
Коронавирусийн халдвар авсан эмэгтэйн хоёр хүүхэд тусгаарлагдаж байгаад гэртээ харихад байрныхан нь гэрт нь оруулаагүй. Улмаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, хүүхдүүдийг Түр хамгаалах байранд аваачсан. Энэ үйл явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Гэвч хүмүүсийн хандлага урьдын хэвээр. Халдвар аваад эдгэрсэн нэгнээ ялгаварлаж, сэтгэл зүйг нь хямрааж байна.
Хэдхэн хоногийн өмнө болсон нэгэн жишээ дурьдахад, халдвар аваад эдгэрсэн, 66 настай иргэнийг эмнэлгээс ирж авах хүн байхгүй, хамаатных нь эгч “Халдвар авсан хүн гэртээ оруулахгүй” хэмээн гадуурхсан гэх. Эл үгийг сонсчхоод тэрбээр дэвтэр дээрх утасны жагсаалтаа хэд, хэдэн удаа эргүүлж хараад хэсэгхэн уйлжээ. Дээрх мэдээллийг бидэнд түүнтэй хамт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ар гэрийнхэн өгсөн юм.
Уг нь халдвар авсан хүн 10 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэлсээр буй. Гэтэл хүмүүс халдвар аваад эдгэчихсэн хүнээс зайлсхийж байна.
Бид сэтгэл эмзэглүүлэм үг сонссон ч коронавирусийг ялж чадсан 66 настай Б-тэй холбогдож, цөөн хором ярилцав.
-ӨРӨӨНД БАЙСАН ХОЁР ХҮН ӨНӨӨДӨР ЭМНЭЛГЭЭС ГАРСАН-

-Та халдвар авснаа яаж мэдэв. Тухайн үед ямар, ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Уг нь би гадагшаа гараад байдаггүй хүн. Хаанаас халдвар авснаа мэдэхгүй байна. Гэнэтхэн л нэг өдөр ханиалгаж, хамраас нус, ус гарсан. Тэгээд ойролцоох шинжилгээний цэг дээр очиж шинжилгээ өгсөн. Эерэг гарсан юм билээ. Эмнэлгийн машин ирж, аваад шууд энэ эмнэлэг авчирсан. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байна.
Намайг хатгаатай байсан гэж байна билээ. Эхэндээ бага зэрэг амьсгаадаж байсан. Гэхдээ хүндрээгүй ээ. Эм, тариа, эмч нарын буянд сайхан эрүүл саруул болж, эдгэрлээ.
-Эмнэлэгт ирээд хэд хонож байгаа вэ. Хэзээ гарах вэ?
-Ирээд 11 хонож байна. Уг нь өчигдөр /05.03-нд / гарахаар байсан юм. Эмч орж, ирээд даралт үзчихээд гарсан. Сахарын хэмжээ, даралт өндөр байна гэсэн. Тэгээд лхагва гарагт эмнэлгээс гаргахаар боллоо гэсэн.
-Халдвар авсан иргэдэд ямар, ямар эмчилгээ хийж байна вэ?
-Сайн мэдэхгүй юм. Тариа хийлгэж байна. Бас хэдэн эм ууж байгаа. Одоо ямар ч шинж тэмдэг илрэхгүй, бие сайн байна.
-Халдвар аваад эмнэлэгт хүргэгдсэнээс хойш гаднаас эргэлт авсан уу. Эмнэлгийн хоол, унд ямархуу байна вэ?
-Үгүй ээ. Эргэлт аваагүй. Дотогш нь юм оруулдаггүй юм шиг байна. Хоол унд ер нь давгүй ээ. Эмнэлгээс өглөө цай, талх, өдөр нь нэг хоёдугаар хоол, орой шөлтэй хоол өгч байгаа. Мөн үзэмний шүүс өгнө.
-Одоо өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?
-Өрөөнд байсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр /өчигдөр/ эмнэлгээс гарсан. Би ганцаараа л байна.
-ХЭН, ЮУГААР ИРЖ АВАХ НЬ ОДООХОНДОО ТОДОРХОЙГҮЙ Л БАЙНА. БОЛОХГҮЙ БОЛ АЛХАНА-

-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?
