УРЛАГЯрилцлага

Контемпорари артист Б.Дөлгөөн: Хүсээгүй ч бид нэгэндээ нөлөөлж, бас хамаарч амьдардаг

“MN17” галлерейд урт хөл хорионы ард шинэ үзэсгэлэн нээлтээ хийгээд удаагүй байна. “Synchronicity” нэртэй үзэсгэлэн. Үүгээр бороотой, бүүдгэр үүлтэй өдөр ороод гарлаа. Уран бүтээлч Б.Дөлгөөн өөрөө тэнд сууж байв.

Синхронисити гэдэг нэр томъёог онож орчуулах монгол үг ховорхон бололтой. Харин өгүүлбэрээр тайлбарлаж болно. Тэгвэл “Яагаад ч юм хоорондоо хамааралтай, утга учиртай мэт үйл явдлууд нэгэн цагт давхцах, тохиолдох” гэж буух болов уу. Яг ийм зүйл болдог ч байж магадгүй. Хүмүүс өөрсдөө үйл явдлуудыг хэтийдүүлэн романтиклаж, ийн утга өгч боддог ч байж болно. Аль нь ч бай синхронисити ийм утгатай.

Энд уран зураг, даавуун урлал, хувцас урлал гэсэн төрлүүд нэгэн зэрэг оршиж байна. Онцолж харвал, ханан дахь уран зургийг наана нь даавуун дээр дахин бүтээж таазнаас өлгөсөн байх бол дэргэд нь эл хоёрын тээсэн санааг хувцас хэлбэрээр дахин биежүүлж /гурав дахь хэлбэр нь гэсэн үг/ даруухан тавьжээ. Нэг тийм цогц боловч задлаад харвал деталиуд нь их өөр ондоо мөн чанартай. Гэвч тэднийг синхонисити болгож чаджээ.

Өөр нэгэн ярилцлага маань бүтэлгүйтэж, яг уйлган бороотой өдөр галлерейгаар зочилж тааран Б.Дөлгөөнтэй гэнэтхэн ч гэмээр яриа товлосон нь өөрөө бас синхронисити  мөн үү. Түүнтэй ярилцсанаа сонирхуулъя.


-Үзэсгэлэнгийн нэрний талаар асуухаас өмнө нэг зүйл тодруулмаар санагдлаа. Бүтээлүүдийг харахад ихэвчлэн “хашгирсан” өнгөтэй биш, бүүдгэр талдаа юм. Өнгөний сонголтод яагаад ийм сэтгэл зүй шингэсэн юм бэ?

-Энэ үзэсгэлэнг миний өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад харин ч гэгээ гэрэлтэй болчихож гэж ганц нэг хүн хэлсэн шүү. Ер нь л сааралдуу, ийм байгаад байдаг. Гэхдээ энэ нь “Ингээд зурчихъя” гэж зориогүй, цаанаасаа л гардаг өнгө. Угаас л нэг ийм өнгөнд татагддаг.

-Инстолляцуудын материал бас их анхаарал татлаа. Яг өнгөө дагасан, тэгээд тухтай мэдрэмж төрүүлэхээр юм. Биед өмссөн байна гэж төсөөлөхөд ч тэр. Энэ уран бүтээлийн ямар төрөлд хамаарах вэ?

-Контемпорари төрөлд орно гэж л хардаг. Би Дүрслэх урлагийн их сургуулийг төгссөн ч хувцас, дизайнер хүн. Гэхдээ дүрслэхийнхэн цэвэр фэйшн талаа барихаас илүү уран бүтээлч талдаа түлхүү сэтгэлтэй байдаг. Би ч яг тийм. Зориудаар тэгж хичээдэг бас биш. Хувцас дизайнер цаг үеэ, моод, трэндээ мэдрэх гэхчлэн олон төвөгтэй хэлбэрт баригдаж амьдрах хэрэгтэй болдог талтай. Харин надад уран бүтээлээр буюу хувцсаар ямар нэг зүйл илэрхийлж, бусдад мэдрэмж төрүүлэх нь илүү чухал байдаг гэх үү дээ. Энэ нь илүү зөв юм шиг мэдрэгддэг. Салон нээгээд ч юм уу, үйлдвэрлэл хийгээд явах гэхээр миний ажил биш шиг байгаа юм. Ер нь хувцсыг яг урлаг гэхэд хэцүү. Яаж хийхээс л шалтгаалдаг.

