“Айхтар” хятадууд #2: “Эдийн засгийн хөгжил экологийн өмнө гишгэх ёсгүй”
2020 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас сошиал платформ ашиглаж, бүх иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Ингэхдээ хотын суурьшмал бүсэд онгон зэрлэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, худалдахыг хоригловол дэмжих эсэхийг нь асуусан байна.
Асуулгын үр дүн ихээхэн сонирхолтой гарсан бөгөөд санал өгсөн 80 мянга орчим хүний 90-ээс илүү хувь нь “Тийм” гэж хариулжээ. 2020 оны хоёрдугаар сар гэдэг нь БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар анх бүртгэгдээд төдийлөн удаагүй байсан үе юм. Вирус Ухань дахь далайн түүхий бүтээгдэхүүний захаас дэлгэрсэн билээ.
ИРГЭДИЙН ОЙЛГОЛТ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА
Шанхай дахь Фудан их сургуулийн экологич Бин Жао хятадчууд жил ирэх тусам зэрлэг байгаль, суурьшмал хотын бүс хоёрыг ялгаж, салгах хэрэгтэй гэдэгт санал нэгдсээр буй гэжээ. Тэрбээр “Хүмүүс зэрлэг амьтадтай хэт ойр амьдарвал цар тахал дэгдэж ч болохыг олж харсан. Гэхдээ зөвхөн энэ ч биш, том агуулгаараа бид зэрлэг байгалийг тусгаарлаж, хамгаалдаг тогтолцоо бий болгох нь чухал гэдэгт бараг нийтээр санал нэгдэж байна” хэмээн ярьсан байна.
Иргэд нь нийтээр олж харсан үе ийн сүүлийн нэг, хоёр жилээр тоологдож буй боловч төрийн бодлого бол угтаад хэрэгжиж эхэлсэн гэдгийг эрдэмтэд онцолно. 2018 онд Ши Жинпинь ерөнхийлөгч “Эдийн засаг чухал ч экологин өмнө хэзээ ч гишгэхгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж байв.
ГАЗАР НУТГАА ХАМГААЛАЛТАД АВЧ ЭХЭЛЖЭЭ
Энэ хүрээнд БНХАУ-ын тодорхой газар нутагт “Улаан шугам” татаад буй. Энд зөвхөн онгон зэрлэг байгаль жамаараа аж төрөх бөгөөд ямар нэг барилга, бүтээн байгуулалт хийгдэхгүй. Нэг үгээр хамгаалагдсан газар нутаг гэсэн үг.

Дараах графикт дэлхийн улс орнууд нийт газар нутгийнхаа хэдэн хувийг хамгаалсан талаар үзүүлжээ. Харагдаж буйчлан ХБНГУ 40 орчим хувиа хамгаалалтад авсан байна. Харин БНХАУ 10 дөхөж байна. Гэхдээ энэ 8 хувийн 7 орчим нь дээрх бодлогын хүрээнд шинээр хамгаалалтад авсан газрууд болох нь ногоон зураасаар харагдаж буй.
ХОТЖИЛТ БА ЭКОЛОГИ
1950 онд БНХАУ-ын хүн амын ердөө 13 хувь нь хот, суурин газар амьдарч байжээ. 1980 оноос эхлээд үйлдвэржилтийн бодлого хүчээ авч, хүн амын гуравны хоёрыг хотод амьдруулна гэсэн зорилт тавигдсан байна. Үүгээр олон бүтээн байгуулалт, барилгын ажил зэрэг зэрэг өрнөсөн. Гэвч энэ нь нэг л мэдэхэд газар нутгийн экологийн асуудалд дарамт болж ирэх хэмжээнд очжээ.
“Эдийн засаг өссөн ч экологи орхигдсон нь эцэстээ үр дүнгийн үзүүлэлтийг унагасан. ДНБ-ий хэмжээ нэмэгдсэний ижил хэрээр ойжуулалт, усны эх үүсвэрийн хамгаалалт зэрэг ажлууд хийгдээгүй” гэж Бин Жао ярьсан байна.
