НийгмийнСПОРТЯрилцлага

З.Болортунгалаг: “За, нэг түрүүлчихье дээ” гэж тайван барилдаад, Азийн аварга боллоо

Казахстан улсад өчигдөр дууссан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монгол Улс хоёр шинэ аваргатай болсон билээ. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат бөх, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг.

Азийн АШТ-ээс 2016, 2019, 2020 онд хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, Азийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Рио-2016” олимпийн хүрэл медальт, Энэтхэгийн бөх Сакши Маликийг цэвэр ялж, шуугиулсан юм.

Азийн аварга болохдоо бүх өрсөлдөгчөө (Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, Тайванийн Пай Син Пин, Энэтхэгийн Сакши Малик) цэвэр ялж, түрүүлсэн түүний амжилт Монголын эмэгтэй тамирчид Азийн АШТ-д багаараа анх удаа тэргүүлж, алтан цом хүртэхэд маш чухал нөлөө үзүүлсэн юм.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд Азийн аварга болсон 10 дахь эмэгтэй тамирчин З.Болортунгалагтай цахим хуудсаар нь холбогдон, ярилцсанаа сонирхуулъя. Тэрбээр шигшээ багийнхны хамт дөрөвдүгээр сарын 23-нд эх орондоо ирнэ.

-Юуны өмнө Азийн аварга болсонд нь баяр хүргэе. Тивийнхээ дэвжээнээс алтан медаль хүртсэн баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Азийн АШТ-д дөрөв дэх удаагаа оролцон, дөрөв дэх медалиа хүртсэндээ баяртай байна. Энэ удаа медалийнхаа өнгө, чанарыг хувирган, Азийн аварга боллоо. Сэтгэл хангалуун байна.

Азийн аварга болчихоод, Төрийн дуулал эгшиглэх мөчид сэтгэл их хөдөллөө. Их огшдог юм байна лээ. Ийм мэдрэмжийг дахиад олон удаа мэдрэхийг хүсэж байна.

-Аваргын төлөөх барилдаанд олимпийн хүрэл медальт Сакши Маликийг цэвэр ялсан. Түүнтэй хэрхэн барилдахаар төлөвлөв. Барилдаанаа хэрхэн өрнөх бол гэж таамаглаж байв?

-Түүнийг олимпийн медальтан гэдгийг нь би мэддэг байсан. Гэхдээ үүнд ач холбогдол өгөөгүй. Би өөртэйгөө, доторх хүнтэйгээ маш сайн ярилцсан. Сакши Малик 58 кг-ын жинд олимпоос медаль авсан. Миний барилдаж буй 65 кг-ын жинд “Рио-2016”-гаас медаль хүртээгүй. Тиймээс энэ бол миний жин гэж өөрийгөө хурцаллаа. Барилдахын өмнө би их тайван байсан.

-Түүнтэй барилдахын өмнө дасгалжуулагч нар нь юу гэж захиж, зөвлөж байв?

-“Зүүн талдаа зөрүүлж татаад давхар хамдаг. Эсвэл хонгодож дайрдаг шүү. Тэгэхээр гараа лав өгч болохгүй. Доошоо өрөөд, зүүн гараас нь л зуураад барилд” гэж зөвлөсөн.

-З.Болортунгалаг өмнө нь Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байсан. Тиймээс энэ удаа зөвхөн түрүүлэх зорилготой очсон уу. Эсвэл медалийнхаа өнгийг хувиргая гэж бодсон уу?

-(Инээв). “Хүн аливаа зүйлийг томоор сэтгэж байж л бага ч болтугай юман дээр буудаг” гэдэг шүү дээ. Энэ жилийн Азийн АШТ-д “За, нэг түрүүлчихье дээ” гэсэн бодолтой л оролцсон. Миний бэлтгэл, сэтгэл зүй, биеийн байдал сайн байсан. Тэр хэрээр өөртөө нэлээд итгэлтэй байсан юм.

-Монголын эмэгтэй бөхчүүд багаараа тэргүүлж, алтан цом өргөхөд таны амжилт их нөлөөллөө. Азийн АШТ-д багаараа анх удаа тэргүүлээд бүр ч их баярласан уу?

-Тэгэлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд миний амжилт багийн дүнд тэгж их нөлөөлнө гэж бодоогүй. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга багш “Ялалт чухал шүү. Бүх зүйлээ дайчилж барилдаарай” гэж захьсан юм.

Азийн аварга болчихоод, допингийн шинжилгээ өгч байхад Б.Баттулга багш “Болортунгалаг байна уу. Хаана байна” гээд намайг хайсаар ирэв. Гартаа алтан цом барьчихсан, бөөн баяр “Бүгдээрээ багаараа тэргүүлчихлээ. Баяр хүргэе” гээд тэврэхэд л учрыг нь ойлгосон. Тэгээд л бөөн баяр болсон доо.