-Салбар, салбар руу хөлөө дүрдэг л дээ?

-Тийм. Бизнес, маркетинг, юм юмтай холбогддог. Харин надад уран бүтээл болгож хийсэн нь арай илүү таашаалтай байдаг.

-Эдгээр хувцсуудыг хүн өмсчихсөн явж буйгаар төсөөлж үзэхэд, өмсөхөд зориулагдаагүй, яг ингээд байж байгаа нь л зөв юм шиг мэдрэмж төрөх юм?

-Тийм үү. Ингээд нэг хувцас хийчихдэг, хүн хараад “Надад дахиад нэгийг хийгээд өгөөч” гэж хэлэхэд их хэцүү буудаг л даа. Түүнийг давтаж хийх хүсэл ч нэг их төрөхгүй. Оронд нь өөр, шинэ зүйл эхлүүлсэн нь дээр санагдах. Тэгэхээр бизнес чиглэл рүү тийм ч тэмүүлдэггүй, хүчлээд байдаггүй гэх үү дээ.

-Гэхдээ захиалгаар хувцас хийж өгдөг биз дээ?

-Тэгнэ. Гэхдээ л хувцас яах ч аргагүй хүний хэрэгцээ учраас. Юу гэдэг юм, хүн болгон хувцас өмсдөг, тодорхой хэмжээгээр мэддэг учраас ч юм уу, захиалагчидтай жаахан зөрчилдөнө өө. Тэдний санаа их орж ирнэ. Ер нь дизайнеруудад энэ хэцүү асуудал болдог байх аа. Хэчнээн өөрийн уран бүтээл хэдий боловч захиалагчийн хүсэл ороод л ирж байгаа юм. Уран зураг дээр бол “Энэ зураас нь тийм байна” гээд шууд өөлөөд хэлэхэд хэцүү байх л даа. Харин хувцсыг биедээ өмсдөг учраас яах ч аргагүй, хувь юмс нь орж ирдэг. Гэхдээ зарим хүний хувцас их амархан гарчихдаг.

-Захиалагч та хоёрын хооронд арай өөр холбоос үүсэх үед тэр байх л даа?

-Магадгүй надад найдаад орхичихсон үед. Тэгэхгүй хэт оролцоод ирвэл баригдаад, жижигрээд ирдэг байх аа.

-За, үзэсгэлэнгийн нэр сонирхол татаж байна. Энэ Карл Юнгийн гаргаж ирсэн нэр томъёо шүү дээ?

-Тийм. Би ном уншиж байгаад яг энэ нэрийг олсон. Харин ерөнхий санаа нь дотор урьднаас яваад л байсан. Мэдрэмж нь ч тэр. Нэг сэрхийтэл цаг харахад 11:11 болж байвал хөнгөн хөөрөлгөн сэтгэгдэл аваад ч юм уу, тэ. Энэ нэрийг яг монгол хэлээр орчуулаад тавья гэж бодоод хүн амьтнаас асуусан. Яг оносон үг байхгүй юм билээ. Давхцал гэчихээр арай болохгүй.

-Давхцал бол биш болоод явчихна?

-Биш. Тэгээд англи нэрээр нь тавьсан. Би өөрөө Синхрониситид итгэдэг гэх юм уу, үнэн гэж бодож явдаг. Би одоо нэг үг хэлэх гэж байтал чи түрүүлээд бодчихсон байдаг ч юм уу. Ерөнхийдөө би бусад бүх хүнээс хамаардаг. Хүсэхгүй байгаа ч гэсэн. Би бас бусад бүх хүмүүст нөлөөлдөг. Бүгд хоорондоо хамааралтай.Үүнийг их бодож явдаг. Тэгээд яг энэ нэрийг олсон.

-Нэрийг нь олоогүй ч агуулгаа олчихсон яваад л байж?