Хотжилт экологид шууд, шууд бус хэлбэрээр үргэлж нөлөөлж байдаг. Бидний хамгийн сайн мэдэх сөрөг үр дагавар нь агаарын бохирдол, усны хомсдол, модгүйжилт зэрэг байдгийг эрдэмтэд судалгаагаар баталжээ.
БНХАУ-ын Засгийн газар энэ чиглэлд ажиллахдаа олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээж оролцдог. Тухайлбал Парисын гэрээнд нэгдэн орсныхоо хүрээнд нүүрснний хэрэглээг жил ирэх бүр бууруулна гэж амласан. Энэ үүднээс Хятад нүүрс импортолдог зарим орнуудтайгаа хэлэлцээр хийж, үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар хязгаарладаг болоод буй.
"ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ЭКОЛОГИЙН ӨМНӨ ГИШГЭХ ЁСГҮЙ”
Энэ 2021 оны хувьд НҮБ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцэд нэгдэн орох гэж байна. Тус конвенцод дэлхийн 200 орон нэгдэж, дэлхийн экологийн төлөө хичээж ажиллана. Дахин нэг ч биологийн төрөл зүйл устаж үгүй болохгүй, энэ чигээр онгон байгальдаа оршин тогтнохын төлөө конвенцод нэгдэн орсон орнууд бодлогоороо уралдах юм.
Дээрх мэтчилэн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээр ч, дотоодын бодлого шийдвэрүүдээр ч БНХАУ-д хэдхэн жилийн дотор хүрсэн үр дүн олон. 2017 онд Бээжингийн агаарын бохирдлыг 60 хувь бууруулж чадсан.
Цаашид биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд аль болох нийгмийн шинж чанартай бодлого, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тэд ажиллаж байна. Сун Иат-Сен их сургуулийн судалгааны багийн ахлагч Тиэн Мин Лий хотжилт, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүйгээр биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах ямар бодлого байж болохыг судалж буй талаараа ярьжээ.

Хамгийн наад зах нь Европын холбооны тусламжтайгаар, устаж үгүй болох эрсдэлтэй амьтдыг хамгаалах чиглэлд дотоодын хууль тогтоомж батлуулах зорилготой ТББ-ууд байгуулах хувилбарыг туршиж байна. Тухайлбал ховордсон амьтны савруу зэрэг эд эрхтнийг худалдах явдлыг бүр таслан зогсоох, хориглох. Агнаж авлахыг зогсоох. Идэш тэжээлийн хэлхээ, амьдрах орчныг нь уугуул хэлбэрээр нь хадгалж үлдэх. Эдгээр чиглэлд нийгмийн шинжтэй нөлөөллийн ажлууд ч хийхийг зорьж буй аж.
Өшөө цаашид тохиромжтой шийдэл эрж, хайсаар л байна. Мин Лий “Төр бодлого гаргавал үр дүнд харж болдгийг агаар, усны бохирдлын асуудал хэрхэн шийдэгдсэнээс харсан. Гэхдээ зөвхөн энэ хангалтгүй. Иргэд олон нийтээр нэг зүрх сэтгэлээр, нэг ойлголтоор хандах ёстой” гэж ярьжээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүл Nature-д хэвлэгдсэн уг өгүүллийн ерөнхий утгыг тоймлон, дээрх байдлаар хүргэлээ. Үүний өмнө БНХАУ техник, технологийн салбартаа хэрхэн онцгойлон анхаарч, дэлхийд анхдагч технологиудыг нэвтрүүлж буй талаар сонирхуулж байсан. Тэгвэл энэ удаад экологи, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд төр нь ч, ард иргэд нь ч идэвхийлэн анхаарч буйг харуулахыг зорилоо.
Хотын бүсэд байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаж, хэрэглэхийг хориглох хууль гаргавал дэмжинэ гэж санал асуулгад оролцогчдын 90 хувь хариулсан гэдэг тэд өөрчлөлтийн өмнө хэр зоримог байр суурьтай зогсож байгааг харуулж байна. Засгийн газар нь ч жил ирэх тусам эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдсээр байна. Үр дүн ч гаргаж буй.
“Эдийн засаг экологийн өмнө гишгэх ёсгүй” гэсэн Ши Жинпинь ерөнхийлөгчийн үг ерөөс эл бодлогын гол үндсэн санаа болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.