
Яс, үений өвчнөөр дагнасан “Номиун” эмнэлгийн захирал, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор С.Энхбурамтай цөөн хором ярилцлаа.
-Танай эмнэлэг яг үе, мөчний өвчлөлөөр дагнаж, үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ачаалал их байдаг уу?
-Манай эмнэлэг 2002 онд байгуулагдсан. 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Цэвэр үе, мөчний өвчлөлөөр дагнасан эмнэлэг юм. Яс, үений өвчин гэхээр маш өргөн хүрээний ойлголт байдаг. Ер нь үе, мөчний өвчлөл Монголд маш өндөр байна. Манай эмнэлэг анх нээгдэж байх үед нэг их мэдэгддэггүй байсан. Сүүлийн үед асар их, тэр дундаа яс ургах, яс сийрэгжих өвчин олонтой тохиолддог болж. Орон нутгаар явахад, сумын эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 80 хувь нь үе, мөчний өвчин байна. Харин үүнийг эмчилье гэхээр мэргэшсэн эмнэлэг, эмч нар цөөн байдаг. Яагаад гэвэл энэ салбарыг зүрх судасны өвчлөлтэй хавсаргаж ирсэн. Одоо ч “Зүрх судас, үе мөч” гэсэн хавсарга тасгаар эмчилж байна. Иймд тодорхой хэмжээнд хөгжихгүй явсаар өнөөдөр хүрсэн гэсэн үг.
Эрүүл хүнд үе, мөчний өөрчлөлт өгөх магадлал бага. Харин тодорхой хэмжээний суурь өвчтэй хүмүүст энэ магадлал өндөр. Амьдралын явцад энэ нь зугуухан нэмэгдсээр үе, мөчний үрэвсэл болдог. Үе, мөчний суурь өвчнүүдэд хэрх, хэрлэг, тулай зэрэг өвчнүүдийг нэрлэж болно. Харин үүнийг системтэй эмчлэх асуудал хамгийн чухал болдог. Манай эмнэлэгт гэхэд жилд дунджаар 1400-гаад хүн үйлчлүүлдэг.
-Хүмүүсийн хамгийн түгээмэл хэлж ирдэг зовуурь юу байдаг вэ?
-Хүн, хүн ондоо. Хоолойны ангина үендээ орчихлоо гэж ярьдаг шүү дээ. Залуус энэ шалтгаанаар их ирнэ. Мөн настай хүмүүс олон жил өвчлөлтэй явж, үүндээ эмчилгээ хийлгүй явсаар мэс заслын шатанд хүрч, үрэвсэл нь хүндрээд ирдэг. Манай Монголд сүүлийн үед үенд хагалгаа хийх асуудал их яригддаг боллоо. Яг мэс засал хийе гэхэд нас нь өндөр, дотор эрхтний суурь өвчлөл ихтэй, зарим нь жингийн илүүдэлтэй байхаар бас тэр бүр хийх заалт нь тохирдоггүй.
-Яс ургасан хүмүүс заавал туяа эмчилгээний аппаратаар шаруулж байж гүйцэд эмчлэгддэг гэх ойлголт байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Жишээ татаж ярихад, өвдөгний үе том үедээ орно. Харин өсгий ч юм уу, эрхий хурууны хоёрдугаар үе зэрэг нь жижиг үенд тооцогддог. Ийм жижиг үенд туяа эмчилгээ хийвэл үр дүнтэй. Гэтэл том үенд хийхэд үйлчлэл сайн байх уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ эмчилгээний ач холбогдол нь эсийн гаж хуваагдлыг зогсоочхож байгаа юм. Гол биш туслах чанарын эмчилгээ. Манай эмнэлгийн хувьд тийм зөвлөгөө өгөх нь ховор. Өвдөгний ясны ургалттай хүмүүст зарчмын хувьд болж өгвөл үендээ юу ч битгий хүргэ гэж зөвлөдөг. Тос, наалт, шавар рашаан зэрэг. Үенд явагдаж буй хоёрдогч үрэвсэл нь сая нэрлэсэн халуун чанартай эмчилгээ хийхээр сэдэрч, задардаг. Ингэхээр үений хөндийд шүүрдэс үүсээд, идээлж хүндрэх нь бий. Иймд эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг гэж үнэн. Болж өгвөл битгий оролд, юу ч хүргэхгүй байвал сайн шүү гэж зөвлөдөг.

