
“Гоё бичдэг хүнийг л ажилд авдаг”. Багш нарын “тоть шиг” давтан хэлдэг энэ үгийг сонсолгүй Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд үгүй биз. Чухам энэ үгийг 12 жил сонссон ч их сургуулийн ширээнд тохой залгасан жилээ гоё сайхан руу тэмүүлсэн нэгэн оюутныг энэ удаа онцолж байна. Түүний лекцийн дэвтэр яг л сурах бичиг шиг. Үсэг бүхэн нь нэгэн жигд. Бас зурагтай ном шиг. Их өнгөлөг.
Анх түүний лекцийн дэвтрийг цахим сүлжээнээс олж хараад эмэгтэй хүн бичсэн байх бодсон. Гэвч утас цохитол, эрэгтэй хүн мэнд мэдэв. Түүнийг Болор-Эрдэнийн Б.Ангарагтүмэн-Өлзий гэдэг. МУИС-ийн ХУС-ын нэгдүгээр ангийн оюутан тэрбээр дугуй ширээний ард өөдөөс харан сууж байна. Бид ярьж эхэллээ...
-Анх чиний лекцийн дэвтрийг хараад эмэгтэй хүн гэж бодсон. Эрэгтэй хүүхэд гэхэд их гоё бичих юм...
-Баярлалаа.
-Дан ганц бичих гэлтгүй, зураг зурах шаардлагатай бол зурж, буддаг юм байна. Лекцийн цагтаа багтаан зурж амждаг уу?
-Би зураг зурах сонирхолтой. Бүр багаасаа л зураг зурж, түүнээсээ урам зориг авдаг байсан. Тиймдээ ч лекцийн үеэр зурах шаардлагатай хүснэгт, зураг таарвал зурчихдаг. Багш хурдтай ярьж байгаа үед бол дэвтэртээ зайг нь үлдээчхээд дараа нь зурдаг. Мөн хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж хөрөг зурж байгаа.
-Багаасаа зураг зурдаг байсан хэрнээ яагаад энэ чиглэлээр биш өөр чиглэлээр суралцахаар болсон юм бэ?
-Би багадаа судлаач болохыг хүсэж, мөрөөддөг байсан. Хүүхэлдэйн кино гэхээсээ илүү баримтат кинонд дуртай байсан. Тиймдээ ч аав, ээжтэйгээ зөвлөлдөн МУИС-д элссэн. Түүхч болно. Гэхдээ чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлж зургаа зурсаар л байх болно.
-ЯГ ХИЧЭЭГЭЭД СЭТГЭЛЭЭ ГАРГААД ХИЙВЭЛ ЮУ Ч ХЭЦҮҮ БИШ. БҮХ ЗҮЙЛ АМАРХАН ЮМ БИЛЭЭ-
-Одоо хоёулаа ярилцлагынхаа гол асуулт руу оръё. МУИС-ийн оюутнуудын дунд зарласан “Бүтээлч лекцийн тэмдэглэл” уралдаанд оролцож байгаа юм билээ. Яагаад энэ тэмцээнд оролцъё гэж бодсон бэ?
-Тэмцээний удирдамжийг харчхаад оролцоод үзье гэж бодсон. Гагцхүү уралдаанд оролцох бус өөрийн бичгээ харж, түүнээсээ урам зориг авах чухал байсан. Мөн миний лекцийн тэмдэглэлийг харсан хэн нэгэн урам зориг авч, өөртэйгөө ажиллах байх гэсэн итгэлээр оролцсон. Хүмүүс маш сайхан сэтгэгдэл хэлсэн байна лээ. Тэдний халуун, дулаан үгс надад асар их урам хайрласан.
-Бүх хичээлээ ингэж гоё бичдэг үү. Эсвэл зөвхөн тэмцээнд зориулж ингэж бичсэн үү?
-Маш олон хүн тэгж асуусан байсан. Ер нь бол би лекцээ зурж, хичээж тэмдэглэдэг. Цахим хичээл орсноос хойш аль болох гоё бичиж байгаа. Яг хичээгээд сэтгэлээ гаргаад хийвэл юу ч хэцүү биш. Бүх зүйл амархан юм билээ.
-Багш нарын яриаг гүйцэхгүй үедээ муухай бичих үе гардаг л байх?
-Мэдээж муухай бичих үе гарна. Гэхдээ энэ нь танхимаар хичээллэж байгаа үед гардаг байсан.
-Танхимаар хичээллэж байх үед танай ангийнхан дэвтрийг чинь авч хичээлээ нөхдөг байв уу?
-Танхимаар хоёрхон сар орсон болохоор ангийнхантайгаа дотносож нөхөрлөж чадаагүй. Гэхдээ лекц болон семинар дээр хажууд сууж байсан хүүхдүүд бичгийн хэвийг маань хараад сайшааж байсан. Тэгээд надаас дараа нь суралцах юмсан гэж хэлсэн.
