ДЭЛХИЙ

Африк тив дэх Хятадын хэл, соёлын нөлөөлөл буюу зөөлөн хүчний бодлого

Кени улс 2020 оноос Хятад хэлийг албан ёсоор дунд сургуулиуддаа заахаар төлөвлөжээ. Ингэснээр Кени хүүхдүүд багаасаа Франц, Араб, Герман хэл сурахаас гадна Хятад хэлийг сонгон сурах боломжтой болж буй юм.

-КҮНЗИЙН ИНСТИТУТ АФРИК ТИВД 48 САЛБАРТАЙ БОЛТЛОО ӨРГӨЖЖЭЭ-

Кенийн “Лэйквүүд” бүрэн дунд сургууль нь хүүхдүүддээ Хятад хэлийг түрүүлж сурах боломж олгож, энэ хичээлийн жилээс зааж эхэлжээ. Тус сургуулийн сурагч Ванжиру нь Хятад хэл сонгон сурах болсон шалтгаанаа “Хятад хэл нь сонирхолтойгоос гадна, ирээдүйд Хятадаар аялж бизнес хийхийг хүсч байгаа учир сонгосон” хэмээн хариулсан юм. 

Кенийн сургалтын хөтөлбөр боловсруулах институтын (KICD) гүйцэтгэх захирал Жүлиүс Жваны Шинхуа агентлагт өгсөн ярилцлагад “Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх байр суурь улам бүр томорч байгаа учир Кени улсын иргэд үүнээс ашиг тус хүртэхийн тулд Хятад хэлийг ойлгодог байх шаарлагатай” гэжээ. Кени улс Хятад хэл зааж буй ганцхан улс биш бөгөөд 2014 оноос эхлэн Өмнөд Африкт оюутнуудад сонгон суралцах боломжтой хэлний нэг болгож байжээ. Харин 2018 оны арванхоёрдугаар сараас Уганда улсад сонгогдсон тооны дунд сургуулиудад Хятад хэл зааж эхэлсэн байна. 

Уганда улсын Үндэсний сургалтын хөтөлбөр боловсруулах төвийн мэргэжилтэн Хэнри хэлэхдээ “Хятад хэлийг хөтөлбөрт нэмэх болсон шалтгаан нь НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэгт багтдаг бөгөөд залуу үеийн Угандачуудад гадаадад суралцах, хөдөлмөрлөх болон бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж буй” гэв. Хятад хэл болон соёлыг дэлхий дахинд түгээдэг ашгийн бус байгууллага болох Күнзийн институтэд Хятад хэлний багш нарыг бэлтгэдэг байна. Тус институт Африк тивд 2005 онд Наиробигийн Их Сургуульд анхны салбараа байгуулж байсан бөгөөд өдгөө нийт тивийн хүрээнд 48 салбартай болтлоо өргөжжээ. 

-ХЯТАД УЛС АФРИКИЙН ОРНУУДАД 143 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ- 

Өмнө нь Африк тивд колончлол тогтоож байгаагүй хэдий ч Хятад улс Африк тивийн хүрээнд соёлын институтын тоогоороо Франц улсын дараа хоёрт орж байна. Нэмэгдсээр буй соёлын институтууд нь Африк тив дэх нөлөөгөө нэмэх гэсэн Хятадын барьж буй “зөөлөн хүч”-ний бодлого хэмээн ЛондонгийнЭдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн Хятад-Африкийн харилцааны судлаач Илариа Карроза хэлжээ. Хэрвээ зөөлөн хүчний бодлого амжилттай болвол Хятадын нөлөө зүгээр ч нэг нэмэгдэхгүй тэдэнд хандах хандлага, итгэл үнэмшил болон татагдах байдал бүгд нөлөөлнө. Харин Африкийн улсуудын хувьд эдгээрийг залуу үеийнхэнд оруулж буй хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Хятад хэлийг хөтөлбөртөө багтааснаар ирээдүйд залуу үеийнхэн сайн боломж бололцоотой Хятадад байрлах компанид эсвэл бүс нутагт байрлах Хятад компаниудад ажиллах боломж үүснэ гэж тооцоолж буй юм. 

Хэдийгээр давуу талтай ч гэсэн Карроза Хятадын соёлын төвүүдийг сайн ажиглах хэрэгтэй гэж зөвлөж байлаа. Ялангуяа АНУ-д иймэрхүү соёлын төвүүд Хятадын коммунист намын нөлөөлөлд байдаг гэсэн хардлагатай байдаг. Сүүлд гэхэд Хойд Флоридагийн Их Сургууль, тус сургуулийн зорилгод нийцээгүй гэсэн шалтгааны улмаас Күнзийн институттэй хамтын ажиллагаагаа тасалсан. Тус явдлыг ч АНУ-ын сенатор Марко Рубио дэмжсэн. Тэрээр тус институтын эсрэг тэмцэгч юм.Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам институт засгийн газар хооронд харилцан хамаарал байхгүй хэмээн үгүйсгэсэн. 

Кени улсад мөн Хятад хэлийг сурах, сургах нь зарим хүмүүст таалагдаагүй бөгөөд Кени улсын багш нарын холбооны ерөнхийлөгч Виклив Омучией “Хятад хэлний хөтөлбөр, сургалтад хэт их яарч байгааг дурьдаад Хятад хэлнээс илүү уугуул Африк хэлээ сэргээн үзэх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлжээ.Харин эсрэгээрээ Өмнөд Африкийн Рөүдзийн их сургуулийн Африкийн хэлний судлалын профессор Рассел Кашчула өөр байр суурь илэрхийлсэн юм. Түүний үзэж буйгаар “Африк тивийн ихэнхи улсын гол бизнесийн түншийн хэлийг сурахгүй байна гэдэг гэнэн томоогүй тэнэг зан” гэв. 19-р зуунд колончлогчид хүчтэй байх үед Англи, Франц Португали хэл сурах шаардлага Африкчуудад гардаг байсан. Үеийн үед Африкчуудад гадаад хэл сурах шаардлага гардаг байсан учир Хятад хэл сурахад буруудах зүйл байхгүй. Африкийн дарангуйлагчдыг илүү сайн ойлгохын тулд Нелсон Мандела “Африкан” хэлийг сурж байсан. Үүнтэй адилаар Хятад хэлийг сурах нь Африкчуудад утга учиртай байж болох.Сүүлийн 20 жилийн турш Хятад улс Африк тивд маш их хүчирхэгжиж эхэлсэн. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпиний санаачилсан “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Хятад маш их хэмжээний мөнгийг хурдны зам, цэнгэлдэх хүрээлэнгүүд, нисэх онгоцны буудлууд болон барилга байгууламж барихад нь тусалж Африкийн орнуудад мөнгө зээлж ирсэн юм. 2000 оноос хойш гэхэд Африкийн орнуудад нийтдээ 143 тэрбум доллар гаруй мөнгө зээлсэн байна. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button