Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Импортыг орлох ажил хэрэгч хувцас үйлдвэрлэхээр 13 жил зүтгэж буй “Өв” брэнд

-АНХ УДАА...-

Биед эвтэйхэн, өнгөлөг, загварлаг гээд тодотгох зүйл их. Өмсөх үеийн мэдрэмж таатай байсан тул эрхгүй үйлдвэрлэгч рүү нь анхаарал чиглэв. Гэвч оролдого хийж амжихгүй явсаар сая утас цохилоо. Эмэгтэй хүний зөөлөн хоолой сонстов. Үл ялиг өөртөө итгэлгүй, эргэлзсэн өнгөөр яриа өрнөв. Ингэж бид уулзах өдөр, цагаа товлосон юм. Хоёул өглөө эрт уулзах дээр санал нэгдэж, утсаа тасаллаа.

Урт цагааны ачаалал ихтэй замаар явсаар “Хос Эрэл” ХХК хэмээх даруухан хаягтай жижигхэн цагаан байранд уулзав. Дотор орвол шилэн хаалгатай өрөөнд гоёмсог цагаан хана угтав. Хувцасны материал, эсгүүрийн ширээ. Гэвч амттан өрсөн жижигхэн ширээний ард давчидсан, магадгүй маш их сэтгэлээ шингээсэн эмэгтэй хүлээн сууна. “Яана аа эгч нь анх удаа яриа өгч үзэж байна. Алдаа гарвал миний дүү зөвлөөрэй. Би яаж суух вэ. Ингэвэл зүгээр үү” гэсээр эвээ олон суув. Яриа эхлэв. Гэхдээ сандрал байсаар....

Бидний яриа ингэж эхэлсэн юм. Даруу, бас анх удаа камерт ярьж байгаа гэхэд чамлалтгүй сайн. Гэвч харилцан яриагаа нийтлэл хэлбэрээр буулгахаар шийдсэн минь энэ.

Ээжийнхээ мэргэжлийг өвлөж, оёдлын салбарт 13 жил ажилласан туршлагатай Өв/Uv брэндийн үүсгэн байгуулагч Хүүхэн овогтой Баянцэцэгийг бид энэ удаа онцоллоо. Хүүхэд байхын л оёдлын салбартай ойр өссөн учир загварын ертөнцөд өөрийн мөрийг гаргах, зорилгоо бодит болгохын төлөө чимээгүйхэн мэрийсээр иржээ.

Х.Баянцэцэг Дархан-Уул аймагт төрж өссөн. Хүүхэд байхын л ээжийнхээ эсгэсэн даавуунаас үлдсэн өөдсийг нийлүүлж хүүхэлдэйндээ хувцас оёх, дунд сургуульдаа үйлчлэх хөдөлмөрийн хичээлдээ маш дуртай байжээ. Тиймээс ч ерөнхий боловсролын 18-р сургуулийг дүүргэснийхээ дараа 2005 онд Улаанбаатар хотод ирж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцан төгссөн байна.

Оюутан байхдаа хань Ганбаатарын Мягмаржавтай танилцаж, хоёул сургуулиа төгссөнийхөө дараа өөрийн зорилго мөрөөдлийн дагуу мэргэжлээрээ ажиллацгаажээ. Түүний хань “Хүнсний технологич” мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллахын сацуу ханийнхаа хүсэл мөрөөдлийг дэмжиж, ард нь асаалттай танк мэт дэмжсээр иржээ. Улмаар хосууд 2012 онд “Хос Эрэл” ХХК-иа байгуулж, ажлын, хөдөлмөр хамгааллын хувцсыг хийж эхэлсэн байна. Х.Баянцэцэг энэ тухайгаа дурсахдаа: /Багахан сандрал, айдас байв/

