НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЯРИЛЦЛАГА

Хөл хорионы үеэр 30.000 боорцог, бууз хийж тараасан “Гоонь эрчүүдийн хуушуур”-ны эзэн

Өнгөрөгч гуравдугаар сард долоон буудал орох замаараа санаандгүй “Гоонь эрчүүдийн хуушуур” гэх жижигхэн газарт орж таарав. Хүний хоёр хуушуур хэмээн тооцож хуушуур авъя гэсэн ч бэлэн мөнгө дутчихав. Ингээд бэлэн мөнгөндөө таарсан хуушуураа аваад машиндаа суугаад хөдөллөө. Тооцоо ёсоор хоёр хуушуур дутах байв ч, тоо ёсоор нь хийсэн байгааг хараад эрхгүй сэтгэл хөдлөв. Хүнийг гэх сайхан сэтгэл өнгө мөнгөөр хэмжигддэггүйг тэр үед мэдэрсэн юм. Түүнээс хойш тус газрын тухай олон ч сайхан зүйл сонстов.

Сүүлд гэхэд л байрны хажууханд байрлах салбартаа гэрийн боорцог хайрч, амьжиргаа тааруу өрхүүдэд үнэгүй тарааж байгааг дууллаа. Мөн цагдаагийн алба хаагчдад халуун бууз, цай тараасныг ч мэдэв. Энэ мэт олон сайхан үйлс нь дуулдсаар байсан тул бид тус хамт олны эхлүүлсэн сайн үйлсийн аяныг сурвалжилахаар холбогдлоо. Биднийг холбогдоход тус хамт олон автобусны жолооч нарт бууз тараана гэсэн учир тэр үед нь очихоор цаг товлов. Биднийг цагтаа очиход тэд хэдийн сайн үйлсийн аянаа эхэлсэн байлаа.

-ЖОЛООЧ НАР ЭЦСИЙН ЗОГСООЛ ДЭЭРЭЭ ХООЛ ХИЙХ, ЭСВЭЛ ХҮЙТЭН ХООЛОО УСААР ДАРУУЛАН ИДЭЖ БАЙЖЭЭ-

Тэд эцсийн буудалд зогсох жолооч нарт сэтгэлээ шингээж бэлдсэн бууз, цайгаа тарааж дуусав. Жолооч нар халуун тогоо, хүнсний ногоогоо авчраад эцсийн зогсоол дээрээ хоол хийх, эсвэл хүйтэн хоолоо усаар даруулж идээд, хөл хорионы хоосон өдрүүдийг өнгөрүүлж байжээ. Мэдээж цаг давчуу, материал хомс тул тэр бүр амттай хоол хийгээд тухтай идэж чадахгүй. Харин залуус халуун бууз, цай өгснөөр тэд нэг өдөр ч болов сэтгэл дүүрэн, амттай хоолыг тайван идэж буй нь энэ юм. Зөвхөн автобусны жолооч гэлтгүй, хажуугаар зөрөх ядруу иргэд болон ТҮК-ийн хамт олонд ч мөн хоолноосоо илүүчлэн тарааж байв.

Утас нь үргэлжийн дуугараастай, хөлөөрөө хаа сайгүй шогших, “Аавууд муу хоол иддэггүй” гэх уриатай “Гоонь эрчүүдийн хуушуур”-ын үүсгэн байгуулагч Ц.Маргад-Эрдэнэтэй хэсэгхэн ярилцаж амжив.

Ташрамд сонирхуулахад тэрбээр “Гоонь эрчүүдийн баавартай бууз, хуушуур” группынхаа 16.000 гаруй гишүүдтэй хамтран сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тус аяныхаа хүрээнд тэд 500 кг гурилаар 30.000 ширхэг гэрийн боорцог хайрч, хөл хорионы өдрүүдэд гал алдаж, хоолгүй болсон иргэдэд, түлээ, бэлэн мөнгөний хамт тараажээ.

-ӨГЛӨӨ ҮҮРЭЭР ТҮК-ИЙН АЖИЛЧДАД ХООЛ ТАРААХ БОДОЛТОЙ БАЙГАА-

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд танай хамт олон амьдралын боломж тааруу иргэд, хүүхдүүдэд боорцог тараах шиг боллоо. Хэчнээн айлд боорцог, хүнс тараасан бэ?

