СПОРТ

Токиогийн олимпын дэвжээнд тод гялалзаж мэдэх Л.Отгонбаатар

-Дэлхийн бөхчүүдийн эгнээнд багтсан танд баяр хүргэе.

-Нээрэн гэж үү. Ерөөсөө итгэж чаддаггүй ээ. Ингээд дэлхийн дэвжээнээс медаль авчихлаа гэж үү?

 -Тийм ээ, та чадлаа.

 -Ямар сайхан юм бэ. Зүүд биш байгаа даа. Намайг нэг чимхээч.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар “Баку-2018” ДАШТ-ээс Монголын багийн хоёр дахь медаль хүртсэнийхээ дараа өөртөө итгэж ядан ийн өгүүлж байв.

1 хүн, зогсож байгаа, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Дэлхийн медальтан болоод тийнхүү баярлаж суусан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цол хүртэн, гавьяатуудын гэр бүлд багтлаа.

ДАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТСЭН 15 ДАХЬ МОНГОЛ ЖҮДОЧ

Лхагвасүрэнгийн Отгонбаатар гэх мэтийн зураг байж болно

28 настай тэрбээр 2018 оны ДАШТ-д гурав дахь удааагаа зодоглосон. Дэлхийн дэвжээнд барилдахдаа хагас шигшээд олимпын мөнгө (2016), ДАШТ-ий хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2014, 2015) медальт, Европын гурван удаагийн аварга, Гүржийн жүдоч Варлам Липартелианид дийлдсэн.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх А.Вольфыг цэвэр ялсан юм. Тэгснээр Л.Отгонбаатар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 15 дахь жүдоч болж билээ.

Яг өмнөх жил нь жин өгсөн, -100 кг барилдаад байсан тэрбээр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын амжилтыг үргэлжлүүлж явааг нь тодотгоё. Учир нь эл жинд Н.Түвшинбаяр аварга олимпоос алт, мөнгөн медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.

Л.Отгонбаатарыг дэлхийн медальтан болсон баярт мөчөөс нь хуваалцахад ийн өгүүлсэн.

-ДАШТ-д оролцохоор явахынх нь өмнө аав, ээж нь танд юу гэж захиж, зөвлөв?

-Ер нь тэмцээнд зодоглохоор явахад ээж “Хичээгээрэй, сайн барилдаарай” гэдэг. Гэтэл энэ жил ДАШТ-д оролцохоор Азербайжаныг зорихын өмнө “Заавал медаль авна шүү. Аав, ээж хоёр нь тэгээсэй л гэж хүсэж байна” хэмээхэд нь их бэлгэшээсэн, сайхан санагдсан.

 -Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Хүүгээ медаль хүртэхийг зөгнөсөн байх.

-Харин тийм ээ. Би ч бас тэгж бодож байна.

 -Та бөхийн удамтай, хүргэн ах тань улсын гарьд Б.Гончигдамба. +100 кг-д медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр ч бас хоёр талаасаа бөхийн удамтай, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Түүгээр ч үл барам нэг аймаг, нэг сумын хоёр бөх нэг жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн нь ховор тохиолдол шүү.

-Би ч бас анзаарсаан. Замдаа Дүүрээтэй энэ талаар ярилцсан. -Монгол түмэн 2015 оноос хойш медаль хүртэх бөхчүүдийн таамагт таныг багтаан, дээлийнх нь захыг мушгисан. Бэртэл нь бүрэн эдгэрч, жиндээ сайн дассан нь ДАШТ-ээс медаль хүртэхэд нэлээд нөлөөлсөн байх. -Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл.

Үүний сацуу жиндээ орох, дасах гэж айхтар зүйл бий. Би Риогийн олимпоос хойш -100 кг-д барилдаж байна. 2017 онд ДАШТ-д бэртэлтэй өрсөлдсөн. Уг нь бэртлээ сэдрэхээс болгоомжлон жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй байж байгаад зодоглосон ч амжилт гаргаж чадаагүй. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хойш биеэ сайтар илааршуулж, бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайн бэлдсэний үр дүн гарлаа. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч чамлахгүй ээ. Хүссэн хүчтэн бүхэн гаргадаг амжилт биш болохоор тэр.

