УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Гурван сайдын нүүр үзсэн ч цаасан дээрээс “АМИЛЖ” чадаагүй “ДЦС-5” төсөл

Дулааны цахилгаан станц барих төсөл бүхэл бүтэн 12 жил гацсан асуудлыг ганц Монголоос л харж болно. "ДЦС-5” төслийг анх 2009 онд эхлүүлж байсан ч үе үеийн Засгийн газар, улс төрчдийн амлалтын бай болж царцсаар өдий хүрэв. 2017 онд ашиглалтад орох ёстой байсан ч цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөсөнгүй. Эл асуудал үндсэндээ Д.Зоригт, П.Ганхүү, С.Даваасүрэн гэсэн гурван сайдын нүүр үзлээ. Одоо дөрөв дэх нь Н.Тавинбэх.

“2012 онд олон улсын тендер зарлаад Франц, Солонгос, Японы компаниудаар бариулчихсан бол” гэдэг халаглал, харуусал энэ салбарын учир мэдэх хүмүүсийн дунд байдаг. Гэтэл эхэлж ч амжаагүй, цаасан дээрх төсөл ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖГҮЙ болсон тухай салбарын сайд Н.Тавинбэх саяхан зарлав.

Иймд бид "ДЦС-5” баригдахгүй өдий хүрсэн шалтгаан, төсөл яагаад үргэлжлэх боломжгүй болов гэдэгт хариулт эрлээ.

-ГАДНЫ ТОМООХОН КОМПАНИУДАД ГЭРЭЭН ДЭЭРЭЭ ХАЯГДСАН ЗАСГИЙН ГАЗАР-

Анх 2009 онд “ДЦС-5” төслийг эхлүүлж байв. Улмаар 2014 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, консерциум, концессын гэрээ яригдсан. Энэ консерциумд, Францын “Жи ди Эф Суэз”, Япон улсын “Сожитц корпораци”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч БНСУ-ын “Поско энержи”, Монголын “Ньюком” ХХК-иуд нэгдэж төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг томоохон хэмжээний станцыг 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Гэвч гэрээний үед Засгийн газартай ойлголцолд хүрээгүй. Хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлтэй гэж үзээд төслийг хэрэгжүүлэх консерциум тарсан байдаг.

-12 ЖИЛ ДАМНАСАН Ч НИЙСЛЭЛД ДЦС БАРИХ ГАЗАР ОЛДСОНГҮЙ, ОДОО Ч ОЛДООГҮЙ-

“ДЦС-5”-ыг баригдаагүй нэг шалтгаан нь газрын асуудал. Бүтэн 10 гаруй жил нилээн хэдэн газар судалсан ч бүх газарт нь БҮТЭХГҮЙ дүгнэлт гарч ХОЙШЛУУЛЖ ирсэн нь анхаарал татдаг.

-Улиастайд барихаар ярьцгаасан ч

Газар хөдлөлтийн балл өндөртэй, газрын цэвдэгтэй, нийслэлийн агаарын бохирдлыг ихэсгэж, усан хангамжид сөрөг гэж дүгнэлт гарчээ.

-Хонхорын радио станцын орчим, Богд уулын Чулуутын амны 42 га газрыг дархан цаазат газрын хамгаалалтын бүсээс чөлөөлөх санал гаргасан ч

Дулааны шугам сүлжээ хэт алслагдана. Газрын өндөрлөг нь даваа гүвээтэй, хотын түвшингээс 100 орчим метр өндөр байгаа нь дулааны шугам сүлжээний усны эргэлтэд хүндрэл учруулна гэсэн дүгнэлт хийжээ.

-ТЭЦ-III-ийн байршил дээр барих санал гарсан ч

Газар чөлөөлөхийн тулд 20 гаруй айлыг нүүлгэх шаардлагатай. Мөн ҮАБЗ-ын хурлаар эх үүсвэр нэг дор байрших нь зохимжгүй гэж шийджээ.

