ДЭЛХИЙ

Энэтхэгт дэгдсэн коронавирусийн B.1.617 хувилбар вакцинд тэсвэртэй юү

БНЭУ-д коронавируст халдварын 17 сая тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн үед халдварын дахин хүчтэй давлагаа дэгдсэнээр тус улсад нөхцөл байдал хүндэрчээ. BBC агентлагийн ил болгосон бичлэгт өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй, гудамжинд ухаан алдан унаж буй нь бууж үлдсэн.

Нөхцөл байдал хүндэрснээр Энэтхэгийн чинээлэг иргэд Арабын нэгдсэн Эмират улс руу хувийн нислэг үйлдэж, эх орноо орхицгоох болсон нь сүүлийн гурав хоногт эрчимтэй мэдээлэгдэж байна. Энэ үеэр АНУ-ын Засгийн газраас хүнд үетэй нүүр тулаад буй энэтхэгчүүдэд санаа зовниж буйгаа Твиттер орчноор дамжуулан илэрхийлсэн.

ХЭДЭН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БЭ

Тэгвэл тус улсад коронавирусийн мутацад орсон хувилбар болох В.1.617-гийн тохиолдол нэмэгдсээр байгаа нь анхаарал татаж байна. Энэ хувилбарын яг хэдэн тохиолдлыг дэлхий бүртгэж аваад буй талаар тоймтой мэдээлэл гараагүй байна. BBС агентлагийн хувьд Энэтхэгт 298, дэлхийд 656 бүртгэгдсэн гэж гурав хоногийн өмнө мэдээлжээ. Харин нэгдүгээр сараас хойш Их Британи улсаас Энэтхэг рүү үйлдэгдсэн нислэгээр дамжиж, мутацлагдсан вирус орж ирсэн гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм байна.

ЭНЭ ХУВИЛБАР ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ

В.1.617-гийн хувьд давхар мутацад орсон хувилбар гэдэг онцлогтой аж. Тодруулбал, Өмнөд Африкт бүртгэгдсэн Е484К төрлийн мутацтай ойролцоо Е484Q мутац ба шинэ төрлийн L452 мутац уг хувилбарт хавсарч явагдсаныг эрдэмтэд тогтоосон байна. Ингэснээр B.1.617 хувилбар хүний дархлаа тогтолцоонд илүү тэсвэртэй болох нөхцөл бүрдэж байгаа аж.

Яг энэ төрлийн мутацлагдсан хувилбар одоо БНЭУ-аас гадна Их Британи, Бразил зэрэг дэлхийн 10-аад улсад бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн мягмар гарагт нийтлэгдсэн нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлд,  В.1.617 хувилбарын L452 мутац нь вирус хүний биед халдварлах чадварыг 20 хувиар нэмэгдүүлж буйг баталжээ. Мөн Nature сэтгүүлд дурдсанаар, сүүлийг үед Энэтхэгийн Махараштра дүүрэгт вирусийн тус хувилбар эрчимтэй бүртгэгдсээр байгаа аж.

ВАКЦИНД ТЭСВЭРТЭЙ ЮҮ

В.1.617 хувилбар бусад коронавирусүүдтэй харьцуулахад халдварлах чадвар нь илүү байгаа ч одоогоор хийгдэж буй вакцинуудад тэсвэртэй эсэх нь тодорхогүй байна. Ихэнх эрдэмтэд олон нийтийг тайван байж болно хэмээж буй. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Рави Гуптагийн хувьд вакцин үйлчилнэ, гэхдээ үр дүнгийн хувьд буурна гэж жиргэжээ. Өөрөөр хэлбэл тоймтой судалгаа хараахан гараагүй, эрдэмтэд вакциндаа итгэ гэж зөвлөсөөр байна. Харин В.1.617 хувилбар нь халдвар аваад эдгэсэн хүн дахиад халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Рави Гупта жиргэжээ.

Г.САНСАРМАА
Эх сурвалж:
NPR, BBC, Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button