ДЭЛХИЙ

ФОТО: Суданчууд эрх чөлөө нэхлээ

Судан улсын нийслэл Хартум хотод болж байгаа иргэдийн тэмцлийн үйл явцыг сэтгүүлч Ола Алшейх гэрэл зурагт буулгажээ. Дээрх зурагт буй эмэгтэй гар дээрээ “зүгээр л огцор” гэсэн утгатай бичээсийг шивүүлсэн нь харагдана. Энэ бол засгийн газраа болон ерөнхийлөгч Омар Ал-Баширыг огцрохыг шаардаж буй тэдний тэмцлийн илэрхийлэл.

Иргэдийн суулт өнгөрсөн Бямба гарагт эхэлсэн бөгөөд, тэд цагдаа хүчний байгууллагыг бүү саад болооч хэмээн уриалж байна. Зурагт харагдаж буй гүүрнээс өлгөсөн лоозонд, “Эрх чөлөө, энх тайван, шударга ёс” гэж бичжээ.

Лоозон дээрх гурван үгийг тэмцэгчид хамтдаа нэгэн дуугаар хэлж байв. Суданчуудын тэмцэл арван хоёрдугаар сард эхэлсэн гэхэд болно. Тухайн үед тэд амьдралын өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж буйг эсэргүүцэж байсан юм. 

Иргэд “Эрх чөлөө, энх тайван, шударга ёс” хэмээн орилолдсоор шөнө дунд хүргэв. Аажмаар хүмүүс бие биендээ гар утасныхаа гэрлийг асаахыг уриалжээ. Хартумд “нар жаргасангүй”.

Шөнөдөө агаарын температур харьцангуй халуун байсан учир, өдөржин хоёр хөл дээрээ жагсаал үйлдсэн иргэд уг шөнө тэмцлийн хэлбэрээ суулт руу шилжүүллээ.

Сайн дурын хүмүүс тэмцэгчдэд уух ус, идэх хоол цаг алдалгүй хүргэсээр байлаа. Тэд өөр хоорондоо, “Ус, хоол өгч байгаад талархлаа илэрхийлээрэй” хэмээн ярилцаж байгаа нь чих дэлсэнэ.

Хурсан олны зарим хэсэгт хүмүүс нэг нэгнээ мөрөн дээрээ суулгаж дээш нь гаргаад мөнөөх уриагаа чангаар дуудсаар байв. Тэд нэг секундыг ч анир чимээгүй өнгөрүүлсэнгүй.

Өглөө болж, Даваа гараг эхлэхэд тэмцэгчид Батлан хамгаалах яам руу алхацгаав. Тээврийн хэрэгслүүдийг явах боломжгүй болгохын тулд Үндэсний Аюулгүй Алба чулуу, тоосгонуудыг тэдний замд өрж тавьжээ.

Иргэд өөрсдийнх нь эсрэг тэмцэж, ерөнхийлөгч Баширыг аюулгүй газар луу цаг тутам зөөвөрлөж буй Аюулгүй Албаныхныг шүүмжилж байлаа. Гэрчүүдийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд тэмцэгчдийг сарниулахын тулд хийн буугаар гал нээсэн аж.

Дээрх бичвэрт, “Бид бүгдээр Хамид” гэжээ. Хамт олныхоо хийж буй үйлдлээс гажиж, тэмцэгчдийг хамгаалахаар зориг шулуудсан нэгэн цэрэг шийтгүүлж шоронд хоригдсон явдлыг тус бичвэрээр илэрхийлсэн байна. 

Тэмцэгчид ганц Хартум хотоос цугларсангүй. Уг зурагт харагдаж буй хүн футболк дээрээ нийслэлээс 370 км зайд оршдог Шинэ Халфа хотоос жагсаалд оролцохоор ирсэн гэдгээ илэрхийлжээ. Иргэд мөн өнгөрөгч саруудад тэмцлийн явцад амь насаа алдсан хохирогчдын нэрийг чангаар дуудаж байв. 

Дээрх зурагт харагдаж буй эмэгтэй Ахмед ал-Хейрийн зургийг гартаа барьжээ. Энэ хүн бага сургуулийн багш, цогтой тэмцэгч нэгэн байсан агаад хоёрдугаар сард баривчлагдаж, хорионд байхдаа нас барсан юм.

Даваа гарагийн үдэш болоход эрх баригчид тэмцэгчдийг явах газаргүй болгон хаших даалгаврыг хүчнийхэнд өгчээ. Улмаар Хартум хотын төвд иргэд гүүрийн ойролцоо цугларч, “Бид шөнийн ээлжиндээ гарлаа” хэмээн хашгирч эхэлсэн юм.

Тэмцэгчдийн шаардлагыг хүлээж автал жагсаал цуглаанаа зогсоохгүй гэж тэд хэлж байв. Уг зураг дээрх хар даавуун дээр,  “Бид тэмцэхээр гудамжиндаа жагсацгаалаа, одоо та нарын ээлж – #зүгээр л огцор” гэж бичжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button