-Хамгийн гол асуудал нь үрэвслээ хүндрэхээс нь өмнө эмчлэхэд оршдог юм байна?
-Хамгийн нэгдүгээрт өвдөлт өгч буй шалтгаан хамгийн чухал байдаг. Хүмүүс яс ургачхаад юм уу сийрэгжчихээд өвдөөд байна гэдэг. Тэгвэл өвдөлтийн үндсэн шалтгааны 80-90 хувь нь үрэвслийн хүндрэл байдаг. Бид эмчилгээ хийхдээ үрэвслийг нь дарж өгөөд байгаа болохоос ургасан ясыг нь авдаггүй. Тэгэхээр үрэвсэл намдахаар зовуурь нь намдаад байгаа хэрэг. Жишээ нь өвдөгний үен дээр ярихад, үрэвслийн 1-2-р шатандаа бол эмийн эмчилгээ хийх боломжтой. 3-4-р үений хувьд мэс засалд орохоос өөр аргагүй болсон байдаг.
-Үе, мөчний салбар нь бусад салбартай хавсарсан хэлбэрээр явсаар байгаа нь анхаарал татлаа?
-Тийм. Одоо та бүхэн УНТЭ-т очвол “Зүрх судас, хэрх судлалын тасаг” гэчихсэн байгаа. Хэрх гэдэг нь хоолойны ангина үендээ орохыг хэлдэг. Гэтэл энэ стрептококк гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин. Үүгээр хүүхэд л өвддөг, харин 20 хүрсэн хүн өвдөөд байхгүй. Тухайн үед нь хүүхдийг эмчлээгүй учраас нас дээр гарсан ч нянгийн халдвар нь явж л байдаг. Тэгэхээр суурь өвчний асуудлыг зөв шийдвэл цааш өөрчлөлт өгөх магадлал бага гэсэн үг.
-ХСҮТ туяа эмчилгээний аппаратаар яс ургасан хүмүүсийг эмчлэхээ зогсоочихсон байгаа юм байна. Энэ төрлийн өвчлөлтэй хүмүүст хэр хүндрэл учруулах бол?
-Миний хувьд бусад эмч болон эмнэлгийн асуудалд оролцох эрх байхгүй. Хоёрдугаарт, туслах чанарын эмчилгээ гэж хэлсэн. Үндсэн эмчилгээгээ хийлгэчих. Тэгвэл 80-90 хувь нь эмчлэгдээд ирнэ. Заавал шаруул гэсэн ойлголт байхгүй. Тэр дундаа манай эмнэлгийн ерөнхий зарчим болж өгвөл шарлага марлага, элдэв хангайн юм битгий хүргээрэй гэж зөвлөдөг.
-Иргэн Т гэж хүний өвдөгөнд нь яс ургаж л дээ. Үрэвслийн шингэн ч авхуулж. Гэтэл найз нөхөд болон эмч нар нь заавал ХСҮТ-д очиж, шаруулахгүй бол ямар ч нэмэргүй гэж зөвлөсөн байх юм?
-Шүүрдэс хурсан байна гэдэг нь үрэвслийн сүүлийн шат. Үрэвслээ эмчлээгүй байж шарлага хийлгэнэ гэхээр бүр эсрэг заалттай. Тэр шарлагыг ямар үед хийдэг гэхээр үрэвсэлгүй, өвдөлтгүй болсны дараа хийдэг. Харин энэ тохиолдолд шарлага хийвэл эргээд бүх юмыг сэдрээнэ, задална. Нэг ёсондоо эсрэг заалттай гэсэн үг. Сүүлийн үед хүн бүр нэгнийгээ дуурайж, элдэв эмчигээнд олноор хошуурч байдаг болж. Надад тэр эмчилгээ таарсан байж болно, танд таарах эсэхийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр танд үе, мөчний өвчний шинж тэмдэг илэрсэн бол сургаар биш, шууд мэргэжлийн эмчээс л зөвлөгөө авах нь зүй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм. Гадаадад хүмүүс х�##�уун жин биш аарцаар жин тавьдаг. Ардын арга нь. Эмчийн бараа хартлаа туршиж л байлаа.
Хаяг утас нь харагдахгүй бн яахуу
хаана байдаг эмнэлэг вэ? холбоо барих утсаа өг!