НИЙГЭМ

ХАРИЛЦАН БАЙР СУУРЬ: “Asaland” бааз дээр юу болсон бэ

“Asaland” хэмээх шинэхэн амралт, зугаалгын цогцолбор ашиглалтад ороод удаагүй байна. Өвөрхангай аймгийн нутаг, Орхон голын дэнж дээр байрладаг энэ жуулчны бааз Монголдоо шинэ тутам соёл, стандартаар баригджээ.

Харин өнгөрсөн өдрүүдэд тус жуулчны бааз нь Prius маркийн автомашинтай иргэдийг ялгаварлаж, оруулсангүй гэдэг мэдээлэл түглээ. Энэ талаар “Ekaterina” онлайн шопыг ажиллуулдаг гэр бүл Б.Өлзийжаргал, Б.Зоригт нар фэйсбүүк хуудастаа бичсэн юм.

Тодруулбал “Сайхан амраад буцъя гэтэл гадаад үзэмжээр шууд ялгаварлалаа. Баян, Ландтай болсон хойноо л очиж амаръя даа” хэмээж, пост оруулсан. Үнэхээр тэднийг Prius маркийн автомашинтайгаа очиход нь ийн ялгаварт үзэл гаргасан бол бизнесийн соёл талаасаа ихээхэн маргаан дагуулахуйц асуудал болох юм.

Энэ үүднээс “Аса трэвэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийдэлгэртэй холбогдож, тодруулга авлаа.

-Сошиал орчинд түгсэн мэдээллийн дагуу холбогдож байна. Танайх Prius маркийн автомашинтай үйлчлүүлэгчдийг хүлээж аваагүй гэдэг үнэн үү?

-Бид ямар нэг буруу үйлдэл хийгээгүй учраас уг асуудалд нэг их эмзэглэж хүлээж аваагүй. Тухайн иргэд зургадугаар сарын 5-ны өдөр манай жуулчны баазад ирсэн. Хашаа нээлттэй, орж гарч буй автомашинуудыг хянах зав бидэнд байхгүй. Тийм асуудал болоогүй.

-Тэдэнд үйлчлэхээс яагаад татгалзсан юм бэ?

-УОК-оос амралт, жуулчны баазуудад үйлчлүүлэгч тус бүрийг нэг ортой байх нөхцөл бүрдүүлэх шаардлага тавьсан. Тухайн хүмүүс зургуул ирсэн. Ингээд хоёр ортой гэрт орох хүсэлт тавьсан. Олуул, идэж уух пиво зэргээ бариад хоёр хүний ортой гэрт орох гэсэн учраас бид УОК-оос баталсан журмын дагуу өөрсдийн шаардлагаа тавьсан. Ингэхэд “Та нар Prius-тэй ирсэн хүнийг ингэж ялгаварладаг юм байна” гэх агуулгаар ярьж эхэлсэн. Тэднийг энэ үед “Prius” гэдэг үг хэлэх хүртэл нь бид ямар автомашинтай орж ирснийг нь ч анзаараагүй.

-Үйлчлүүлэгчдэдээ тавьдаг ямар нэг ялгаварлалт стандарт байдаг уу?

-Үгүй. Бид жуулчны бааз гэхээр л нэг гэрт олуул шавж, согтууруулах ундаа хэрэглэдэг гэдэг ойлголтын эсрэг, шинэ соёл төлөвшүүлэхээр ажиллаж байна. Газар шорооны ажлаас эхлээд энэ хүртэл маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Үүнийг үл хүндэлж, өөрсдийн сэтгэл хөдлөлөөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ийм пост тавих нь тийм ч зохистой биш гэж харсан. Гэхдээ бид эмзэглээгүй.

Харин мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Ekaterina” онлайн шопыг ажиллуулдаг Б.Өлзийжаргалтай холбогдлоо.

-Та бүхэн зургуул ирээд хоёр ортой өрөөнд орох хүсэлт тавьсан юм уу. Энэ нь УОК-ын захирамжтай зөрчилдсөн гэж ойлголоо?

-Бид гурван өдрийн өмнөөс урьдчилсан захиалгаа өгсөн байсан. Ирэхэд угтагч ажилтан нь бидэнд зургуул хоёр хүний ортой өрөөнд орж болохгүй гэдгийг хэлсэн. Бид ойлгож, хүлээж авсан. Иймд түрдээ ачаа, тээшээ оруулж тавья, ресторанд нь хоол идье. Тэгэнгээ гэр нэмж авах уу, эсвэл өөр амралтын газар луу явах уу гэдгээ шийдье гэж бодсон. Ингээд ачаагаа зөөгөөд гэр лүү орж явахад зохион байгуулагч гэж эрэгтэй ирээд загнаж эхэлсэн.

-Ямар шаардлага тавьсан бэ?

-Биднийг зургуул орж болохгүй л гэсэн, бид ойлгож байгаагаа хэлсэн. Гэтэл манай дүүг гэрийн босго давж байхад нь гутлаа тайлсангүй гэж загнаж эхэлсэн. Хэсэг уурласнаа буцаж яваад нярав гэсэн эмэгтэйг дуудаад ирсэн. Харин тэр эмэгтэй биднийг ойлгохыг хүсэхгүй, гар яв гэж хөөж эхэлсэн. "Түр ачаагаа тавья аа, тэгээд хоол идэнгээ ярилцах гэж байна аа” гэхэд сонсохгүй, "Та нар жаахан хүүхдүүд дахиж гэр нэмж авна гэж байхгүй, хүчрэх ч үгүй. Зүгээр мөнгөө аваад гар зайл, лалрууд аа” гэх мэтээр харааж загнаж эхэлсэн.

Бид гэр бүлийн хүрээндээ, цагийг хамтдаа өнгөрүүлэх гэж л зорьж ирсэн. Манай эмэгтэй дүү нар, үерхэж буй залуусын хамт бид зургаа сайхан хоол идэж, хөзөр тоглоё л гэж бодсон.

-Prius унаж ирсэн гэх агуулгаар ялгаварлаж хандсан уу?

-Зогсоолд олон Land Cruiser маркийн автомашин байсан. Тэр эмэгтэйн хандлага нь биднийг дорд үзсэн, үйлчлүүлж дийлэхгүй гэдэг агуулгатай байсан л даа. Ийм учраас фэйсбүүктээ Prius машинтай холбож пост бичсэн. Яг ийм үгээр хэлээгүй л дээ. Хандлага нь тэгж санагдсан.


Б.Зоригт, Б.Өлзийжаргал нар өмнө нь манай сайтад эерэг, гэгээлэг ярилцлага өгч байв. Тэдний хөдөлмөрч, сайн сайхан зан чанар нийгэмд гэрэл гэгээ түгээдэг. Нөгөө талд олон нийтэд нөлөөлөхүйц хэмжээний дагагчидтай хүмүүс аж, ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд асар хүндэтгэлтэй хандаж сурах нь ер бидэнд тулгамдаад буй асуудал. Үүний өмнө “Positive Mongolians” влогийн хөтлөгчид Төвшөө, Дөлгөөн хоёр бизнесийн хамтын ажиллагаан дахь үл ойлголцоо хоорондоо шийдэлгүй, цахим орчинд “Happy Flowers” компанийн эсрэг пост бичсэн нь мөн онцгүй жишээ болсон.

Хоёр талын байр суурийг авахад ийм байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button