“Pfizer”, “Moderna”-ийн вакцинууд Энэтхэг хувилбарын эсрэг үйлчилнэ

Нью-Йоркийн их сургуулиас явуулсан судалгаа “Pfizer”, “Moderna” компанийн үйлдвэрлэдэг “КОВИД-19”-ийн вакцинууд Энэтхэгт анх бүртгэгдсэн хувилбарын эсрэг үйлчилдэг гэдгийг харуулжээ. Тэдгээр компанийн бүтээсэн вакцинуудын үүсгэх хамгаалалт B.1.167 (Энэтхэг хувилбар) төрлийн спайк уургийг саармагуулдаг аж.
Мягмар гарагт (2021.05.18) Цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр доктор Энтони Фаучи хэлэхдээ тус судалгаа нь “вакцинаа хийлгэх ёстой гэдгийг харуулсан бас нэгэн том шалтгаан” боллоо хэмээжээ.Энэтхэгт анх илэрсэн B.1.617 төрлийн халдварлах чадвар нь нэмэгдсэн ч “Pfizer”, “Moderna”-ийн вакцинаар дархлаажуулснаар тус хувилбарын халдварыг дарах боломжтой байна.
ДЭМБ-ын мэдээлснээр B.1.617 хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр B.1.617 нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: Daily Mail, Med Page
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.