Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Яс ургасан бол ХСҮТ-д шаруул” гэсэн буруу зөвлөгөөнөөс үүдэж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна

ХСҮТ-ийн туяа эмчилгээний аппарат Монголдоо ганцхан. Энэ аппарат хавдрын эсийг изотопоор шарж, өсөлт, хуваагдлыг нь удаашруулах, зогсоох үйлчилгээтэй. Харин Монголд ганцхан учир энэ шарлагыг хийлгэх шаардлагатай тулгарсан хавдрын бус өвчтөнүүд ч гэсэн ХСҮТ- өөр олон жил үйлчлүүлсээр ирсэн. Тухайлбал, яс ургах өвчин туссан хүмүүс. Тэдний өвчин үе, мөчний эмнэлэгт харьяалагдах хэдий ч Монголд ганцхан байдаг туяа эмчилгээний аппаратыг зорьж, ХСҮТ дээр очдог.

-ХСҮТ ЗӨВХӨН ХАВДРЫН ӨВЧТӨНҮҮДЭД ТУЯА ЭМЧИЛГЭЭ ХИЙГЭЭД НАЙМАН САР БОЛЖЭЭ-

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэвлэлд өгсөн тодруулгадаа “Долоо хоногт 30 орчим ийм төрлийн өвчтөнүүдийг хүлээн авч, туяа эмчилгээ хийдэг” гэж ярьжээ. Дээр дурдсанчлан энэ аппарат нь гагц ХСҮТ-д байдаг тул, өвдсөн хүнд туслах учиртай эрүүл мэндийн байгууллага ийм хэлбэрээр ажиллах нь зүй ёсны хэрэг билээ.

Гэтэл өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш тэд яс ургах өвчин туссан хүмүүсийг хүлээн авахаа больжээ. Коронавируст халдварын үед эмнэлэгт олныг бөөгнөрүүлэхгүй байх үүднээс зөвхөн хавдрын шалтгаант өвчтөнүүддээ л үйлчлэх шийдвэр гаргасан нь тэр. Яг энэ үед эмнэлгүүдэд коронавирусийн халдвар илэрч, олон нийт түгшиж байсан. ХСҮТ-д ч халдварын голомт үүссэн удаатай.

Харин энэ шийдвэр нь өнөөг хүртэл бүтэн найман сар дамнаад хэрэгжиж байна. Хагас жилээс илүү энэ хугацаанд өнөөх туяа эмчилгээний аппаратаар шарлага хийлгэх шаардлагатай болдог яс ургах өвчнөөр шаналж буй хүмүүс очих газаргүй болсон дүр зураг үүнээс уншигдана. Зарим иргэн цахим орчинд яг үүнээс үүдэн “Өвчин хүндэрлээ”, “Алхаж чадахаа болилоо” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж буйтай цөөнгүй таарч болно.

-ИРГЭН Т: ХСҮТ-Д Л ШАРУУЛАХГҮЙ БОЛ ГҮЙЦЭД ЭДГЭХГҮЙ ГЭСЭН-

Тэдний нэг нь иргэн Т-гийн кэйс. Тэрбээр өнгөрөгч онд өвдөгөнд нь яс ургаж эхэлснийг мэдсэн. Ингээд эмчид хандахад “ХСҮТ-ийн туяа эмчилгээний аппаратаар шаруулбал төгс эмчлэгдэнэ. Бусад нь түр торгоох л үйлчилгээтэй” гэж хэлжээ. Ингээд өвдөгнөөс нь үрэвслийн шингэн авсан байна.

Түүнд эмч ингэж хэлснээс гадна найз нөхөд нь ч “Яс ургавал ХСҮТ дээр очоод шаруулчихдаг юм. Тэгээд зүгээр болдог” гэж зөвлөжээ. Улмаар ХСҮТ-ийг зориход нь дээр дурдсанчлан “Яс ургасан хүмүүсийг шарахгүй. Зөвхөн хавдартай өвчтнүүдээ л авч байгаа” гэсэн хариу угтжээ. Ингэснээр тэр өдгөө “Алхаж явахад ч хүндрэлтэй боллоо” хэмээн учирлаж байх юм.

-ХСҮТ-ИЙН ХЭВЛЭЛ: ТИЙМ ЮМААР ЯРИЛЦЛАГА ӨГӨХ ЦАГ АЛГА-

Нөхцөл байдалтай танилцахаар ХСҮТ дээр өнгөрөгч баасан /2021.06.04/ гарагт очлоо. Тэд бусад өдрүүдэд уртасгасан цагаар ажилладаг. Харин баасан гарагт 14.20 цагаас тардаг юм байна. Туяа эмчилгээний тасаг эл хуль байв.

