Нийгмийн

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Согтуу жолоочийн балгаар 27 жил тэргэнцэрт суусан ч амьдралд сөхрөөгүй бүсгүй

“Явж чадахгүй ч, хөлтэй байхад сэтгэл арай дүүрэн байсан. Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээрээ үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ. Эмнэлгээс гарахдаа сувилагчаар өргүүлж тэргэнцэр дээрээ суухад, хөлгүй тал руу шигдээд л орчихсон. Нүдийг эрхгүй нулимс бүрхээд, үгээр илэрхийлэмгүй сэтгэлийн гүн хавханд орчих шиг л санагдсан” гэх нь даанч уйтай...


Бид танд өдгөөгөөс 27 жилийн өмнө Г.Бадамцэцэг бүсгүйд тохиолдсон нэгэн таагүй явдлыг хуваалцах болно. Түүний дотор бугласан энэхүү гашуун түүх ирээдүйн амьдралаа зурах хүн бүрт сургамж болох нь лавтай. Ослоор нуруу нугасандаа гэмтэл авч, насан туршийн тэргэнцэрт суух тавилантайгаа эвлэрч, одоо л нэг сайхан амьдаръя гэвч түүний амьдрал тэр чигээрээ сорилт байлаа. Үрийн зулай үнэрлэж чадахгүй ч, насны ханиа оллоо гэтэл долоон жил ханилсан хань нь сэхээний орноос орхиж, түүнээс төд удалгүй ясны халдвараар өрөөсөн хөлөө тайруулжээ. Тэрбээр өдгөө ээжийнхээ хамт өдөр бүрийг өвчинтэйгөө амь тэмцэн өнгөрүүлж байна.

-УЧРАЛ-

Сэтгэлд хөндүүрлэж, "заавал холбоо барих юм шүү” гэсээр Г.Бадамцэцэг бүсгүйн  дугаарыг олж, түүнтэй холбогдвол маш ядруу, намуухан өнгөөр ярих нь тэр. Баянгол дүүрэгт байрлах түүний гэр ногоон өнгийн өлзий хээтэй, цэвэрхэн гоёмсог хашаанд байрлана. Гэрт орвол Г.Бадамцэцэг бүсгүй цэвэрхэн зассан орныхоо бор хээтэй хөнжилд хэвтэж байлаа. Харин хажууд нь түүний уух эм, хэрэгтэй зүйлсийг эгнүүлэн зассан нь нягт нямбай байдлыг илтгэнэ.

Хажуухан талд нь өнгөт принтер бичгийн цаас гээд хэвлэлийн бас бус юмс байв. Харин ханаар нь түүний гоёмсог, өнгө алаглах залуугийн зургууд өлгөөтэй харагдлаа. “Хэдийгээр бололцоо муу, хөгжлийн бэрхшээлтэй ч би гэртээ цэвэрхэн амьдрахыг хичээдэг. Ядуу гэхээрээ л муухай амьдарч болохгүй шүү дээ. Би бас өөрийгөө ганган, гоё байлгах дуртай” гэсээр үс зүсээ янзлан бидний яриа эхэлсэн юм.

-ОСОЛ-

Тэртээ 27 жилийн өмнөх ослоос бидний яриа эхэллээ. Энэ явдал 1994 онд түүнийг 17 настай байхад болжээ. СУИС-ийн Кино драмын ангид элсэн орж, жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж явсан үе. Конкурсаа өгөөд, сургуульдаа тэнцэж, урдах амьдрал нь алган дээр байгаа мэт тодорхой санагдаж байлаа. Угаас сэргэлэн цовоо, олон талын авъяастай охин тул өөртөө ч итгэлтэй байв. Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн тэр осол Дархан хот руу явах аялалаас эхэлсэн юм. Ачааны автомашины арын тээшинд долоон хүүхдийн хамт дайгдаж, замд гарчээ. Замын холыг нэлээн хороож, дундаа орох үед машин нь шаварт сууж, тэр зуур жолооч хатуухан ундаа хүртээд амжив. Суусан машинаа шавраас гаргаад хөдлөөд удалгүй осол болж, нэг ухаан ороход Г.Бадамцэцэг машины тэвшинд нуруугаараа даруулсан байдалтай байжээ.

Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа “Осолд орсны дараа шууд л хөл, бөгсөн бие мэдээгүй болчихсон. Түрхэн зуур л мэдээгүй болсон байх гэж бодож байснаас насаараа тэргэнцэрт сууна чинээ бодоогүй юм. Босно, эдгэрнэ л гэж дотроо найдаж, хүлээдэг юм билээ. Тухайн үед жолооч нь 30 орчим л настай байсан. Залуу хүнийг шорон оронд оруулаад, муу зүйл үзүүлээд яах вэ гээд гомдолгүй гэж цагдаад хэлсэн. Шүүх шинжилгээний байгууллагаас гэмтлийн зэрэгт 600 гаруй мянган төгрөгийн хохирол барагдуулах байсанд жолооч ах мөнгөн дүнд нь бараа авчирч өгөөд гарын үсэг зуруулаад аваад явсан юм. Би ч жаахан байсан болохоор учраа мэдээгүй л дээ. Тухайн барааг нь хэрэглэсэн ч зүйлгүй хүмүүст тараагаад л дууссан. Хэчнээн заргалдлаа гээд эргээд хөл дээрээ босож чадахгүйгээс хойш гэж бодоод л орхисон.

Эмнэлэгт хоёр жил орчим хэвтэж, гурван ч удаа хагалгаанд орлоо. Цаашдын төлөвлөсөн ирээдүй маань нүдэн дээр минь замхарч байгааг хараад өөртөө гомдож, амьдрахаас ч шантарч байсан үеүд надад дэндүү олон. Бүхнийг хүний тусламжтай хийж, үгүй ядахдаа бие засаж ч чадахгүй байсан болохоор аргагүй биз” хэмээн нүдэндээ нулимстай харуусан ярив. Согтуугаар жолоо барьж осол гаргасан жолоочид 1.6 жилийн тэнсэн харгалзах ял, хоёр жил эрх хасах шийтгэл оноосон байна.

-АМЬДРАЛД ТЭМЦСЭН ДОЛОО ХОНОГ-

Хичээлийн шинэ жил ч эхэлж, үеийн найзууд нь сургуульдаа явж байх үед тэрбээр эмнэлгийн оронд үхэл, амьдралтай тэмцэж байв. Осолд орохдоо түнхэндээ гэмтэл авч, дотор нь буглаа үүссэнийг тухайн үед мэдээгүй байна. Угаас хөл нь мэдээгүй болсон учир өвдөлт ч мэдрээгүй гэдэг. Гэнэт өндөр халуурч үзүүлэхэд цусанд бохир орсон байжээ. Ердөө долоон хоногийн амьдрах настай гэх мэдээг сонсоод тэнгэр нураад ирэх шиг л болсон гэдэг.

Гэвч тухайн үед 30 гаруйхан настай байсан ээж нь үхэлтэй уйгагүй тэмцэлдсээр охиноо аварч үлдсэн гэдэг. Эмнэлэгт багагүй хугацаанд хэвтсэний дараа 38 хэмийн халуунтай, тэргэнцэртэй гарч ирээд “Өөрийгөө эдгэрчихлээ” хэмээн ихэд баярлаж байснаа дурсав. Цусанд орсон бохир бага багаар цэвэршиж, шарх нь ч аниад бие нь хэсэг тэнхэрчээ.

-УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН НЬ-

Г.Бадамцэцэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа цангинатал дуулдаг байжээ. Унаган дуулах авъяастай байсан нь түүнийг урлагийн амьдралд хөл тавиулсан аж. Эмнэлгийн өрөөндөө дуулж, эргэн тойрных нь хүмүүс ч чихэр, жимс өгч урамшуулсаар байжээ. Гэвч ослын дараа өөртөө итгэх итгэлээ алдаж, найз нөхдөөсөө ч зайгаа барьж ганцаараа байхдаа л өөртөө дуулж өгдөг байсан гэв.

Гэртээ гараад нэлээн орой ээжээрээ шархаа боолгонгоо зурагт үзээд суутал МУГЖ, нийтийн дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар шууд нэвтрүүлгээр “Хонхны нулимс ” дуугаа дуулж байхыг үзжээ. Ингээд ээжийнхээ зөвлөгөөг сонсож, нэвтрүүлэгт нь холбогдож хамт уран бүтээл гаргах санал авсан аж. Улмаар эл өдрөөс хойш хоёр жилийн дараа 25 насандаа “Хавар хайр дагуулж ирдэг” гэх анхны уран бүтээлээ нэрт дуучинтай хамтарч дуулжээ.

