Нийгмийн

ХОХИРОГЧИД: Зогсоолд байсан 10 гаруй машин мөргөсөн жолооч согтуу, мансуурсан байж болзошгүй

Өнгөрөгч зургадугаар сарын 5-ны оройн 22.00 цагт Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт согтуу жолооч 15 орчим автомашиныг дайрсан хэрэг гарсан.


Тодруулбал III хорооллын 13Б, 13В, 14-р байрны гадаах зогсоолд байсан 12 автомашиныг “Prius-30” маркийн автомашинтай согтуу жолооч мөргөсөн. Уг явдлыг гэрийнхээ цонхоор харсан иргэд тухайн жолоочийг зогсоож, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа.

-ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙН СОГТУУРЛЫН ЗЭРЭГ 1.09 БАЙЖЭЭ-

Хохирогчдын мэдээлснээр: Осол гаргасан жолоочийн согтуурлын зэрэг 1.09 байсан гэх бөгөөд өөрийн ухаангүй, хөл дээрээ ч зогсож чадахгүй байжээ. Улмаар хохирсон иргэд ослын тухай цагдаад мэдээлснээр алба хаагч ирж, уг жолоочийг эрүүлжүүлэх байранд шилжүүлсэн байна. Үүнийхээ дараа тухайн орчимд хэмжилт хийжээ. Одоогоор машинаа мөргүүлсэн гэх 12 хохирогч үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгож буй бөгөөд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах аж. Эвдэрсэн автомашинууд дунд засвар авахааргүй болтол хэмхэрсэн машин ч байсныг онцлов.

Бид тухайн ослын улмаас "Toyota camry” машинаа мөргүүлсэн гэх жолооч Р.Б-тэй холбогдлоо.

-Осол болох үед та байсан уу?

-Үгүй ээ. Утсаар залгахад л би гарч харсан. Тэгэхэд нэг залуу хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо согтсон, ойр орчмынхоо 10 гаруй машиныг мөргөж, эвдэлсэн байсан.

-Таны автомашин хэр их эвдэрсэн бэ?

-Ард, урд хэсэг кузов гээд нэлээн эвдэрсэн.

-ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 900 ГАРУЙ МЯНГА ГЭЖ ГАРСАН-

-Үнэлгээний газраар хохирлын хэмжээгээ тогтоолгосон уу?

-Тогтоолгосон. 900 гаруй мянга л гэж гарсан. Бодит үнээс хамаагүй бага үнэлсэн гэж бодож байгаа. Сэлбэг, засварын үндсэн үнэлгээнээс 50 хувь орчим бага үнэлсэн байсан.

-Осол гаргасан жолоочтой уулзсан уу?

-Уулзсан. 25 орчим насны л залуу харагдсан.

-Хэр согтуу харагдсан бэ?

-Тухайн үед харахад лав хөл дээрээ ч гишгэж чадахгүй, найгаж унах хэмжээний байсан. Согтуурлын зэрэг хэмжихэд тийм ч согтуу байгаагүй. Би харахдаа тэр жолоочийг мансуурсан гэж харсан. Нүд нь гөлийгөөд, хэвийн бус харагдсан.

-Энэ тухайгаа цагдаагийн алба хаагчид хэлсэн үү?

-Хэлсэн. “Энэ хүн чинь мансуурчихсан юм биш үү. Цусны шинжилгээ аваач” гэхэд “За даргад хэлнэ” гээд эрүүлжүүлэх байр руу хүргэсэн байсан. Тухайн үедээ шалгаж ч барилгүй аваад явсан. Маргааш нь мөн шинжилгээ аваагүй юм шиг байсан. Тиймээс шалгалтын ажиллагаанд нөлөө орсон байж болзошгүй гэх сэрдлэгэ бий.

-Бусад хохирогчидтойгоо холбоо барьсан уу?

-Хохирогчид нийлээд фэйсбүүкт групп үүсгэсэн гэсэн шүү. Ах нь нэг их цахимд ордоггүй болохоор сайн мэдэхгүй юм.

Хохирогч "Toyato Priuse” маркын автомашины жолооч Т-гээс тодруулахад:

-ХОХИРОГЧ Т: НЭЛЭЭД СОГТУУ, АРХИ ҮНЭРТЭЖ БАЙСАН-

-Тухайн үед осол болоход та гэртээ байсан уу?

