүй бүдээлэг, хоцрогдмол хэмээн дүрсэлсэн. Түүнийг буруутгагчид түүний зохиолоос эргэлзээгүй арьсны өнгөөр ялгаварлах үзлийг олж хардаг бол өмгөөлөгчид нь тухайн үеийн зохиолчдыг одоогийн зохиолчдыг үнэлдэг үнэлэмжээр дүгнэж болохгүй хэмээдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button