Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байхыг зогсоожээ

Экологийн цагдаагийн албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллалаа.
Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 2020 онд гурав, энэ онд нэг удаа хяналт шалгалтаар ажиллаж нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван аж ахуйн нэгж, дөрвөн нөхөрлөл, 29 иргэнийг шалгаж үйл ажиллагаандаа ашиглаж байсан экскаватор 24, ачааны автомашин 17, ковш дөрөв, алт угаах төхөөрөмж 18 лацдаж шалгалтын ажиллагааг явуулж байсан юм.
Энэ удаагийн хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 17 дугаар тогтоолын гурав, 2019 оны 355 дугаар тогтоолын 1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулахад гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн “Ялбаг” гэх газарт хууль бусаар байршуулсан экскаватор 20, ковш долоо, ачааны машин дөрөв, алт угаах төхөөрөмж 12, “Харганат” гэх газарт экскаватор ес, ковш зургаа, алт угаах төхөөрөмж хоёр, “Өлөнт” гэх газарт экскаватор долоо, ковш гурав, “Хорийн даваа” гэх газарт экскаватор 10, алт угаах төхөөрөмж хоёр нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлж тав хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.