-ОЮУТАН БОЛСНООСОО ХОЙШ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ ГЭЖ ШИЙДЭЭД 14 ХОНОГ ХУУЛАН БИЧЛЭГ ХИЙСЭН-
-Ангараг арван жилдээ хэр онц сурдаг хүүхэд байв?
-Би Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн. Ер нь бол онц сурдаг хүүхэд байсан. Гэхдээ тухайн үед бичгийн хэв маань төлөвшөөгүй байсан. Харин их сургуулийн оюутан болсноос хойш хандлагаа өөрчилье гэж шийдсэн. Тэгээд 14 хоног хуулан бичлэг хийсэн. Хүн ер нь ямарваа нэгэн зүйлийг өдөр болгон хийгээд байхаар дадчихдаг юм билээ.
-Арван жилийн сурагч байхдаа төдийлөн гоё бичдэггүй байсан гэлээ. Дэвтрүүдээ хадгалдаг уу?
-Хадгалдаг. Саяхан өнгөрсөн жилийнхээ дэвтрээс юм харсан юм. Нээж хараад л ямар муухай бичдэг байснаа ойлгосон шүү.
-Арван жилд байхад багш нар гоё бичдэг хүнийг ажилд авдаг, ажилд ороход бичгийн хэв нөлөөлдөг гэж хэлдэг байсан. Багш нар чинь юу гэж сургаж, чиглүүлдэг байв?
-Манай багш нар бичгийн эрдэм чухал, хүнийг ажилд авахдаа бичгийн хэвийг нь хардаг юм шүү гэж байнга хэлдэг байсан. Мөн манай аав, ээж ч тэгж байнга тэгж хэлдэг. Бичгийн хэвээ төлөвшүүлэхээр зориглосонд маань тэдний хэлсэн үг нөлөөлсөн. Зүрх сэтгэлийг маань чиглүүлсэн.
ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУСЫГ ХАРААД Л ХОР ШАР ХӨДӨЛСӨН-

-Ирэх намар их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан болох нь. Ер нь оюутны амьдралыг хэрхэн төсөөлж байсан бэ. Төсөөллөөс чинь хэр өөр байв?
-Анх их сургуулийн босго давж ороод ангиа олохгүй төөрч будлисан. Гэхдээ 14 хоногийн дараа дассан. Олон найз нөхөдтэй болж, шинэ хүмүүстэй танилцана хэмээн түгшиж басхүү догдолж байсан ч жаахан дурсамж бүдэг нэг жил өнгөрлөө. Гэхдээ цаана нь гурван жил байгаа гэж бодохоор сэтгэл жаахан ч болов өег.
-Онлайн хичээлд хэр сэтгэл хангалуун байна вэ. Зарим оюутнууд бол их шүүмжлэлтэй хандаж байна?
-Утас унтрах, эвдрэх зэрэг хүндрэлүүдийг эс тооцвол онлайн хичээл их амар байсан. Учир нь хэдий хоцорсон ч хичээлээ нөхөөд үзчихдэг нь танхимын хичээлээс давуу талтай. Гэхдээ орон нутгийн оюутнуудад жаахан хүндрэлтэй байсан байж мэдэх юм.
-Хоёр сар танхимаар хичээллэхэд анзаарсан л байх. Үеийн чинь залуус хүсэл тэмүүлэл, зорилгодоо хэр үнэнч юм байна?
-Маш дайчин, бүтээлч. Үеийнхээ залуусыг хараад л хор шар хөдөлсөн. Надаас мундаг хүүхдүүд зөндөө байдаг юм байна. Би өөрийгөө өөрчлөхгүй бол болохгүй юм байна. Хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Цаашдаа өөрийгөө хэрхэн хөгжүүлж, “хэн болох вэ”?
-Хөгжим тоглож сурахыг, тэр тусмаа төгөлдөр хуур, гитар сонирхож байгаа. Мөн англи хэлийг төгс сураад гаднын орон руу явж суралцана. Ер нь бол тасралтгүй суралцана, хөгжинө.
-Ярилцлагын төгсгөлд энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөж байгаа дүү нартаа хандаж үг хэлэх үү?
-Баярлалаа. Ирэх намар оюутан болох залууст хандаж ганц л зүйл хэлье. Шинэ хүмүүс, шинэ орчин арван жилээс тэс өөр байдаг. Тиймээс мөрөөдөл чиглэлээ зөв тодорхойлж, оюутан насаа бүтээлчээр өнгөрүүлээрэй.
БИЧЛЭГ:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайнаар санасан бүхэн чинь үргэлж бүтэж байг ээ.
ёстой мундаг хүү байна
ig-ийг мэдэх бол өгч тус болооч юм асуух гэсэн юм аа
Дүүдээ сайн сайхныг хүсэн ерөөе. .Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.