-Би эхний хоёр өдөр айлуудад боорцог, бэлэн мөнгө, нүүрс тараасан. Дараагийн өдөр нь 250 өрх болон Шархад, Цагаан давааны хогийн цэг, Эрдэнэтолгой орчмын хүмүүст 30.000 ширхэг буюу 500 уут боорцог тараасан. Үүнийг “Гоонь эрчүүдийн баавартай бууз, хуушуур” группийнхээ 16.000 гишүүний тусламжтай хийсэн юм.

-Бэлэн мөнгө тараалаа гэж ярилаа. Тухайн группийн гишүүдээс хэд орчим төгрөг цугларсан бэ?

-Яг л 1000 төгрөгийн аян явуулсан юм. Хүний сэтгэлд ч, өөрсдөд ч халгүй, санхүүгийн дарамтгүй аян болсон. 500.000 төгрөг цугларсан. Энэ аян цаашид ч мөн үргэлжилнэ. Тиймээс амьдралын боломж тааруу айл өрхүүдэд бэлэн мөнгө тараасан. Өнөөдрийн тухайд автобусны жолооч нарт хоол тарааж дуусаад орж ирлээ.

-Та бүхний эхлүүлсэн сайн үйлсийн аян маргааш ч гэсэн үргэлжилнэ гэж сонссон?

-Тийм ээ. Өглөө үүрээр ТҮК-ийн ажилчдад хоол тараах бодолтой байгаа. Мөн дахиад “1000 хүүхэд-1000 төгрөг” гэх аяныг эхлүүлж, группийнхээ тусламжтай хүүхдүүдэд бэлэг тараах санаатай байна.

-ХҮМҮҮСТ ХООЛ, МӨНГӨ ТАРААХАД ЗАРИМ ХҮМҮҮС НАМАЙГ ОД БОЛОХ ГЭЛЭЭ ГЭСЭН-

-Сайн үйлсийн аяны зэрэгцээ зарим иргэдээс сөрөг хандлага ирсэн гэсэн. Үүнд хэр эмзэглэсэн бэ?

– “ Гоонь эрчүүдийн хуушуур” гээд хүмүүст хоол, мөнгө тараахаар намайг хүмүүст танигдаж, од болох гэлээ гэх хүмүүс байсан. Мөн сайн үйлсийн аянаа чимээгүй хий. Өөрийгөө сурталчилахаа боль гэсэн хүмүүс олон байсан л даа. Би гэхдээ түүнийг ойлгоогүй. Юу ч гэсэн үг юм. Тэдгээр хүмүүс өөрсдөө энэ үйлсэд оролцоогүй учраас тэгж байгаа болов уу. Цар тахалтай хүнд хэцүү цаг үед иргэдээ сайн сайханд уриалж байгаа үйлдэл юм шүү дээ. Сүүлийн долоо хоног бараг 1000 орчим хүнд хоол өглөө. Баяндаа, мөнгө нь ихэдсэндээ бид энэ аяныг эхлүүлээгүй. Яг энэ хүнд цаг үед ядарч яваа, хүнд хүмүүст бага ч болов тус дэм болж, нэг өдөр ч болов ходоод нь цатгалан байг гэсэндээ эхлүүлсэн аян. Тиймээс хүмүүсийг эерэг байгаасай л гэж хүсэх байна. Манайхыг хүмүүс сайн мэднэ. Би өөрийн бизнесийг сурталчлах гэсэндээ ийм аян хийгээгүй юм шүү.

-Цар тахлын хөл хориог та бүхэн хэрхэн даван туулж байна вэ?

-Манайд 10 гаруй ажилтан бий. Миний хувьд чадахаараа л чармайж байна. 10 гаруй ажилтны цаана 30 гаруй хүүхэд бий. Багадаа хоёр, ихдээ таван хүүхэдтэй ажилчидтай. Тиймээс тэднийг өлсгөхгүй, хоолыг нь, галыг нь таслахгүй юмсан гэсэндээ авъяасаараа л урд хойно, наана цаана болгож явна.

-Хэрэв хөл хорио дахиад сунгавал хэрхэх вэ?

-Ёстой л хамаг авъяасаа гаргах байх даа. Ямартай ч ажилчдаа, тэдний гэр бүлийг хоолтой байлгахын төлөө тэмцэх болно. Би хэдийгээр сайхан газар үүсгэсэн ч, ажилчдынхаа хувьд өрх гэрийн тэргүүн, аав нь гэсэн үг шүү дээ. Бүгд л миний гарыг харах болно. Тиймээс хэрэв хөл хорио сунгагдвал байдгаараа л чармайх болно.

