Нэгэн залуу хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан дотроо, чингэлэг дээр зогсож байгаад тоглолт хийсэн нь олны талархлыг ихэд хүлээгээд байгаа билээ. Цар тахалтай, хаана хаанаа хүнд байгаа энэ үед хөршүүдийнхээ сэтгэл санааг дэмжин, баярлуулж, стрессийг нь тайлсан түүнийг Ө.Пүрэвжаргал гэдэг.
Хөршүүд нь түүний цаг гаруйн тоглолтыг уйлж, дуулж, догдлон сууж үзсэн гэнэ. Урлагт, дуу хөгжимд үнэнхүү хайртай, дуртай, гудамжны урлаг (Street art)-ийг Монголд хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа түүнтэй ярилцлаа. Тэрбээр “Univers best songs”-т оролцохдоо шилдэг 15-д шалгарсан авьяаслаг нэгэн.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Өлзийтийн Пүрэвжаргал гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, Улаанбаатар хотод өссөн. 32-ын тойргийн хүүхэд. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Социалогич мэргэжилтэй. Монголын адвентист чуулганы номлогч.
Урлаг, дуу хөгжимд үнэхээр дуртай, хайртай. Ээжийг минь Цээнээ гэдэг. Их сайхан дуулдаг, дуурийн дуучин мэргэжилтэй хүн бий. Залуудаа Эрдэнэтийн чуулгын дуучин байсан. Ээжийнхээ авьяасыг өвлөсөн хүн дээ, би. Гудамжны урлагийг Монголд хөгжүүлэхийг зорьж яваа жирийн нэгэн залуу.

-Хөршүүддээ зориулан хашаан дотроо тоглолт хийсэн нь Гудамжны урлагийн нэг хэлбэр мөн үү. Хөл хориотой, цар тахалтай байгаа энэ үед хөршүүдийнхээ стрессийг тайлах санаа хэрхэн төрөв?
-Би 32-ын тойргийнхоо энд дуулах юм сан гэж бодоод л яваад байсан юм. Өнгөрсөн жил худаг дээр дуулсан. Тухайн үед хорио цээргүй байсан тул их олон хүн үзсэн. Гудамжны урлагийн нэг хэлбэр л дээ. Хөл хорио тогтоосны дараа “Хөршүүд маань бухимдалтай, сэтгэл санаа нь хүнд байгаа байх, стрессийг нь сайхан тайлаад өгье” гэж бодоод дууллаа. Хашаан дотроо, чингэлэг дээр зогсож байгаад дуулсан юм.
Халдвар авсан, ажил нь зогссон, ойрын хавьтал болсон, эдийн засаг хүндэрсэн гээд олон олон шалтгааны улмаас хүмүүс бухимдалтай, хүнд нөхцөлд байгаа шүү дээ. Тиймээс хөршүүдээ сэтгэл санаагаар дэмжих, баярлуулах, стресс бухимдлыг нь нэг өдөр ч болтугай мартуулах, тайвшруулахыг хүссэн, зорьсон юм.
Уг нь ямар нэгэн лайв, бичлэг хийхгүй гэж бодсон. Манай эхнэр тоглолтын үеэр хэдэн минут лайв хийчихсэн байна лээ. Тэр бичлэг хүмүүст их хүрч, цахим орчинд түгэж байна. Ёстой санамсаргүй юм боллоо. Хөршүүдийнхээ сэтгэл санааг дэмжье гээд л дуулсан надад өөрийгөө рекламдах бодол байгаагүй юм шүү.
-Дуу өсгөгч зэрэг тоног төхөөрөмжүүдээ хэрхэн бэлдэв. Чамгүй бэлтгэл ажил шаардсан нь ойлгомжтой.
-Эхнэр маань надад энэ гитарыг бэлэглэсэн юм. Энэ дуу өсгөгч 3.2 сая төгрөгийн үнэтэй. Би үнийг нь дийлэхгүй. Нэг хүн ивээн тэтгээд, надад авч өгсөн юм.