-ХУРИМТЛУУЛСАН ХӨРӨНГӨ ОЁДЛЫН МАШИН. ГЭХДЭЭ...-

“Оёдлын салбарт ажиллах чин хүсэл байсан ч яг аль чиглэлээр ажиллахаа мэдэхгүй, бүхий л салбар руу ханийнхаа хамт зүтгэсэн. Ингээд компаниа байгуулсны дараа ажлын, хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж эхэллээ. Хэдий жижиг үйлдвэрлэл ч гэлээ олон улсын цаашлаад дэлхийн стандартыг баримталж, технологийг нь хувцастаа шингээхийн төлөө судалсаар, хэрэгжүүлсээр ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд үргэлж шулуун дардан замаар явж ирсэнгүй. Хүндрэл бэрхшээлүүд бүгд л ирж байсан. Гэвч тэр бүрийг даван туулж, өдгөө жилдээ 10-30 мянган хувцас үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрлэлтэй болсон” хэмээв. Түүний туулж ирсэн бэрхшээл, шалгуур нүдний харцнаас шууд мэдрэгдсэнийг нуух юун. Энэ хооронд “Миний дүү чихэр ид, анх удаа зурагт орсон их сонин юм байна шүү. Эгч нь болж байна уу”. Ингэсээр түүний брэндээ үүсгэн байгуулсан, ханьтайгаа танилцсан түүхийг би шимтэн сонсоно.

Хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэх технологио сайжруулсаар өргөн хэрэглээний хувцас тэр дундаа “Ажил хэрэгч хувцас үйлдвэрлэх” санаагаа олжээ. Монгол хүний биеийн онцлог бүтэц өөр тул тэр бүрт уусаж, аль болох эвтэйхэн басхүү материал сайтай хувцас үйлдвэрлэж, түүнийгээ дэлхийн зах зээлд нэвтрүүлэхийг хүснэ. Гэвч зах зээл чанга, шинэлэг зүйлсийн нэг байсан. Өнөөгийн “Өв брэнд”-ээрээ залуус цалингийнхаа 10-20 хувиар ч болов хямд, басхүү чанартай хувцас аваасай гэж хүснэ. Мөрөөдөл алхам алхмаар ахиж, туршлага төдий хэрээр нэмэгдсээр...

-2012-2021 ОН-

Энэ хугацаа тэдний хувьд амьдралаа босгохын төлөө хөдөлмөрлөж, өглөөнөөс орой болтол судлах, ажиллах, бизнесийн чиглэлд цаг наргүй зүтгэсэн үнэт хугацаа байв. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд төрөл бүрийн оёдлын машин, техникийг цуглуулжээ.

“Би 13 жилийн хугацаанд оёдлын машин л цуглуулсан. Нөхөр маань хүртэл намайг унадаг машинаас үнэтэй оёдлын машинтай гэж хэлдэг” гэж тэрбээр ярив. Ийнхүү 2012 онд үйлдвэрээ нээсэн цагаас хойш үйлдвэрлэлийнхээ хажуугаар ирээдүйн том зорилт болох өргөн хэрэглээний хувцасны брэндтэй болох мөрөөдлийн дагуу гадаадын улсуудаар явж, сургалт судалгааг авсаар байжээ. Ингэхдээ Монгол хүний бие физиологи, онцлогийг судлах гэсээр сая хугацаа өнгөрөв. Гэвч тэр хугацаа алдаа байсангүй. Тэрбээр:

“Намайг дөнгөж сургууль төгсөөд хувцас хийж байхад, эмэгтэйчүүдийн хувцасны бэлхүүсний тойрог одоогийнхоос бүдүүн, сул байсан. Гэвч одоо хувцас үйлдвэрлэх хугацаанд бэлхүүсний тойрог нарийсч, загвар хийц өөрчлөгдсөөр байна. Түүнчлэн гар утас үзэх, цахим хэрэглээнээс шалтгаалж нуруу бөгтийх зэрэг олон хүчин зүйл нөлөөж байна. Тэр бүрт загвар, хувцасны хийц өөрчлөгдөж байна. Монгол хүний хувцасны загварыг бусад Ази хүний биеийн хөгжилтэй харьцуулахад бэрх” гэв. Учир нь Ази хүний биеийн хөгжил, тэр дундаа Монгол хүний биеийн онцлог өөр болохыг онцоллоо. Өнгөц бодоход тийм байхаас арга үгүй.

Түүний ажигласнаар брэндийн бизнес эрхэлдэг олон газрын үйлдвэрлэгч залуус ихэвчлэн аав ээжийнхээ эсвэл эмээ өвөөгийнхөө үйлдвэрийг өвлөн авч, амжилттай үргэлжлүүлж байгаа нь харагдав.Гэвч тэрбээр бусдын бус өөрийн хүчээр үйлдвэрээ, цаашлаад бизнесээ хөгжүүлэх эрмэлзэл байсаар байв. Энэ хугацаанд “Өв” брэндийг үүсгэн байгуулахын тулд бүхнээ зориулжээ.