-АНХНЫ УРАН БҮТЭЭЛ-

Тэрбээр 3000 хүний өмнө тайзан дээр анхны уран бүтээл “Хавар хайр дагуулж ирдэг” гэх уран бүтээлээ сандрал, баяслаар дүүрэн дуулсан байна. Дуугаа дуулаад анх тайзан дээр гарах мэдрэмжээ тэрбээр:

“Анхны тайз маань үгээр илэрхийлэмгүй гоё байсан. Тайз нь өөрөө миний багын мөрөөдөл байсаар ирсэн. Тиймээс ч тайзанд хүмүүсийн өмнө дуулахад маш их сандарч, тэр хэмжээгээр сэтгэл дүүрэн байдаг байлаа. Өөртөө ч итгээгүй. Ш.Гүрбазар ах тайзнаа сэтгэгдэл асуухад маш их зүйлийг хэлмээр байсан ч “Гоё байна” гэхээс өөр зүйл хэлж чадаагүй. Баярын шокноосоо гараагүй байсан юм уу даа. Үзэгчдийн хандлага ч мөн сайхан байлаа. Алга ташилт хүнд маш их урам зориг өгдөг. Түүнийг нь хэзээ ч мартаж чадахгүй болов уу” гэв. Тэрбээр унаган нутаг болох Дундговь аймагт “Дуулж л явъя даа” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, хэд хэдэн уран бүтээлийг туурвижээ. Санаа зүтгэл байвч, уран бүтээл бүрийн цаана зардал гардаг учир урлагаасаа сүүлийн долоон жил завсарласнаа хэлэв.

-ШИНЭ БИЗНЕС-

Алхаж, явж чадахаа больсон ч түүний тэмүүлэл түүнийг алхуулж байлаа. Тэрбээр согтуугаар жолоо барихын хор хөнөөлийн сэдэвт “Уучлал ба хариуцлага” лекцийг өөрийн амьдралын туршлагад үлгэрлэн, өсвөр насны хүүхдүүдэд лекц тавьж эхлэв. Тэрбээр энэ ажлаа хийгээд явж байхдаа маш их баяр жаргалыг мэдэрч, хүүхдүүдийн хайраар тэжээгддэг болохыг хэллээ. Замын цагдаагийн албан хаагчидтай хамтран уг лекцээ үргэлжлүүлэн уншсаар байжээ. Тэрбээр энэ тухай дурсахдаа “Миний тавьсан лекцийн үр дүн 5,10 жилийн дараа ч биелж, надтай адил асуудалтай олон хүнийг бүтээж, амьдралыг сүйрүүлэхгүй байх л миний зорилго. Тиймээс энэ лекцээ цаашид тавьсаар байх болно” гэв.

Гэвч цар тахлын хөл хориогоор тэрбээр хуурай эгчийнхээ тусламжтай шинэ бизнесийг эхлүүлсэн нь календар байлаа. Хэвтэрт, дээр нь хийх ажилгүй гэртээ суухад нь хуурай эгч нь өнгөт принтер бэлэглэж, анхны календарыг нь хийлгэжээ. Багахан компьютерийн мэдлэгтэй ч, өдрөөс өдөрт оролдсоор тэрбээр хийж сурсан байна. Ийнхүү хүмүүсийн захиалгаар сүүлийн гурван жил гэрээрээ календар хийж өөрийн багахан бизнес эхлүүлсэн нь эм, тариа эмчилгээнд нэмэр болж байжээ. Дээр нь шаардлагатай үедээ хоёр охин дүүгээсээ мөнгөн тусламж авч, хоол хүнсэндээ хэрэглэдэг аж.

-ХАЛДВАР-

Осолд орохдоо түнхэндээ авсан шарх нь хувилж, махны үхжилт явагдсан учир тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард нэгэн эмнэлэгт яаралтай хагалгаанд оржээ. Бүсгүй эмнэлгийн нэрийг дурдахыг хүссэнгүй. Үүнийгээ нэгэнт хөлөө тайруулчихаад тухайн эмнэлгийн олон эмч, ажилчдын амьдралыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа учраас хэмээн тайлбарласан юм. Хагалгаанд орсноос хойш шөнө бүр халуурч, эргээд эмнэлэгтээ очсон ч онош тодрохгүй байсаар цөсний хагалгаанд орж, чулуугаа хүртэл авахуулжээ.

Хагалгаанаас хоёр өдрийн дараа биеийн үзүүлэлт муудаж, сэхээн амьдруулах эмчилгээнд оров. Ийнхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж, одоогийн MRSI гэх оношийг тодруулж чаджээ. Хагалгаанд орохдоо уг вирусыг авч, халдвар цусанд их тархсан тул хөлийг угаар нь тайрахаас өөр сонголт үлдээгүй гэх таагүй мэдээг ГССҮТ-ийн эмч нар ээжид нь дуулгасан аж. Хөлийг тайрна гэдэг мэдээг охиндоо дуулгахаас эмээж, гаднаа инээж, дотроо уйлж хэдэн өдөр явсныг н.Бямбаа гуай тэгэхэд хэлэв.

