НИЙГЭМ

“Фүжи холдинг ББСБ” ХХК, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар, үнэт цаасны дотоод мэдээлэлд юу юуг тооцох, түүнийг нийтэд мэдээлэхэд баримтлах зарчим, дотоод мэдээлэл эзэмшигч гэж хэн болох, тэдэнд хориглох үйл ажиллагаа, журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн тогтоож өгсөн байна. Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг урвуулан ашиглах, хуурамч арилжаа хийж, үнэ ханш, арилжааны хэмжээг зохиомлоор өсгөх, бууруулах, зах зээлд оролцогч харилцагчид, хөрөнгө оруулагчдыг мэхлэх зэрэг эрсдэл үүсэхээс энэхүү журмаар урдьчилан сэргийлэх юм.

“Монос хүнс” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, түүний 30 хувь буюу 122 655 128 (нэг зуун хорин хоёр сая зургаан зуун тавин мянга нэг зуун хорин найман) ширхэгийг нэг бүрийг нь 70 (далан) төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Райнос эссет менежмент монгол” ХХК, “Ти Би ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

“Амбрелла брокер” ХХК-д даатгалын зуучлалын, “Нүнү финанс” ХЗХ, “Мөнх баялгийн эзэд” ХЗХ-д хадгаламж, зээлийн, “Ди Эм финанс” ХХК, “Эм Пи Эс Си” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

“Нью капитал тэнцэл аудит” ХХК-г үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын, “Өмгөөллийн барристер кастор” ХХК-г тус зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр тус тус бүртгэн, “Гэр даатгал” ХХК-аас оноосон нэрээ “Амар даатгал” ХХК болгон өөрчлөх хүсэлт ирүүлснийг хэлэлцэн зөвшөөрч, бүртгэлийг хууль, журамд заасан хугацаанд шинэчлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Мөн “Ганхүлэг капитал групп ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, харин “Арга билэг эстимэйт” ХХК, “Кредит монгол ББСБ” ХХК-ийн зарим тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж.

Эцэст нь “Фүжи холдинг ББСБ” ХХК, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button