СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Зам хааснаас болж малчид ноолуураа тушааж чадахгүй, ченжүүд орлогогүй болжээ

 “-Ноолуур авч байгаа юу?

-Хаанахын ноолуур вэ?” хэмээн “Эмээлт” захын ноолуурын ченжүүд бидний асуултад асуултаар хариулан угтлаа. Жил бүрийн энэ цагт “Эмээлт” захын бүх хашааны үүдэнд “ноос, ноолуур авна” гэсэн бичигтэй самбар “жагсаж” байдагсан. Харин энэ удаа тоотой хэдхэн самбартай таарах нь тэр.

“Их хүрд” гэсэн самбартай хашаа руу орвол, өнгө өнгийн шуудайтай ноолуурыг машины чиргүүл дээрээс буулгаж байлаа. Шар, ногоон, цагаан шуудайг задартал нь ноолуур чихжээ. Залуус ноолуурыг жинлэж, бичих байх зуур ченж М.Батбаяртай бид цөөн хором ярилцлаа.

НООЛУУРЫН ЧЕНЖ: НЭГ КИЛОГРАММЫГ НЬ 135-136 МЯНГААР АВСАН Ч ҮЙЛДВЭРҮҮДЭД 125 МЯНГААР ЗАРААД ШАТСАН

Тэрбээр “Ах нь Орхон аймгийн хүн. 20 гаруй жил ноолуур авч байна. Энэ жил Булган аймгийн Бүрэг, Орхон аймгийн малчдаас ноолуур авсан. 5 тонн ноолууртай ирлээ. Маргааш ноолуураа шинэ шуудайнд ахин савлана. Тэгээд үйлдвэрт аваачиж өгнө дөө. Гурван сард малчдаас 12 тонн ноолуур авсан. Нэг килограммыг нь 135-136 мянгаар авсан ч үйлдвэрүүдэд 125 мянгаар зараад шатсан” хэмээлээ.

Цааш хөдлөн “Ноос, ноолуур авна” гэсэн самбар хадсан хашаануудаар орвол “Үнэтэй байгаа болохоор авч эхлээгүй л байна. Энэ хавийн ченжүүд хэдээр авч байна. Хот руу орох хөдөлгөөн хорьчихсон байгаа болохоор малчид авчирч өгөхгүй, бид ч очиж авч чадахгүй байна. “Эмээлт” захыг тойрсон малчид л авчирч өгч байна. Хөдөөний малчид утсаар ярьж, ханш л их асуух юм. Манайх авахгүй байгаа” хэмээн ярьцгааж байв.

Мөн “ноолуур авна” гэсэн самбар хадсан тодорхой цэгүүдээс гадна, ноолуур авч буй машинууд байлаа. “Булган тамир” төвийн гадна ноолуур авна хэмээн зогсож буй гурван машины жолоочоос хэдээр авч байгааг нь асуувал, “Хэдэн килограмм, хаанахын ноолуур байгаа вэ? 110 мянгаар авч байна” гэлээ.

НООЛУУРЫН ЧЕНЖ: ЦАГААН САРЫН ҮЕЭР МАЛЧДАД МӨНГӨӨ УРДЧИЛААД ӨГЧИХДӨГ

Бид ноолуур авч буй цэгүүдийн хаалгыг татсаар ченж О.Энх-Мөнхтэй уулзлаа. Тэрбээр бидэнтэй элэн далангуй ярилцав.

-Ноолуур хэдээр авч байгаа вэ?

-110-120 мянгаар авч байна. Зүүн аймгуудын ноолуур хамгийн чанартай нь.  Гарцнаас нь хамаараад ханш нь өөр, өөр байдаг.  Сүхбаатарын ноолуур Дорнод, Хэнтийн ноолуурын чанарт хүрдэггүй юм. Номер нэг ноолуур Дорнодынх. Дараа нь Хэнтий, Хөвсгөлийн ноолуур орно.

Миний хувьд Цагаан сарын үеэр малчдад мөнгөө урдчилаад өгчихдөг юм. Нэг ёсондоо бид чинь түншүүд. Малчдаас махыг нь ч авдаг.

-Малчид таныг андахгүй, мөнгө зээлж байхыг бодох нь ээ малын түүхий эд аваад олон жил болж байгаа бололтой?

-Тийм ээ олон жил болж байна. 1994 оноос хойш малын түүхий эд авч байгаа. Гэхдээ би ганцаараа ч танилтай юм биш. Бүх ченжүүд л танилтай. Бид яг л банк гэсэн үг.

-Та аль, аль аймгийн малчид руу мөнгө шилжүүлсэн бэ. Орон нутгаас ноолуураа хэзээ татаж авах вэ?

-Дорнод аймгийн малчдаас 4 тонн, Хэнтий аймгийн малчдаас 2 тонн ноолуур худалдаж аваад, аль хэдийнээ таталт хийчихсэн. Малчдаас нэг килограммыг нь 140 мянгаар авчихсан байсан ч ханш нь 120 мянга болсон. Мөнгөөрөө шатахгүйн тулд ОБЕГ-т хүсэлт тавьж байж татаж авсан л даа. 6 тонн ноолуурыг маань хятад хүн авсан. Яахав амиа барьсан. Хохирол амсаагүй. Удахгүй Дорноговь аймгийн малчдаас ноолуураа татна. Мөнгөө урьдчилаад өгчихсөн байгаа.

