ЭДИЙН ЗАСАГ

“Туркоиз Хилл Ресурсес” сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж, Арбитрын маргаанд оролцогч тал болохоос татгалзжээ

Оюу толгойн татварын маргааны асуудлаар Засгийн газар Арбитрын шүүхэд сөрөг  нэхэмжлэл гаргаад буй. Сөрөг нэхэмжлэлийг Нью-Йоркийн шүүх шалгаж буй талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компаниудыг Арбитрын маргаанд оролцогч тал болгож оролцуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч Туркоиз Хилл компани уг сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж буйгаа энэ сарын 3-ны өдөр Арбитрын шүүхэд илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл маргаанд оролцогч тал болохоос татгалзаж, нэхэмжлэлээс өөрсдийгөө үргэлж хамгаална гэж мэдэгджээ.

Арбитрын маргаан гэгдээд буй асуудлыг сэргээн сануулъя.

Татварын Ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 649 тэрбум /252 сая ам.доллар/ төгрөгийн татварын акт тавьсан. Энэ нь тус компанийн 2016-2018 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэсэн байдаг.

Мөн үүний өмнө 2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын татварын акт тавьж байв. Харин үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

Ингээд 2018 оны татварын маргааныг шалгаж буй Арбитрын шүүхийн үйл ажиллагаандаа энэ онд тавьсан татварын асуудлыг мөн нэмж оруулсан. Товчоор, хоёр удаа ноогдуулсан татварыг төлөх үндэслэлгүй гэж үзээд тэд манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөөд буй юм.

Харин Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс тэд татварын актыг хэдий хүлээн зөвшөөрөөгүй ч төлөх ёстой дүнгээ Төрийн санд шилжүүлсэн. Хэрэв Арбитрын шүүх тэдний талд шийд гаргавал энэ мөнгөө буцааж авна гэсэн үг. Харин Засгийн газар Арбитрын маргаан удаан үргэлжилнэ гэж тооцоод, уг шилжүүлгээс иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан билээ.

Засгийн газар “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компаниудын эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шалтгааныг:

  • “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах
  • “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зорилготой гэж тодорхойлоод байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button