НИЙГЭМ

“Ажил дээр нь ханьдаа гэрлэх санал тавин, бөгжөө зүүж өгөхдөө үнэхээр их сандарч, догдолсон”

Би чамд хайртай. Надтай гэрлээч.

Нээрэн яриад байгаа юм уу.

Цар  тахалтай тэмцэх галын шугаманд ажиллаж буй нэгэн бүсгүй ажлын байран дээрээ ханиасаа гэрлэх санал хүлээж аваад баярлан, итгэж ядан, ичингүйрэн байгаа нь энэ. Амьдралынхаа хамгийн мартагдашгүй мөчийг өвөрмөцөөр бэлдэн, хайрт бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьсан түүнийг М.ЭнхАмгалан гэдэг.

Амьдрал эгэл тусмаа сайхан. Аз жаргал зөвхөн “хайртай” гэсэн үгээс бус нэгнээ баярлуулах сан гэсэн сэтгэлээс, энгийн зүйлээс ч эхэлдгийг үлгэрлэн, олны хүндлэлийг хүлээгээд буй романтик түүнтэй ярилцлаа.

Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Мөнхжаргалын Энх-Амгалан, ханийг минь Энхжаргалын Алтантуяа гэдэг. Манайх Хэнтий аймгийн Норовлин суманд амьдардаг. Би энд төрж, өссөн. 2006 онд нутгаасаа яваад, 2016 онд ханьтай, охинтой болоод буцаж ирж байлаа. Тэр жил хань минь их сургуулиа их эмч мэргэжлээр төгсөн, Норовлинд ирснээсээ хойш энд ажиллаж байна.

Олонх хүн гэрлэх саналыг гэртээ, ресторонд, зугаалгаар явж байгаад юм уу ихэвчлэн тавьдаг. Ханиа яг ажлаа хийж байхад нь, ажлын байран дээр нь очоод гэрлэх санал тавих санаа танд хэрхэн төрөв?

-Өмнө нь монгол уламжлалынхаа дагуу ханиа гуйгаад авсан ч гэрлэх санал тавиагүй байсан юм. Хань минь өнгөрсөн намар мэргэжил дээшлүүлэхээр сурсан. Хол байхаар нэгнээ улам их санаж, үгүйлдэг юм билээ.

Би анх ханьтайгаа танилцан, хүүхэдтэй болоод “Хүүхдийнхээ төлөө амьдаръя. Юм юмаар дутаахгүй өсгөх юм сан” гэж бодож байлаа. Хоёр хүүхдээ л гээд, эхнэрээ орхигдуулаад байснаа өнгөрсөн намар гэнэт анзаарсан юм. Тэгээд ханьдаа гэрлэх санал тавихаар шийдсэн юм.

Хань минь Норовлин сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. Дөрөвдүгээр сарын эхээр ажил дээр нь очоод санал тавъя гэж бодож байлаа. Ханьдаа бөгж, бусад хэрэгтэй зүйлээ хот руу захив. Яг захиад авах гэсэн чинь эхнэрийнхээ хурууны размерыг нь мэддэггүй ээ. “Миний хайр хэдэн размерын бөгж зүүдэг билээ” гээд асуултай нь биш. Баригдчихна (инээв). Ажлынх нь газрын хүнтэй хуйвалдаж байгаад мэдсэн.

Яг ажил дээр нь очоод гэрлэх санал тавих гэж байтал манай суманд вакцинжуулалт эхэлчихсэн. Вакцинжуулалтыг эмнэлэг дээр бус өөр газар хийхээр болов. За, хурдан гэрлэх санал тавих сан гэж яараад, төлөвлөчихсөн байсан би ёстой их сандарсан. Хэд хоног хойшлуулахаас өөр аргагүй болов. Тэглээ гээд хүлээж тэсээгүй. Халдвар, хамгааллын дэглэмийг нь баримталж, албаныхнаас зөвшөөрөл аваад, ханьдаа санал тавилаа.

1 хүн, үс, зогсож байгаа болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно

Бэлдэх хугацаанд хань нь ямар нэгэн сэжиг авсан уу?

-Ёстой мэдээгүй.