-Тийм. Гэрээсээ гараад алхаад л явахад надтай зөрж байгаа хүмүүсийг хараад, “Хэрвээ би яг энэ замаар яваагүй, өөр тийшээ эргэчихсэн бол энэ хүмүүстэй тааралдахгүй л байх байсан даа” гэж боддог. Эсвэл өглөө ажилдаа юм уу хичээлдээ явахад тааралддаг хүмүүс хоорондоо огт давтагдахгүй байгааг анзаарч, хөнгөн гайхдаг. Гэх мэт зүй тогтцууд их сонин санагддаг байсан юм.

-Буддизмд ч “Нэг ч цасан ширхэг буруу газраа унадаггүй” гэсэн утгаар, бүх учрал тохиол бүрийг нарийн зохилдолгоотой гэж үздэг тал бий шүү?

-Харин тийм. Яг үгчлэн санахгүй байгаа ч, дэлхийн хаа нэгтээ шувуу дэвэхэд нөгөө нэг талд нь салхи сэвэлзэж байдаг ч бил үү, нэг иймэрхүү үг бас сонсож байсан санагдана.

-Энэ агуулга таны бүтээлүүдэд яг хэрхэн тусав. Эдгээр агуулгыг гаргая гэж зорьж үзэсгэлэнгийн уран бүтээлүүдээ хийв үү. Эсвэл хэдий нь урын санд байсан бүтээлүүдээ ийш холбож оруулсан нь ч бий юү?

-Тэгж оруулсан нь ч байгаа. Харин хуучин хийсэн байсан бүтээлээ дахиад хувцас болгож давтаад, зэрэгцүүлээд өлгөх ч юм уу, ийм байдлаар ажилласан. Тэр санааг өмнө нь би зургаар илэрхийлчихсэн байсан бол одоо хувцсаар. Зургийг нь хоёр жилийн өмнө зурчихсан байсан бол одоо тэрэндээ зориулж хувцсыг нь урласан ч байдаг юм уу. Ийм хэлбэрээр ажилласан.

-Нэг санааг хоёр, гурван өөр хэлбэрээр бүтээснийг ойлгосон. Зураг байна, наана нь түүнийг даавуун дээр мөн давтан урласан байна. Харин хувцас болгочихсон гурав дахь хувилбар нь их анхаарал татаж байна?

-Миний хувьд баримал байна уу, хувцас байна уу, санаа гэдэг зүйлийг ямар ч хэлбэрээр илэрхийлж болно гэдгийг харуулж буй байх. Бас нөгөө талаар хувцас гэдэг заавал хэрэглээ байх албагүй. Санааг илэрхийлэх хэрэглүүр байж ч болох юм гэдэг утгаар мөн үзүүлж буй гэх үү.

-Хувь тавилан гэж болох учрал тохиолуудыг хүмүүс өөрсдөө өөр өөрсдийнхөөрөө л тайлж, ойлгодог. Яг үүн шиг нэг санаа хоёр, гурван өөр хэлбэрээр биежин харагдаж байгаа нь дээрх агуулгатайгаа нийцэж байгаа санагдлаа. Үүдээр дөнгөж ороход ширээн дээр сав, суулга тавьчихсан дүрслэл бүхий нэг уран бүтээл байна. Тэд яг нэг цогц болчихсон харагдаж байгаа юм. Гэтэл яг нарийвчлаад харвал нэг хөл нь гутал углачихсан, материалууд ч өөр өөр, ер деталиуд нь бүгд өөр ондоо газруудаас ирсэн байсан. Гэхдээ та нийлүүлчихсэн чинь нэг цогц болж чадсан байсан. Энэ бас бид өөр өөрсдийн зам мөрөөр алхаж яваа ч өөр хоорондоо үргэлж холбогдож, хамаарч, нэг бүхэллэг утга илэрхийлж байдаг гэдгийг харуулж байх шиг санагдсан?

-Тийм шүү. Чи бас их гоё анзаарч. Гэхдээ зарим юмыг ч цэвэр ухамсартайгаар, учир шалтгаантайгаар хийнэ гэж байхгүй л дээ.

