НийгмийнНИЙГЭМ

Тэргүүн фронтод зүтгэсэн 1000-аад эмч, 500-гаад цагдаа коронавирусээр өвчилжээ

Коронавирусийн халдвар анх бүртгэгдсэн цагаас хойш эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, цагдаагийн албан хаагчид халдварын тэргүүн фронтод амь хайргүй зүтгэж, чөлөө завгүй ажилласаар ирсэн.

-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР 50 МЯНГАД ХҮРЧ, 221 ХҮН НАС БАРЛАА-

Дархлаажуулалт эхлээгүй, тэр бүү хэл дэлхий дахинаа вакцин үйлдвэрлэж чадах эсэх нь тодорхойгүй цаг үеүүдэд ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хоёргүй сэтгэлээр ажилласан билээ. Эмнэлгийн хангамж, үйлчилгээ муу орнуудын жишгээр халдварын голомтод улаан гараараа зүтгэсээр буй ч тэд өнөөг хэр нь шантарч, гомдоллолгүй зүтгэсээр. Франц улсын иргэн, бидний нэрлэснээр Анх-Отгоныг эмчилснээс хойш улсын хэмжээнд халдварын тоо хэдийн 50.000-д хүрлээ. Дараалласан олон хөл хорионы үр дүнд халдварын тоо буурч байгаа ч, харамсалтай нь нас баралтын тоо нэмэгдсээр байна.

Гурван сая гаруй хүн амтай манай орны хувьд 221 хүнээ коронавирусийн халдвараар алдана гэдэг гамшиг л гэсэн үг. Дээр дурдсанчлан халдвар гарсан цагаас тэргүүн фронтод ажилласаар буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаагийн албан хаагчдын хэд нь өвчилсөн гэдэг эрхгүй анхаарал татна. Иймд бид албаны хүмүүстэй холбогдож дараах тоон мэдээллийг авсан юм.

-НИЙТ 966 ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСНААС 149 НЬ АЖЛЫН БАЙРНААСАА АВСАН-

Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Э.Сэлэнгэ:

"Сүүлийн 24 цагийн байдлаар эмч, эмнэлгээс шалтгаалсан халдвар 6 нэмэгдэж, нийт халдварын тоо 149 болсон. Харин өнгөрөгч тавдугаар сарын 16-ны байдлаар нийт халдварын 966 нь эмч, мэргэжилтнүүдтэй холбоотой. Энэ нь нийт өвчлөлийн хоёр хувь юм” гэв.

Харин Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяраас тодруулахад:

"Эмнэлгийн ажилчид дотроо хоёр янз байгаа. Гэр бүлээсээ туссан хүмүүс эмч, эмнэлгээс шалтгаалсан халдварт бүртгэгдэхгүй, нийт бүртгэлдээ ороод явдаг. Эмч, эмнэлгээс шалтгаалсан халдвар гэдэгт коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байхдаа халдвар авсан эрүүл мэндийн ажилтнууд орно. Тэгэхээр коронавирус гарснаас хойш нийт хэчнээн эрүүл мэндийн ажилчнууд халдвар авсан тоог нарийн гаргах боломжгүй. Эмнэлэг бүрт халдвар авсан ажилчдын тоо бий. Нэгтгэсэн тоо алга” гэв.

Тэгэхээр коронавирус анх бүртгэгдсэн цагаас хойш хэчнээн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд халдвар авсныг нарийн мэдэх боломжгүй аж. Бүртгэлд буй тоо мэдээллээр эмч, эмнэлгээс шалтгаалсан халдвар 149, харин бусад байдлаар халдвар авсан 966 эмч, мэргэжилтэн байна. Гэвч энэ нь баттай тоо биш болж таарав.

-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР 514 АЛБА ХААГЧ ӨВЧИЛСНӨӨС 73 НЬ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА-

Харин цагдаагийн байгууллын хэчнээн алба хаагч халдвар авсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Бүртгэлд байгаа мэдээллээр коронавирусийн халдвараар 514 алба хаагч өвчилсөн байна. Түүнээс нийслэлд 470, орон нутагт 44 нь байна. Үүнээс 441 нь эмчлэгдэж, эдгэрсэн. 73 нь эмчлэгдэж байгаа. Албан хаагчдын 95.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Нарийн мэдээлэл хэлэх боломжгүй” гэв. Хоёр тундаа хамрагдсан алба хаагч халдвар авсан эсэх, мөн нас баралт бүртгэгдсэн эсэх тухай мэдээллийг өгөхөөс татгалзав.

-ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ-

Үүнээс харахад 1000 орчим эмч, мэргэжилтэн коронавирусийн халдвар авснаас 149 нь эмнэлгийн орчинд, бусад нь ахуйн хүрээнд өвчилжээ. Гэвч дээрх тоо нь зөвхөн бүртгэлд орсноор юм. Мөн 500 гаруй алба хаагч өвчилснөөс 73 нь эмчилгээ хийлгэж буй аж. Тэгэхээр нийт хүн амын хэчнээн эрүүл мэндийн ажилтан, алба хаагчид халдвар авсан нарийн тоог одоо хүртэл гаргаж чадаагүй гэж ойлгож болох нь.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button