-Эгч нь зургаан хүүхэдтэй. Нэг нь бурхан болсон. Нэг хүүхэд маань хөдөө, харин дөрөв нь хотод байдаг. Бүгд амьдрал зохиосон. Нэг нь хүү, дөрөв нь охин. Би бага охиныдоо хүргэн, хоёр хүүхэдтэй нь хамт тавуулаа хамт амьдардаг. Харин бусад хүүхдүүдтэйгээ холбоогүй ээ. Охины хоёр хүүхэд бас халдвар авсан. Гэхдээ хоёр хоногийн өмнө эмнэлгээс эдгэрээд гарсан гэсэн. Одоо гэртээ байгаа. Нэг нь төгсөх ангийн сурагч. Харин нэг нь зургаан настай.
-Нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үү. Хүргэн, охин хоёр тань одоо хаана эмчлүүлж байгаа вэ?
-Бид өөр эмнэлэгт хэвтсэн. Харин хүргэн хөдөө явсан. Хөл хорионы дараа ирнэ. Охин маань халдвар авсан нь батлагдсан. Өнөөдөр /өчигдөр/ эмнэлгийн машин очиж авна гэсэн. Охин маань бие давхар юм аа.
-Одоо тэгэхээр таныг эмнэлгээс хэн ирж авах вэ?
-Охин эмнэлэгт тусгаарлагдахаар гэрт хоёр хүүхэд л үлдэнэ. Хэн, юугаар ирж авах нь одоохондоо тодорхойгүй л байна. Ядаж байхад гараад таксинд сууж болохгүй. Эсвэл алхана даа.
-“ГЭРТ ХҮҮХДҮҮД БАЙГАА, МАНАЙД ИРЖ БОЛОХГҮЙ ЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН-
-Хорооны нийгмийн ажилтантайгаа холбогдож, нөхцөл байдлаа тайлбарласан уу?
-Үзээгүй ээ. Эмч нар уг нь эмнэлгийн бичиг үзүүлээд хувийн унаагаараа явж болно л гэсэн.
-Халдвар аваад эмнэлэгт хэвтсэнээс хойш хүүхдүүд тань холбогдов уу?
-Бага охинтойгоо хамт амьдардаг болохоор өдөр бүр л ярина. Харин бусадтай нь холбоо бариагүй ээ. Угаасаа эгчид нь хамаатан садан гээд байх хүн байхгүй. Ээжийнхээ төрсөн дүүтэй л нэг удаа ярьсан.
-Халдвар авснаа хэлээд эдгэрээд гарч байгаагаа хэлэхэд юу гэсэн бэ. Тэд таныг хүргэж өгөх боломжгүй гэсэн юм уу?
-“Гэрт хүүхдүүд байгаа, манайд ирж болохгүй ээ” гэж хэлсэн. Утсаар яриад гайгүй байвал очдог юм уу гэж бодсон юм. Уг нь би эдгэрээд эмнэлгээс гарч байгаа шүү дээ. Энэ үгэнд гомдож, өөрийн эрхгүй нулимс асгарсан.
-Б.УУГАНБАЯР: ЭМНЭЛГЭЭС ГАРСАН БИЧГЭЭ ҮЗҮҮЛЭЭД ХУВИЙН УНАА БОЛОН АВТОБУСААР ЗОРЧИНО-
Түүнтэй ярьсны дараа бид ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас халдвар аваад эдгэрсэн, гэрт нь бага насны хүүхдүүд байгаа ахмадуудыг эмнэлгийн машинаар хүргэх өгөх боломж байгаа эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Эмнэлгээс гарсан бичгээ үзүүлээд хувийн унаа болон автобусаар зорчино. Харин эмнэлгийн машин хүргэж өгч болох эсэхийг сайн мэдэхгүй байна” гэлээ.
СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Хамт амьдардаг охин нь халдвар авч, эмнэлэгт байгаа тул ээжийгээ эмнэлгээс очиж авах боломжгүй байдалд хүрээд байгаа юм. Тиймээс ар гэрийнхэн рүү нь дайрч, тэднийг чичлэхгүй байхыг хүсье. Нийгмийн дайралтыг тооцоолж, ярилцагчийнхаа нэрийг бүтнээр нь бичээгүй ч та бүхэн ойлгож байгаа байх. Гагцхүү энэ ярилцлагаар бид халдвар туссан нэгнийгээ алагчлахгүй байх ёстойг нийгэмд сануулахыг л хичээсэн юм. Халдвар хэнийг ч ялгахгүй...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Attractive section of content. I just stumbled upon your weblog and in accession capital to assert that I get actually enjoyed account your blog posts. Any way I’ll be subscribing to your feeds and even I achievement you access consistently rapidly.