“Рио-2016”-гаас хүртэж чадаагүй хүрэл медалиа ДАШТ-ээс авлаа. Сайхан байна аа. Олимпын дараах хамгийн том зорилго маань энэ байлаа. Мэдээж үүнд хүрэхийн тулд зүгээр нэг мөрөөдөж суух бус, өмнө нь гаргасан алдаа, оноогоо сайтар дүгнэж, урьдынхаасаа ч уйгагүй хөдөлмөрлөн, бүр их хичээлээ. Нөгөө талаар дэлхийн дэвжээнд тааруу амжилт гаргавал монгол түмнийхээ итгэлийг алдана. Тиймээс өдөр бүр хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ялж, ялагдах бүхий л мөчид хамт байдаг монгол түмнийхээ сэтгэлийн хүч, “Хамтын хүч амжилт” уриатай жүдочдынхоо дэмжлэгээр энэ амжилтад хүрлээ.

-Хагас шигшээд олимпын нэг, ДАШТ-ий гурван мөнгөн медальтай, Европын гурван удаагийн аварга, Гүржийн бөх Варлам Липартелианитай барилдсан. Та түүнд өмнө нь хоёр удаа дийлдсэн, барилдаан таардаггүй өрсөлдөгч. Энэ удаа гүрж эртэй хэрхэн барилдахаар төлөвлөв. Санасан барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?

-Тэмцээний өмнөх бэлтгэл дээр түүнтэй хэрхэн барилдах арга, мэхээ багш нартайгаа нэлээд ярилцаж, төлөвлөсөн. Түүнийхээ дагуу барилдаж чадсаан, уг нь. В.Липартелианитай тэнцүү өрсөлдсөн ч цаг дуусахын өмнө гаргасан жижигхээн алдаанаасаа болоод ялагдчихлаа. Цаг сунгаад барилдсан бол дийлчих ч байсан юм бил үү.

-Хэдхэн барилдааны дараа хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх Аарон Вольфтой барилдсан. Гүржийн бөхөд ялагдсан хүнд байдлаас гарах амаргүй байсан нь мэдээж. Та түүнээс юугаараа илүү байв?

-Өмнөх ялагдлаа бодохгүй байхыг хичээлээ. “Дэлхийн аваргатай барилдана” гээд сандран, өөрийгөө голбол амжилтад хүрч чадахгүй. Адилхан л хөлтэй, гартай, мэхтэй, хүчтэй жүдочид тул юунаас нь айж, бэргэх вэ. Санасан мэхээ зоригтой хийгээд, урагш давшиж барилдсанаараа би түүнээс илүү байсан юм болов уу.

-Япон бөхийг даралтаар, эсвэл өчиж ялах амаргүй. А.Вольфыг богино хугацаанд даралтаар цэвэр ялсан нь таны амжилт, ялалтыг бүр ч “амттай” болгосон болов уу?

-Тийм ээ. Япончууд энэ жил ДАШТ-ээс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэднээс ганцхан бөх медалиас мултарсан нь А.Вольф. -Ерөнхийлөгчийг Азербайжанд очсон өдөр та медаль хүртсэн. Спортын зарим шооч хорхойтон “Дараа жилээс Ерөнхийлөгчийг эхний өдөр очуулъя” гэж байна лээ. Ерөнхийлөгч жүдочдынхоо барилдааныг очиж үзсэн нь юу юунаас илүү нөмөр, түшигтэй байсан нь мэдээж.

-Ерөнхийлөгчийн сүлд, хийморь биднийг ивээж, амжилтад хөтөлсөн нь лавтай. Барилдахад хавьгүй түшигтэй байлаа. Тэмцээний дараа Ерөнхийлөгчтэй уулзахад хүрэл медалийг нэлээд чамлаж байна лээ. Төрийн тэргүүн маань ДАШТ үзэж байгаа, амжилт гарган ачийг нь багахан ч атугай хариулъя гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ, бид. Дэлхийн медальтан болсон баярт мөчөө Ерөнхийлөгчтэйгөө, монгол түмэнтэйгээ хамт хуваалцана гэдэг яалт ч үгүй ховор хувь заяа.

2018 оны ДАШТ-ээс медаль хүртсэн Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нэг нутаг бүр нэг сумынх. Нэг жил дэлхийн медальтан болсон тэд өнгөрсөн долоо хоногт хамтдаа Гавьяат тамирчин цол хүртсэн нь ховор тохиолдол.