ХСҮТ яс ургах өвчнөөр шаналж буй өвчтөний нүдээр:

  • Сувилагчид “Яс ургасан хүмүүсийг шарахгүй байгаа шүү дээ. Удаж байна. Хэзээ шарж эхлэх юм бүү мэд” хэмээнэ.
  • Учирлаж тайлбарлах хүн олдохгүй. “Шарахаа больсон, үе мөчний эмчдээ л ханд” гэсэн тайлбар л ирнэ.
  • Ингээд “Шаруулахаас өөр арга байхгүй юу, эмч ээ” гэсээр ХСҮТ-өөс гарахаас өөр аргагүй болно.

ХСҮТ сэтгүүлчийн нүдээр:

  • Тодруулга, мэдээлэл өгөх хүн тун ховор.
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилчид мөртлөө өвчнөө хэлээд ирж буй хүмүүсийг учирлаж, тайлбарлахгүйгээр шууд буцаана.
  • Шарлагаа хавдрын бус өвчтнүүдэд хэзээ хийж эхлэх нь хэнд ч тодорхойгүй байдал зонхилно.

Энэ тухай албаны байр суурь авахаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү рүү хэд, хэдэн удаа залгасан ч утсаа авсангүй. Мессеж бичээд хариу өгсөнгүй. 14.20 цагаас тардаг өдөр нь таарсан болоод ч тэр үү, ажил дээрээ байсангүй.

Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор М.Минжмаа ч мөн өрөөндөө байсангүй.

Харин ХСҮТ-ийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Л.Энхээтэй утсаар холбогдоход:

-“Тийм юмаар ярилцлага өгмөөргүй байна. Тухайн эмнэлгийн үйл ажиллагаанд огт чухал биш асуудалд, бусдын яриан дээр дөрөөлж бүү ханд. Цаг барсан асуудал. Энэ бол хавдрын өвчин биш. Манайх тийм өвчнийг эмчилдэг эмнэлэг биш шүү дээ. Манайхтай хавдрын асуудлаар л ханд, өөр асуудлаар яримааргүй байна. Тэгэх цаг ч алга” гэсэн хариу өглөө.

Хүний амь насанд халтай, байнга тасралтгүй явагдаж байх учиртай эмчилгээ тул ХСҮТ бүтэн найман сар ийм хэлбэрээр ажиллахгүй баймаар. Тухайлбал бөөр орлуулах гемодиализын аппаратаар тэд үйлчилж байна. Энэ мөн хавдрын бус өвчтөнүүд зорьж ирэх нь олонтой байдаг үйлчилгээ. Бөөрний дутагдалтай хүмүүс гемодиализын аппаратад оролгүй гурав л хоноход амь насанд нь аюул учирна. Иймд энэ эмчилгээг жишээ нь таслалгүй үргэлжлүүлж байх юм.

-С.ЭНХБУРАМ: ТУЯАГААР ШАРАХ БОЛ ТУСЛАХ ЭМЧИЛГЭЭ. ЗААВАЛ ХИЙЛГЭХ АЛБАГҮЙ-

Тиймээс яс ургасан хүмүүст үе мөчний эмч нар “ХСҮТ-д очиж шаруул” гэдэг зөвлөгөөг хэр их өгдгийг тодруулах шаардлагатай болж байна. Ингээд яг яс, үений чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулаад 20 жил болж буй “Номиун” эмнэлгийг зорилоо. Ингээд тус эмнэлгийн захирал, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор С.Энхбурамтай цөөн хором ярилцлаа.

-Яс ургасан хүмүүс туяа аппаратаар шаруулбал бүрэн эдгэрдэг гэх ойлголт байна. Энэ үнэн үү?

-Жишээ татаж ярихад, хүний өвдөгний үе том үедээ орно. Харин өсгий ч юм уу, эрхий хурууны хоёрдугаар үе зэрэг нь жижиг үе. Ийм жижиг үеүдэд туяа эмчилгээ хийвэл үр дүнтэй. Гэтэл том үед хийхэд үйлчлэл сайн байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ эмчилгээний холбогдол нь эсийн гаж хуваагдлыг зогсоодог. Ерөнхийдөө гол биш туслах чанарын эмчилгээ. Манай эмнэлгийн хувьд тийм зөвлөгөө өгөх нь ховор. Өвдөгний ясны ургалттай хүмүүст зарчмын хувьд болж өгвөл үендээ юу ч битгий хүргэ гэж зөвлөдөг. Тос, наалт, шавар рашаан зэрэг. Үенд явагдаж буй хоёрдогч үрэвсэл нь дээрх халуун чанартай эмчилгээнүүдийг хийхээр сэдэрч, задардаг. Ингэхээр үений хөндийд шүүрдэс үүсээд, идээлж хүндрэх нь бий. Иймд “Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг” гэж үнэн. Болж өгвөл бага оролд, юу ч хүргэхгүй байвал сайн шүү гэж зөвлөдөг.