-ОБЕГ хүсэлтийг тань хэд хоногийн хугацаанд шийдэж өгсөн бэ?

-Өөрсдийнх биш ээ, нэг том компаниар хүсэлт гаргуулж, явуулсан. 2-3 хоногийн дотор шийдэж өгсөн. Уг нь нийслэл рүү хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг оруулж байгаа ч Хятадууд 300-400 тонноор нь ноолуур аваад чөлөөтэй орж ирээд л байна. Гэтэл монголчууд нийслэлээсээ гарах, нийслэл рүүгээ орох боломжгүй хоригдсон. Манай ноолуурын зах зээл мөнгөтэй хятадуудын гарт байна шүү дээ. Ченжүүдийн авсан ноолуурыг Монгол үйлдвэрүүд нь ч авч чадахгүй байна.

Одоо хятадууд ноолуурын ханш унахыг нь хүлээж байгаа. Унахаар нь авна. “Эмээлт” дээр ноолуур авч байгаа ченжүүд бид чинь монголчууд байгаа шүү гэдгийг Хятад ченжүүдэд харуулахыг хичээдэг хүмүүс юм шүү дээ.

-Цаашдаа ноолуур ханш хэрхэн хэлбэлзэх бол?

-Дэлхийн зах зээл ямар байна. Түүнээс л хамаарна. Уг нь тогтвортой бол малчдад хэрэгтэй. Ханш нь савлаад байхаар малчдаас илүү ченж нарт хэцүү байдаг. Бид бэлэн мөнгөөр тоглож байгаа. Харин малчид малаас гарсан ашиг шимээр тоглож буй. Энэ чинь хоёр ялгаатай зүйл.

Түүнтэй уулзаж, ярилцсаны дараа бид 20 гаруй жил ноолуур авч буй ченж Ц.Эрдэнэбаттай уулзав. Ноолуур бууж байхад нь очсон хэдий ч тэрбээр бидэнтэй цөөн хором ярилцлаа.

НООЛУУРЫН ЧЕНЖ: МОНГОЛ ҮЙЛДВЭРҮҮД ЧЕНЖ НАРААСАА НООЛУУР АВДАГГҮЙ. БИД ХУЖАА НАРТ Л ӨГДӨГ

“Ноолуурын ханш 125-130 мянгын хооронд л хэлбэлзэж байна. Аймаг, аймгаасаа хамаарч байгаа. Манайх Зүүн аймгийн ноолуурыг 155 мянгад авч байсан. Одоо 135 мянгаар авч байна. Зүүн аймгийн ноолуур хамгийн чанартай нь. Номер нэг. Харин баруун аймгийн ноолуурыг 120 мянга, төвийн аймгуудыг ноолуурыг 120-125 мянгаар авч байна.

Би энэ жил гуравдугаар сарын 15-наас эхлэн ноолуур авч эхэлсэн. Дорнод, Сүхбаатар аймгуудаас ноолуур авсан. Хаана шороо багатай ноолуур байна. Түүнийг л авахыг зорьдог. Цас их орсон жил Дорнодын ноолуур их гоё байдаг. Шороо багатай”.

Ийн ярьж байх зуураа тэрбээр “Хар л даа, шороо байхгүй ноолуур” гэж хэлээд хажуу бөөр нь цоорхой шуудайнд буй ноолуурыг цохиж үзүүлэх нь тэр.

Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол үйлдвэрүүд ченж нараасаа ноолуур авч болно. Даанч Монгол үйлдвэрүүд ченжүүдээс авдаггүй байхгүй юу. Хэрэв Монгол үйлдвэрүүд “Танаас ноолуур авъя. Сайн чанарын ноолуур бэлдээд өг” гэвэл бид дуртайяа л зөвшөөрнө. Даанч тэгдэггүй.

Бид ашгаа боддог бол 100, 110 мянгаар авбал авна. Гэхдээ бид тэгээгүй. Бид 120, 150 мянгаар аваад хужаа нарт шахаж чадаж байна. Монгол үйлдвэрүүд өнгөрсөн жил аваагүй. Бид хужаа нарт л өгсөн” гэв.

Тэрбээр мөн “Эмээлт” захтай ойрхон байдаг малчид бага, багаар нь ноолуураа авчирч өгч буйг онцоллоо. Ханш нь уначихвий гэсэн айдастай л байгаа бололтой. Малчдын зарим нь самнасан ямааныхаа ноолуурыг өдөр, өдөрт нь тушааж байгаа гэнэ. Нэг килограммаар нь ч өгдөг юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Ченжүүд мөнгөгүй бна гэдэг ойлголт байх уу? М####чид хоолгүй хононо гэж байх уу? Жирийн иргэд барилга дээр ажиллаад, гудамж цэвэрлээд зовлон тоочихгүй амьдраад л бна…

  2. Ноолуур монголд ямар ашиг өгөөд байгаа юм бэ баахан үр дүнгүй мөнгө зарцуулаад ямаатнууд архидаад л өнгөрдөг санагдах юм ноолуураар гоёсон монгол хаач бхгүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button