НИЙГЭМ

СУДАЛГАА: Иргэдийн 11.9 хувь нь даатгалд итгэдэггүй гэжээ

Даатгалын салбар дахь иргэдийн итгэл төдийлөн нэмэгдэхгүй байгааг 2019 оны II улирлын Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаа харуулж байна.

Хэдийгээр судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэгэн даатгалтай ба даатгалгүй иргэдийн тоо 2018 оны мөн үеэс 11 пунктээр буурсан ч энэ салбарт иргэд тийм ч их итгэхгүй байна.

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн бөгөөд ийн үзэх иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 14.2 пунктээр өссөн талаар уг судалгааг хийсэн “Эн Ар Си Си” компанийн захирал, судлаач Б.Алтанцэцэг хэлж байв. Товчхондоо судалгаанд хамрагдсан иргэдийн 11.9 хувь нь даатгалд итгэдэггүй гэж хариулжээ.

Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын салбарын талаарх гомдол ирсээр байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд даатгалын салбартай холбоотой 22 өргөдөл гомдол иржээ. Санхүүгийн зохицуулах хороо үүнийг хэлэлцээд 450 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, компаниудад шаардлага хүргүүлсэн ч 110 сая төгрөг нь олгогджээ. Харин үлдсэн гомдол нь шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа аж.

Даатгалын компаниудын талаарх иргэдийн маргаан яагаад шүүхэд очтолоо чирэгдэл учруулж буй талаар СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулахад “Нэг л асуудлаас үүдэж маргаан гардаг. Иргэд даатгалын компанитай гэрээ байгуулахдаа ямар нөхцөлд даатгал авах талаараа сайн уншиж, гэрээтэйгээ танилцдаггүй. Зөвхөн өгөх ёстой гэж ханддаг. Тиймээс гэрээтэйгээ сайтар танилцах хэрэгтэй. Компаниудын хувьд бид зохих шаардлагаа тавиад ажиллаж байгаа” гэлээ.

Даатгалын зах зээлийг илэрхийлэх гол үзүүлэлт болох нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувиар өсөж, 354.7 тэрбум төгрөгт хүрсэн талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм. Салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлжээ.

Даатгалын компаниудын нийт хураамжийн орлого өмнө оны хоёрдугаар улирлаас 23.7 хувиар өсөж, 104 тэрбум төгрөгт хүрэв. Энэхүү өсөлтийн 99 хувийг ердийн даатгалын компаниудын хураамжийн орлого бүрдүүлсэн байна.

Тайлант улиралд даатгалын компаниудын нөхөн төлбөрийн зардал 25.7 тэрбум төгрөг болж, нийт хураамжийн орлогын 24.8 хувийг эзэлжээ. Нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувь буурсан нь энэ аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button