Ингээд тэр судалгаа хийж эхэллээ. Брэндээ хурдхан гаргах нь түүний гол зорилго биш байв. Түүний гол зорилго нь үйлдвэрлэсэн хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, урт хугацааны стратеги төлөвлөлтийн дагуу Монгол брэндийг дэлхийн хэмжээнд гаргах байв. Тэрээр бодож, төлөвлөсөн ажлаа, судалгаан дээрээ тун нухацтай хандаж, 2020 он гэхэд өөрийн брэндийг бий болгох үндсэн ганц зорилготойгоор урагшиллаа.

“Яагаад дотоодын бүтээгдэхүүн, хямд чанартай байж болохгүй гэж. Бид үнэ цэнээ мэддэггүй юм шиг санагддаг. Монгол брэнд дэлхийд танигдах цаг ойрхон байна. Гуравхан сая. Гэхдээ бид асар нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн үр дүнд үүнийг хийж чадна” гэж ярилаа.

Өөрийн гэсэн брэндийн бизнесээ эхлүүлэхийн тулд бүхнээ зориулсан. Энэ нь түүний арван гурван жилийн хуримтлал, туршлага.

-АРВАН ГУРВАН ЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН ГЭВЧ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ТАНИЛЦУУЛАВ-

2020 оны төгсгөлөөр өөрийн оюун санаандаа боловсруулсан төслөө буулгаж, анхны ажил хэрэгч хувцсаа үйлдвэрлэв. Худалдаанд гаргалаа. Үйлчлүүлэгчдээ ажиглаж, Монгол хүний биед хэрхэн сууж, тав тухыг хангаж чадаж байгаа эсэхийг ажиглаж эхлэв. Хэдийгээр зардал их ч, материалын чанар, хийцийг танасангүй.

“Бид заримдаа сонгосон материалдаа зориулж хувцсаа үйлдвэрлэж байсан. Учир нь манайд чанартай, загвартаа тохирсон материал сонгох нь маш чухал. Тиймээс ч загвар зохион бүтээгч нар маань эхлээд материалаа сонгож, дараа нь загвараа зохиох нь элбэг. Гэхдээ яг санасан загвартаа тохируулж материалаа сонгох нь мэдээж чухал” гэв.

Төлөвлөсөн зардал яах аргагүй өндөр гарч байсан ч тооцооллын нэг хэсэг тул шүд зуун тэсэв. Ингээд бүх туршилт дуусаж олон жилийн төлөвлөгөөний дагуу явсан бүтээгдэхүүн зах зээл дээр гарч эхлэв. 2020 оны сүүлээр анхны загваруудаа гаргахад эхний сараасаа эхлэн хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ. Гаргасан коллекцууд санаснаас өндөр тоогоор борлуулагдаж эхлэх нь тэр.

-2020 оноос анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, байнгын үйлчлүүлэгчтэй болсны нууц юу вэ?  

-Мэдээж олон жил төлөвлөсөн. Дээр нь бид онцгой загвараас ч тэр олондоо 10, цөөндөө цорын ганц загварыг гаргадаг учраас тэр юм. 13 жил төлөвлөж, санаж бодсон учир мэдээж урт хугацаандаа гарах зардал, эрсдлийг сайн тооцсон. Массаас ирж болзошгүй сөрөг хандлагад ч мөн бэлтгэлтэй байсан юм. Анх нэрээ өгөхдөө олон ч сонголтыг бодож үзсэн. Гэвч ихэнх нь зарагдсан /өөрөөр хэлбэл нийгэмд нэвтэрсэн байдаг/ юм билээ. Тиймээс ээжээс маань өв уламжлагдсан тул “Өв” брэнд-ийг сонгосон. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг юм гэх нь тэр...

-Үүсгэн байгуулсан брэндийн тань үндсэн зорилго юу вэ?

-Манай брэндийн зорилго бол хямд үнэ, чанар. Дээр нь олон улсад, цаашлаад дэлхийд дотоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилготой.