Гэрлэх санал тавихаасаа өмнө хүнээр дамжуулж захидал өгсөн гэсэн. Захидалдаа юу гэж бичсэн бэ?

-Таньдаг хүмүүсээ гуйн, хуйвалдаж байгаад Шүүхээс ирж буй мэт харагдахаар бичиг хийн, хань руугаа явуулсан юм, эхлээд. Тэр бичигт “Иргэн Энх-Амгалан Алтантуяаг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гуйн, гэрлэлтээ батлуулсан тул гэм бурууг нь олон нийтэд илчилнэ” гэсэн утгатай зүйл бичсэн юм. Гаднаас нь харахад яг л Шүүхээс илгээсэн албан бичиг шиг. Дотроо тийм зүйл бичсэн байв. Яг гэрлэх санал тавихаар орохынхоо өмнө ажлынх нь хүнээр дамжуулж өгсөн юм. Хань минь “Хэнтий аймгийн Шүүхээс бичиг ирж” гээд нэлээд гайхсан, сандарсан. Яг тэгээд сандарч байхад нь би ороод гэрлэх санал тавилаа.

Би үнэхээр их сандарч, догдолсон. Бөгжөө зүүж өгөөд, ханиа тэврэхдээ үнэхээр их аз жаргал мэдэрлээ. Хотоос найзууд сонгож өгөөд, явуулсан бөгж ханьд минь таарсан эсэхийг тухайн үед анзаараагүй.

Том охин минь зургаан настай. Хотоос захисан бөгж ирчихсэн байхыг хараад “Энэ юу вэ” гэхээр нь “Аав нь ээжид нь гэрлэх санал тавих гэж байгаа юм” гэсэн. Одоо бичлэгээ үзэх бүрд үнэхээр гоё санагдаж байгаа. Охин минь “Аав аа, дахиад үзье” л гээд сууна.

2 хүн, үүнд М. Энх-Амгалан Амгаа болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Гэнэтийн бэлэг барин, гэрлэх санал тавихад хань нь юу гэсэн бэ?

-Би ханьдаа энэ сарын 10-нд гэрлэх санал тавьсан юм. Дараа нь би гэртээ хариад, хань минь ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Өчигдөр (энэ сарын 10) манай хүний ажил нэлээд оройтож дууссан, 24.00 цагийн үед гэртээ ирсэн. Өнөө өглөө (энэ сарын 11) 07.00 цагт ажилдаа явсан. Одоохондоо энэ талаар ярилцаж амжаагүй явна.

Нээрэн өмнө нь би ханьтайгаа хамт кино үзэж байгаад “Кино театрт ингэж  гэрлэх санал тавьбал чи яах вэ” гэж асуухад “Мэдэхгүй ээ. Ийм санал авч үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэсэн юм. Тэгж хэлэхэд нь “Нээрэн би ханьдаа гэрлэх санал тавьбал их баярлана даа” гэж бодсон.

Норовлин суманд цар тахлын нөхцөл байдал хэр байна вэ. Хань нь хэр ачаалалтай ажиллаж байгаа вэ?

– Манай суманд халдвар илрээгүй, ногоон бүс хэвээрээ ч ачаалал их байгаа. Үндсэн ажил нь байна, хажуугаар нь тандалт судалгаа хийнэ, одоо вакцинжуулалт гээд манай хүний ажил ар араасаа ёстой ундарч байна. Манайх хоёр охинтой. Бид гурав ханийнхаа арыг нь даадаг.

-Өнөөгийн залуус Улаанбаатар хотод, аймгийн төвд амьдрахыг чухалчлаад, хөдөө нутаг, сумын төв нэлээд эзгүйрч байгаа. Та хоёр цаашид Норовлин сумандаа амьдрах уу?

-Бид хоёр их сургуулиа төгсөн, Норовлин суманд очихдоо “Хоёулаа том охиноо сургуульд ортол энд ажиллая. Зургаан нас хүрэхээр нь аймгийн төв рүү нүүе” гэж ярилцаж, төлөвлөсөн юм. Одоо энэ намар охин маань сургуульд орно. Тиймээс энэ намар Хэнтий аймгийн төв рүү нүүнэ, ажлаа зохицуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button