-Гэр бүлийнхэн, З.Дүвчин багштайгаа холбоо барьсан уу?

-З.Дүвчин багш маань “За, баяр хүргэе. Их сайн байна” гэсэн. Тэгээд ерөнхийдөө миний барилдааны алдаа, онооны талаар нэлээд ярилцлаа. Одоо Монголд очсоны дараа багш бэлтгэл дээр зааж өгөх байх.

Аав, ээж хоёр минь Хэнтий аймгийн Биндэр суманд мал маллаж амьдардаг. Хөдөө сүлжээ муутай. Аав сумын төв дээр ирээд надтай холбоо барьсан. “Охиноороо бахархаж байна. Илүү том амжилт гаргаарай, миний охин” гэсэн. Манай гэрийн тэнд сүлжээ барьдаггүй. Ээжтэйгээ холбоо барьж чадаагүй л байна.

-Та Азийн аварга болохдоо бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Бэлтгэлээ хэрхэн базаав?

-Энэ жил цар тахалтай байгаа болохоор жаахан амралтын байдалтай л байж байгаад Азийн аваргад оролцлоо. Хотоос хол амралтын газар, бэлтгэлийн баазуудад бэлтгэл хийсэн.

-З.Дүвчин багшийн унаган шавь нарын нэг нь З.Болортунгалаг. Чөлөөт бөхийн спортоор хэдэн настайдаа, хэрхэн хичээллэж эхэлсэн бэ?

-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрж, өссөн. 2007 оны сүүлчээр бөх болно гээд ОУХМ, Азийн наадмын аварга Г.Наранчимэг эгчийг дагаад хотод анх ирж байлаа. Тухайн үед чөлөөт бөхийн спортын талаар ямар нэгэн ойлголт, төсөөлөл надад байгаагүй. Жүдог бол гадарладаг байсан юм л даа. Тэгж анх Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийнхаа шавь нь болж, чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож байлаа.

Анхандаа надтай бэлтгэл хийх жаахан хүүхэд байгаагүй. Багшдаа эрхлээд, өвөр дээр нь сууж байдаг байлаа. 2008 оноос үеийн ганц нэг хүүхэд ирээд, чөлөөт бөхөөр бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Оюутны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий нэг алт, гурван хүрэл медальтай. Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хоёр хүрэл, “Mongolia open” тэмцээний хоёр алт, дөрвөн хүрэл, УАШТ-ий иж бүрэн медаль бий.

-Хамгийн дурсамжтай барилдаан, ялалтынхаа талаар сонирхуулна уу гэвэл та алийг нь онцлох вэ?

-2016 оны УАШТ-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг эгчийгээ тонгороод цэвэр ялж байлаа. Тэр барилдаан хамгийн дурсамжтай нь юм уу даа.

-Тамирчин бүхэн олимпод барилдахыг, түрүүлэхийг мөрөөддөг. Таны одоо барилдаж буй 65 кг олимпийн бус жин. 68 кг-д Монгол Улс С.Батцэцэгийг олимпод сойхоо албан ёсоор зарласан. Тэгэхээр жин хасаад ч юм уу олимпийн эрхийн төлөө өрсөлдөх бодол танд бий юү?

-Жин өгсөх эсвэл хасаад доод жиндээ барилдах эсэхийг З.Дүвчин багш маань л мэднэ. Багш юу гэж хэлнэ, тэр заавраар нь барилдана.

13. Ер нь жин хэр их хасдаг вэ?

-4-6 кг орчим хасдаг.

-Чөлөөт бөхийн спортоор хичээллэн, амжилтын төлөө зүтгэхийнхээ хажуугаар сурдаг уу?

-Үгүй ээ. “Хилчин” спорт хороондоо харьяалагдаад, бэлтгэлээ л хийдэг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Дуу сонсох, агаар салхинд ганцаараа юм бодож алхах их дуртай.

-Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Энэ сарын 23-нд Монголдоо очно. Намайг үргэлж дэмжиж, тусладаг Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, З.Дүвчин багшдаа, Хилийн цэргийн тусгай салбар 0208 дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Fohow” корпорацын “MNU03” төслийн хамт олон, Ганбаяр ах, Сүхбаатар ах, хайрт аав, ээждээ, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Aa
Aa
2021-04-19 11:02

Hamag mungu sanhuu beltgel hiih bolomjoor hangasan ulsiin horoondoo bayarladaggui yum uu

Zochin
Zochin
2021-04-19 17:28

Setguulchid davsalchihdag uym u,esvel uneheer ingej yarij yavaa bol,amarhan evderch bga uym bna daa,ochnoon terguuleh orni tamirchid ireeguid terguulsen bhaa,hodolmorloloo,ih hicheesen geed yariad yavbal deer dee

Зочин
Зочин
2021-04-21 15:01

Олимпын жинд барилд�##�даа

Холбоотой мэдээ

Back to top button