ВИДЕО КОНТЕНТНийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Ayama” брэнд Цагаан уул цэцгээр сувиннер, ээмэг, зүүлт, бугуйвч хэрхэн хийдэг вэ

Үхэшгүй мөнхийн тодотголтой Цагаан уул цэцгээр ээмэг, зүүлт, бугуйвч, сувиннер хийж буй Пүрэвдоржийн Надалсүрэнг “Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Тэрбээр охиныхоо нэрээр нэрийдсэн “Ayama” брэндийн талаар ийнхүү ярьж байна.

ТАЙЛБАР: Тэрбээр анх Mongolian Edelweiss нэрээр пэйж хуудас нээн хөтөлжээ. Гэтэл энэ нэрийг Оюуны өмчийн газар бүртгэх боломжгүй гэсэн тул одоо “Ayаma” нэрээр бүртгүүлэхээр хүсэлтээ өгчээ.

-МАНАЙХААС ИХЭВЧЛЭН СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД БҮТЭЭГДЭХҮҮН ЗАХИАЛДАГ-

-Цэцгээр гоёл хийж байна гэхээр их сонирхолтой санагдлаа. Чухам яагаад цэцгээр, тэр тусмаа “Цагаан уул”-аар гоёл хийх болов?

-2018 онд гурав дахь хүүхдээ өлгийдөж авсан юм. Хүүхэд харахын хажуугаар гар урлал эрхэлдэг ээжүүдийн группд нэгдэж, цэцгээр гоёл хийж эхэлсэн. Үүнд цэцэг тарих дуртай минь нөлөөлсөн байх. Анх яргуй, шар, цагаан цэцгээр хийдэг байсан. Харин удалгүй Цагаан уул цэцгээр хийдэг болсон. Сураад удаагүй байхдаа гадаадад ажиллаж, амьдарч буй дүү нартаа Цагаан-Уул цэцгээр зүүлт хийж бэлэглэсэн юм. Гэтэл төсөөлж байгаагүй зүйл надад тохиолдсон. Дүү нар маань найзууддаа, багш нартаа бэлэглэнэ хэмээн хэд, хэдийг захиалан авч надад урам өгсөн. Тэр мөчөөс болох юм байна, чадах юм байна гэсэн итгэл төрж, “Mongolian Edelweiss” нэртэй пэйж хуудас нээн захиалга авч эхэлсэн дээ.

Уг нь би анх брэнд болтол нь хөгжүүлнэ гэж бодоогүй. Хоббигоороо хийж байгаад өөрийнхөө ажлыг л хийнэ гэж бодож байсан. Гэвч сүүлдээ үнэхээр “донтсон”. Цаг зав гарвал л цэцгээр гоёл хийгээд суучихдаг болсон.

Манайхаас ихэвчлэн сэтгэлээ илчилж байгаа залуучууд бүтээгдэхүүн захиалдаг. Мөн эмэгтэйчүүд хос зүүлт хийлгэдэг. Өмнөговь аймагт ажилладаг залуучууд хотод байгаа эхнэр, найз бүсгүйдээ ээмэг, зүүлт захиалж, хүргүүлнэ. Мөн гадаадад сурч байгаа оюутнууд Монголд байгаа найз охин, залуудаа зүүлт захиалж, хаягаар нь хүргүүлдэг. Ер нь тэгээд бид бүтээгдэхүүнээ борлуулахын хажуугаар хайрын зууч болж явна. /инээв/

-Та Цагаан уул цэцгийг зуны улиралд түүгээд хадгалж байгаа байх. Гэхдээ түүж авсан цэцгээ яаж “амьдаар” нь хадгалдаг вэ?

-Зүгээр л хонь хариулж явахдаа түүнэ гэдэг шиг уулын энгэрээс түүчихдэг. Мөнхжүүлэх тусгай бодисын ачаар түүсэн цэцгээ яг л “амьд” юм шиг хадгалдаг. Бүтээгдэхүүн болоод хэрэглэгчийн гар дээр очсоны дараа ч хэлбэр, өнгөө алдахгүй. Манайх энэхүү бодисоо БНХАУ-аас авдаг.

-Зүүлт, ээмэг, бугуйвч, бөгжинд Цагаан уул цэцгээс гадна өөр юу, юу хийдэг вэ. Бусад түүхий эдээ ч мөн БНХАУ-аас авдаг уу?

-Эпокси гээд тусгай бодис, будаг, модон хийц, оосор, сэнж ордог. Бид эпокси, будгаа БНХАУ-аас авдаг. Харин оосор, сэнж, модон хийцээ дотоодоос авдаг.

