НийгмийнНИЙГЭМ

Ч.Оюунгоо: Дуучин Д.Намсрайноров ахын хөмсгөнд нь дуртай, гоё харагддаг

Дэлхийн 59 оронд зохион байгуулагддаг “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг манай улсад зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Сонин содон оролцогчдыг багтаасан эл нэвтрүүлгийн дугаар бүр нь үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, сэтгэлийг нь огшоож чадсан гэж болно.

Тус нэвтрүүлгийн хамгийн мэрийлттэй, дугаар бүрт өөрийн авъяас чадварыг батлан харуулсаар ирсэн оролцогч нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноров. Тэрбээр өнгөрөгч ням гарагийн дугаарт хасагдсан. Эл явдал нь бүхий л хугацаанд чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгов. Ялангуяа бяцхан шүтэн бишрэгчид шоу нэвтрүүлгийн шийдвэртэй санал нийлэлгүй, нулимс хүртэл унагасан байх юм.

Бид дуучин Д.Намсрайноровын шүтэн бишрэгч долоон настай Ч.Оюунгоо охин болон түүний аав М.Чинболдтой цөөн хором ярилцсан юм. Тэд Орхон аймгийн Эрдэнэт хотод аж төрдөг бөгөөд Ч.Оюунгоо охин Орос 19-р сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг байна. Тэрбээр бяцхан биедээ багтамгүй авъяастай бөгөөд шатрын гуравдугаар зэрэгтэй байна. Мөн төгөлдөр хуур тоглох, балет бүжиглэх, дуулах дуртай аж.

-Д.НАМСРАЙНОРОВЫГ ХАСАГДСАНЫГ СОНСООД УЧИРГҮЙ ИХ УЙЛСАН-

-Юуны өмнө ярилцах саналыг нааштай хүлээж авсанд тань баярлалаа?

-Та бүхэнд бас баярлалаа. Охин маань ичээд сайн ярьж чадахгүй байх шиг байна. Би охиноосоо асуугаад асуултад боломжоороо хариулъя.

-Өнгөрөгч ням гарагт та бүхний хувьд их адал явдалтай өдөр өнгөрсөн бололтой?

-Харин тийм. Охин маань дуучин Д.Намсрайноровыг их дэмждэг байсан. Санал хураалт бүрээр өөрийнхөө утас болон эхнэр бид хоёрын утсаар 6 дугаар руу саналаа илгээдэг юм. Тухайн өдөр ч мөн 6 дугаарт нэлээн олон санал явуулсан. Тэгээд хасагдсан мэдээг сонсоод л дуугаа хурааж байснаа учиргүй их уйлсан. Эхнэр бид хоёр их удаан аргадаад, уйлж байгаад унтчихсан.

-САНАЛ ХУРААЛТ БОЛОХООР Л УТСАА ШҮҮРЧ АВААД САНАЛАА ӨГДӨГ ЮМ-

-Маргааш нь сэрээд гунигласан байх даа?

-Өглөө сэрээд бол зүгээр л байсан. Гэхдээ өмнөх дугааруудыг нь утсаараа хэд хэд үзсэн шүү.

-Охин нь гар утас ашиглаж чаддаг байх нь?

-Тийм ээ. Мэссэж санал хураалтын дугаар болон оролцогчийнхоо дугаарыг бүр цээжилжихсэн. Санал хураалт болохоор л утсаа шүүрч аваад саналаа өгдөг юм.

Өнгөрсөн хугацаанд саналаа өгөөд, Д.Намсрайноров хасагдалгүй үлдээд байсан болохоор өөрийг нь санал өгвөл тэнцдэг гээд ойлгочихсон юм шиг байгаа юм. Тэгээд л "би саналаа өгч байхад яагаад хасчихаж байгаа юм бэ” гээд их уйлсан.

-Өмнө нь Д.Намсрайноров дуучны дуунуудыг сонсдог байв уу. Нэвтрүүлэг үзээд л дэмждэг болсон уу?

-Өмнө нь бол мэддэггүй байсан. "Ододтой бүжиглэе” шоугаар Моана хүүхэлдэйн киногоор сэдэвчилж бүжиглэсэн дугаарыг үзсэнээс хойш уйгагүй үзэж, дэмждэг болчихсон юм. Охины маань үзэх дуртай хүүхэлдэйн кино байгаа юм аа.

-Д.НАМСРАЙНОРОВЫН ХӨМСӨГТ ДУРТАЙ ГЭЖ ХЭЛСЭН-

-Д.Намсрайноровын яг юу нь таалагдсан юм бол?

-Охин маань хөмсгөнд нь дуртай гэж хэлсэн. Гоё харагддаг гэж байсан шүү.

-Дуртай оролцогч нь хасагдсан болохоор дэмжих хүнгүй хэцүү байх даа?

-Харин тийм ээ. Би одоо хэнийг үзэж, дэмжих юм бэ л гээд байсан шүү. Охин маань дуулж, бүжиглэх их дуртай. Тиймээс дуу бүжгийн нэвтрүүлэг үзэх дуртай.

-Та бүхний хувьд хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Гэртээ л амралтын байдалтай өнгөрүүлж байна. Охин маань айлын том. Тиймээс дүүтэйгээ тоглох, төгөлдөр хуур тоглох, аав ээжтэйгээ шатар тоглох зэргээр өнгөрүүлж байна. Аль болох утас, телевиз үзүүлэхгүй байхад нь анхаарч байгаа.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button