- ӨВ БРЭНД – ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН-

ФОТО: Үйлдвэрлэлийн явц:

Загвар гаргах
Эсгүүр хийх

Борлуулалт сар бүрээр өсөж, цаашид бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэл улам ихээр оргилов. Барууны хувцсыг орлохуйц ажил хэрэгч хувцас урлахын сацуу түүний мөрөөдөл нэмэгдсээр...

Тэрбээр “Хүмүүсийг харахаар цалингийнхаа бүх мөнгөөр хувцас авч байгаа харагддаг. Би түүний эсрэг байдаг.Өндөр үнээр бус боломжийн үнээр чанартай хувцас үйлдвэрлэж, хүмүүст түгээх нь чухал гэж боддог” гэв.

“Өв” брэнд сая хүмүүсийн таалалд нийцэж эхлэв. Гудамжаар өнгөрөх хүмүүсийн өмссөн хувцсыг харах бүртээ судалгаа, ажил хэрэг бодогдсоор... Брэндүүд шил шилээ даран “төрөх” болов.

-Хэдийгээр бүх зүйлийг нарийн төлөвлөж, түүнийхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөх ч алдаа оноо үргэлж амжилтыг дагаж явдаг шиг. Та юун дээр алдаж байв?  

-Яг зөв. Хүний нөөц маш чухал юм гэдгийг ойлгосон. Хэчнээн ур чадвартай байлаа гэхэд хүний хандлага маш чухал. Мянга чадвартай байлаа гэхэд сэтгэлгүй бол хэцүү. Тиймээс миний хандлага, баримталж ирсэн зарчим бол ерөөс хүний хандлага. Анх хүний чадвар, мэдлэгт тулгуурладаг байсан. Гэвч энэ буруу байсан. Гэхдээ тийм өндөр зорилгыг урдаа тавьсны хүчинд түүнд хүрэх гэж хичээсэн. Төлөвлөсөн тулдаа хурдтай байна, тодорхой хэмжээгээр алдсан тулдаа хурдан сайжирсан. Өдөр бүр зуу, зуун алдаа гаргадаг. Гэхдээ тэр алдаагаа цаг тутамд засаж сайжруулаад явах ёстой. Түүнчлэн би бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж үйлдвэрлэх явц, процест анхаардаг. Тиймээс төдий хэрээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдэд маш их хөрөнгө оруулсан. Гэвч алдаа байгаагүй. Бид мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр байна....

-Бизнес хийж эхэлсэн 10 жилийн хугацаанд та өөртөө ямар шаардлага тавьж, урагшилсан бэ?

-Би маш зарчимч. Дандаа эмэгтэйчүүдтэй ажилладаг. Амьдрал угаас хатуу. Энэ дунд адилхан хатуу байж л үүнийг давж гарах ёстой шиг санагддаг. Вирус гарлаа, улс төр ийм байна гээд бид боож үхэх билүү. Үгүй шүү дээ, бид оршин байгаа яг энэ цаг үедээ чаддаг чаддагаа хийж л тэмцэх хэрэгтэй. Үйлдвэрийнхээ хэмжээнд бүхий л нөөцөөрөө ажилласнаар илүү сайн тэмцэнэ. Төгс гүйцэтгэл. Хөдөлмөрлөх тусам амьдрал өгөөжөө өгдөг гэдэгт би итгэдэг.

-ЗӨВ ХӨДӨЛМӨРЛӨ-

"Миний хувьд залхуу хүнд дургүй. Хөдөлмөрлө. Гэхдээ зөв хөдөлмөрлө. Гэр бүлээ, өөрийгөө гээхгүйгээр хөдөл. Төлөвлө, тооцоол, тэгээд зүтгэ. Тэгвэл цаг хугацаа биднийг шагнана” гэв.

Хөдөлмөр хүнийг үргэлж шагнадаг. Зүгээр л зөв хөдөлмөрлө...

ТАШРАМД СОНИРХУУЛАХАД: Та бүхэн таалагдсан хувцсаа "Gem Mall” худалдааны төвийн гуравдугаар давхарт байрлах "ӨВ/UV” брэндийн дэлгүүрээс болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

ВИДЕОГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-09 12:09

Ёстой гоё хувцастай шүү. Үнэ ч боломжийн

Холбоотой мэдээ

Back to top button