-Би гэртээ байсан. Ослыг цонхоороо хараад гарсан.

-Цонхоор хараад гарахад нөхцөл байдал ямар байсан бэ?

-Намайг цонхоор харахад нэг машин манай аавын машин, ард нь байсан машиныг мөргөчихөөд ухарч байсан. Ухарч байх хооронд хүмүүс машинаас нь нөгөө залууг гаргахаар оролдож байсан. Тэгээд би доош буугаад, орцны хаалга онгойлгоход нөгөө залууг гаргаад ирчихсэн байсан.

-Яг ямархуу байдалтай байсан бэ? Өөр хүмүүсийн хэлж байгаагаар согтуураагүй, мансуурсан байж болзошгүй гэж байсан?

-Ер нь бол нэлээн согтуу архи үнэртэж байсан. Согтолтын зэрэг нь 1.09 гарсан гэсэн. Өөрийнх нь байдал маш муу. Уусан ч шоконд ороод эрүүл болдог хүмүүс байдаг шүү дээ. Тийм байгаагүй. Улам л согтуурхаад байгаа ажиглагдсан.

-Тэр хүн нь хэд орчим насны хүн байсан бэ?

-30 настай залуу гэсэн байхаа.

-ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗРУУД МАШ БАГААР ҮНЭЛСЭН-

-Ослын дараа тэр залуутайгаа уулзсан уу?

-Ерөөсөө уулзаагүй. Журмаар нь өргөдлөө бичиж өгөөд дансныхаа дугаарыг утасны дугаартайгаа бичиж өгсөн. Тэгээд үнэлгээний газруудад жаахан тааруу үнэлэгдсэн.

-Дунджаар хэд орчим байхаас хэд гэж үнэлсэн гэж үзэж байгаа вэ?

-Би хохирлыг гурван сая орчим төгрөг болох байх гэж бодож байсан. Тэгтэл 1.1 сая орчим үнэлсэн. Би өөрөө хэл ам хийж, машины сэлбэгийн газар руу задаргааг нь асуусны дараа 2.2 сая орчим төгрөгөөр үнэлүүлсэн.

-Тухайн үед хэргийн газарт цагдаа байсан уу?

-Уг нь 12 машин мөргөлдсөн байтал цагдаагийн нэг бүрэлдэхүүн ирээд ажилламаар санагдах юм. Тэгэхэд нэг цагдаа ирээд иргэний үнэлэх авч явчихаад 30-аад минутын дараа ганцхан цагдаа ирсэн.

-Таны машин хэр гэмтэлтэй вэ? Урдуураа юу? Хойгуураа юу?

-Урд, хойд хоёр талаараа нэлээн гэмтэлтэй. Урд талаараа шон тулж байсан. Харин хойд талаас нь мөргөчихсөн. Мэдээн дээр хамгийн эхэнд байсан машин минийх юм.

-Өөр хүн бэртсэн талаар дуулдсан уу?

-Үгүй ээ. Би тэр талаар огт сонсоогүй. Мөн нэмээд хэлэхэд, байрны гадна хөгжим тавиад шөнөжингөө архидах нь маш буруу. Үүнд тооцдог хариуцлага баймаар санагддаг.

Уг ослын тухай цагдаагийн байгууллагаас лавлахад “Шалгаж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас хүн гэмтээгүй тул хохирогчдын хохирлыг барагдуулсны дараа согтуу жолоочид захиргааны арга хэмжээ авна гэв.  

-СОГТУУРСАН, МАНСУУРСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРЬСАН БОЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ ШИЙТГЭНЭ-

  1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, жолоодох эрхгүй этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-аас 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
  2. Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.
  3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөний журмыг зөрчсөн бол анхааруулах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин багасгасантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ariunbayar
Ariunbayar
2021-06-09 11:29

Хэвлэл мэдээллийн сайт жаахан ч гэсэн ёс зүйтэй баймаар юм. Мэдээлэл гаргаж байгаа нь т�##�архууштай боловч танай редакциас энэхүү зургыг аваагүй тохиолдолд зураг анх түгээсэн эх сурв�##�жийг зургандаа байршуулах хэрэгтэй. Наад захын ийм соёл танай байгууллагад байхгүй нь харамс�##�тай. @ariunbayarbb twitter хаягаар анх түгээсэн зурагнууд байна.

Холбоотой мэдээ

Back to top button