ДЭЛХИЙ

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг гүүрнээс дүүжилжээ

Мексикийн баруун бүсийн Микоакан мужийн Уруапан хотын гүүрнээс есөн хүний цогцсыг дүүжилж, замын хажууд 10 хүний цогцсыг мөчлөн орхисныг цагдаа нар олжээ.

Хар тамхины картель зориудаар ийм аймшигт үзүүлбэр зохион байгуулж, өрсөлдөгч бүлэгт анхааруулга өгсөн аж. Гүүрэн дээр үлдээсэн бичээсээс харвал Мексикт хүчээ аваад буй Халисто картель аллагыг үйлдэж, өрсөлдөгч Виаграс бүлэгт хаягласан байна.

2006-2012 онд Мексикт болсон хар тамхины картелиудын дайны үеэр ийм үзэгдэл түгээмэл байжээ.  Картель хоорондын дайн дахин эхлэх аюул ойртсоныг энэ явдал харуулж байгааг тус улсын хуулийнхан анхааруулжээ. Ялангуяа Халисто картель сүүлийн үед өрсөлдөгчид болон засгийн газрыг янз бүрийн аргаар сүрдүүлэх нь нэмэгдсэн аж.

Тавдугаар сард “CJNG” (Халисто бүлгийн бүтэн нэрийг испани хэлээр бичсэн товчлол) гэсэн бичигтэй машинуудын цуваа Микоакан мужийн Замора хотын гудамжаар шөнө явахдаа цагдаа нар руу гал нээж, хэд хэдэн албан хаагчийг хөнөөж, шархдуулсан байв.

2012-оос 2015 оны хооронд Мексикт гарсан аллагын тоо огцом буурахад олон хүн баярлаж байв. Гэвч өнгөрсөн оноос дахин сэргэж эхэлжээ. 2019 оны эхний хагаст Мексикт нийт 17,608 аллага гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button