-БИ ЯДРУУ ЯВЖ ҮЗСЭН. ТИЙМЭЭС ХҮМҮҮСИЙН ХООЛГҮЙ, МӨНГӨГҮЙН ЗОВЛОНГ САЙН МЭДНЭ-

-“Гоонь эрчүүдийн хуушуур гээд л байдаг. Үнэхээр гоонь эрчүүд ажиллуулдаг юм уу?

-Гоонь эр гэдэг нь би өөрөө юм. Миний хувьд ганц бие аав. Гэрлээгүй, хууль ёсоор ганц бие. Тиймээс өөрийнхөө жишээн дээр л хөгжилтэй болгож, нэрээ өгсөн. Манай нийслэлд маш олон хуушуурны газар байдаг. Бөөрөнхий, халиартай, хачиртай, наадмын хуушуур гээд бүр алцгар хуушуур ч гэж байх жишээтэй. Тиймээс тэдгээрээс ялгарах, нөгөөтэйгүүр үүсгэсэн хүн нь өөрөө гоонь эр учир ингэж нэрлэсэн. Надаас гадна надтай хамт ажилладаг манай үеэл ах болон хүргэн маань бас гоонь юм. Бид гурав л анх энэ бизнесээ эхлүүлээд машинаараа хүргэлтээр хуушуураа зарж эхэлсэн. Тиймээс энэ нэрээ өгсөн.

-Үүсгэн байгуулагдаад хэр удчихав. Энэ хугацаанд хэчнээн салбартай болсон бэ?

-Одоо яг гурван салбар бий. Нэг нь одоо бидний зогсож буй 16-р хорооллын Батлан хамгаалахын их сургуулийн замын урд, мөн Долоон буудлын эцэст, нөгөө нь Яргайт явах замд байдаг. Нээгээд нэг жил л болж байна даа.

-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Олон хүнд туслахыг л хүсэж байна даа. Баян, мөнгөтэйдээ ийм зүйл хийгээд байгаа биш. Би өөрөө ядруу явж үзсэн. Тиймээс хүмүүсийн хоолгүй, мөнгөгүйн зовлонг сайн мэднэ. Хүмүүс энэ зовлонг бага мэдрээсэй, нэг ч болов хүн хоолтой, дулаан байшинд байгаасай л гэж хүсэж байна.

-ХУУШУУР ХИЙХ САНААГ АНХ ЭЭЖ МААНЬ ГАРГАСАН-

-Та ямар мэргэжилтэй вэ. Тогооч мэргэжилтэй байгаад хуушуур хийгээгүй байх гэж бодогдлоо?

-Би дрифтийн тамирчин хүн. 20 гаруй жил автомашинтай ноцолдож явлаа. Мөн БНСУ-д хоёр жил орчим ажиллаж ирээд гурван жил болж байна. Солонгосоос анх ирчихээд юу хийхээ мэдэхгүй байсан. Ингээд хуушуур хийх санааг ээж маань анх гаргасан юм. Санаандгүй л “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж нэрлээд хуушуураа хийж, түгээгээд эхлэхэд хүмүүс их сайхан хүлээж авсан. Бид өөрсдөө ч гэсэн ямарваа зүйлийг сэтгэлээрээ хийдэг. Манай уриа ч гэсэн “Аавууд хэзээ ч муу хоол идэхгүй” гэдэг. Тиймээс аавуудыг дэмжээд зориод ирсэн хүмүүсийг бид эцэг хүний сэтгэлээр хандаж, хоолоор дайлдаг.

-Та бүхнийг зориод ирсэн үйлчлүүлэгч “байгаа мөнгөндөө тааруулаад хуушуур авъя” гэх тохиолдол гарч байсан уу?

-Орж ирдэг шүү. Бие давхар ээжүүд их орж ирдэг. Бүр “Ахаа танай хуушуурыг зүүдлээд ирлээ” гэдэг юм. Тэгэхээр нь би “За ахын дүү зүүдлээд ирсэн юм бол ахынхаа хуушуураас цадталаа ид. Мөнгө авахгүй. Харин мэнд амаржаад ирээрэй” гэдэг. Тэр дүүдээ төрснийх нь дараа гэрт нь хуушуур хүргэж өгнө гэж хэлээд амжаагүй л явна.