-Тийм л дээ, ихэнхдээ л ухамсаргүйгээс өөрөө хөтлөгдөж гардаг. Цаад  танхим дахь эмэгтэй хүний төрхүүдийг бодсон гэхээс илүү хөтлөгдөж зурсан гэж харлаа. Бээлийтэй гар мөн өлгөөтэй байсан. Эдгээрээс таны эмэгтэй хүний тухай ойлголт илэрч байх шиг. Ер нэг ганцаардмал, эрчүүдээс хол, арай өөр эмэгтэй оршихуйнууд мэдрэгдэх шиг болсон. Эмэгтэй хүний эссенцүүд яаж орж ирсэн бэ?

-Би ч одоо их зожигдуу хүн шиг байгаа юм. Хүн бүр өөр л дөө. Гэхдээ эмэгтэй хүн их баялаг ертөнц санагддаг. Өөрөө арай илүү мэддэг учраас ч юм уу, илүү дүрсэлдэг байж магад. Харин зориуд эмэгтэй оршихуйг магтан дуулах гэж хийгээгүй.

-Хүмүүс энэ уран бүтээлийг маань илүү тогтож хараасай, үүн дээр илүү сэтгэл, хөдөлмөр шингэсэн юм сан гэж бодож буй бүтээл бий юү?

-Яг тэгж онцолъё гэхээр орж ирэхгүй байна аа.

-Тэгвэл яагаад энэ үзэсгэлэнг тавих болов?

-Бидний хувь үзэсгэлэн гэдэг нэг алхам болдог. Өөрийгөө мэдэрч авах, зангидаад дараагийн юм руугаа шилжих алхам. Тэгэхээр дотоодоо үзэсгэлэнгээр нэг зангидаж, чөлөөлж тавих хүслээр л хийсэн.

-Ер нь бүүдгэр бараан өнгө гэдэг бусдаас хамааралгүй орших, “Намайг байгаагаар минь л хүлээж авбал ав” гэсэн илэрхийлэлтэй өнгө шүү?

-Тийм үү. Яг тэгж мэдэхгүй юм байна.

-Сэтгэл судлалд тэгж үзэх нь бий. Харин энэ үзэсгэлэнгээр арай гэгээлэг болчихож гэж хүмүүс хэлж шүү дээ?

-Тийм, “Чи ээж болоод зөөлөрчихөж, гэгээ ороод ирж” гэж найзууд хэлсэн. Би өөрөө тэгж анзаараагүй. Сонссон чинь нээрэн юу билээ гэж бодох ч шиг.

-Ухамсартайгаар яаж ийгээд орчихоод буй ийм бүүдгэр хэлбэрээсээ гаръя гэж бодож байсан уу. Хэтэрхий бүүдгэр, харанхуй чиглэлд урсаад байна гэж санаа зовних үе?

-Гаръя гэхээс илүү завсарлага авдаг гэх үү. Энэ миний төлөвшлийн л процесс шүү дээ. Амьдраад байна гэдэг чинь өөрөө гоё зүйл. Үр дүн мэдээж чухал ч хүнийг бүтээж буй үйл явц нь өөрөө гоё. Яах вэ, механик хүчлэлтүүд байна л даа. Гэхдээ тэд нь ур чадварын хувьд өөрийгөө сайжруулах чиглэлд л байдаг.

-Хүүхэд насанд тань нэг траума маягийн зүйл тохиолдоод, түүнээсээ болж ийм нэг уран бүтээлийн хэлбэр лүү хөлбөрчихсөн гэдгээ та сүүлд ойлгож мэдлээ гэж бодъё. Тэгвэл гарах ёстой гэж бодох уу?

-Аймаар хичээхгүй ээ.

-Хэр цочирдож хүлээж авах вэ?

-Цочирдохгүй.

-Тэгэхээр хүүхэд насаа ер гайгүй мэддэг, өөрийнхөөрөө ухаарч таньсан гэсэн үг болж байна?

-Тийм.