Г.Бадамцэцэг энэ тухайгаа дурсахдаа “Явж чадахгүй ч гэлээ хөлтэй байхад сэтгэл арай дүүрэн байсан. Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээрээ үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ. Эмнэлгээс гарахдаа сувилагчаар өргүүлж тэргэнцэр дээрээ суухад, хөлгүй тал руу шигдээд л орчихсон. Нүдийг эрхгүй нулимс бүрхээд, үгээр илэрхийлэмгүй сэтгэлийн гүн хавханд орчих шиг л санагдсан. Уг нь олон түмнийхээ дэмжлэгээр амьтай голтой үлдсэндээ талархаж инээмсэглэе гэвч, яагаад ч чадаагүй. Хөндлөнгийн нүдээр яг л хүнээ үдчихээд харьж яваа хүмүүс шиг дүнсгэр харагдсан байх. Гэртээ ирээд асгартал уйлсан. Хэчнээн өдөр уйлснаа ч одоо сайн санадаггүй юм” гэв.

-ХАНЬ-

Удаан хугацаанд сэхээн амьдруулж, олон сарыг эмнэлэгт өнгөрүүлэх хугацаанд ээж нь л түүний хажууд торойн үлджээ. Тэрбээр энэ тухайгаа тэр бүр хүмүүст сөхөж ярьж байгаагүй аж. Нэг их уужуу амьсгаа авч “Тэр хүнд шалтгаан байсан болоод намайг орхисон байх. Би түүндээ гомддоггүй. Одоо урагш харж амьдарна. Хашаандаа ээжтэйгээ амьдрах дулаахан сайхан байшинтай болоод л амьдрах юмсан гэж боддог” хэмээн ярилаа.

-ТАЛАРХАЛ-

“Шаналлыг шаналж бус туулж байж л давж гардаг. Өөр гарцгүй. Хөлөө тайруулахад надад үхмээр л санагдаж байсан. Дутуу дээрээ дутуу болох мэдрэмж хэцүү. Суумгай, хоёр хөл мэдээгүй байтал нэмээд хөлөө тайруулах, бүтэн өмд өмсөж чадахгүй байх үеийн мэдрэмж хэцүү. Зовлонтойгоо нүүр тулаад эхлэх цагт юмс өөрчлөгддөг юм билээ. Ээжийгээ амьд сэрүүн, дэргэд минь байхад би үхлийн тухай бодох эрхгүй гэж бодсон. Дээр нь дуучин Т.Дэлгэрмөрөн надад их урмыг өгсөн. “Хэрвээ бурханд таниас авах зүйл үлдсэн бол түүнийг нь өг. Ээждээ амьд үлд. Бид хийх зүйлээ хийсэн. Тиймээс харамсахгүйгээр амьд байгаадаа талархаж яваарай“ гэж хэлээд эмчилгээний зардалд тусламж үзүүлэхэд их урам орсон. Дуучин Т.Дэлгэрмөрөн түүний охин Зөөсийд маш их баярлаж явдаг” гэв.

Ийнхүү түмэн олны дэмжлэгээр тэрбээр дахин нэг удаа амьдрах итгэлээ олж, зүтгэх болжээ. Хөл тайруулахад хүргэсэн MRSI вирус нь олон эрхтэнд хүрч, давхар биеийг нь өвчлүүлсэн байна. Бөөрний дутагдал, элэгний задрал хэмээх хэд хэдэн таагүй онош сонсож, өдгөө 10 гаруй нэр төрлийн эм, тариа эмчилгээг хийдэг аж. Дээр нь уг вирусээр өвчилсөн өвчин нь энгийн нэг эмэнд бус үнэтэй антибиотикд дарагддаг аж. Гэвч тэрбээр өнөөдөр олон түмнийхээ урмын үгс, хайранд хүч орж, цааш цаашдаа эрүүл энх, аз жаргалтай амьдрахыг тэмүүлэх болжээ.


Амьдралын төлөө хэцүү бүхнийг настай ээжийнхээ хамт сөрөн яваа Г.Бадамцэцэг бүсгүйг өөрийн гэсэн дулаан байшинтай болгох сайн үйлсийн аянг зорилго нэгт залуус эхлүүлжээ. Хэрэв та тус аянд нэгдэхийг хүсвэл:

ХААН БАНКНЫ 5007778385 Г.БАДАМЦЭЦЭГ ДАНСАНД СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨӨРЭЙ!

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-02 15:36

Тэр нөхөр нь арай л сэтгэлгүй юм аа. Гэрээ нэхээд байхдаа яахав дээ.

ЗочинUnshigch
ЗочинUnshigch
2022-09-21 15:23

Um sain amgalan boltugai. Jolooch buyan hiigere dee. Heleh yum alga daa hoorhii

Холбоотой мэдээ

Back to top button