Нийгмийн

Хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшүүлж, толгойг нь илдгээ больцгооё

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хориог тогтоосон. Мэдээж урьдын л адил аж ахуй нэгж, үйлчилгээнүүдийг хааж, иргэдийн хөлийг хорьсноор ил бүртгэгдэх гэмт хэргийн тоо буурсан. Гэвч ил тоо буурахын хэрээр олны нүднээс далд, хаалттай хаалганы цаана үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгддэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, өдөр хоногийг өнгөрүүлж буйг бурхан ч таашгүй.

Өдөрт таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэх гашуун судалгаа хүртэл бий. Ялангуяа хорио цээрийн дэглэмтэй эдгээр өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Сүүлд л гэхэд хоёр ч эмэртэй нөхөр, найз залуугийнхаа хүчирхийлэлд өртөж, гарын шүүс нь болсон тухайгаа мэдэгдсэн бол, хойд эцэг нь хөлд ч ороогүй, долоон сартай хүүхдээ зодож, хөлийг нь хугалсан гэх хэрэг бүртгэгдлээ.

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч, шагийн архинаас улбаатай зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байдаг. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар машин жолоодох, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

ХӨЛ ХОРИОНЫ 20 ХОНОГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХОЁР ХУВИАР ӨССӨН

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн

-Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүн болон нийгмийн амьдралаас шууд шалтгаалдаг. Үүнд архидалт, ядуурал, ажилгүйдэл тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас хойш цагдаагийн байгууллагад 15811 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 344 нь гэмт хэргийн шинжтэй, 9212 нь зөрчлийн шинжтэй дуудлага байсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайн 54, эрүүлжүүлэгдсэн 2042, гэр бүлийн хүчирхийллийн 1889, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 547 зөрчил бүртгэгдсэн. Хөл хорио тогтоохоос өмнөх 19 хоногтой дээрх тоог харьцуулахад, нийт дуудлага мэдээлэл 29 хувь, гэмт хэргийн дуудлага 34 хувь, хулгайлах гэмт хэрэг 60 хувь, зөрчлийн дуудлага мэдээлэл 7 хувь, эрүүлжүүлэгдсэн хүн 26 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үзүүлэлт 22 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өмнөх 19 хоногтой харьцуулбал, 43 дуудлага буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй.

Зөрчлийн шинжтэй дуудлага 9212 бүртгэгдсэний 20 хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдсэн  дуудлага юм. Эрүүлжүүлэгдсэн дуудлага мэдээлэл нь өөрөө ахуйн хүрээний архидалттай холбоотой. Тэгэхээр 2042 хүн эрүүлжүүлэгдсэн нь ахуйн хүрээнээс л ирсэн гэсэн үг. Гудамж талбайд архидан согтуурсан хүн байхгүй” гэсэн юм.

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй жил дамнасан хөл хорионоос болж ажилгүйдэл үүрлэж, түүнийг тойрсон сэтгэлзүйн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл гаарч, гэмт хэрэгтний тоог нэмэгдүүлж байна. Хөл хорио үнэндээ ил байсан гэмт хэргийг далд хэлбэр рүү шилжүүлж, хохирогчдийг улам том асуудал руу чирсээр байгаа гэхэд болно. Төр засаг дан ганц ковид бус ковидоос ч аюултай хэмжээнд хүрсэн иргэдийнхээ сэтгэлзүй, ажилгүйдэл, хүчирхийллийн гэмт хэргийг бууруулахад дорвитой хөдлөх хэрэгтэй байна. Хүчирхийлэгчдийг өөгшүүлэхээ болъё!

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Амьдрал дорой байгаагийн шинж. Гэрт нь хоосон хориод байхаар зан нь эвдэрч байна. Харин нөгөө пиар гэдэг шиг энэ сэдвийг томруулж олон давтан ярьдаг бүлэг бий болсон уу гэмээр. Зовлонгоор амьдрах арга олдог. Яг хүүхэд алга болох элдэвийн юм тохиолдохоор чимээгүй болчихдог. Төсөв мөнгө ярих болохоор гараад хаа сайгүй бүхэлдээ муухай болчихлоо гээд. Жинхэнэ гадаад сурталчилгааны арга байна уу гэж хардаж байна.

Зочин
Зочин

Хүнсий барааны үнэ 20хувийн өсөлттэй явахад хүчирхийлэлийн шинжтэй зөрчил 2хувиар өсчээ худлаа дуудлага мэдээлэл бас өссөн байх учиртайг бодолцвол хүчирхийлэл өсөх биш бага боловч буурсан байх нь хүчирхийлэлийн тоог олон судалгааны ттб-ууд санхүүжилт олох зорилгоор уралдаж нэмж мэдээлдэг

Хязгаар
Хязгаар

Гээндээ ч бий,гоондоо ч бий.эрчүүд эр бяраа ууртайгаа барьчих,эмэгтэйчүүд хэл амаа бас ууртайгаа барьчих

Холбоотой мэдээ

Back to top button