ВИДЕО МЭДЭЭНийгмийнЯРИЛЦЛАГА

Цар тахлын үед “Upgrade”-ийг байгуулсан С.Гарьд: Монголын мэдлэгийг дэлхийд түгээхийг хүсдэг

Цар тахал, хөл хорио иргэдийн амьдралыг өдрөөс өдөрт туйлдуулж, олон, олон аж ахуй нэгж үүдээ барихаас өөр аргагүйд хүрсээр. Коронавирусийн халдварт хамгийн их өртөж буй салбаруун нэг нь бизнесийн салбар. Энэ хүнд цаг үед байгууллагаа, бизнесээ хэрхэн авч үлдэх вэ, эргээд хөл дээр нь яаж босгох вэ гэдэг том асуудал бизнес эрхлэгчдийн өмнө хөндөлссөөр.

Хаана хаанаа санхүүгийн хямралтай байгаа ийм эгзэгтэй цаг үед нэгэн залуу дөрвөн найзын хамт бизнесээ эхлүүлж, хөл дээр нь босгохын төлөө зүтгэж явна. 25 настай түүнийг Сүхбаатарын Гарьд гэдэг. “Апгрейд ЮP Скиллс” компаниа 2020 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан тэрбээр төгсөх ангийнхан, ЭЕШд бэлтгэж буй сурагчдад зориулан Upgrade.mn ажиллуулан, цахим сургалт явуулдаг.

Бизнесээ эхлүүлсэн цагаасаа цар тахал, хөл хорио, санхүүгийн хямрал гээд олон олон хүчин зүйлтэй нүүр тулсаар яваа С.Гарьдтай ярилцлаа. Монголд халдвар анх гарахад бизнесээ эхлүүлсэн түүнд ямар бэрхшээл тулгарч, хэрхэн даван туулж яваа бол.

Цар тахалтай хүнд цаг үед найзууд хамтарч бизнесээ эхлүүлэн, олон олон “шуурга”ыг сөрж яваа тань сонирхол татаж байна. Коронавирусийн халдвартай үед бизнесээ эхлүүлсэн нь зоригтой алхам, эрсдэлтэй шийдвэр. Боловсролын салбарт хүч сорин, ийм сайт ажиллуулах санаа хэрхэн төрөв?

-Цар тахалтай, танхимаар хичээллэхгүй байгаа энэ цаг үед төгсөх ангийн хүүхэд бүхэнд “ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ, хүссэн сургуульдаа яаж орох вэ” гэдэг асуудал тулгарч байгаа нь мэдээж. Би сурагч байсан, ЕБС төгсөж байсан болохоор энэ зовлонг сайн мэднэ. Тухайн сурагч теле хичээлээс бүрэн мэдлэг авч чадаагүй, цар тахлын улмаас хүссэн сургуульдаа элсэн, зорьсон ангидаа орж чадахгүй бол харамсалтай.

Элсэлтийн ерөнхий шалгалт тухайн сурагчийн ямар мэргэжил эзэмшихээс авхуулаад амьдралыг нь шийддэг чухал зүйл. Тиймээс төгсөх ангийнхан, ЭЕШ-д бэлдэж буй сурагчдад цогц мэдлэг олгохын тулд компаниа дөрвөн найзынхаа хамт өнгөрсөн жил үүсгэн байгуулсан юм. Яг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах санаа надад өнгөрсөн оны эхээр төрсөн. Олон талаас нь бодож, төлөвлөж байгаад эхлүүлсэн юм. Би үүсгэн байгууллагчаас гадна компанийнхаа маркетингийг хариуцдаг.

Монгол Улс дотооддоо халдвар алдан, анхны хөл хорио тогтоох үед компани байгуулах ямар байв. Ямар эрсдэл, хүндрэл тулгарсан бэ?

-Анхандаа хүндрэл, бэрхшээл их гарсаан. Тооцоолохын аргагүй зүйл ч их тохиолдсон. Компаниа байгуулаад төд удаагүй байхад хөл хорио тогтоох жишээний. “За, одоо үйл ажиллагаагаа жигдлээд авъя” гэж байтал хөл хориог сунгаад, дахиад тогтоогоод л. Урьдчилан тааж, ажлаа, бизнесээ төлөвлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэг хэсэг шантрах шахсан үе бидэнд байсаан байсан, юуг нь нуух вэ.