-Тоглолтыг нь хэр олон хүн үзэв?
-Мэдээж ийм тоглолт хийхэд хөршүүдийнхээ санал, бодлыг харгалзах чухал. Тиймээс эхлээд хөршүүдээсээ зөвшөөрөл авсан. Дураараа юм хийж болохгүй. Хөл хориотой байгаа тул хөршүүд маань халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан хашаан дотроосоо, гэр гэрийнхээ үүднээс, амбаар дээрээ сууж байгаад үзлээ. Би “Хөл хориотой байгаа тул нэг дор битгий цуглараарай” гэж хөршүүддээ захьсан юм.
-Таныг дуулдгийг хөршүүд нь андахгүй мэддэг байх. Дархлааг нь дэмжээд тоглолт хийхэд хөршүүдийнх нь сэтгэгдэл ямар байна вэ?
-Би энд багаасаа өссөн болохоор намайг ёстой нохой нь ч андахгүй (инээв). Би “Universe best songs”-т оролцон, шилдэг 15-т шалгарч байсан. Намайг дуулдгийг манай эндхийнхэн сайн мэднэ. Би дууны бэлтгэлээ гэртээ хийдэг. Энэ хавийнханд нэвт л сонсогддог гэнэ лээ.
Би өчигдөр цаг гаруй дуулсан. Нийт 10 гаруй дуу дуулсан байх. Хөл хориотой байгаа болохоор хөршүүдтэйгээ уулзаагүй, яг ямар сэтгэгдэлтэй байгааг нь сайн мэдэхгүй байна. Хажуу талын айлынхан лав “Жагаадаа ёстой их баярлалаа. Нуль цэнэг авлаа” гэсэн.
Намайг дуулж байх үед зарим хүн уйлсан. Манай хөршүүдийн нэг нь саяхан ээжийгээ алдсан юм. Ээжийн тухай дуун дээр сэтгэл нь их хөдөлж, уйлж сууна лээ. Миний нулимс цийнэглээд л дуулж байлаа. Аав минь хоёр жилийн өмнө бурхан болсон. Аавын тухай дуу дуулахдаа аавыгаа улам их санаад, уйлсан.
-Та ямар жанраар дуулдаг вэ?
-Ер нь яг баригдсан, дагнасан жанр байхгүй. Ямар нэгэн зүйлд баригдахыг, баригдмал байхыг хүсдэггүй. Ихэвчлэн поп чиглэлээр л дуулдах байх.
-Дуучин бүхэнд хамгийн дуулах дуртай дуу бий. Танд тийм дуу бий юү?
-Надад “цайны” 20-иод дуу бий. “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан ах, “Харанга”-ын Лхагвасүрэн ахын дуунууд миний хоолойнд илүү тохирдог. “Ямар дуунд хамгийн дуртай билээ” гэж ёстой бодож байгаагүй юм байна.
“Чингис хаан” хамтлагийн ханийн тухай дуунуудад нь би их дуртай. Бас “Харанга”-ын Лхагваа ахын “Үзэсгэлэнт минь” үнэхээр гоё. Энэ дууг зөндөө олон удаа дуулж, буян хийсээн.
-Бие даасан тоглолт хийх бодол танд бий юү?
-Би өмнө нь Сэлэнгэ аймагт “Хайрын аялгуу”, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Дуулах хүслэн” гэдэг нэртэй тоглолтоо хийсэн. Яг тоглолт гэж боломгүй. Дандаа ковер дуунууд дуулсан.
-Та дууны үг, ая зохиодог юм билээ. Хэдэн уран бүтээлтэй вэ?
-Үг, аяыг нь зохиосон 20 гаруй уран бүтээл бий. Нэг уран бүтээлийг минь Гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг эгч дуулсан. Өөр нэгэн поп дива дуучин миний уран бүтээлийг дуулахаар болсон. Одоохондоо нэрийг нь нууцлаж байгаа юм. Ер нь Монголын таван поп дивагаар уран бүтээлээ дуулуулах, хамтрах хүсэлтэй.