-НЗД асан Э.Бат-Үүл Ургах наран хороолын замын урд Хөлийн голын хөндийд 43 га газрыг ЭХЯ-нд 15 жилээр эзэмшүүлэхээр болсон ч

Судалгааны явцад Хөлийн голын хөндийн газар нь бас л маргаантай болж таарсан. Мөн ус хангамжийг шийдэх зэрэг асуудал удааширч, хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлтэй гэж үзээд төслийг хэрэгжүүлэх консерциум таржээ.

-БАРЬДАГГҮЙ “ДЦС-5”- ЫН БАЙРШИЛ СОЛИХ БҮР НЬ 3 САЯ ДОЛЛАР “УГААХ” ШАЛТГААН УУ-

Засаг солигдох болгонд "ДЦС-5” -ын байршлыг сольдог жишиг тогтжээ. Манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш л дээ. Засгийн газарт шинээр орж ирсэн улстөрчдийн ашиг сонирхлоос болж байршлыг дахин солих асуудал хөндөгддөг бололтой юм.

Байршил солигдож, дахин ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ судалгааны ажил хийхэд ойролцоогоор гурван сая ам.доллар зарцуулж ирсэн гэх мэдээлэл бий. Байршил солих бүрт /хэрвээ ТЭЗҮ хийвэл шүү дээ/ ийм хэмжээний зардал гарна гэсэн үг. Тэгэхээр байршил солих нь хэн нэгэнд төсвөөс мөнгө суйлах, боловсон хулгай хийх санаа ч байх магадлалтай юм.

Харамсалтай нь одоогийн төрийн эрхийг барьж буй Засгийн газар уг төслийг “мартах”-аар болж царцсан төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд "ДЦС-5” барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ.

-Н.ТАВИНБЭХ: "ДЦС-5-ЫГ БАРИХ ӨМНӨХ ГЭРЭЭ ТӨСӨЛ ХҮЧИНГҮЙ БОЛСНООС БИШ, ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ ЗОГСОХГҮЙ-

Бид ДЦС-5 -ын асуудлын талаар Н.Тавинбэх сайдаас тодруулсан юм.

Тэрбээр бидэнд, "ДЦС-5” нь Улаанбаатарт маш хэрэгтэй төсөл. Энэ цахилгаан станцыг барьж байж л өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж чадах юм. Анх гэрээ хэлцэл хийх явцад олон ойлгомжгүй асуудал үүссэн. Тухайлбал, газрын маргаан, шинээр татах дэд бүтцийн газрын асуудал, нүүрс тээврийн асуудал. Хамгийн гол нь гадны томоохон компаниуд татгалзсан явдал юм. Уг нь Франц, Японы их том компаниуд орж ирсэн байсан. Яг татгалзсан асуудлыг нь судалж үзэхэд нарийн төвөгтэй асуудлууд байдаг юм билээ. Тухайлбал, Францын компани нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулахаас татгалзсан байсан. Олон шалтгаан бий. Тиймээс энэ өмнө байгуулагдсан, концесс гэрээгээр энэ станц баригдахгүй, хүчингүй болсон.

Түүнээс "ДЦС-5” -ыг огт барихгүй гэсэн үг биш. Өмнө хийгдсэн маш олон судалгаа байдаг. Тэр судалгаанууд дээр түшиглэн энэ станцыг барих ажлыг үргэлжлүүлнэ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Оросын цахилгаанд урсгадаг валютаа улсдаа шингээдэг бол. Хэзээ хүртэл эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ өөрсдөө хангах оролдлогыг оросууд чагталж, өндөр үнэтэй цахилгаанаа шахсаар байх юм бол. Харин "ДЦС-5” ашиглалтад орвол манай улс хагас зуун жилдээ эрчим хүч, дулааны хомсдолд орохгүй гэдгийг мэргэжлийнхэн онцолдог. Чухам хэний засаг, хэн сайдын үед нийслэлчүүд цахилгаан, дулаанаа дотооддоо хангаж суух вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ми
ми
2021-05-05 08:27

10 хувь гацаасан

Бат
Бат
2021-05-05 08:55

Мистер тен хэргийн эзэн шүү дээ

Зочин
Зочин
2021-05-05 09:00

Өөрчлөөд бага нуур, шарын гол таван толгой дээрээ барьж болдог баймаар юм.Заав�##� дулааны цахилгаан станц барих шаардлагагүй цахилгаан станц барих хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button