-Дараагийн үзэсгэлэнгүүд дээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Дахиад шинэ зүйл туршиж үзнэ гэж бодож байна. Гэхдээ одоо юу юугүй ханцуй шамлаад орохгүй. Бүр нэг хоосолж аваад л. Пласебо гэж бас нэг нэршил байдаг юм байна. Түүний тухай бодох боллоо. Дайны үеэр эмний нөөц дууссан үед цэргүүдэд “Энэ өвчин намдаах эм” гэж хэлээд өөр эм өгчихөөр итгээд, өвчин нь намддаг байсан гэнэ л дээ. Энэ тухай, хуурмагаар итгүүлэх тухай ойлголт юм билээ.

-Ийм агуулга яаж хэлбэржиж буух нь надад бол их сонирхолтой байх юм байна?

-Одоо жишээ нь цэнхэр өнгөөр хийчихээд “Энэ ногоон өнгө” гэж итгүүлэх нь байна л даа. Үзэгчид “Нээрэн ногоон ч юм уу” гэж харах. Учиргүй бүтээл болгоё гэж тэмүүлж буй ч бас биш л дээ. Энэ ойлголт өөрөө их анхаарал татаж байгаа.

-Та хэр их уншдаг вэ?

-Сүүлийн үед аудио  ном их сонсоод байгаа ш дээ. Ямар сайндаа “Үүнийг ном уншихад тооцох уу” гэж фэйсбүүктээ бичсэн /Инээв, Сурв/.

-Боловсрохгүйгээр уран бүтээл хийхгүй гэж ярьдаг. Уран бүтээлч хүн салбар салбарын мэдлэгтэй, зогсолтгүй уншдаг байх ёстой гэх. Зарим агуу уран бүтээлчид улс төрчидтэй ч юм уу эдийн засагчидтай ном хаялцаад нам бантуулчих нь бий. Харин зарим талд төрмөл сав суулга руугаа гаднын санаа, ойлголтуудыг нэмж баллаад дэмий, аль болох анхдагч, хоосон оршихуйгаасаа бүтээ гэдэг. Та аль нь вэ?

-Унших ёстой, улам хөгжих ёстой гэдэг тал дээр. Өөрийн үндсэн мөн чанарт нөлөөлүүлэхгүйгээр уншиж боловсрох хэрэгтэй шүү дээ. Харин ч энэ нь тэр анхдагч мөн чанарыг нь илүү тэлж өгнө гэсэн  үг. Би энэ жил 50 ном уншина гэж зорилго тавьсан. Даанч дөрөв, тав дахь номон дээрээ л явж байна. Харин аудио номыг 20 орчим сонссон.

-Хөгжим хэр сонсдог вэ?

-Би тэр талдаа жаахан муу. Хөгжмийн боловсрол тийм өндөр биш. Манай нөхөр бол бүр гүнзгий биш ч боломжийн мэдлэгтэй хүн. Сонсгол сайтай.

-Дуртай дуу гэвэл?

-Нэг их байдаггүй юм аа. Зүгээр нэг тийм аялгуу, чимээ байдаг даа. Байгалийн болон механик. Тийм аялгуу, чимээ маягийн зүйл харин сонсдог.

-Таны хариултын дараа анзаарахад нээрэн эдгээр уран бүтээлүүд их аниргүй юм аа. Зарим уран бүтээлээс шууд хөгжим сонсогдох шиг болдог. Эд бол чив чимээгүй байна. Зааланд хөгжим тавьчихвал зөрчилдмөөр ч юм шиг санагдлаа?

-Тийм үү. Би лам нарын унзад уншлага ч юм уу, нэг тийм зүйлс л сонсдог юм. Бүр нэг шимтэж, таашааж хөгжим сонсдоггүй.

-Сэтгэл зүй хэр дээшээ, доошоо болж донсолдог вэ?

-Аймаар шүү дээ /Инээв, Сурв/.

-Тийм үед хөгжим л ихэвчлэн хань болдог шүү дээ. Танд юу хань болдог юм бэ?