Мөн ээмэг, зүүлтээ бага зэрэг чимэглэх үүднээс арц, гоёлын чулуу оруулж өгдөг. Үүнийг мөн дотоодоос авдаг.

-ЦАГААН УУЛ ЦЭЦГЭЭС ГАДНА АРЦ, ГОЁЛЫН ЧУЛУУГААР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЧИМЭГЛЭДЭГ-

-Гоёлын чулуу, арц орсон бүтээгдэхүүн арай үнэтэй юу? Та манай уншигчдад бүтээгдэхүүнийхээ үнийг сонирхуулаач?

-Анх гар урлалын бүтээгдэхүүний үнийг бодож гаргадаг сургалтад сууж байсан. Тиймдээ ч ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй адилхан үнээр борлуулж байгаа.

  • Зүүлт, энгэрийн зүүлт: 25 мянга
  • Ээмэг, зүүлт мөнгөн хос: 50-80 мянга
  • Ээмэг, зүүлт, бөгжтэй мөнгөн хос: 80-250 мянган төгрөгийн хооронд /уран дархантай хамтарч хийдэг/
  • Мөнхжүүлсэн цэцгэн сувиннер: 60 мянга
  • Цэцгэн сувиннер: 35 мянга
  • Дан ээмэг: 35 мянга

Мөн зарим дугуй хэлбэртэй зарим бүтээгдэхүүнүүд маань зэсийн оруулгатай гарч байгаа.

  • Зэсийн оруулгатай зүүлт, энгэрийн зүүлт: 35 мянга
  • Зэсийн оруулгатай бугуйвч: 40 мянга
May be an image of jewelry and text

-Одоо танайх хэдэн хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Анх бизнесээ сонирхолдоо хөтлөгдөн эхлүүлж байхад нөхөр, охин хоёр маань хамт цэцэг түүдэг байлаа. Харин өнөөдөр албан ёсоор 4 ажилтантай “том” айл болсон. Нэг нь энэ хавар СУИС-ийг төгссөн дизайнер охин. Харин нэг нь уран дархан. Мөн нэг хүргэлтийн ажилтантай. Бид шинэ загварууд гаргаж, хөгжүүлэлт хийхээр ярилцаад л явж байна.

-Цаашдаа бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг хэрхэн нэмэхээр төлөвлөсөн бэ?

-Бэр цэцгийг үндэсний цэцэг гэдэг. Гэхдээ Цагаан уул цэцэг ч мөн хүмүүст танигдсан. Дуунд хүртэл мөнхөрсөн. Тиймдээ ч бид цаашдаа бүтээгдэхүүний нэр төрлийг олон болгож, Монголд ирсэн жуулчдад цагаан уул цэцгийг сурталчилна. Эхний ээлжид ганц, хоёр зураачтай гэрээ байгуулчихсан байгаа. Цагаан уул цэцэгтэй алчуур гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад худалдаанд гаргана.

-ӨӨРИЙН ХҮССЭН ӨНГӨТЭЙ ЦЭЦГЭЭРЭЭ ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, БУГУЙВЧ ХИЙЛГЭЖ БОЛНО-

No photo description available.

-Бүтээгдэхүүнүүд зөвхөн захиалгаар гарах уу, эсвэл бэлэн хийчихсэн байгаа загваруудаас хэрэглэгчид сонгоод авах боломжтой юу?

-Цэцэг бүхэн дахин давтагдашгүй. Хийц болгон нь өөр. Тиймээс бэлэн хийсэн загваруудаас захиалах боломжтой. Мөн өөрсдийн хүссэн өнгө, хэмжээтэйг хийлгэж болно. Зарим захиалагчид зүүлтнийхээ ард хайртай хүнийхээ нэрийг бичүүлнэ. Харин зарим нь эхний үсгийг нь бичүүлдэг.

-Захиалга өгснөөс хойш хэд хоногийн дараа бүтээгдэхүүн бэлэн болох вэ?

-Бүтээгдэхүүнээсээ л хамаарна. Мөнгөн эдлэлээр хийж буй ээмэг, бөгж л жаахан уддаг юм. Ер нь бол хамгийн удаандаа 3-5 хоног л болно.

-Зүүлтний оосор өөр, өөр байна. Өнгөө сонгоод хийлгэх боломжтой юм байна, тийм үү?

-Өөрийн хүссэн өнгөтэйгөө захиалах боломжтой. Ямар ч хувцсан дээр зохицдог гэдэг утгаараа хүмүүс хар оосортой их хийлгэдэг. Зарим нь бол цагаан, бороон, хөх оосортойг хийлгэнэ. Анзаараад байх нь ээ улаан, зэрэг өнгөлөг оосруудыг гадаад захиалагч нар их хийлгэдэг.