-Урьд нь та бүхэн сайн үйлсийн аян хийж байв уу. Группээ нээгээд хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Групп үүсээд арай л жил болоогүй. Сайн үйлсийн аяныг манай гэр бүл 2009 оноос хойш хийж байгаа. 2009 онд Сүхбаатар аймагт зуд болоход анх өөрийн түлшээр портер автомашин дээрээ түлээ нүүрс, малын тэжээл, гурил будаа чадахаараа аваад тухайн аймагт зорьж очоод зуданд нэрвэгдсэн айлуудад тарааж байсан. Ингээд 2009 оноос хойш л эхлүүлсэн сайн үйлсийн аянаа тасралтгүй зохион байгуулж байна даа. Нээрээ 2003 онд манай ойролцоох айлын гэр шатахад бид иж бүрэн тавилгатай дөрвөн ханатай гэр авч өгч байсан.

-УДАХГҮЙ ДУЛААРААД ЭХЛЭХЭЭР ХҮҮХДИЙН АСРАМЖИЙН ГАЗРУУДАД ХУУШУУР ХИЙЖ ӨГНӨ-

-Удахгүй эх үрсийн баяр болно. Та бүхний зүгээс эл өдөрт зориулж хүүхдүүд баярлуулахаар төлөвлөж байгаа юу?

-Түрүүн хэлсэнчлэн “1000 хүүхэд 1000 төгрөг” аян бодож байна. Заавал хийнэ гэж бодож байгаа. Мөн дулаарахаар хүүхдийн асрамжийн газруудад хуушуур хийж өгнө. Өнгөрсөн жил мөн хуушуур аваачиж өгсөн юм. Тиймээс энэ жил алгасахгүй гэж бодож байна.

-Танай сайн үйлсийн аяныг дэмжье гэсэн албан байгууллагууд холбогдсон уу?

-Байхгүй. Бид яг л бор зүрхээрээ яваа. Хэрэв тийм санал ирвэл би дуртай л байна. Одоо энд манай үеэлүүд л ажиллаж байна. Сүүлийн долоо хоногийн боорцог, хуушуурыг тэд маань л сэтгэлээрээ хийж байгаа юм шүү дээ.

-Танайх гурван салбартай. Гурван өөр амьдралын өнгө, түвшин харагддаг байх. Мөн сайн үйлсийн аянаа хийгээд явахад хотын аль хэсэгт хүнд амьдралтай айлууд олон байна вэ?

-Долоон буудал бол хэцүү. Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Дарь-эх гээд газруудтай залгаа байдаг. Тиймээс амьдралын түвшин доогуур, хүнд амьдралтай хүмүүстэй олон таарна. Мөн Шархад орчим хэцүү. Би нэгдүгээр хороолол орчмыг мэдэхгүй. Тиймээс салбар нээх бол тус газарт нээх санаа бий. Тухайн газартаа ч мөн сайн үйлсийн аянаа хийгээд л явна.

-Тогтсон, томоохон ресторан, үйлчилгээний газартай болохыг зорьдог уу?

-Жижиг салбарууд бус нэгдсэн төв салбар, үйлчилгээний газартай болох нь миний мөрөөдөл. Ямар ч байсан би мөрөөдлийнхөө нэг хэсэг болгож энэ хандивын аяныг хийсээр л байх болно.

-Ярилцлагын төгсгөлд аяныхаа тухай уриалга хэлээч?

-Манай сайн үйлсийн аян, үйл ажиллагаанд нэгдэж болно. Мөн бүгд эрүүл энх байгаарай. Вакциндаа бүгдээрээ хамрагдаад, амны хаалтаасаа түргэн салъя гэж л хэлэх байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ариун үйлсэд нь амжилт хүсье.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. buur setgel uyarchihlaa.mundag saihan setgeltei…mongold ochihooroo tsag zav gargaj bgaad zoruid ochij huushuur idne…ih zov bodoltoi saihan setgeltei zaluu bn.nadad iim humuus taalagddag…bi ch yduugiin yduu,ydruu yvj uzsen…saihan setgeltei huniig burhan ooroo hotolj zamiig n dardan bolgodog gj ene…ene zaluu saihan setgeliin hucheer sain yvna.taalagdlaa.see u soon.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button