Бидэнд тулгарсан хоёр том бэрхшээл бий. Эхнийх нь санхүүгийн бэрхшээл. Дараагийнх нь хөл хорио. Дөнгөж эхлүүлж буй бизнест хөл хорио хэрхэн нөлөөлсөн нь тодорхой. Тухай бүрт нь хоорондоо сайтар ярилцан, гарц, гаргалгааг нь эрэлхийлсээр даван тууллаа.

“Тийм мэргэжил эзэмшье. Ийм сургуульд орох сон” гээд хүсэл, тэмүүлэл дүүрэн яваа хүүхдүүдийг тийм боломжоор хангах, гарцыг нь нээж өгөх хүсэл, зорилго маань шантарсан, цөхөрсөн хүнд үеэс биднийг гаргасан.

Бид “Зогсолтгүй суралц” гэдэг уриатай. Сайтаа үргэлж хөгжүүлж, хичээлээрээ дамжуулан эрдэм, мэдлэг түгээхийн сацуу өөрсдөө ч мөн зогсолтгүй суралцаж, хөгжихийг чухалчилдаг.

Манайх хоёр үе шаттай. Эхнийх нь вебсайт. Дараагийнх нь аппликэйшн. “Upgrade”-ийн аппликэйшнийг хэрэглээнд удахгүй нэвтрүүлнэ.

Одоо бизнес нь хөлөө бүрэн олж, салбартаа өөрийн гэсэн орон зайтай болж амжсан уу?

-Болсоон. Бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ, хөл хориог яаж даван туулах вэ гээд сандарч явсан үе ард хоцорсон. Одоо ер нь цар тахал, хөл хорионд дасан зохицоод сурчихлаа. Манайх цахим сургалтын үйл ажиллагаа явуулдаг учраас цар тахал нөлөөлөх нь харьцангүй бага.

Бид математик, физик, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, англи хэл гэсэн найман хичээлийн 360 цагийн хичээлийг ЭЕШ-ийн цөм хөтөлбөрийн дагуу бэлтгэн, “Upgrade.mn” сайтдаа байршуулсан. Сурагчид үлгэрчилсэн хичээлээс үзчихээд, сэдвүүдээ харсныхаа дараа хичээлээ сонгох боломжтой. Манайх гэрээт найман багштай. Бид багш нарынхаа заах арга барил, туршлагад их анхаардаг, чухалчилдаг.

Монголын тэргүүн туршлагаас суралцах, өндөр ур чадвартай багш нар, дуу, дүрсний өндөр нягтаршилтай контентоор дамжуулан төгсөх ангийн сурагчдад мэдлэг олгох, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, ЭЕШ-д бэлдэхэд туслах нь бидний гол зорилго.

Самбар дээр шохойгоор бичээд, заадаг үе ард хоцорсон. Технологийн хөгжлийг ашиглан, ийм цахим сургалт явуулснаар дэлхийн хаанаас ч хамрагдан, суралцах боломжтой.

-20 настай зарим залуус “Бизнес эхлүүлэхэд би арай залуу байна. Туршлага дутна. Зүгээр л ямар нэгэн байгууллагад ажиллаж байя” гээд өөрийгөө голдог. С.Гарьд бизнесээ эхлүүлэхдээ тэгж бодсон уу, өөрийгөө голсон уу?

-“Би чадах болов уу” гэж их эргэлзсэн. Яагаад гэвэл нэг тийм насны үе байдаг юм шиг байгаа юм. 20 гаруй насандаа бизнес эхлүүлнэ гэдэг өөрөө амаргүй зүйл, төсөөлөхөд ч бэрх. Сурагч байхад өөртөө их итгэлтэй, күүл, ухаантай гээд боддог байж болно. Их сургуулиа төгсөөд, амьдралын далайд хөл тавихаар өөрийгөө үнэхээр голдог, өчүүхнээ мэдэрдэг юм билээ. “Чадах болов уу” гэж өөртөө эргэлзэн, өөрийгөө голох үед манайхан надад их туслаж, дэмжсэн. Ганцаараа бус тавуулаа эхлүүлсэн болохоор ямар ч үеийг хамтдаа даван туулаад, урагшилдаг.

Хэрвээ залууст ямар нэгэн гоё санаа төрвөл шууд эхлүүлээрэй, түүнийхээ төлөө тууштай яваарай. Шантрах гээд байвал өөрийнхөө хамгийн эрхэм хүмүүс, урам авдаг зүйлсийн талаар бодоорой. Үр дүнд заавал хүрнэ.

Компаниа байгуулах, сайтаа хийхийн өмнө танд ерөнхий төсөөлөл байсан нь мэдээж. Одоо яг түүндээ хүрсэн үү?