-Урин дулааны улирал болж байна. Цагаан уул гэхгүйгээр өөрийн дуртай цэцгээрээ ээмэг, зүүлт хийлгэж болох уу?

-Болно, болно. Өөрийн хүссэн өнгөтэй цэцгээрээ хийлгэж болно.

-БӨӨНИЙ ҮНЭЭР АВЧ, ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭЭР БОРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА-

-Цаашдаа нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа юу?

-Хэдхэн хоногийн өмнө хоёр гурван газраас хамтарч ажиллах санал ирсэн. Тэгээд Мобикомын “Monpay”-тай хамтарч ажиллахаар болсон. Монмаркет дээр “Аяма арт” дэлгүүрээ нээж байгаа. Ингээд шуурхай байдлыг эрхэмлэгч хүмүүс онлайнаар захиалга өгч, мөн байгаа загваруудаас худалдан авах боломжтой боллоо. Бид цаашдаа нэрийн дэлгүүр нээхгүй. Учир нь бүх юм онлайн болж байхад талбайн түрээс төлж, худалдагч цалинжуулж дэмий мөнгө урсгахгүй. Харин манайхаас бөөний үнээр авч, жижиглэнгийн үнээр борлуулах хүсэлтэй хүмүүстэй хамтран ажиллана.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт, Увс, Завхан аймагт манай бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа. Албан ёсны борлуулагчтай болсон.

-Гадаадаас захиалга хэр их ирдэг вэ. Бүтээгдэхүүнээ экспортод гаргах талаар бодож байгаа юу?

-Бидний хийсэн бүтээгдэхүүн эх орноосоо алсад ажиллаж, амьдарч, суралцаж буй хүмүүст “эх орон” орон нь болдгийг мэдсэн, мэдэрсэн. Нэг захиалагч маань “Танайхаас захиалж авсан энэ зүүлтийг эх нутгаа, хайртай хүмүүсээ санахаараа барьж, элгэндээ нандигнадаг шүү” гэсэн. Ийм л амь халуун урмын үг биднийг огшоож, гоё юм хийх хүсэл тэмүүлэлтэй болгодог.

Ер нь бол хилийн чанадаас маш их захиалга ирдэг. Шведэд байгаа найз маань олноор нь захиална. Мөн Герман, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд захиалдаг. Ер нь бол гадаадад байгаа монголчууд маш их сонирхдог. Зарим нь олноор нь аваад тэндэхийн ханшаараа зардаг юм билээ. Гаднын иргэд маш их сонирхдог гэсэн. Тиймээс цаашдаа экспортод гаргана гэж бодож байгаа.

ЦАГААН УУЛ ЦЭЦГЭЭР ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, БУГУЙВЧИЙГ ИНГЭЖ ХИЙДЭГ

НЭГ: Цэцгээ түүнэ

This image has an empty alt attribute; its file name is tsagaan-uul-uildwerlegch-2-1024x683.jpg

ХОЁР: Мөнхжүүлэх тусгай бодис руу цэцгээ хийгээд 3-5 хоног байлгаж байгаад гаргаж ирнэ. Цэцэг болгон харилцан адилгүй. Зарим цэцгийг хэт удаавал өнгө нь өөрчлөгдөнө.

This image has an empty alt attribute; its file name is tsagaan-uul-vildwerlegch-6-1024x683.jpg

ГУРАВ: Сонгосон хэвэндээ цэцгээ байрлуулна

This image has an empty alt attribute; its file name is tsagaan-uul-vildwerlegch-2-1024x683.jpg

ДӨРӨВ: Хэвэндээ цэцгээ байршуулсны дараа эпокси бодисоо хийгээд 24 цаг хатаана

This image has an empty alt attribute; its file name is tsagaan-uul-vildwerlegch-21-1024x683.jpg

ТАВ: 24 цаг хатаасны дараа захиалагчийн хүссэн өнгөөр будна. Дээрээс нь дахиад эпокси бодисоо хийгээд хатаана.

ЗУРГАА: Зүүлтэнд оосор хийнэ. Хэрэв ээмэг бол сэнжийг нь хийнэ

This image has an empty alt attribute; its file name is tsagaan-uul-vildwerlegch-1-1024x683.jpg

Хэрэв та захиалга өгөх бол энд дараарай

Утас: 88084166

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:22

Very interesting topic, thanks for putting up.

уншигч
уншигч
2021-10-11 11:37

Байг�##�ьдаа ургаж үрээ цацаж байх нь ан амьтан, хүн төрөлхтөнд илүү хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button