Нийгмийн

М-гийн аав: Охиныг маань “Онлайн ажил” группын админ авч яваагүй, өөрөө явсан байна

10 настай Н.Мичидмаа охин уржигдар /2021.06.03/ оройн 20.40 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад алга болсон тухай охины ээж С.Солонго манай сайтад өгсөн тодруулгадаа хэлсэн билээ.

Охин гарах үедээ цайвар ягаан куртик, хар өмд, цагаан пүүзтэй байсан бөгөөд дүүдээ гурав хоногийн дараа ирнэ гэж хэлээд гарч явсан хэмээсэн юм.

Тэгвэл уржигдар цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон охиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж гэр бүлд нь хүлээлгэж өгсөн тухай мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр охин Содон хорооллын орчмын тоглоомын талбайд биедээ ямар нэг шарх, сорвигүй олдсон байдаг.

Цагдаагийн байгууллагаас охин яагаад гэрээсээ явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Урьдчилсан байдлаар охины сууж явсан байж болзошгүй таксиг хайж байгаа гэх бөгөөд шалгалтын процессыг нууцлалтай шалгаж байгааг онцлов.

Охиныг алга болсны дараа цахим хэрэглээтэй нь танилцахад "Онлайн ажил” гэх фэйсбүүк группт харьяалагдаж, пост оруулдаг нь ил болсон талаар түүний ээж ярьсан. Энэ нь охин тус групп дэх хүмүүсийн нөлөөгөөр гэрээсээ явсан уу гэх хардлага үүссэн. Улмаар эцэг эхчүүдийн хүүхдүүдийнхээ гар утас, цахим хэрэглээнд тавих анхаарал, хяналтын асуудал ч сөхөгдсөн юм.

Тэгвэл бид охин чухам ямар учир шалтгаанаар гэрээсээ явсныг мэдсэн болов уу хэмээн Н.Мичидмаа охины аавтай холбогдоход:

"Бид охиныг маань “Онлайн ажил” гэх группийн админ авч явсан болов уу гэж бодож байсан. Гэтэл тийм биш байсан. Охин өөрөө ганцаараа явж байсан юм билээ. Бэртэж гэмтээгүй, эрүүл саруул олсон” хэмээгээд утсаа салгав. Энэ талаар дэлгэрэнгүй ярих хүсэлгүй байгаа бололтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насандаа удахгүй шилжих хүүхэд, багачуудын цахим сүлжээний хэрэглээнд эцэг, эхчүүдийн хараа хяналт чухал байна. Тэд ямар группт орж, ямар хүмүүстэй харилцаж байгаагаас хамаарч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учрах бүрэн боломжтой. Энэ нь гэрээсээ явах, элдэв буруу үйлдэлд татагдах зэрэг олон сөрөг үр дагаврыг ч авч ирж мэдэх юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button