-Сайтаа яг төсөөлж байсныхаа дагуу хийж, хөгжүүлж чадсан. Гэхдээ төсөөллөөсөө үргэлж дээгүүр, илүү байлгахыг хүсдэг. Одоо ямар ч байсан сууриа тавьчихлаа. Улам хөгжүүлэх, бидний хэлдгээр upgrade хийхийн төлөө зүтгэж байна.

Өмнө нь ямар нэгэн компани байгуулж байсан уу. Бизнесийн туршлага бий юү?

-Бизнесийн туршлага байхгүй. Ер нь багаасаа бизнесийн салбарт дуртай, хообийтой байсан. Ажлын туршлагын хувьд, их сургуулиа төгсөөд “G mobile” компанид хоёр жил ажилласан. “Upgrade”-ийг эхлүүлж, зорилгодоо хүрэхийн тулд ажлаасаа гарсан юм.

Монголд гарааны бизнес эхлүүлэхэд бизнесийн орчин, залууст боломж олгох, дэмжих талдаа хэр байна вэ?

-Гарааны бизнес эхлүүлэхэд жаахан хүндрэлтэй санагддаг. Бизнесийн гоё санаа олоод, хэрхэн эхлүүлэх учраа олохгүй нэг залуу явлаа гэж бодъё. Тэгэхэд өөр нэгэн шууд санааг нь хулгайлаад, эхлүүлчихдэг. Өнөөх залуу “Өө” гээд үлдэхээс өөр аргагүй. Тиймээс улсаас залуусыг зөв, оновчтой бодлогоор дэмжих, хөгжүүлэх чухал байна.

Компанийхаа алсын хараа, хэтийн зорилгыг хэрхэн тодорхойлж, төлөвлөж байна вэ?

-Гадаадын том, том сургуулиудын кампус ямар байдаг билээ. Тийм кампус байгуулахыг хүсдэг. Монгол залуус дэлхийн хэмжээний мэдлэгтэй, боловсролтой болохын тулд заавал гадаадыг зорьдог бус Монголдоо сурах, эзэмших боломж бүрдүүлбэл гоё доо. Монголын мэдлэгийг дэлхийд түгээхийг хүсдэг.

Би энд хүрээд зогсохгүй. Өөрийгөө улам хөгжүүлнэ. С.Гарьд гэдэг хувь хүнийхээ хувьд зүгээр л хүссэн зүйлээ хийж чадах хэмжээнд л амьдрахыг хүсдэг.

Бидэнд ойрын хугацаанд хийх сэн гээд зорьж яваа нэг зүйл бий. Түүнийхээ талаар ярьж болох уу.

Бололгүй яах вэ.

-“Upgrade.mn” сайтад байршуулсан хичээлүүдийг тусгай хэрэгцээт хүүхдүүд зориулж хөрвүүлнэ. Энэ төслөө удахгүй эхлүүлнэ.

Гоё санаа байна. Олон хүүхдэд хэрэгтэй зүйл.

-Тийм шүү. Зөвхөн манай компанийн бус миний үнэхээр их хүсэж зүйл.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Дуулах, бүжиглэх, дууны үг бичих дуртай. Бас бичлэг монтажлахаар гоё санагддаг. 2008 оноос хойш дуу хийж байгаа. Одоо бараг 50-60-аад дуутай.

Хөөх, тэдгээрээ олны хүртээл болгосон уран бүтээл бий юү?

-Байхгүй. Хийсэн дуугаа найзуудынхаа хүрээлэлд л сонсгодог. Хообийгоос илүү түвшинд надад үнэ цэнтэй учраас уран бүтээлээ олны хүртээл болгохыг хүсдэг. Зургаадугаар сараас цацчих болов уу.

Бизнесийнхээ хажуугаар дуу бичих, дуулах чөлөөт цаг хэр их гардаг вэ?

-Ер нь бага. Гэхдээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Тиймээс уран бүтээлээ зунаас цацах болов уу гэсэн юм. Чөлөөт цаг гарсан үед дууны үг бичин, зохиосон аяа сонсон, кофе ууж суух дуртай.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Sain zaluu bna hugjij bna yostoi zuv ajil hiisen bna uuniigee bayajuulan busad turul ruu oroh heregti zuragtaar marzan yum yardag zaluusaas hamaagui deer ene niigemd tsag aldah bish hojih l ermelzeltei baij iim ajilig hiine mundag bna shuu odoo kokursin shalgaltin sedveer bval iluu sain yum bishuu ajild ni amijilt

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button