-Ганцаараа, чив чимээгүй байх юм уу. Өмнө нь үүнийг өөрийнхөө сул тал гэж боддог байсан. Заавал нийтэч байх ёстой ч юм шигээр хүчилж хүлээж авдаг байсан. Гэхдээ тийм биш юм гэдгийг дараа нь ойлгосон. Хүн уг зан чанараа заавал хүчээр эвдэх албагүй юм билээ. Миний нэг санаж буй дурсамж гэвэл анх өндгөн шоколад гарч ирж байсан үе. Надад бэлгээр нэг ширхэг ирчихсэн, дотроос нь юу гарч ирэхийг мэдэхгүй. Тэгэнгүүт гэрийнхнийхээ дэргэд задалж чадахгүй, ариун цэврийн өрөөндөө орж задалж харчихаад гарч ирж байсан.

-Үүнийгээ та сул тал гэж боддог байж байгаад больсон гэлээ шүү дээ. Ингэхэд юу нөлөөлөв?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Амьдралын явцад юм юм л нөлөөлсөн байх.

-Өөрийгөө олоход дөхснийх юм уу?

-Өөрийгөө олно гэдэг ам бардам хэлэх зүйл биш шүү дээ.

-Тэгвэл өөрийгөө арай хүлээн зөвшөөрдөг болсных юм болов уу?

-Магадгүй.

-Өөрийнхөө язгуур мөн чанарыг хүлээн зөвшөөрөлгүй хүчээр өөрчлөх гэж мачийж, тэс өөр ажил мэргэжил сонгож, түүгээрээ хөдөлмөрлөсөөр байгаа хүмүүс олон  шүү дээ. Тэдэнд хандаж үг хэлье гэвэл танаас ямар үг гарах вэ?

-Одоо тэгээд учиргүй боль, хая гэж болохгүй л дээ. Тухайн хүний амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй юм чинь. Цоглог бай, амьдрал гоё шүү гээд байдаг хүмүүс байдаг даа. Би тийм биш л дээ. Өөрийнхөө доторх нэг жижигхэн цог гал, амин чанараа л алдаж болохгүй шиг байгаа юм. Сүртэй сонсогдож байж магадгүй л дээ. Хүмүүс том болоод тэр жаахан амин чанараа гээгээд, өөрөө ч түүнийгээ үгүйсгээд явчихдаг шиг санагддаг. Тэр нэг гэгээн, гэнэн, мангар ч юм шиг зүйл л хүнийг авч явдаг  гэж боддог. Тэр нэг юмаа л алдахгүй байвал.

-Бидний яриа хүн бүгдийг ойлгож хүлээж авах, туйлын үнэн, сайн муу гэж байдаггүй гэх агуулгаар явж байна. Гэхдээ та ямар хүмүүст дургүй вэ?

-Яах вэ, тэр хүмүүсийн буруу ч биш байх л даа. Гэхдээ бусдыг их үгүйсгэдэг, эсвэл ялгаж харьцдаг хүмүүст маш дургүй. Нэг тийм өөрийнхөөрөө байж чаддаггүй хүмүүс байдаг аа. Хүнийг тахин шүтэхгүй ч ядаж үгүйсгэдэггүй байвал соёл шүү дээ. Ялгаж харьцдаг гэж тодорхойлохоор хэтэрхий ерөнхий болчихож байна л даа. Нэг тийм хэлбэрт орчихсон хүмүүс байдаг юм аа. Манай аав, ээж хоёр үүнээс эсрэг зан чанартай хүмүүс байсан. Түүгээр нь би их бахархаж явдаг. Аав маань өнгөрчихсөн л дөө. Одоо бодоход том даргатай ч, архи дарсанд живээд гудамжаар хоног төөрүүлж буй хүнтэй ч, ийм жаахан хүүхэдтэй ч яг ижилхэн харьцдаг хүн байсан. Бүх хүн тийм байвал ямар гоё вэ гэж боддог. Гэхдээ тэгэх боломжгүй шүү дээ.