АЛДАРТ УЯАЧИЙН АВЬЯАСЛАГ ХҮҮ

Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү тэрбээр бөхийн удамтай. Аймгийн заан цолтой түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм. Л.Шинэбаатар 2016 онд улсын начин цол хүртсэн бол Л.Үйтүмэн төрийн наадамд хоёр удаа зодоглохдоо тус бүрт нь гурав давж, нэгд нь улсын арслан Х.Мөнхбаатарт, нөгөөд нь улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. Улсын гарьд Б.Гончигдамба түүний хүргэн ах бол үеэлүүд нь аймгийн цолтой Ц.Нямдорж, Ц.Баасандорж нар билээ.

Ц.ШИЙРЭВ БАГШИЙН ШИЙРТЭЙ ШАВЬ

4 хүн, үүнд Лхагвасүрэнгийн Отгонбаатар, зогсож буй хүмүүс болон цэргийн дүрэмт хувцас гэх мэтийн зураг байж болно

Багадаа хөдөө өсөж, эмнэг хангал сурган, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэн, өдгөө ч амжилтын төлөө зүтгэж явна. Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцож байхдаа багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг.

Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг Л.Отгонбаатар 2013 онд наадмын сорилго барилдааны нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулан, олны хараанд өртсөн. Тэр жилдээ Архангай аймгийнхаа наадамд зодоглон, Баянхонгор аймгийн арслан Б.БатОршихоор тав давж, начин цол хүртжээ.

Мөн “Чингис хаан” грин пригээс хүрэл медаль хүртэн, жүдогоор ч юм дуулгахаа харуулав. Дараа жил нь амжилтын арвин “ургац” хураасан. Өмнөговийн наадамд аймгийн заан П.Баярхүүд өвдөг шороодон үзүүрлэхдээ аймгийн заан болж, самбогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, “Чингис хаан” гран прид түрүүлжээ.

Эх орныхоо дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ шигшээд БНХАУ-ын Чэн Жухог үүрэх мэхээр ялсан барилдаан нь тус тэмцээний шилдгээр шалгарсан юм. Түүгээр ч үл барам “Инчон-2014” Азийн наадамд анх удаа зодоглохдоо хүрэл медаль хүртэн, олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа болохуйц хүчтэн бойжиж буйгаа мэдрүүлэв.

И.ИЛИАДИСЫГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН ЖҮДОЧ

Үүрэх дархан мэхтэй Л.Отгонбаатар “Чингис хаан” гран прид завсаргүй гурван удаа түрүүлсэн юм. Тэрбээр 2015 онд аймгийнхаа наадамд дахин үзүүрлэж, цолоо баталсан төдийгүй дэлхийн дэвжээнд шуугиулсан. Казахстанд зохион байгуулсан ДАШТ-д зодоглохдоо олимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт И.Илиадисыг өвдөг шороодуулсан нь онцлохгүй байх аргагүй ялалт.

Мөн багийн төрөлд хүч сорихдоо олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Э.Гонзалес, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, БНСУ-ын бөх Гвак Дон Хан нарыг ялж, Монголын хоёр дахь “Аюултай монгол” гэгдэх болсон юм. Тэр жил ДАШТ-ээс Монголын эрэгтэй жүдочид багийн төрөлд анхны медалиа хүртэхэд түүний дээрх ялалтууд их нөлөөлсөн нь мэдээж. Тухайн үед Монголын жүдо бөхийн холбооныхон “Цагаан хэл амны нэмэр. Чимээгүйхэн харж байгаад олимп, дэлхийн медальтан болгоодохъё” хэмээн Л.Отгонбаатарыг хэвлэлд ярилцлага өгөхийг эрс “хориглож” байв.

ҮЗҮҮРЭЭС НЬ АТГААД АЛДСАН ОЛИМПИЙН МЕДАЛЬ

Гурван жилийн өмнө үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр “Рио-2016” олимпод зодоглохдоо харамсалтайгаар медалиас мултарсан. Ийн тодотгосон нь учиртай. Тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын алдарт бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээжээ. Хөл нь хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулан байж дараагийнхаа учраа болох Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианитай (өнөө жил ДАШТ-д ялагдсан) барилдсан ч дийлдсэн.

