Ш.Батхүүгийн ялыг бууруулсныг прокурор эсэргүүцэж, хохирсон “Эрдэнэт” үйлдвэр гомдол гаргажээ
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогч болох Эрдэнэт үйлдвэрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ.
Улмаар хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Тиймээс шүүх хурлын тов удахгүй гарах юм.
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 160.1 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард болсон.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 өдөр үргэлжилсэн хурлаар Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноосон бол Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин "Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж цагаатгасан байдаг.
Харин Давж заалдах шатны шүүхээс Ш.Батхүүг “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоо болгон бууруулаад байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас:
- “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
- Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлээд байсан юм.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ 98 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 185 ОБЪЕКТЫГ ЭЗЭМШДЭГ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 3-нд “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг баримтаар нотлон ил болгож байсан.
Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой. Ш.Батхүүгийн нэр дээр 185 объект /эд хөрөнгө/ буюу нийт 98 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байдгийг хэлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.