СУДАЛГАА: “Pfizer”, “AstraZeneca”-ийн вакцин Энэтхэг хувилбарын эсрэг үйлчилнэ

“Pfizer”, “AstraZeneca” компанийн вакцин хоёр тун тариулсны дараа коронавирусийн Энэтхэг хувилбарын эсрэг үйлчилдэг гэдгийг шинэ судалгаа харуулжээ. Тэрхүү судалгааг “Public Health England” байгууллага явуулсан бөгөөд хүнд хэлбэрээр өвчлөхөөс илүү үр дүнтэй хамгаалдаг гэж дүгнэлт гаргасан байна.

Тэдгээр вакцинууд эхний тун хийснээс гурван долоо хоногийн дотор Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусийн B.1.617 хувилбараас 33 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж. Харин “Pfizer”-ийн вакциныг тариулснаас хоёр долоо хоногийн дараа Энэтхэгт бүртгэгдсэн хувилбараас 88 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж. “AstraZeneca”-ийн вакцин тус хувилбарын эсрэг 60 хувийн үр дүн үзүүлжээ.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок хэлэхдээ энэхүү судалгаа нь Англид зургаадугаар сарын 21-ны өдөр хөл хориог эцэслэн султгахад аюулгүй гэдэгт улам итгэлтэй болгож байна хэмээжээ. B.1.617 хувилбар нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.