Улмаар дагах тойрогт Азербайжаны тамирчин Маммадали Мехдиевийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртлөв. Ингээд Л.Отгонбаатар олимпын медальтай болохын төлөө БНХАУын бөх Шин Жаотой барилдлаа. Хоёр бөхийн өрсөлдөөн эн тэнцүү эхэлж, түүний шагайны бэртэл барилдаанд нь нэг их нөлөөлөхөөргүй харагдаж байсан ч мөр нь бэртэх нь тэр. Айхтар хавдсан хөлөө яая гэж байхад өрөөсөн гараараа барилдахаас өөр аргагүй болж, байдал улам дордов.

Л.Отгонбааар хэдийгээр шүд зуун хүч сорьсон ч санасан барилдаанаа гаргаж чадалгүй ялагдан, V байрт шалгарсан. Хэрвээ тэгж бэртээгүй байсан бол түүнийг олимпоос медаль хүртэх байсан гэж монгол түмэн өдгөө ч харамсаж явдаг. Тэрбээр бэртэлдээ төдийгүй өрсөлдөгчдөө бууж өгөлгүй барилдахдаа шагай, мөрнийхөө гэмтлийг улам сэдрээж, хүндрүүлчихсэн юм билээ. Л.Отгонбаатар “Рио-2016”- гийн дараа Бразилд шөрмөс залгах хагалгаанд орж, эх орондоо хагас жил гаруй эмчлүүлсэн юм.

Риогийн олимпын талаар тэрбээр “Ер нь медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй, бэлтгэл сайтай байсан л даа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээсэн. Хөл хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулж байгаад барилдахдаа Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианид дийлдсэн. Хүрэл медалийн төлөө Шин Жаотой барилдаж байхад мөр бэртэн, улам хүнд байдалд орсон л доо.

Шагай, мөр бэртчихээр яаж ч хичээгээд нэмэргүй юм билээ. “Өвдөөд байна” гээд больчихвол монголчуудынхаа нүүрийг яаж харах вэ. Тэгээд л гүрийчихсэн. Хэдийгээр барилдаанаа дуусгасан ч үргэлжүүлж өрсөлдөөд бэртлээ бүр сэдрээчихсэн юм билээ.

Бразилд шөрмөс залгах хагалгаанд орсныхоо дараа эх орондоо ирэхэд амаргүй байсаан. Хүндийг өргөлтийн Ц.Хосбаяр дасгалжуулагч “Миний хүү медаль хангалттай авсан. Бурхан л чамд өгсөнгүй. Цаг нь арай болоогүй байсан юм байлгүй дээ. Жаахан л хүлээчих, үр дүн нь гарна” гэж урам хайрласан нь санаанаас ер гардаггүй” гэсэн юм.

 Олимпын дараа жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй, бэртлээ илааршуулж, 2017 онд ДАШТ-д өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаж чадаагүй. Харин энэ жил дэлхийн дэвжээнд дөрөв дэх удаагаа зодоглохдоо олимпод харамсалтайгаар V байрт шалгарсан дутуугаа гүйцээн, хүрэл медалийн эзэн болсон нь тэр.

Ийм нэгэн жүдоч “Рио-2016” олимпод V байрт шалгарсан дутуугаа Токиогийн дэвжээнд гүйцээхээр хөдөлмөрлөж явна. Хэдэн өдрийн өмнө Гавьяат цол хүртээсэн нь түүнд их урам өгсөн нь мэдээж. “Токио-2020” олимпод зодоглохоосоо өмнө Л.Отгонбаатар энэ сарын 6-нд эхлэх ДАШТ-д барилдана. 2018 онд хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргах, дэлхийн аварга болох боломж түүнд бүрэн бий. Мэдээж түүнээс ч чухал тэмцээн түүнийг хүлээж буй Токиогийн олимп. “Токио-2020” олимпоос медаль хүртэх магадлалтай гол найдваруудын нэг нь Л.Отгонбаатар мөнөөс мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дел
Дел
2021-06-03 06:50

бүтэхгүй нөхөр байна гэмтэл гэдэг өөрөөсөө их ш�##�тга�##�на

Холбоотой мэдээ

Back to top button