Солонгост сэтгэцийн өвчтэй этгээд орон сууцанд гал тавьж, хүмүүсийг хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ


Өнөөдөр өглөө БНСУ-ын Гёнсон мужид гэмт этгээд орон сууцанд гал тавьж, улмаар галаас зугтан гарч ирэгсдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Гэмт этгээд шизофрен буюу сэтгэцийн өвчний түүхтэй нэгэн байсан аж.
Уг хэрэг Жинжу орон сууцны хороололд гарсан бөгөөд гэмт этгээд 5 хүнийг хөнөөж, 13 хүнийг шархдуулсан байна. Цагдаагийн мэдээлснээр 12 настай охин, эмээ, ээжийнхээ хамт гэмт хэрэгтний гарт амиа алдсан гэжээ. Шархдаж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа төдийгүй долоон хүн угаартсан байдалтай эмчилгээ хийлгүүлж байгаа аж. Гэмт этгээд 42 настай эрэгтэй. Тэрбээр гал тавьж, хүмүүсийг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар шалтгаанаар уг хэргийг үйлдсэн талаараа тайлбар өгөөгүй байна. Үүрийн 4 цаг 25 минутад гэмт этгээд зочны өрөөндөө бензин цацаж гал гаргаад “Гал гарлаа” хэмээн орилж хүмүүсийг сандралдан гарч гүймэгц хүлээж байгаад хутгалж амь насыг нь хөнөөсөн талаар цагдаагийн байгууллагынхан мэдээлэлдээ дурьджээ. Уг хэрэг дээр мэргэжлийн хоёр цагдаа, 30 гаруй мөрдөгч ажиллаж эхэлсэн байна. Гэмт этгээд өмнө нь дээд давхрынхаа айлын хаалга руу соус, цуу цацаж дургүйцлээ илэрхийлж буй нь ССТV хяналтын камерт үлдсэн байжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.