-Танд дуучдаас, байгууллагуудаас уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?
-Ганц нэг санал ирдэг. Саяхан Цагдаагийн академийн 100 жилийн ойн сүлд дууны аяыг нь зохиосон. Мөн саяхан нэг эмэгтэйд зориулж дуу зохиож өгсөн.
-Ханьдаа зориулж хийсэн дуу танд бий юү?
-Байлгүй яах вэ. 2012 онд ханьдаа зориулж “Нандин учрал минь” гэдэг нэртэй дуу хийсэн. Бие даасан тоглолт хийх бодол одоогоор алга. Харин хөл хорио тавигдан, цаг үе гайгүй болсны дараа томоохон хэмжээний busking хийх бодол бий.
-Та өмнө нь худаг дээр дуулж байсан гэлээ. Өөр газар дуулж, олны дархлааг дэмжиж байв уу?
-Би “Open vice busking” гэдэг клубтэй. Дуулдаг, хөгжим тоглодог, хөгжмийн урлагт дуртай залуус нэгдсэн тэнд юм. Өнгөрсөн жил бид маш олон газар busking хийсэн.
-Таныг Сансрын тунелийн нүхэн гарцанд дуулдаг байсныг би санаж байна. Гудамжны урлагийг хөгжүүлэхийн төлөө явахын эхлэл нь тэр байв уу?
-Тийм ээ. Би анхандаа хөдөө, орон нутагт их дуулсан. Гудамжинд, төв талбайд гээд хаана л бол хаана дуулдаг байлаа. Шинэ жилийн орой, он солигдох мөчид хүртэл гитартайгаа дуулдаг байв. Монголд цоо шинэ зүйл л дээ. Тэр хэрээр хүмүүст сонин, содон санагддаг. Бат-Эрдэнэ гэдэг манай нэг найз бий. Найз маань надтай хамт busking гэдэг урлагийг Монголд хөгжүүлэхийн төлөө олон жил зүтгэж байгаа.
-Гудамжинд, талбайд ч юм уу хэн нэгэн дуулахаар “Гуйлга гуйж байгаа юм болов уу” гэх буруу ойлголт монголчуудад бий. Одоо урлаг талаас нь харж хэвшиж байна уу?

-Одоо хүмүүсийн хандлага тэс өөр болсон. “Гуйлга гуйж байна” гэх харах хүн бий, гудамжны урлаг талаас нь дэмжих нь ч бий. Одоо энд, тэнд очоод дуулахаар хүмүүс хүрээлж зогсоод сонсдог, дагаж дуулаад дэмждэг болсон. Зүгээр л урлагийн сайхан мэдрэмж, гоё энергийг бусдад түгээх, сэтгэл санааг нь дэмжихийн тулд л би гудамжинд дуулдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bayar hurge, goy l bn sh de. Gol ni setgel gsrgasan ni saihan sanagdlaa
Сайхан сэтгэл сайныг дагуулна. Хүмүүст эерэг энерги түгээнэ гэдэг нь сэтгэлийн их өглөг юм.
Гэр бүлээрээ аз жарг�##�тай сайхан амьдарч олон з�##�уусыг зөв зүйлд үлгэрлэн дагуулаарай
Амжилт хүсьев
Saihan inergtei mongol zaluu tanai ger buld az60gal huse.setgel bhd haanaas ch bus#ad saihniig tugeej boldogin amid jishee mundag bn huu min mongolihoo hih baiha olj ydn tenj budilj bui erchuuded zov ulgerlej hicheej bui uil chin amjilt huse. Goe duunuud ssihan duuljee
Oird urgeljileed ananbazar huchirhiilegch gj medee buriig unshssan stresiig bas neg aabin huu duugaar untraachihshig bolloo mini huvid.Mongoliin min erchuud bugd anandbazar bish gdgiig niigemd busguichuuded haruulllaa da sain huu.