-ХСҮТ-д л ганцхан уг туяа эмчилгээний аппарат байдаг. Гэтэл зөвхөн хавдрын өвчтөнүүдээ хүлээж авна гээд хагас жил болж байгаа юм байна. Энэ яс ургасан өвчтөнүүдэд хэр хүндрэл учруулах бол?

-Миний хувьд бусад эмч, эмнэлгийн байгууллагын дотоод асуудалд оролцох эрх байхгүй. Хоёрдугаарт, туяа аппаратыг туслах чанарын эмчилгээ гэж хэлсэн. Үндсэн эмчилгээгээ хийлгэчих. Тэгвэл 80-90 хувь нь эмчлэгдээд ирнэ. Заавал шаруул гэсэн ойлголт байхгүй. Тэр дундаа манай эмнэлгийн ерөнхий зарчим болж өгвөл шарлага марлага, элдэв хангайн юм битгий хүргээрэй гэдэг дээр байдаг.

-Нэгэн иргэн өвдөгнөөсөө үрэвслийн шингэн авхуулсан байна. Эмч болон найз нөхөд нь ХСҮТ-д л очиж шаруулахгүй бол гүйцэд эдгэхгүй, энэ л төгс эмчилгээ гэж зөвлөжээ. Энэ хэр бодитой вэ?

-Шүүрдэс хурсан байна гэдэг нь үрэвслийн сүүлийн шат гэсэн үг. Үрэвслээ эмчлээгүй байж шарлага хийлгэнэ гэдэг нь бүр эсрэг заалттай. Тэр шарлагыг ямар үед хийдэг гэхээр үрэвсэлгүй, өвдөлтгүй болсны дараа хийдэг. Харин үрэвсэлтэй тохиолдолд шарлага хийвэл эргээд бүр юмыг сэдрээнэ, задална. Нэг ёсондоо эсрэг заалттай гэсэн үг. Сүүлийн үед хүн бүр нэгнийгээ дуурайж, эм ууж, эмчилгээ хийлгэдэг болж. Надад тэр эмчилгээ таарсан байж болно, танд таарах эсэхийг мэдэхгүй шүү дээ.

Мэргэжлийн эмч ийм тайлбар өгч байна. Тэгэхээр асуудал хоёр талтай болж ирнэ. ХСҮТ өвчтөнүүдийг энэ хүртэлх хугацаанд ялгаварлаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг буцааж буй нь мэдээж ярих ёстой асуудал. Нөгөө талд мэдлэг, туршлагаар муу эмч нар болоод иргэд нэгнийгээ “Заавал ХСҮТ-д очиж шаруулах хэрэгтэй” гэдэг агуулгаар итгүүлдэг нь бүр ярвигтай.

Бид мөн ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасагт 40 жил ажилласан эмч Г.Одонтуяатай утсаар холбогдож, энэ асуудлаарх байр суурийг нь сонссон юм. Тэгэхэд “Эмчилгээ таардаг ч хүмүүс байна, таардаггүй ч хүмүүс байна. Зарим хүнд эмчилгээ тохирч, сайхан болоод гараад л явдаг. Гэхдээ хэсэг хугацаанд яс ургасан хүмүүсийг шарахаа зогсоочихлоо гээд амь насанд халтай, сүйдтэй юм болохгүй. Нэг хүний эрх ашгийг бодох уу, нэжгээд хүний эрх ашгийг бодох уу. Өвчин хуучтай үед эмнэлэг дотор халдварын голомт үүсгэхээс сэргийлж, зөвхөн чиглэлийн өвчтөнүүдээ хүлээн авч байгааг буруутгах аргагүй. Удахгүй эргээд л яс ургасан хүмүүсийг аваад эхлэх биз” хэмээж байлаа.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Одоо харин ХСҮТ яг хэзээнээс энэ эмчилгээгээ яс ургасан өвчтөнүүдэд нээх нь тодорхойгүй үлдлээ. Өөрөөр хэлбэл хэзээнийг хүртэл туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай тэд эмчилгээгээ хийлгэж чадахгүй явах нь асуулт хэвээр байна.

Харин нэг зүйл тодорхой болж буй нь: Хэрэв танд яс ургах өвчний шинж тэмдэг илэрсэн л бол “Шаруулъя” гэхээс илүү мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй. Үндсэн эмчилгээгээ хийлгэх нь гол асуудлын 80-90 хувийг шийддэг гэдгийг С.Энхбурам эмч тайлбарласан. Ялангуяа үрэвссэн үед шарлага хийлгэх нь бүр ч сөрөг нөлөөтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-07 08:47

Сайн сурв�##�жилжээ

Zochin
Zochin
2021-06-08 18:51

Ugaasaa chamgiin ich chiregduuldeg emneleg schuudee,, Covid 19 geed ajil chiichgui sul tsalin avaad, deer n tanil taldaa sain uilchildeg schuudee.

Холбоотой мэдээ

Back to top button