-Хүн бүр өөр гэдэг шиг урлагийн бүтээлийг хүлээж авах хүртэхүй нь ч өөр өөр. “Мона Лиза”-г ч юм уу, “Монголын нэг өдөр”-ийг хараад ихэнх хүн урлаг гэж толгой дохих байх. Ийм контемпорари урлагийг яг хүлээж авах хүн цөөн шүү дээ. Урлаг хүнийг гоо зүйн мэдрэмжтэй болгох, зөв сайхан сэтгэлтэй болгож төлөвшүүлэх гэхчлэн үүрэгтэй гэгддэг. Гэтэл контемпорари магадгүй хэдхэн хүрээлэл доторх, нэг тийм дүрдээ орчихсон хүмүүсийн л дурладаг, харин гадна явж буй хүмүүс хавьтаж ойртож чадахгүй эд бол яана аа. Энгийн хүмүүсийн амьдралд энэ яаж нөлөөлж чадах юм бэ?

-Нийт ард түмний урлагийн мэдлэг гэдэг ойлголт нэг түвшнээс нөгөө түвшин рүү цаг хугацааны аясаар хувирч, дэвшиж байдаг байх. Гэхдээ хүндээр хүлээж авах хэрэггүй. Бага гэлтгүй эерэгээр нөлөөлж, түгээхийг хичээгээд л яваад байх нь бидний үүрэг гэж хардаг. Яах ч аргагүй өнөөдөр монголчуудад талхны мөнгө чухал байгаа. Талхны мөнгөө шийдээгүй байхад урлаг ярих утгагүй ч юм шиг. Тэгэхээр хүүхдүүдэд багаас нь энэ талын мэдлэг, мэдрэмжийг суулгах төрийн бодлого хэрэгтэй гэж боддог.

-Гэхдээ уран бүтээлчдэд ч бас талхны мөнгө хэрэгтэй?

-Тийм.

-Маш заяагдмал авьяастай ч талхны мөнгөнд баригдаад унтарчих тохиолдол бишгүй бий шүү дээ. Энэ муухай асуулт ч гэлээ, яаж болгож байна вэ. Бизнесээс, амбицаас хол, урлагтаа үнэнч амьдарч байгаа хэр нь ээ?

-Хувцсыг хэрэглээтэй холбож, захиалга авах тэр хэлбэрээ тэр бүр алдахгүй л дээ. Гэхдээ яг мөнгө гээд явчихаж чадахгүй. Бас амьдрал явагдаж байгаа учраас бүр нэг мөр үсрээд орчихож чаддаггүй. Яадаг ч байсан уран бүтээлээрээ л амьдарч байна.

-Өөр хүсэх юм юу байна, энэ амьдралаас?

-Би харин хааяа тэгж боддог юм, юу ч хүсэх билээ. Явах ёстой процессоороо л урагшлаасай гэж боддог ш дээ. Би бусдад, нийгэмд яаж нөлөөлөх вэ гэдгээ бүрэн төгс ойлгохгүй л явна. Урлаг ганц галлерейд очиж үзэсгэлэн үзэх биш. Наад захын соёлоос авхуулаад бүх зүйл багтдаг. Хүмүүс амьдралыг өөрсдөө л хэцүү болгоод байх шиг санагддаг юм.

-Уран зураг, инстолляцууд хүний оюун санаанд шууд  нөлөөлж чаддаггүй. Уран зохиол бол чаддаг. Тийм ч учраас зохиолчдод “Би хүнд нөлөөлж мэднэ шүү” гэсэн хариуцлага маягийн зүйл яригдах гээд байдаг. Тан дээр яадаг вэ. “Би уран бүтээлээрээ хүмүүст нэг ийм юм өгчих юм сан” гэж бодож хийж байна уу. Уг нь энийг зөв гэж хардаг. “Би үүнийг хиймээр л санагдаад хийлээ. Юу хүссэнээ л ав” гээд сууж байх нь нэг бодлын аминчхан ч юм шиг?

-Би тэгж байгаагүй юм байна аа. Гэхдээ уран бүтээл хүнд нөлөөлдөг гэдэг үнэн. Саяхан гэхэд эмэгтэй залуу зохиолчийн романыг уншсан. Айдастай ч юм шиг зүйл шууд мэдрэгдсэн. Дараагийн номыг нь уншъя гэж бодсон ч дахиад нөлөөнд нь автах вий гээд хойш нь тавиад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-04 08:54

Сайхан ярилцлага бн баярл�##�аа. Аль �##�ь т�##� нь их мэргэжлийн хандсан өгөөжтэй байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button